| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2021/00237/И |
| Дугаар | 154/ШШ2021/00247 |
| Огноо | 2021-12-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 154/ШШ2021/00247
| 2021 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 154/ШШ2021/00247 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын******* багт оршин суух, РД:*******,******* овогт Аюурын*******ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.Пүрэвдорж /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Пүрэвдорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1982 онд 7 дугаар ангиасаа хөдөө гарч Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад үхэрчнээр ажиллаж байгаад 1985 оны 05 сард цэргийн албанд татагдаж 0165 дугаар ангид алба хаасан. 1988 оны 06 сард цэргээс халагдаж ирээд 08 сараас эхлэн тус нэгдлийн 3 дугаар бригадад үхэрчнээр 1990 он хүртэл тасралтгүй ажилласан юм. Иймд миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.Пүрэвдорж нь 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 05 дугаар 28-ны өдрийг дуустал, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:
- Хүсэлт гаргагчийн 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Бригадын зөвлөлийн шийдвэрээр Булган сумын Жаргалын зам нэгдлийн******* багт үхэрчнээр 1982.07.15 гэх бичилт, 1982-1990 онд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн,
- Гэрч Н.Ганбаатарын шүүхэд гэрчээр өгсөн: ...А.Пүрэвдорж нь 1982 онд 7 дугаар анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч эцэг, эхийн хамт Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад үхэрчнээр ажиллаж байсан. Би 1981 оноос хойш тус нэгдлийн 3 дугаар бригадад бог мал маллаж байсан. Бид нар айл хөрш олон жил хамт мал маллаж байсан. А.Пүрэвдорж нь 1985-1988 онд цэргийн алба хааж ирээд тус нэгдэлдээ тасралтгүй малчин байсан. Нэгдлийн даргаар Баавдай, 3 дугаар бригадын даргаар Цагаанхүү, Дорж, малын эмчээр Шаргаа, Цэрэндорж, Ногор нар ажиллаж байсан. Тухайн үед малчид 70-100 төгрөгний цалин хөлс авдаг байсан... гэх мэдүүлэг,
- Гэрч Г.Гантөмөрийн шүүхэд гэрчээр өгсөн: ...А.Пүрэвдорж 1982 оноос эцэг, эхийн хамт Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад үхэрчин байсан. А.Пүрэвдорж нь 1985-1988 онд цэргийн алба хааж ирээд тус нэгдэлдээ тасралтгүй 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Би 1978 оноос хойш тус нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Нэгдлийн даргаар Цэвэгжав, Баавдай, 3 дугаар бригадын даргаар Цагаанхүү, Дорж, малын эмчээр Шаргаа, Цэрэндорж, Ногор нар ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч А.Пүрэвдоржийн хүсэлтээр Н.Ганбаатар, Г.Гантөмөр нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Иймд хүсэлт гаргагч А.Пүрэвдоржийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бээсийнхэн овогт Аюурын*******ийг 1982 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 05 дугаар 28-ны өдрийг дуустал, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч А.Пүрэвдоржийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ