| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2021/00238/И |
| Дугаар | 154/ШШ2021/00248 |
| Огноо | 2021-12-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 154/ШШ2021/00248
| 2021 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 154/ШШ2021/00248 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Үенч сумын ******* багт оршин суух, РД:ПК66120512, Сарбас овогт*******ийн Телубайгийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Телубай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Телубай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1982 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 3 дугаар бригадад эцэг, эхийн хамт хонь маллаж байсан. Арьсны харшил өвчнөөс болж 1985 онд цэргийн албанаас бүрмөсөн чөлөөлөгдсөн юм. 1990 онд Бадилхантай гэр бүл болоод түүнээс хойш гэр бүлийн хамтаар төрдөг бог мал маллаж байсан. Би 1982-1990 онд Алтайн оргил нэгдэлд тасралтгүй малчнаар ажиллаж байсан.
Иймд миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Телубай нь 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1151 тоот Ховд аймгийн Үенч сумын ******* бригадын 70 дугаар данснаас 1982, 1984-1990 оны хөдөлмөрийн хөлсийг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв лавлагаа,
- Хүсэлт гаргагчийн 1980 оны хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарт: 1984-1990 онд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн,
- Ховд аймгийн Үенч сумын 10 жилийн ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 49 тоот ...Б.Телубай нь 1974-1982 онд тус сургуульд суралцаж төгссөн нь үнэн гэх тодорхойлолт,
- Гэрч Б.Дүгэрсүрэнгийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Б.Телубай 1982 оноос эхлэн эцэг, эхийн хамт 1992 он хүртэл Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 3 дугаар бригадад малчин байсан. Бид нар айл хөрш олон жил мал маллаж байгаа хүмүүс. Б.Телубайг хүүхэд байх цагаас нь мэднэ. Манай айлуудын хаваржаа, өвөлжөө хамт айл саахалт байдаг юм. Би 1974-1992 онд Алтайн Оргил нэгдэлд жолооч байсан. Б.Телубай нь нэгдэлд тасралтгүй малчин байсан нь үнэн. Б.Телубайгийн эцэг Т.Бөөтөг нь насаараа нэгдэлд малчин байсан. Аймгийн аварга малчин байсан... гэх мэдүүлэг,
- Гэрч Т.Хоёкегийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Б.Телубай 1982 оноос эхлэн эцэг, эхийн хамт 1992 он хүртэл Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 3 дугаар бригадад бог мал маллаж байсан. Би 1973-1990 онд тус нэгдлийн 3 дугаар бригадад малын эмчээр тасралтгүй ажиллаж байсан тул Б.Телубайг сайн мэднэ. Б.Телубай нь нэгдэлд тасралтгүй малчин байсан нь үнэн. Тус нэгдлийн 3 дугаар бригадын даргаар Хаябар, тоо бүртгэгчээр Маусамхан нар ажиллаж байсан. Манай бригад 97-112 малчин өрхтэй байсан. Тухайн үед малчид 60-110 төгрөгний цалин хөлс авдаг байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч Б.Телубайгийн хүсэлтээр Б.Дүгэрсүрэн, Т.Хоёоке нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Иймд хүсэлт гаргагч Б.Телубайгийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сарбас овогт*******ийн Телубайгийн 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Телубайгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ