| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00227/И |
| Дугаар | 154/ШШ2021/00250 |
| Огноо | 2021-12-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 154/ШШ2021/00250
| 2021 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 154/ШШ2021/00250 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мөст сумын харъяат, 1966 оны 11 сарын 07-нд төрсөн, ** настай, эмэгтэй, Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багт оршин суух, /РД:ДЭ66110702/ Хөх Ядам овогт Түмэнбаярын Оюунаагийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Оюунаа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Би Ховд аймгийн Мөст сумын хүн эмнэлэгт сувилагчаар 1989 оны 01 дүгээр сараас эхлэн ажилласан. Гэтэл би 1989-1994 онуудад бичигдсэн хөдөлмөрийн дэвтэрээ гээгдүүлсэн тул миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1989 оноос 1994 ондуудад сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Оюунаа нь 1989 оноос хойш Ховд аймгийн Мөст сумын хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрээ гээгдүүлсэн тул шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Т.Оюунаагийн 1989 оноос 1994 оныг дуустал тус сумын хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохооор гаргасан хүсэлтийг дэмжиж байна гэв
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Т.Оюунаа нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Т.Оюунаа ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Т.Оюунаа нь 1989 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн мөст сумын хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан болох нь:
- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,
- Ховд аймгийн Мөст сумын Хүн эмнэлгийн эрхлэгч эмчийн 1989 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 тоот Ажилд авч ажиллуулах тухай тушаалд ...Сувилагч Хандхүү жирэмсний амралт авсан тул 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Т.Оюунааг сувилагчаар авч ажиллуулсугай... гэж тэмдэглэгдсэн,
Хүсэлт гаргагч Т.Оюунаагийн Ховд аймгийн Мөст сумын хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан 1989 оны 02, 03, 05, 06, 07, 08, 09, 11,12 саруудын, 1990 оны 01, 02,03, 05, 04, 06, 07, 08, 09, 10, 11 саруудын, 1991 оны 01, 02, 03, 04, 05, 06, 07, 09, 11, 12 дугаар саруудын, 1992 оны 02, 06, 11, 1933 оны 02, 05-11 сарын, 1994 оны 01, 06, 08, 10, 11, 12 саруудын цалингийн тооцооны хүснэгтүүдэд Т.Оюунаа сувилагч гэж тус тус тэмдэглэгдсэн,
Ж.Эрдэнэчимэгийн шүүхэд гэрчээр өгсөн: ... Би 1984 оноос эхлэн Ховд аймгийн Мөст суманд цаг уурын техникчээр ажиллаж байсан. Т.Оюунаа нь 1989 оноос эхлэн Ховд аймгийн Мөст сумын хүн эмнэлэгт сувилагчаар ажил орж одоо хүртэл ажиллаж байна. Т.Оюунаа бид хоёр нэг ангид хамт сурч байсан. Мөн нэг суманд хамт амьдардаг тул сайн мэднэ. Хүн эмнэлэг нь 20 гаруй ажилтантай, эрхлэгчээр Пүрэвбаатар эмч ажилладаг. Т.Оюунаа мэс заслын сувилагчаар ажиллаж байсан, одоо ээлжийн сувилагчаар ажиллаж байна. Т.Оюунаа нь сайн ажилтан, эрүүл мэндийн тэргүүний ажилтан юм. Т.Оюунаа 1989 оноос хойш тасралтгүй сувилагчаар ажиллаж байна... гэх мэдүүлэг,
Ш.Далайсүрэнгийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1985 оноос эхлэн Ховд аймгийн 4 дүгээр баазад моторчин хийж байсан. Т.Оюунаа нь манай гэр бүлийн хүнтэй хамт нэг ангид сурдаг байсан үеэс нь сайн мэднэ. Сургуулиа төгсөөд Ховд аймгийн Мөст сумын хүн эмнэлэгт сувилагчаар 1989 оноос одоо хүртэл ажиллаж байна. Мөст сумын хүн эмнлэг нь 3 их эмчтэй, 20 гаруй ажилтантай. Т.Оюунаа бид нар найз нөхөд нэг нутагт хамт амьдардаг тул сайн мэднэ. Т.Оюунаа 1989 оноос хойш тасралтгүй сувилагчаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хөх Ядам овогт Түмэнбаярын Оюунааг 1989 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ