Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2026/00028

 

Э.З-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/06069 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 210/МА2025/01748 дугаар магадлалтай,

Э.З-н нэхэмжлэлтэй

Э.Э-т холбогдох

Хөрөнгө оруулалтын 24,155,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Э.Э-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Э.З нь Э.Э-т холбогдуулан хөрөнгө оруулалтын 24,155,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/06069 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.12-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Э.Э-т холбогдох 24,155,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.З-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Э.З-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,727 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 210/МА2025/01748 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/06069 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3-т зааснаар хариуцагч Э.Э-с 18,929,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.З-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,226,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Э.Э-с 252,595 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.З-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,000 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагч Э.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...нэхэмжлэгчийн бичиж өгсөн зарцуулалтын жагсаалтад байх 350,000 төгрөг 2024.06.06-нд компанийг байгуулахад зарцуулсан мөнгө бөгөөд түүнээс хойш гарсан зардлууд хамтын байгууллагын үйл ажиллагааны зардал гэдгийг баталгаажуулж байна. Энэ нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогддог. Гэтэл давж заалдах шатны шүүх 2024.06.10-ны өдрийг хүртэл зарцуулагдсан мөнгийг Иргэний хуулийн 476, 480 дугаар зүйлийн дагуу хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж буруу дүгнэж шийдвэрлэснээр огт болоогүй гэрээний харилцааг болсон мэтээр үндэслэлгүйгээр гүтгэсэн тайлбар хийж миний эрхийг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүх талуудын хооронд анхнаасаа гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй болохыг зөв дүгнэсэн. Мөн давж заалдах шатны шүүх Компанийн тухай хуулийн 6, 9 дүгээр зүйлийг анхаарч үзэлгүй орхигдуулсан. Үйл баримтын тухайд үйлдвэрийн үйл ажиллагааг Э.Э дангаар хариуцан явуулахаар тохиолцсон гэж бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Гэтэл талууд үйлдвэрийн үйл ажиллагааг хамтран төлөвлөж, шийдвэрийг хамтран гаргаж байсан. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагч Э.Э-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.01.12-ны өдрийн 001/ШХТ2026/00068 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч Э.З хариуцагч Э.Э-т холбогдуулан 24,155,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...Э.Э хамтран ажиллах санал тавьсныг би хүлээн зөвшөөрч “Д” ХХК-д 24,155,500 төгрөгийн хөрөнгө оруулсан ч ашиг аваагүй, Э.Э үйл ажиллагаа явуулахгүй байсан тул оруулсан мөнгөө нэхэмжилнэ” гэж тайлбарласан.

7.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...компани байгуулж, үйл ажиллагаанд зарцуулсан мөнгийг хувийн хөрөнгөөс төлөх үндэслэлгүй, компанид учрах эрсдэл болон ашгийг оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцах ёстой ч Э.З өөрийн саналаар хувьцаа эзэмшигчээс хасуулсан, нэмэлтээр хамтран ажиллах гэрээ байгуулаагүй...” гэж маргасан.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ; “…талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч гэрээнээс гарснаар уг гэрээний харилцаа дуусгавар болсон, компанийн эрх зүйн харилцаанд Э.З-г эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээдийн үйлдэл саад болсон гэх нөхцөл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч эрх, үүргээ сайн дураар хэрэгжүүлээгүйг эрх зөрчигдсөн гэж үзэхгүй, “Д” ХХК-д оруулсан хөрөнгөө иргэн Э.Э-с шаардах үндэслэлгүй...” гэж дүгнэсэн.

9.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “…талуудын тохиролцоог Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ гэж үзнэ, хариуцагч үйл ажиллагаа эрхлэх хэлбэрээр хураамж төлөх үүрэгтэй ч энэ үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн болохоо нотлоогүй, нэхэмжлэгчийн шилжүүлсэн хөрөнгийн зарцуулалттай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, талуудын компани байгуулан хамтран ажилласан асуудал нэхэмжлэлийн үндэслэл болоогүй, талууд “Д” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнө нэхэмжлэгч нийт 18,929,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул уг дүнгээр хариуцагчаас гаргуулна…” гэсэн дүгнэлт хийжээ.

10.Дээрх байдлаар анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг хамтран ажиллах гэрээ гэж үзсэн боловч оруулсан хөрөнгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч компани байгуулахад оролцсон байх боловч компанийг улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнө оруулсан хөрөнгөө шаардах эрхтэй гэж дүгнэн шийдвэрлэсэн, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг анхаарч үзээгүй гэх агуулгаар гаргасан хариуцагч талын гомдлоор хэргийг хяналтын шатын шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн.

11.Хоёр шатны шүүхийн дүгнэснээр дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

-талууд хэлэлцэн тохирч 2024.06.10-ны өдөр “цайны үйлдвэрлэл” эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэл бүхий “Д” ХХК-ийг нийт гаргасан энгийн хувьцааны 50, 50 хувийг тэнцүү эзэмшихээр үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн,

-Э.З 2024.05.21-ний өдрөөс 2024.07.05-ны өдрийн хооронд нийт 24,155,500 төгрөгийг нэр бүхий дансуудад “Э.З-с”, “баатартай реклам”, “хуурай сүү”, “х-цайны реклам”, “эрэгтэй дуу оруулалт”, “шар будаа”, “6 сарын түрээс” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн, эдгээр гүйлгээ нь “Д” ХХК-ийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой болохыг хэн аль нь үгүйсгээгүй,

-2024.09.25-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр Э.З өөрийн хувьцаанд ногдох эрх, үүргээ Э.Э-т шилжүүлсэн.

12.Хуулийн этгээд байгуулахгүйгээр хөрөнгө оруулж ашиг олохоор хамтран ажиллах, эсвэл хуулийн этгээд байгуулж хөрөнгө оруулан хамтран ажиллах эрх зүйн үндэс, үр дагавар өөр өөр байна.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд хуулийн этгээд байгуулахгүйгээр хамтран ажиллах гэрээний харилцааг мөн хуулийн дөчин наймдугаар дугаар бүлгээр зохицуулсан бол хуулийн этгээд байгуулан хамтран ажиллахаар талууд тохиролцвол тухайн харилцаа Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай хуулиуд болон холбогдох бусад хуулиар зохицуулагдана.

13.Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ” гэж, мөн хуулийн 9.2-т “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй” гэж, 9.3.Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасан.

14.Талууд харилцан тохиролцож, “Х” нэртэй цайны үйлдвэрлэл, худалдаа эрхлэх зорилгоор “Д” ХХК-ийг нийт гаргасан хувьцааны 50, 50 хувийн хувьцаа эзэмшигчтэй байгуулсан бөгөөд хувьцаа эзэмшигч Э.З компанийн үйл ажиллагаанд зориулж гаргасан 24,155,500 төгрөгийн зардлаа нөгөө хувьцаа эзэмшигч Э.Э-с шаардах нь Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-т заасантай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.З компанийн үйл ажиллагаанд буюу компанийн ашиг сонирхлын төлөө өөрийн хувийн мөнгөн хөрөнгөөр  зардал гаргасан болох нь хэргийн баримтаар нотлогдсон бөгөөд компани нэмж хувьцаа гаргах зэргээр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөхөөр тогтоогүй тохиолдолд энэ харилцаа нь хувьцаа эзэмшигчдийн хоорондын өр төлбөр биш, харин компаний өр төлбөрт тооцогдох болно.

15.Зохигчийн хооронд компани үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй боловч компани үүсгэн байгуулах хэлбэрээр бизнес эрхэлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь хууль хэрэглээний хувьд буруу байх тул магадлалыг хүчингүй болгоно.

16.Нэхэмжлэгч Э.З хувьцаа эзэмшиж байх хугацаандаа компаний нэрийн өмнөөс зардал гаргасан нь Э.З болон “Д” ХХК-ийн хоорондын харилцаа гэж тооцогдох ба энэ тухай анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Харин анхан шатны шүүх дээрх байдлаар дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 476, 480 дугаар зүйлд зааснаар дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн дүгнэлтүүд өөр хоорондоо уялдаа холбоогүй болсон, нэхэмжлэгч хариуцагчийн компанид оруулах мөнгөн хөрөнгийг түүний өмнөөс оруулсан, эсхүл тэдний хооронд зээлийн харилцаа үүссэн гэх байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

17.Нэхэмжлэгч Э.З “Д” ХХК-ийн хувьцааг 2024.09.25-нд хариуцагч Э.Э-т шилжүүлэх замаар компаниас гарсан нь түүний компанид оруулсан мөнгөн хөрөнгийг хариуцагчаас шаардах эрхийг үүсгэхгүй, харин “Д” ХХК-д хамаарах шаардах эрх хэвээр үлдэх, эсхүл компани татан буугдах үед шаардлагын эрхээр оролцох боломжтой.

Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 210/МА2025/01748 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/06069 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Э.Э-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.Э 2025.11.24-ний өдөр 252,595 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.УНДРАХ

                ШҮҮГЧИД                                                       Н.БАТЗОРИГ

                                                                                             Н.БАТЧИМЭГ

                                                                                             Н.БАЯРМАА

                                                                                             Э.ЗОЛЗАЯА