| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0209/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/218 |
| Огноо | 2024-09-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Цогням,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000259 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн ******* /РД: *******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөрт шилжих шөнийн 00 цаг 30 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатансуудал 5 дугаар багийн Уранхайрхан 2-1-211 тоот хашаанд *******гийн гэрийн гадаа хохирогч *******г “машин удаан янзалж байна” гэх шалтгаанаар цээжин дээр нь 2 удаа дэвсэж, зүүн гар руу нь машины шаврын хаалт шидэж эрүүл мэндэд нь зүүн шуунд шарх, хэвлийд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн.Би 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр найз *******гийнд байж байгаад бид хоёр тэднийхээс гараад *******ийнд очоод бид гурав 2.5 литрийн сэнгүр нэртэй пиво 5 ширхгийг хувааж уусан. Тэгээд би хадам талын ах *******гаар би машинаа янзлуулж байсан юм. Би орой 23 цагийн үед миний машин янзалж байсан ******* гэх айлд очиход гэртээ байхгүй, эхнэр эгч гэртээ байсан. Тэгээд би амгалан ахын гэсэн дугаар руу өөрийн дугаарын утсаар залгаад та хаана байгаа юм би танайд байна гэж асуухад ах ******* би айлд байна, удахгүй очлоо намайг байж байгаарай гээд хэлсэн. Тэгээд би гэрт нь байж байтал гаднаас ах ******* согтуу ирсэн намайг ална гээд над руу төмөр барьсан байсан. Тэгээд тухайн үед бид хоёр жоохон маргалдаж байгаад би яваад өгсөн тухайн үед хэн нэгнийхээ биед халдсан зодолдсон асуудал байхгүй. Тэгээд би шөнө 00 цаг 30 минутад буцаад найзаараа хүргүүлээд ах *******гийнд ирэхэд хашааны хаалга түгжээтэй байсан. Тэгээд би хашаа давж хашаан дотор нь ороход гэрийнхээ гадна унтах гэж байсан. Тэгээд би очоод та яагаад машиныг янзалж өгөхгүй, удаад байгаа юм, хурдан янзалж өг гээд хэлтэл би янзлах албагүй машинаа аваад яв гээд босоод ирэхээр нь би нэг удаа ар нуруу хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгээд намайг ална гээд блокны тал барчихсан над руу дайрахаар нь би хашаан дотор янзалж байсан Киа маркийн 79-19 БНА улсын дугаартай Бонго гурав автомашины хажууд байсан шаврын хамгаалалтын дөрвөлжин квадраттай төмөр хаалт байсан. Тэрийг аваад шидсэн чинь ах *******гийн зүүн талын шуу хэсэгт цохисон. Миний хувьд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.....гэх мэдүүлэг /хх-ийн 76-78 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хашаан дотроо хүргэн *******гийн Вонго гурав ачааны авто машиныг янзалж байгаад өдөр 13 цагийн үед гэрээсээ гараад гэх залуутай таараад гэрт нь очоод бид хоёр 0.5 граммын Ерөөл нэг шилийг хувааж уучхаад би дэнжийн дэлгүүр ороход найз таараад нөгөө айлдаа буцаж өчөөд 2.5 литрийн пиво нэгийг бид гурав хувааж уусан. Тэгээд ******* лүү би утсаар яриад “нэг шил архи аваад ир” гээд хэлсэн чинь 0.5 граммын хараа нэг шил архи авч ирж өгсөн. Тэгээд ******* яваад өгсөн удалгүй. ******* утсаар залгаад над руу “пизда минь машин хурдан янзалж өг, архи уугаад ажлаа хийхгүй юм, утасны цаанаас ална шүү пизда минь би танайд байна хүрээд ир” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би гэр рүүгээ очиход ******* манайд ирчихсэн хашаан дотор эхнэр тай юм яриад сууж байсан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаад эхнэр бид хоёрыг “боль” гээд *******г одоо харьж унт гээд хэлсэн чинь яваад өгсөн. Тэгээд би хэвтэж байтал ******* ирээд намайг машин янзалж өг пизда минь гээд миний цээж тус газар хоёр удаа дэвссэн. Тэгээд босоод “яаж байгаа юм” гэтэл нүүр лүү утасны гэрэл тусгаж байгаад шороогоор булаад харанхуй шөнө гар таарсан блокийн хагархай байсан аваад шидсэн чинь оноогүй. Тэгээд ******* миний нүүр лүү гэрэл тусгаад хашаан дотор янзалж байсан машины хажууд очоод над руу юм шидээд байсан. Наад гэрлээ боль гээд хэлтэл над руу төмөр авч шидээд миний зүүн талын гарын шуу хэсэг, цохиж гэмтэл учруулсан. Тэгээд ******* гараад явсан. Тэгээд би гэртээ ороод гэрлээ асаатал гараас цус гоожоод байсан. Хартал том зүсэгдсэн байсан, тэгээд гаднаас , эхнэр хоёр орж ирээд юу болов гээд миний гараас гарч байсан цусыг боосон. Тэгээд тогтохгүй байхаар нь эмнэлэг рүү дуудлага өгсөн. Тэгээд эмч ирээд эмнэлэг аваад явсан очоод гарын цусыг тогтоогоод 5 оёдол хийгээд аймаг руу яв гэсэн.....гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 / ,
... Би эмнэлэгт үзүүлсэн эмчилгээний зардал, нааш цаашаа явсан бензин тос нийлээд 2 сая төгрөг зарцуулсан... Би эмчилгээний зардалд *******гээс 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 2 сая төгрөг дансаар авсан. Надад одоо өөр нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 15-16 /,
4. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би хохирогч *******гийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдсан 115,737 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 90/,
5. Гэрч А.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны шилжих шөнө хашаандаа гэрийн ард унтаж амарч байхад гаднаас зүс таних ******* согтуу манайд ирээд “******* ах байхгүй байгаа юм уу, ирээгүй юм уу” гэхээр “ирээгүй байна” гэтэл хашаа явсан юм бол утас руу нь залгаад “машин янзалж өг, хаана байгаа юм пизда минь” гээд утсаар маргалдаад байсан. Тэгээд удалгүй гаднаас манай нөхөр ******* ирсэн *******, ******* хоёр маргалдаж байгаад ******* яваад нөхөр ******* хувцсаа тайлаад амрах гээд хэвтсэн би хашааны хаалгаа хаах гээд явж байтал ******* буцаад архи барьсан ирэхээр нь архи аваад булаалцсан чинь газар унагаад хагалсан, *******г одоо харьж амар гэж хэлээд явуулсан. Тэгээд би хашааныхаа хаалгыг түгжихэд хашааны гадаа гэр лүүгээ явах гээд байж байсан. Би хашааны хаалгаа дотор талаас нь түгжчихээд амрах гээд хэвтэж байтал гаднаас хашаа даваад ******* бид нарын унтаж байсан газар ирээд шууд *******гийн цээжин хэсэгт 2 удаа дэвсээд авсан. Тэгээд би яаж байгаа юм унтаж амрах гэж байгаа хүнийг зодоод гээд хэлсэн нөхөр ******* босоод ирсэн чинь нүд рүү нь гэрэл тусгаж байгаад шороо цацсан. Тэгээд ******* яаж байгаа пизда минь гээд хашааны хажууд байсан блокийн талыг барьж аваад ******* лүү шидсэн оноогүй. Тэгээд урдаас нь гэрлээ тусгаад гарт таарсан юмаа авч шидээд яваад байсан. Бонго авто машины хажууд байсан машины арын шаврын хаалт карлан шидээд зүүн талын гарын шуу хэсэгт цохиж гарын гэмтээсэн байсан. Тэгээд нөхөр ******* гэр рүүгээ ороод гэрлээ асаасан. Би гаднаас хашааны хаалгыг онгойлгоод бид хоёр цуг гэртээ ортол зүүн талын гараас нь цус гараад гоожиж байсан. Тэгээд бид хоёр цусыг нь тогтоох гээд боосон чинь тогтоогүй эгч дүү хоёрт нь хэлсэн тэгээд эмнэлэгт мэдэгдсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 /,
6. Гэрч А.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр орой 20 цагийн үед найз *******тай Дэнжийн дэлгүүр дээр таараад бид хоёр хойд лагарт айлд очиход , бид дөрөв 0.5 граммын хараа нэг шил, 2.5 литрийн сэрүүн нэртэй пиво нэг хувааж уусан. Тэгээд тэнд байгаад 23 цагийн үед тэндээс бид хоёр гараад найз *******гийн гэрт хүргэж ирчхээд намайг хүргээд өгье гэхээр нь хашааны гадаа хүлээгээд сууж байтал нэг цагаан өнгийн приус-20 маркийн машинтай хүн хүрээд ирсэн. Хашааны хаалга нь түгжээтэй байсан. Тэгээд машин дотроос зүс таних ******* согтуу бууж ирээд хашаан дээгүүр нь даваад орсон би хашааны гадаа цуг ирсэн хүнтэй юм яриад зогсож байсан. Тэгээд хашаан дотор *******гийн эхнэр чи унтах гэж байгаа хүнийг яаж байгаа юм хүн амраахгүй гээд орилоод чарлаад явсан юу болов гээд хашаан дээгүүр харахад хашаан дотор ******* нүцгэн байсан ******* хоёр хашаан дотор байсан машин тойроод хөөцөлдөөд харагдсан. Тэгээд эхнэр нь тэр хоёрыг салгаад *******г одоо яв гээд хөөгөөд хашааны хаалгаар гаргаад ирсэн ******* иргэж орох гэхээр би одоо яв юу болов яагаад маргаалдаад байгаа юм гэтэл машинаа язлуулж байгаа юм удаан янзалж байгаа юм, би юманд явах гээд байгаа юм гэж надад хэлсэн. Тэгээд чи *******г цуг ирсэн залууд нь өгөөд явуулсан. Тэгээд би *******гийн гэрт ороход *******гийн зүүн талын шуунаас нь цус гараад байсан би очоод юу болов яасан юм гэтэл намайг ******* цохичихлоо гээд юугаар цохисон юм. Гэтэл эрмэгтэй төмрөөр цохичих шиг боллоо яг юу байсныг сайн мэдсэнгүй гэсэн. Тэгээд нэлээн том язарсан ангайсан байсан. Тэгээд би гарын нарийн юмаар боогоод бентээр боож цус гарсан тогтолтын зогсоосон. Тэгээд эмнэлэгт мэдэгдсэн тэгээд би удалгүй яваад өгсөн....гэх мэдүүлэг / хх-ийн 23-24 /,
7. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 425 дугаартай шинжээчийн:...1. *******гийн биед зүүн шуунд шарх, хэвлийд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. *******гийн биед хуучин гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх-ийн 38-39 / болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/, шүүгдэгч *******д урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 / болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 3 хуудас нотлох баримт гаргасан өгсөн зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөрт шилжих шөнийн 00 цаг 30 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатансуудал 5 дугаар багийн Уранхайрхан 2-1-211 тоот хашаанд *******гийн гэрийн гадаа хохирогч *******г “машин удаан янзалж байна” гэх шалтгаанаар цээжин дээр нь 2 удаа дэвсэж, зүүн гар руу нь машины шаврын хаалт шидэж эрүүл мэндэд нь зүүн шуунд шарх, хэвлийд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч А., А. нарын мэдүүлэг, шинжээчийн 425 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч болон хохирогч нар нь архидан согтуурч улмаар үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж зодолдож эрүүл мэндээрээ хохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Харин хохирогч ******* нь шүүгдэгч *******д зодуулсаны улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж эрүүл мэндийн даатгалын сангаас 115.737 төгрөгийн зардал гарсаныг нэхэмжлэх талаар иргэний нэхэмжлэгч мэдүүлсэн байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1.-д зааснаар шүүгдэгч *******гээс уг зардлыг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь уг зардлыг нөхөн төлсөн талаарх банкны хуулгыг гаргаж ирүүлсэн тул шүүгдэгч *******г Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэргийн улмаас учруулсан байхгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ялыг оногдуулж уг оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж хохирогч руу шидсэн гэх хураагдсан машины 1 ширхэг шаврын хаалтыг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ял, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар машины 1 ширхэг шаврын хаалтыг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг шаврын хаалтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ