Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 145/ШШ2022/00131

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 145/ШШ2022/00131

Өвөрхангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ******* сумын *******,******* тоотод оршин суух, 1985 онд төрсөн, 37 настай, Халиун овгийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *******,*******од оршин суух, 1987 онд төрсөн, 35 настай, Цоодол овгийн *******т холбогдох

600000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, гэрч , нарийн бичгийн дарга Отгонхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 600000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *******аас 2021 оны 10 дугаар сарын 13-нд 4500000 төгрөгийн машин худалдаж авсан боловч тус машин нь хроп, моторын эд анги нь асуудалтай байсан тул 10 дугаар сарын 15-нд буцаан өгсөн. Гэвч ******* нь надад 3900000 төгрөг өгч, 600000 төгрөг дутуу өгсөн. Тухайн үед *******ын машиныг авсан нь үнэн. Гар хүрч машиныг нь эвдлэх зүйл болоогүй. Та өөрөө эхлээд шүүхдээд ав гэж намайг хэл амаар доромжилсон байгаа. Эхнэр чинь хүртэл машин хурдан аваад ир гэж янз бүрээр хэлсэн. Машин нь салникийн тагаараа тос хаяад байсан болохоор тос их иддэг, хүч муутай, кальци муудсан байсан. Та засвар үйлчилгээ хийсэн гээд байна. Тахир гол ердөө хамаагүй. Та өөрийнхөө муу машиныг хүнд зарсан. Таниас машин авсан өдрөө Улаанбаатар хотоос гарахдаа замдаа нилээд хэд зогссон. Тэгэхдээ би тань руу залгасан боловч та утсаа салгасан байсан. Иймд *******аас 600000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *******ийн 466 дугаар 1-4 тоотоод оршин суух иргэн ******* намайг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн өглөө 05 цагт Өвөрхангай аймгаас гараад өдөр 12 цагийн орчимд төрсөн аав болох Ц.Дашнямыг Улаанбаатар хотын хавдар судлал дээр үзүүлээд явж байтал таны зарах гэж 08-00 ӨВО улсын дугаартай Т.Vitz маркын автомашиныг үзье гэхээр гарч үзүүлэхэд таны автомашинийг авмаар байна гээд эмнэлэгээр явж байна унаагаа зармааргүй байна гэхэд хавдар судлал эмнэлэгийн гадна 3 цаг гаран хүлээгээд гуйсаар байгаад *******ын ах дүүгийн залуугийн хамт машин мэддэг хүнээр үзүүлээд 4500000 төгрөг надад бэлэн өгөөд миний эзэмшилийн 08-00 ӨВО улсын автомашиныг Улаанбаатар хотод зүүн дөрвөн зам дээр байрлах ахын байны гадна машин дотор байсан өөрийнхөө бүх зүйлийг аваад автомашинаа өгөхдөө нэг нутгийн хүмүүс байна гээд 500000 төгрөг дутуу аваад би 08-00 ӨВО улсын дугаараа авна гэж тохироод явуулсан. Гэтэл ******* 3 хоногийн дараа надруу залгаад та машинаас доош үнэ татаа гэхээр үгүй гэсэн чинь таныг машиныг би тос хийсэн моторын дээгүүр тос гарсан байна засварын газарт үзүүлсэн гэхээр за ******* аа миний машин зүгээр байсан наад машинаа авахгүй бол авчирч өг гээд авчруулсан чинь 08-00 ӨВО улсын дугаартай Т.Vitz маркийн автомашины мотор дуугарсан байхаар гэрээс 4000000 төгрөгийн бэлэн өгөөд явуулсан мөнгийг эхнэр авч явсан би машинаа авахдаа *******ийн эхнэрт нь машинаа зүгээр байвал мөнгийг нь хийнэ гэсэн чинь миний эзэмшлийн машиныг тосгүй унаад моторын эд ангийн эвдсэн байхаар Сайн авто засвар бүх эд ангийн солиулж автомашинаа зүгээр болгосон. *******ын эхнэрт миний машинийг авчирж өгөх үед 4000000 төгрөг бэлэн гаргаж өгсөн тухайн боодолтойгоо байсан, 500000 төгрөгийг дутуу өгсөн харин ******* тосгүй унаж яваад моторыг эд ангид болон ажлын хөлсөнд 708000 төгрөгийн зардал гарсан. ******* нь наймаа хийнэ гэж гуйж эмнэлэгээр явж байхад унаагүй болгож авч явчихаад эргээд өөрийнхөө нүүрээр ирээд уулзахгүй хүний хөрөнгийг эвдэлсэн байж эхнэрээ явуулаад бас шүүхээр яваад их муухай зан гаргаж болохгүй ээ жаахан ч гэсэн шударга бай. Манай эхнэр машин 08-00 ӨВО улсын дугаартай Т.Vitz маркын автомашин байсан. Манай эхнэр нэг гараар 4 жил унаад би өглөө эндээс аавын бие тааруу гээд 6 өнгөрөөгөөд Улаанбаатар хот руу явсан. Над руу нилээд хэдэн удаа залгасан. Залгах үед утсаа аваад би Халдвартын эмнэлэг дээр ажилтай байна гэсэн чинь гадаа нь ирчихсэн байна гэхээр нь гараад үзүүлсэн. Нэхэмжлэгч Давааням нь эхнэр, машин мэддэг нэг хүнтэй 3-уулаа ирж үзсэн. Нөгөө хүн нь унаад хөдөлсөн. Одоохондоо би машинаа зарах боломжгүй байна гэж хэлээд эмнэлэг рүү орчихоод 2 цагийн дараа гарч ирсэн чинь 3-уулаа машиныг чинь авъя гээд зогсож байхаар нь би та хэд сайн үз гэж хэлчихээд буцаж ороод 1 цаг гаран болчихоод гарч ирсэн. Нөгөө хүмүүс нь дахиад байж байсан. Одоохондоо би унаагүй байгаа болохоор зармааргүй байна гэсэн гуйгаад байхаар нь би машиныхаа дугаарыг өгмөөргүй байна гэсэн. Нэгэнт машиныг минь авах гээд байгаа юм бол та нар нэг нутгийн, нэг дор байдаг хүмүүс одоохондоо машинаа аваад явчих. Манайх машинаа 5 сая төгрөг гэж байгаа. Надад 4500000 төгрөг өгчих. 500000 төгрөгөнд би чамд өөр дугаар авч өгье. Би энэ машиныхаа дугаарыг авч үлдэе. Дараа нь машин авбал энэ машинхаа дугаарыг тавья гэж бодсон. Ингэж тохиронгуутаа 13 дээр ахынхаа гадаа буугаад үлдсэн. Энэ хүмүүс над руу нэг ч залгаагүй, нэг ч яриагүй. 3 хоногийн дараа Өвөрхангай аймагт машин аваад ирчихсэн байхад машиныхаа үнийг доош нь жаахан ярьчих ахаа, таны машин тос их идэж ирсэн. Миний машин зүгээр байсан. Тэгвэл та нар ийм зүйл ярих байсан юм бол анхнаасаа яагаад наймаа хийсэн юм бэ? наад машинаа авчирч өг гэхэд 3 хоногийн дараа авчирч өгсөн. Би эхнэрт нь 4000000 төгрөг бэлэн өгсөн. Тэгээд машинаа асааж үзсэн чинь мотор нь дуугарчихсан байсан. Тэгээд би засварчин дээр очоод үзүүлэхэд машин чинь дээд талаараа дуу орчихсон байна. Унаад явсан чинь мотор нь дуу орчихсон байхаар нь солиулсан. Засварын хөлсөнд 700000 гаран төгрөг болсон. Түүнийг тайлбартайгаа хавсаргаж өгсөн. Танд одоогоор мөнгө өгөх боломжгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл 4000000 төгрөгийг эхнэр чинь бэлэн авч явсан. Харин та миний машины эвдлээд авчирч өгсөн учраас үлдсэн 500000 төгрөгийг өгөх боломжгүй гэж үзэж байна гэв.

 

Гэрч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Өвөрхангай аймаг руу *******т машиныг нь аваачиж өгөхөд ******* байхгүй хөдөө явчихсан байсан. Эхнэртэй нь яриад гэрийнх нь хаягыг аваад гэрийнх нь гадаа хүлээж байсан. Удалгүй ******* ирсэн. Тэгээд би машиныг нь хүлээлгэж өгсөн. ******* машины мотор сольсон, машин эвдэлчихсэн байна гэхээр нь үгүйээ манай хашаанд 2 хоног байсан. Хашаанаасаа машиныг чинь нь гаргаагүй гэж хэлсэн. Битгий гар хүрээд байгаарай гэхээр нь моторынх тосыг нь ч арчаагүй. *******ын гэрийнх хажууд машин засвар байдаг юм билээ. Тэр машин засвар дээр *******тай хамт очсон. Тэгээд би юу гэж хүний машиныг дураараа солих юм бэ? гэсэн. Тэгээд тэр машины засварт үзүүлсэн чинь машин засварын хүн зүгээр байна, машиных нь мотор мөн байна гэж хэлсэн. Тэгээд *******ын гэрийн гадаа ирсэн. Замдаа *******т юу гэж бид хоёр хүний машинд дураараа гар хүрэх юм бэ? гэж хэлэхэд дуугүй байгаарай гөлөг минь хохь чинь шүү гэж намайг хэл амаар доромжилсон. Би ганцаараа явсан болохоор их юм хэлж чадаагүй. Тэгээд гэрийнхээ гадаа ирээд намайг машинаасаа хөөж буулгасан. Машинаа цоожлоод эхнэртээ түлхүүрээ өгсөн. Өөрийнхөө хар машинаас мөнгө гаргаж надад өгсөн. Мөнгөө тооллох гээд машиных нь арын суудал дээр суух гэсэн боловч машинаа цоожилчихсон байсан болохоор мөнгөө тоолох ямар ч боломж байгаагүй. Би унаагүй явж байсан болохоор унаа хайхаар зах руу явсан. Зах хүн ихтэй байсан болохоор мөнгөө тоолох ямар ч газар байхгүй байсан. Орой нь гэртээ ирээд мөнгөө тоолоход 3 боодол 10000 төгрөг боодол, 2 боодол 5000 боодол, 2 боодол 10000 төгрөг нь банкны лацтай байсан. 1 боодол 10000 төгрөг резинээр боосон байсан. Тэрнээс 100000 төгрөг дутуу байсныг гэртээ ирээд мэдсэн. Намайг ******* машинаасаа хөөгөөд буулгачихсан юм чинь Өвөрхангай аймагт мөнгөө тоолох ямар ч боломж байгаагүй. Тэгээд ******* руу залгаж хэлэхэд банкнаас гаргаж өгсөн гээд нэг болохоор гэрээсээ гаргаж өгсөн гээд хоёр янзаар хэлээд байсан. Тэгээд манай нөхөр орой нь *******тай маргааш өглөө ярьсан. Тэгэхэд ******* танай эхнэрийн чинь янзыг үзсэн юм. Та хоёр наймаа хийж сураагүй юм байна лээ гэж хэлсэн гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 18650 төгрөг төлсөн баримтыг,

Хариуцагчаас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын баримт, нэхэмжлэх баримтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв. Үүнд:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 600000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* худалдсан автомашиныг эвдэлсэн тул 600000 төгрөгийг төлөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Нэхэмжлэгч 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр улсын дугаартай T.Vits маркийн автомашиныг *******тай харилцан тохиролцож 4500000 төгрөгөөр худалдан авч 4000000 төгрөгийг *******аас худалдан авсан байна.

Дээхи үйл баримтаар улсын дугаартай T.Vits маркийн автомашиныг хариуцагч ******* (худалдагч) 4500000 төгрөгөөр зарж машины үнэ болох 4000000 төгрөгийг нэхэмжлэгч (худалдан авч) ******* шилжүүлэн өгснөөр зохигчдийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Гэтэл нэхэмжлэгч *******ын худалдаж авсан улсын дугаартай T.Vits маркийн автомашиныг биет байдлын доголдолтой байсны улмаас нэхэмжлэгч дээрхи гэрээг цуцлаж, уг автомашиныг хариуцагч *******т хүлээлгэн өгч 3900000 төгрөгийг буцаан авсан нь гэрч ийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Хэргийн 13-14 дүгээр талд авагдсан зарлагын баримтуудаар хариуцагч ******* нь нийт 708000 төгрөгийн үнийн дүн бүхий автомашины сэлбэгийг худалдан авч өөрийн хөдлөх хөрөнгөдөө засан сайжруулалт хийлгэжээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ыг улсын дугаартай T.Vits маркийн автомашиныг эвдэлсэн, дээрхи гэрээний дагуу авсан 4000000 төгрөгийг т өгсөн гэж тайлбарладаг боловч холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй ба хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна.

  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.

Иймд дээрх нөхцөл байдал, худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр талуудын хооронд байгуулагдсан өгсөн авсан зүйлээ буцаан шилжүүлэхтэй холбоотойгоор талуудын тайлбар, гэрч ийн мэдүүлэг зэргийг харьцуулан үзэхэд хариуцагч ******* 600000 төгрөгийг нэхэмжлэгч *******д буцаан төлөх үүрэгтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч *******аас 18650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18650 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******аас 600000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч *******аас 18650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18650 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА