Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
Хэргийн индекс | 132/2022/00018/И |
Дугаар | 132/ШШ2022/00133 |
Огноо | 2022-02-16 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 132/ШШ2022/00133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч О.Одончимэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1989 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, *******,******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /рд: ГН*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1988 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг, Агуйт, ******* дугаар гудамж, 12 тоотод оршин суух, овогт гийн ******* /рд: ФА/-д холбогдох
Хохирол 8,553,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 132/2022/00018/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
Иргэдийн төлөөлөгч У.,
нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр эхнэртэйгээ маргаад асуудал үүсгээд байхаар нь би салгасан. Гэтэл нохойгоо хөтлөөд орж ирээд миний толгой, зүүн нүдэнд цохисон. Үүнээс болж миний зүүн нүд хараагүй болсон. Энэ хүнтэй эмчилгээний зардал, бусад зардлуудыг төлнө гэж бичгийн хэлбэрээр гэрээ байгуулсан. Би 15,000,000 төгрөг нэхэмжилсэн. Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болох үед 2,000,000 төгрөгийг өгч дараа нь 5,000,000 төгрөгийг өгсөн. Үлдэх 8,000,000 төгрөгийг 2021 онд багтаан төлж барагдуулна гэсэн хэлцэл хийсэн боловч Ц.******* нь гэрээ хэлцлийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Би зүүн нүдээ орой бүр авч цэвэрлэж, байнга дусаалга хийдэг. Миний бие гадаад улс руу буюу Энэтхэг улс руу эмчилгээ хийлгэх шаардлага бий болсон. Энэтхэг улсад хүний өөрийн нүд шиг нүд шилжүүлэн суулгадаг гэж эмч хэлсэн. Эмчтэй хамт Энэтхэг улс руу эмчилгээнд явахад 12.000.000 төгрөгийн зардал гарах эхний тооцоо гарсан нүдээ эмчлүүлэхэд гарах зардал 8.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Харин эмчилгээ хийлгэх явцад гарсан 553.000 төгрөг нь 8,000,000 төгрөгийг хохиролд багтаж байгаа тул татгалзаж байна гэв.
Хариуцагч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ц.******* нь нэхэмжлэгч Б.*******ны нэхэмжилж байгаа 8,553,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Өмнө авсан 7,000,000 төгрөгөө эмчилгээний төлбөрт зарцуулсан гэдэгт нь итгэхгүй байна. Энэ талаар ямар ч баримт нотолгоо, эмчилгээ хийлгэсэн гэх баримт байхгүй. Уг мөнгөөрөө машин авч унасан байж болзошгүй гэж хардаж байна. Бичгэн гэрээ байгуулахдаа үлдэгдэл 8,000,000 төгрөгийг баримтын дагуу олгоно гэж бичсэн. Одоогоор ямар ч эмчилгээ хийлгэсэн тухай баримт байхгүй байна. Нэхэмжлэлд 388,700 төгрөгийн баримт өгсөн байснаас дотор нь шатахууны баримт байсан. Би нэхэмжлэгч Б.*******д эмчилгээ хийлгэсэн зардлыг баримтын дагуу олгоно гэж бичгэн гэрээ хийсэн ба өөр зүйлийн зардал болон шатахууны төлбөрийг даана гэж гэрээ хийгээгүй. Тийм учраас эмчилгээ хийлгэсэн баримт нотолгоо шаардаж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр Ц.******* нь Б.*******тай 2020 онд баталгаа гаргаж цаашид учрах эмчилгээний зардлыг төлөх тухай гэрээ байгуулсан. Бид нар эмчилгээний зардлыг төлнө гэж бодож байсан боловч 1 жилийн хугацаанд Ковид-19 цар тахлын үе байсан болохоор манай нөхөр Ц.******* ажил хийх боломжгүй байсан. Ажил хийхгүй байсан болохоор өгч чадаагүй. Бид хоёрын зүгээс нэхэмжилсэн мөнгийг бүтнээр нь өгөх боломжгүй байна. Ц.*******, Б.******* нар нь саяхан уулзсан. Эмчилгээний зардал болох 8,553,000 төгрөгийг бүтнээр өгч чадахгүй. Огт төлөхгүй гэж бид нар маргахгүй байгаа. Эмчилгээ хийлгэсэн баримтын дагуу хувааж төлнө. Хэрэгт авагдсан баримтууд дээр шатахууны зардал байсан. Тухайн үед бид нар гэрээ байгуулахдаа эмчилгээний зардлыг бүрэн барагдуулна гэж тохиролцож байгуулсан болохоос биш бусад зардлыг төлнө гэж ярилцаагүй. Миний бие гэртээ 4 хүүхдээ хардаг. Манай нөхөр ганцаараа ажил хийдэг. Цалингийн зээлтэй. Энэтхэг улсад эмчлүүлж ирээд гарсан зардлыг баримтын дагуу өгөх боломжтой гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ГЦТ/143 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Ц.*******ын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хохирол барагдуулах тухай баталгаа, Б.*******нын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-10-14 тал/, Булган аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/37 дугаартай тушаалын хуулбар, Б.*******нын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, бэлэн мөнгөний зарлагын болон орлогын баримт, бэлэн мөнгөний төлбөрийн е-баримтууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Хариуцагчаас Б.д олгосон итгэмжлэл, Хаан банкны 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Б.гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-28-40 тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч У. нь Ц.*******аас хохирол 8,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй гэж дүгнэлт хэлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц.*******д холбогдуулан гэм хорын хохирол 8,553,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 553,000 төгрөгөөр нэхэмжлэлээ багасгаж, 8,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ Ц.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр миний толгой, зүүн нүдэнд цохисоны улмаас зүүн нүд хараагүй болсон гэмтэл учруулсан. Эмчилгээний зардалд 15,000,000, төгрөг өгөхөөр бичгийн хэлбэрээр гэрээ байгуулж, 7,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 8,000,000 төгрөгийг 2021 онд багтаан төлнө гэсэн боловч төлөөгүй тул хараагүй болсон нүдээ эмчлүүлэхэд гарах 8,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж,
Хариуцагч Ц.******* нь татгалзлын үндэслэлээ Өмнө нь авсан 7,000.000 төгрөгийг эмчилгээний төлбөрт зарцуулсан гэдэг нь тодорхойгүй. Бичгийн гэрээ байгуулахдаа үлдэгдэл 8,000,000 төгрөгийг эмчилгээ хийлгэсэн баримтын дагуу олгоно гэж тохирсон тул эмчилгээгээ хийлгэж ирсний дараа баримтыг үндэслэн 8,000,000 төгрөгийг төлнө гэж тус тус тайлбарлаж байна.
Хариуцагч Ц.******* нь 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр иргэн Б.*******нын толгойн тус газарт цохиж биед нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь зохигчийн тайлбар, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/143 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 3-7 дугаар тал/
Уг гэмт хэргийн улмаас хариуцагч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулжээ.
Хариуцагч Ц.******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.*******д эмчилгээний зардалд 7,000,000 төгрөгийг өгч үлдэх 8,000,000 төгрөгийг 2021 онд багтаан эмчилгээ хийлгэсэн баримтыг үндэслэн өгөхөөр харилцан тохиролцож хохирол барагдуулах тухай гэрээ хийсэн байна. /хэргийн 8 дугаар тал/
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.******* нь өөрт учирсан гэм хорын хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Харин хариуцагч Ц.******* нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу Б.*******д учирсан гэм хорын хохирлыг хариуцан төлөх үүрэгтэй байна.
Дээрх байдлаас дүгнэвэл Ц.******* нь Б.*******ны биед хүнд хохирол учруулсан буюу Б.*******ны зүүн нүд хараагүй болж, улмаар хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч У.ийн Ц.*******аас хохирол 8,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй гэж дүгнэсэн дүгнэлтийг дээрх үндэслэлээр хүлээн авсан болно.
Иймд хариуцагч Ц.*******аас гэм хорын хохирол 8,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 /нэг зуун дөчин хоёр мянга есөн зун тавь/ төгрөгийг Төрийн сангаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Ц.*******аас 142,950 /нэг зуун дөчин хоёр мянга есөн зун тавь/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.*******аас гэм хорын хохиролд 8,000,000 /найман сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 /нэг зуун дөчин хоёр мянга есөн зун тавь/ төгрөгийг Төрийн сангаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Ц.*******аас 142,950 /нэг зуун дөчин хоёр мянга есөн зун тавь/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД О.ОДОНЧИМЭГ
Л.ХИШИГДЭЛГЭР