Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2020/0710

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Д ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Б, О.Д,

 

Гомдлын шаардлага: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 260012090 дугаар шийтгэлийн хуудсын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй ДГСервисес Х компанид төлсөн төлбөртэй холбогдуулан ногдуулсан 2016 оны хувьд 20,180,952.30 төгрөгийн нөхөн татвар, 6,054,285.70 төгрөгийн торгууль 5,808,481.70 төгрөгийн алданги, нийт 32,043,719.00 төгрөгийн төлбөр, 2017 оны тухайд 19,592,074.40 төгрөгийн нөхөн татвар, 5,877,622.40 төгрөгийн 1,645,734.20 төгрөгийн алданги, нийт 27,115,431.30 төгрөг, Зөөврийн компьютер импортлоход төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг борлуулалтад ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвараас хассантай холбогдуулан ногдуулсан 3,566,456.90 төгрөгийн торгууль,998,610.40 төгрөгийн алданги, нийт 4,565,067.3 төгрөгийн төлбөрийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөч Ш.Н, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, хариуцагч Ц.Б, О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ннар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь 260012090 тоот шийтгэлийн хуудсыг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гардаж аваад дээр дурдсан хэсгийг хүчингүй болгуулахаар 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар бидний гомдлыг авч хэлэлцээд шийтгэлийн хуудсыг хэвээр нь үлдээхээр шийдвэрлэсэн. Дээрх нөхөн татвар, торгууль, алданги оногдуулсан шийтгэлийн хуудас дараах үндэслэлээр хууль бус захиргааны акт юм. Үүнд:

ДГ Сервисес Х цаашид ДГ гэх) компани нь Делоиттын бусад салбаруудын нэгэн адилаар байгуулдагХамтран Авах Дундын Үйлчилгээний Гэрээ (англи хэлээр Shared Service Agreement)-г манай компанитай байгуулсан. Делоиттын бүх салбар энэ гэрээг байгуулдаг бөгөөд Делоиттын сүлжээнд хамрагдах, эрсдэлийн удирдлага, чанарын хяналт, онлайн сургалтад хамрагдах, технологийн дэмжлэг, тухайлбал аудитын үйлчилгээг гүйцэтгэх программ хангамжаар хангагдах зэрэгт ашигладаг.

Делоиттын гишүүн компани эдгээр хамтран авах дундын үйлчилгээг авахгүй, төлбөрийг нь төлөхгүй байх ямарваа нөхцөл байхгүй, үйлчилгээг авахгүй байснаар Делоиттын бодлого журам, арга аргачлалын дагуу харилцагчийн болон гэрээт ажлын эрсдэлийг үнэлж чадахгүй байх, улмаар олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болох нөхцөл байдал үүснэ.

ДГ компани нь өөрийн гаргасан зардлыг нэхэмжлэх хүлээн авч байгаа Делоиттын салбарын орлоготой нь уялдуулж нэхэмжилдэг ба нэхэмжилж байгаа дүн нь тогтмол бус байдаг. Татварын хяналт шалгалтын үед бид татварын улсын байцаагчдад сайтар тайлбарлаж байсан. Дээрх төлбөрүүд нь эрхийн шимтгэлийн төлбөр биш юм. Эрхийн шимтгэлийг технологи, патент, зохиогчийн эрх ашигласан тохиолдолд төлдөг.

Үйлчилгээг сайн дурын үндсэн дээр үзүүлдэг, авдаг харилцаа юм. Делоиттын бүх салбар энэ төлбөрийг үндсэн үйл ажиллагааны зайлшгүй шаардлагаар нөхөн төлж байгаа. Аль нэг салбар тус тусдаа ийнхүү систем, программуудыг зохиогоод хэрэгжүүлэх боломжгүй тул ДГ компани нь нэгдсэн журмаар энэ үйл ажиллагааг зохион байгуулж, хөгжүүлэх өөрөөсөө зардал гаргаад, гарсан зардлаа нөхөн төлүүлж байгаа явдал юм.

Хоёрдугаарт. Татварын улсын байцаагчид нь ДГ компани руу шилжүүлсэн төлбөрөөс нэмэгдсэн өртгийн албан татвар суутган тооцоогүй үйл явдалд шийтгэл оногдуулахдаа Татварын ерөнхий хуулийн 74.1.3-т заасан "нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан Татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн гэсэн заалтыг тус тус үндэслэн шийтгэл оногдуулсан.

Татварын ерөнхий хуулийн 74.1.3 дэх заалтын эхэн хэсэгт буюу 74.1-д "Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид... гэсэн зүйл байдаг. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1,1-ийн эхэн хэсэгт буюу 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор гэсэн зүйл байдаг.

Манай компани ДГ компани руу шилжүүлсэн бүх мөнгөн хөрөнгийн бүртгэлийг зохих ёсоор нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайландаа тусгасан, энэ ажил гүйлгээтэй холбоотой бүх баримтыг хариуцагчдад гаргаж өгч байсан. Өөрөөр хэлбэл татварын улсын байцаагчид нь тус компанийг татвараас зайлсхийсэн, татвар ногдох орлого нуун дарагдуулсан гэж гүтгэсэн нь ор үндэслэлгүй байна.

Гуравдугаарт. Татварын улсын байцаагчид нь Татварын ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуулийн заалтуудыг буруу хэрэглэсэн, буруу заалтуудыг үндэслэн шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.2-р зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн харилцааг зохицуулсан зүйл Зөрчлийн тухай хуульд байсан нөхцөлд шийтгэл оногдуулах үндэслэл болно. Хэрэв тухайн харилцааг зохицуулсан зүйл заалт байхгүй бол шийтгэл оногдуулж болохгүй.

Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд ДГ компанид шилжүүлсэн төлбөртэй холбоотой харилцааг зохицуулсан зүйл заалт огт байхгүй буюу оршин суугч бус этгээдэд төлбөр шилжүүлэхэд НӨАТ суутган тооцоогүй бол шийтгэл оногдуулах зүйл заалт байхгүй байна.

Дөрөвдүгээрт Нэмэгдсэн өртгийн албан татвар нь хэрэглээний буюу шууд бус татвар юм. НӨАТ нь орлогын албан татвар биш.

2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр батлагдан 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3.1-д Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ, 5.2- т Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна, 5.2.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн; 5.2.2.бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан; 5.2.3.бараа, ажил, үйлчилгээг экспортод гаргасан 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, 7.1.2-т гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, 7.1.3-т Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ-нд НӨАТ ногдуулахаар тус тус зохицуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл үйлчилгээ үзүүлж байгаа тухайн гадаадын аж ахуйн нэгж нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлсэн бөгөөд борлуулалтын орлого нь 50 сая төгрөгт хүрсэн бол уг гадаадын аж ахуйн нэгж нь НӨАТ ногдуулж, суутган авахаар зохицуулсан байна.

Гэтэл ДГ компанийн нэг ч ажилтан Монгол Улсад ирж ажиллаагүй. Хэрэв оршин суугч бус аж ахуйн нэгжийн ажилтнууд Монгол Улсад ирж ажиллах замаар үйлчилгээгээ үзүүлсэн бол НӨАТ-ын хуульд хамрагдах байсан. НӨАТ-ын хуулиар нутаг дэвсгэрийн үйлчлэлийг маш тодорхой зааж өгсөн байна. Тухайлбал НӨАТ-ын хуулийн 7.2.5-д оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ-нд НӨАТ ногдуулахаар зохицуулсан байдаг.

Өмнө дурдсан 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ-нд НӨАТ ногдоно гэж заасан байгаа. Үүнээс дүгнэвэл оршин суугч бус этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлсэн, борлуулсан бол НӨАТ ногдохоор зохицуулсан байна. Гэтэл Хариуцагчид нь энэ нөхцөл байдлыг шинжлэн судлалгүйгээр оршин суугч бус этгээдийн ногдуулан төлөх ёстой татварыг манай компанид нөхөн ногдуулж, улмаар торгох, алданги тооцох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь Монгол улсын Татварын тухай хуулийг шударгаар сахин биелүүлж ирсэн ба харилцагчдадаа үлгэр жишээ болж ажилладаг. Нэхэмжлэгч тал нь ямарваа нэгэн татвар төлөхөөс зайлсхийгээгүй, зайлсхийхийг завдаагүй. Иймд шүүгч та татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гомдол гаргагчийн төлөөлөгч Ш.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бид нар өөрсдөө татварын зөвлөх үйлчилгээ хийдэг хэлтэстэй. Татварын албаны зүгээс төсөв бүрдүүлэх зорилгоор авч байгаа анхны зарчмаа зөрчсөн заалт болоод байгаа юм. Гадагш төлсөн төлбөрийг энэ хүн Монголоос орлого олж байна гэж үзээд орлого гэдгээ оршин суугч хэлээд, Англи улсын татварын гэрээтэй байгаа учир орлого гэж байгаа юм чинь Нэмэгдсэн өртгийн албан татварыг нь авах ёстой юм байна гэдэг ийм заалтаар яваад байгаа. Өмнө нь суутган тооцсон Нэмэгдсэн өртгийн албан татварыг нь орлогоос хасдаг байсан. Тэгж байгаад яагаад хасахаа байгаад шууд татвар аваад байгаа нь бид нарт шууд татварын дарамтыг маш их нэмэгдүүлж байгаа ба цаашдаа бид нар гадаадаас үйлчилгээ авах ёсгүй болж байгаа юм шиг болж байгаа. Энэ нь зарчмын буруу зүйл яваад байгаа. Манай хувьд шүүх рүү явж байгаа гэдэг нь энэ асуудлыг бас тодруулахын тулд явж байгаа юм.

Хариуцагчийн хэлж байгаа гэрээний 5 дугаар зүйл нь бүх гэрээнд байдаг. Учир нь бид нар зардлаа гаргаад, бид нар луу 1000 доллар нэхэмжлэхэд 30 хувийг нь аваад явахаар хохиролтой байгаад байдаг. Энэ бол дэлхийд байдаг стандарт юм гэв.

Хариуцагч О.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Юуны өмнө хуулийн 7 дугаар зүйлд заасан дэлгэрэнгүй тайлбарлах ёстой болж байна. 7 дугаар зүйл нь холбогдох зүйл бараа ажил гүйцэтгэх бүлэг заалт байгаа. Нэгдүгээрт нь хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа ажиллагаанд татвар ногдуулна гэж заагаад, хоёрдугаарт нь дор дурдсан ажиллагааг 7 дугаар зүйлийн 7.1-т заасантай адил хамааруулна гэж байгаа. 7 дугаар зүйлийн 7.2.5-т адил хамааруулах заалтуудын хувьд Монгол улсын нутаг дэвсгэрт явагдаж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын харилцаанаас өөр оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд гүйцэтгэсэн ажил, хөлс үйлчилгээ гэсэн нэмэлт өөр ойлголт орж ирж байгаа.

Өөрөөр хэлбэл олон улсын татварын ойлголттой холбоотой Монгол улсын эх үүсвэртэй хэрхэн зохицуулах вэ гэсэн татварын багц хуулиудад заасан байгаа. Тэдгээрийн нэг нь 7.2.5 дах заалт юм. Оршин суугч бус этгээд болох Англи улсын Деллоит компаниас Монгол улсын хуулийн дагуу байгуулагдсан Деллиот онч аудит ХХК-д үзүүлсэн үйлчилгээний дүнг шилжүүлж авч байна.

Үүнийгээ хэрхэн суутгаж төсөвт төлөх вэ гэдгийг хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Албан татвар суутган төлөгч нь цуглуулсан бараа ажил үйлчилгээг дор дурдсан журмаар дараа сарын 1-ны дотор гээд байгаа. 16.2-т энэ хуулийн 7.2.5-т заасан гаалийн бүртгэл хийгээгүй бараа, ажил үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс суутган авна гэсэн байна.

Үүнд гуравдагч этгээдийн үүрэг яригдаж эхэлж байна. Нэхэмжлэгч нь 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтын тухай яригдаж байна. Энд бүтэн заалт нь нягтлан бодох бүртгэл тайлан тэнцэл, татварын тайланд тусгах хязгаарлалт гэж байгаа. Тэгэхээр энэний татварын тайланд тусгаагүй орхигдуулах гэдэг заалтыг зөрчсөн байна гэж үзэж байгаа. Учир нь 7.2.5 дахь заалтаар оногдуулаад, 16.1.2 дахь заалтаар тайлагнаж, төсөвт шилжүүлэх ёстой орлогыг тусгайлан заасан маягт байдаг.

2016 оных дээр нь 74.1.3 дахь заалт нь хэрэглэгдээд, 2017 оных нь зөрчлийн тухай хуулийн 11.19.1 болон 11.19.1 дэх заалт руу ороод ирнэ. 1 дүгээр заалт нь орлоготой холбоотой заалт, 2 дугаар заалт нь зардалтай холбоотой юм. 74.1.3 дахь заалттай яг адилхан заалт байж байгаа. Татварын тайланд тусгахгүй орхигдуулах гээд адилхан заалт юм. Тайлан тэнцэл, татварын тайлангийн анхан шатны баримт бүрдүүлэлт зэргийг дурдаагүй байгаа.

Одоо энд санхүүгийн тайлан тэнцэл, бүх юмаар нотлогдож байна гэж бичсэн байна. Үүнд тайлбар өгье. Санхүүгийн анхан шатны баримтаар арилжааны банкны харилцах дансны хуулга, алданги шилжүүлсэн орлого байна. Тайлангаар тусгасан, тусгаагүй гэдэг нь ирүүлсэн тайлангаар харагдаж байна. Файлын мэдээгээр юу нотлогдох вэ гэвэл үндсэн өртгийн албан татварт тусгаж хасалт хийсэн нь харагдана. Ийм учир нотлогдож байна гэж үзэж байна.

Эцэст нь үйлчилгээ биш гэж ярилаа, одоо бид нарын орчуулаад хэрэглээд байгаа гэрээнээс уншихад дээрээс нь брэнд нэрийг хэрэглэх, тэрний дагуу үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл технологи бусад бүх зүйлийг хэрэглэх, гэж байгаа.

Иргэний хуулийн 333 дугаар зүйлийн 333.1-т франчайз гэж ойлголт байгаа. Франчайзийн гэрээгээр эрх шилжүүлэгч нь өөрийн фирмийн нэр, бараа буюу ажил, үйлчилгээний тэмдэг, бүтээгдэхүүний загвар, баглаа, боодол, түүнчлэн ажил хэргийн удирдлагын тогтолцоо, төлөвлөлт, харилцаа холбоо, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ олж авах үндсэн чиглэл зэрэг эдийн бус хөрөнгийг ашиглуулахаар тогтоосон журмаар бүрдүүлсэн лицензийг эрх хүлээн авагчид олгох, эрх хүлээн авагч нь эрх шилжүүлэгчийн боловсруулсан тогтолцоо, хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулж, түүнд зохих шагнал, хураамж, эсхүл орлогын тодорхой хувийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг.

Тэгэхээр энэ гэрээгээр зохицуулагдаад байгаа 2 компаний хооронд зохицуулагдаад байгаа харилцаа нь франчайз хэлбэрээр гэж үгчлэн бичээгүй байгаа хэдий ч франчайз хэлбэрээр үйлчилгээ авч байгаа ба үүний төлбөр нь Англи улс руу шилжиж байна гэж үзсэн. Энэ төлбөрийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.5 дахь заалтын дагуу зохицуулагдсан харилцааны дагуу татвар ногдуулна гэж үзсэн.

Зөөврийн компьютерын тухайд бол гаалийн бүрдүүлэлтийн хуудсаар оруулж ирсэн нь батлагддаг. Тайланд тусгаагүй байгаа нь эс үйлдэхүйгээр нотлогдож байгаа. Энэ гаалийн мэдүүлгийг тайланд тусгаж хасалтыг хийлгэсэн. Энэ хасалт нь 14.1.5 дах заалтыг шууд зөрчсөн байгаа. Ингээд маргаж байгаа 2 асуудал нь татварын зөрчил мөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хуулийг төсөөтэй хэрэглэсэн гээд зөөврийн компьютертой холбоотой Зөрчлийн хуулийн хувьд өөр заалт байхгүй гээд дурдагдсан. Үүнд Зөрчлийн хуулиараа хариуцлагаа ногдуулаад нэмэгдсэн өртгийн албан татварын 11.1.5-ийг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дэх заалтаар хариуцлагын хэлбэр байгаа. Дээрээс нь нэг талдаа зардал гараад байна гэдэг нь нөгөө талдаа орлого ороод байна гэсэн үг. Тэрийг суутгаж аваагүй хариуцлагыг бид нар тооцмоор байна.

Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний гаргасан акт нь Монгол улсын хуульд нийцсэн шийдвэр байгаа. Нэг зүйл нэмж хэлэхэд Англи улсын тус компанитай хийсэн гэрээний С-5 дахь хэсэгт татварын асуудлыг тусдаа зохицуулна гэсэн заалтууд байгаад байгаа. Энэ нь Монгол улсын хуулиараа л яваа гэсэн үг. Гэрээний асуудлыг мэдээж түрүүлж ярихгүй Монгол улсын хуулиа ярина. Монгол улсын хууль зөрчигдсөн байгаа тул цаашаа өөр асуудал яригдахгүй гэсэн зарчмын дагуу байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 260012090 дугаар шийтгэлийн хуудсаар Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй ДГСервисес Х компанид төлсөн төлбөртэй холбогдуулан ногдуулсан 2016 оны хувьд 20,180,952.30 төгрөгийн нөхөн татвар, 6,054,285.70 төгрөгийн торгууль 5,808,481.70 төгрөгийн алданги, нийт 32,043,719.00 төгрөгийн төлбөр, 2017 оны тухайд 19,592,074.40 төгрөгийн нөхөн татвар, 5,877,622.40 төгрөгийн 1,645,734.20 төгрөгийн алданги, нийт 27,115,431.30 төгрөг, Зөөврийн компьютер импортлоход төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг борлуулалтад ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвараас хассантай холбогдуулан ногдуулсан 3,566,456.90 төгрөгийн торгууль, 998,610.40 төгрөгийн алданги, нийт 4,565,067.3 төгрөгийн төлбөрийг тус тус ногдуулжээ.

Гомдол гаргагчаас тус шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчаас шийтгэлийн хуудсын тооцоололтой маргахгүй, татварын улсын байцаагч нар нь хууль буруу хэрэглэсэн, бид орлогоо нуун дарагдуулаагүй гэж, хариуцагчаас Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй ДГСервисес Х компанид шилжүүлсэн гүйлгээ нь НӨАТ-ын хуульд заасан үйлчилгээнд хамаарна, үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн татварыг хасахгүй гэж тус тус маргажээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна, 7.2-т Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна, 7.2.5-д оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ мөн хууийн 16 дугаар зүйлийн 16.1-д Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана, 16.1.2оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө гэж тус тус заажээ.

Гомдол гаргагч болон ДГСервисес Х компанитай байгуулсан Хамтын үйлчилгээний гэрээ-ний 3 дугаар зүйлд үйлчилгээ, ашиглалт, хөлс, татварын талаар зохицуулсан байх бөгөөд А хэсгийн /үйлчилгээ/ 1-д .......(iii) тэрхүү хамтын хэрэглээний үйлчилгээтэй холбогдуулан гишүүн фирм болон түүний хамааралтай этгээдийн төлбөл зохих төлбөр ба тэрхүү төлбөрийг тооцох аргачлалыг батлахыг хүлээн зөвшөөрч, зөвшөөрөв, С хэсгийн /Төлбөр/ 2-т хамтын хэрэглээний үйлчилгээний хувьд фирм нь санхүүгийн жил бүр холдингс-т тэрхүү хамтын хэрэглээний үйлчилгээний холбоотой Делиотт сервисээс холдингсээс нэхэмжлэх төлбөр дээр холдингийн зардлын зохих нэмж төлнө, 3-д фирмийн ашигласан сонгосон үйлчилгээ бүрийн хувьд фирм нь холдингст холбогдох үйлчилгээнд заасан төлбөрийг төлнө. Төлбөрийг заагаагүй бол холбогдох сонгосон үйлчилгээний төлбөр хамтын хэрэглээний үйлчилгээнд төлбөл зохих дүнд орсонд тооцно 5-д 3.С.2, 3.С.3-н дагуу төлбөр зохих төлбөрт үйлчилгээнтэй холбоотой эрх бүхий байгууллагаас ногдуулах тогтоосон холбогдох борлуулалт, НӨАТ, бусад ижил төстэй татвар, хураамж, төлбөр ороогүй. Фирм эдгээрийг 3.С.2, 3.С.3-н дагуу төлбөр зохих төлбөр дээр нэмж төлнө гэжээ.

Дээрхээс дүгнэвэл гомдол гаргагч нь ДГСервисес Х компанитай байгуулсан хамтын үйлчилгээний гэрээний дагуу дотоодын аж ахуйн нэгжид үйчилгээ үзүүлдэг бөгөөд уг үйлчилгээнээс олсон орлогоос 2016, 2017 онуудад шилжүүлсэн төлбөрийг хариуцагчаас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5-д заасан үйлчилгээнд хамруулж шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Учир нь дээрх хамтын үйлчилгээний гэрээний Ерөнхий зүйлд Фирм болон түүний хамааралтай этгээдэд холдингийн үзүүлэх үйлчилгээ нь фирмийн болон түүний хамааралтай этгээдийн бизнесийн үр ашигтай, үр өгөөжтэй үйл ажиллагаанд шаардлагатай ба түүний шууд, шууд бусаар фирм болон түүний хамааралтай этгээдэд үзүүлнэ гэж үзэж байгаа болно гэж заасан бөгөөд гомдол гаргагчаас ДГСервисес Х компанид шилжүүлж буй дээрх төлбөрийг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн, уг үйлчилгээг дотоодын аж ахуйн нэгжид үзүүлсний төлөө гэрээний дагуу төлж буй үүргийн гүйцэтгэл гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.3-д энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна гэж тус тус заажээ.

Гомдол гаргагчаас 2017 онд компьютер худалдан авахдаа үндсэн хөрөнгөд ногдох худалдан авалтанд төлсөн төлбөрийг НӨАТ-ын тайлангийн хасалт хэсэгт тусгасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д үндэсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй гэж заасан бөгөөд дээрх компьютерууд нь өөрөө тухайн байгууллагын үндэсэн хөрөнгө юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2, Татварын ерөнхий хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.3, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасныг баримтлан Д ХХК-ийн гомдолтой Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Б, О.Д нарт холбогдох улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 260012090 дугаар шийтгэлийн хуудсын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй ДГСервисес Х компанид төлсөн төлбөртэй холбогдуулан ногдуулсан 2016 оны хувьд 20,180,952.30 төгрөгийн нөхөн татвар, 6,054,285.70 төгрөгийн торгууль 5,808,481.70 төгрөгийн алданги, нийт 32,043,719.00 төгрөгийн төлбөр, 2017 оны тухайд 19,592,074.40 төгрөгийн нөхөн татвар, 5,877,622.40 төгрөгийн 1,645,734.20 төгрөгийн алданги, нийт 27,115,431.30 төгрөг, Зөөврийн компьютер импортлоход төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг борлуулалтад ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвараас хассантай холбогдуулан ногдуулсан 3,566,456.90 төгрөгийн торгууль,998,610.40 төгрөгийн алданги, нийт 4,565,067.3 төгрөгийн төлбөрийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ