| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00231/И |
| Дугаар | 154/ШШ2021/00249 |
| Огноо | 2021-12-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 154/ШШ2021/00249
| 2021 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 154/ШШ2021/00249 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 1966 оны 09 сарын 01-нд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл **, нөхөр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, Хөтөлийн ** дугаар байрны ** тоотод оршин суух, /РД:*******/******* овогт*******тийн Цэцэгмаагийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ө.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ө.Цэцэгмаа шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1981 онд амьдралын шаардлагаар хөдөө гарч 3 дугаар бригадад эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1982 онд Ховд аймгийн Булган сумын нийтийн Ахуй үйлчилгээнд Ирүү ахлагчтай зөөлөн оёдлын тасагт оёдолчноор ажилд орсон. Тэгээд 1989 оны 09 сард өөрийн хүсэлтээр ажлаас халагдаж нөхөр Ц.Цэрэндоржийг дагаад Орхоны сангийн аж ахуй руу шилжсэн. Орхоны сангийн аж ахуйд малчин саальчнаар ажиллаж байсан. Одоо 1982 оноос 1989 оны хооронд Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна гэв.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ө.Цэцэгмаа нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Ө.Цэцэгмаа ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Ө.Цэцэгмаа нь 1982 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын нийтийн Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан болох нь:
- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,
- Хүсэлт гаргагч Ө.Цэцэгмаад Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатаас олгосон хөдөлмөрийн дэвтэрт ...Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1982 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 42 тоот тушаалаар өөрийнх нь хүсэлтээр 1982 оны 05 дугаар сарын 13-ны өдөр оёдолчноор авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,
- Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 95 тоот тушаалаар Орхоны САА-д шилжиж байгаа тул оёдолчны үүрэгт ажлаас чөлөөлж Орхоны САА-н мэдэлд шилжүүлэв... гэж тэмдэглэгдсэн,
Хүсэлт гаргагч Ө.Цэцэгмаагийн 1985 онд хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг,
М.Хоролсүрэнгийн шүүхэд гэрчээр өгсөн: ... Би 1985 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээнд тооцооны мастер, нягтлан бодогчоор ажиллаж байсан. Намайг Ахуй үйлчилгээнд ажилд ороход Ө.Цэцэгмаа нь Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан. Оёдол нь дотроо 4 тасагтай байсан. Ахуй үйлчилгээ нь 200 гаруй ажилтантай байсан. Ахуй үйлчилгээний даргаар Сүхтэй, Давааням нар ажиллаж байсан. Ө.Цэцэгмаа нь зөөлөн оёдол хийдэг байсан, гэрийн бүрээс, хувцас оёдог байсан. Ахуй үйлчилгээ 1990 онд хувьчлагдсан. Оёдолчид төлөвлөгөө нормоос хамаарч харилцан адилгүй цалин авдаг байсан. Ойролцоогоор 400-800 төгрөгний цалинтай байсан. Ө.Цэцэгмаа нь сайшаалын үнэмлэхээр шагнуулж байсан. Ө.Цэцэгмаа ахуй үйлчилгээ тарах хүртэл ажилласан юм. Бид хоёр хамт нэг байгууллагад ажиллаж байсан... гэх мэдүүлэг,
Д.Булгаагийн шүүхэд гэрчээр өгсөн: ... Би 1984 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Ахуй үйлчилгээнд хими цэвэрлэгчээр ажилд орж ажиллаж байсан. Намайг Ахуй үйлчилгээнд ажилд ороход Ө.Цэцэгмаа нь Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан. Яг хэдэн онд ажилд орсон талаар сайн мэдэхгүй байна. Ахуй үйлчилгээ нь дотроо олон салбартай байсан. Үүнд: Гуталчин, оёдолчин, зурагчин, төмөрчин гэх мэт олон салбартай байсан. Ахуй үйлчилгээний даргаар Сүхтэй ажиллаж байсан. Ө.Цэцэгмаа нь зөөлөн оёдол хийдэг байсан, гэрийн бүрээс, хувцас оёдог байсан. Ө.Цэцэгмаа нь 1990 он хүртэл Ахуй үйлчилгээнд ажилласан. Ахуй үйлчилгээ 1990 онд татан буугдсан юм. Зөөлөн оёдлын тасаг нь 10 гаруй хүнтэй байсан. Ахлагчаар Ирүү ажиллаж байсан. Ө.Цэцэгмаа нь 1984-1990 он хүртэл тасралтгүй Булган сумын Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар******* овогт*******тийн Цэцэгмаагийн 1982 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын нийтийн Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ