Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2026/00033

 

 КХ-н

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Э.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/00612 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2025/01796 дугаар магадлалтай,

КХ-н нэхэмжлэлтэй

“ЗД” ХХК, Б.О нарт холбогдох

Гуравдагч этгээд “Ч” ГХОХХК

“ЗД” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох, компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай үндсэн,

хариуцагч Б.О-н “Б.О, КХ нарын хооронд 2015.05.13-ны өдөр байгуулсан компанийн эрх шилжүүлэх тухай, хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “ЗД” ХХК-ийн төлөөлөгч Н.А, өмгөөлөгч Н.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч КХ, орчуулагч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, П.У, Л.Н, хариуцагчийн төлөөлөгч Н.А, хариуцагчийн өмгөөлөгч Н.М, Ц.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.КХ нь “ЗД” ХХК, Б.О нарт холбогдуулан “ЗД” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох, компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Б.О “Б.О, КХ нарын хооронд 2015.05.13-ны өдөр байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх тухай, хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/00612 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч КХ-г “ЗД” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож, “ЗД” ХХК-ийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчид гарган өгөхийг хариуцагч “ЗД” ХХК /гүйцэтгэх захирал Н.А/, хариуцагч Б.О нарт даалгаж, нэхэмжлэгч “ЗД” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр КХ-г Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй үндэслэлээр хариуцагч Б.О-н гаргасан “Б.О, КХ нарын хооронд 2015.05.13-ны өдөр байгуулсан компанийн эрх шилжүүлэх тухай, хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60.1, 56.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 210,600 төгрөг, хариуцагчийн төлсөн 98,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2025/01796 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/00612 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Нэхэмжлэгч” гэсний өмнө “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч “ЗД” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагч “ЗД” ХХК-ийн төлөөлөгч Н.А, өмгөөлөгч Н.М нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүүх 2014.01.02-ны өдөр байгуулсан гэх Хувьцаа худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээнд КХ 100 хувийн хувьцаа эзэмшигч гэсэн засвартай, “ЗД” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч этгээд хэрхэн, ямар байдлаар 100 хувийг төлөөлж гэрээг хийсэн нь ойлгомжгүй, ...магадлалд хариуцагч тал нэхэмжлэгчид зөвхөн 51 хувийн хувьцаа эзэмших эрхийг буцаан өгөх үүрэг хүлээсэн гэх тайлбар гаргасан мэтээр бичиж, түүнийгээ үндэслэлгүй гэж дүгнэсэн, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар талууд улсын бүртгэлд бүртгүүлээгүй үеэс шаардах эрх үүсэх байсан атал давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

КХ-н залилуулсан гэх эрүүгийн хэрэгт өгсөн гэрчүүдийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтын талаар тайлбарлан мэтгэлцсэн ч хоёр шатны шүүх тухайн эрүүгийн хэргийн үйл баримтад төөрөгдөн үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн, нэхэмжлэгч эрүүгийн болон иргэний хэргийн шүүхэд нэг үйл баримтыг өөр өөрөөр ашиглаж байна. Хэрэгт 2015.05.13-ны өдрийн гэрээний үнийг Б.О-д ямар нэг байдлаар шилжүүлсэн баримт авагдаагүй байхад эрүүгийн хэрэгт өгсөн гэрчүүдийн мэдүүлгээс төлбөрийг төлсөн гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Эрүүгийн хэрэгт гэрчүүд хэдэн төгрөг авснаа мэдүүлснээс биш Б.О-д мөнгө өгсөн гэж мэдүүлээгүй.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад анхан шатны шүүх тодруулах үүргээ биелүүлэлгүй хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх залруулаагүй, давж заалдах гомдлын үндэслэлд дурдсан асуудлыг “талууд тухайн баримтын талаар мэтгэлцээгүй” гэж дүгнэн гомдлыг хангахгүй орхигдуулсан, анхан шатны шүүхийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой дүгнэлтийг давж заалдах шатны шүүх зөвтгөхдөө Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 76.4-т заасныг буруу тайлбарласан, 2014.01.02-ны өдрийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ хариуцагчтай харилцаж байгаагүй, гэрээний үүрэг шаардаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хуульд зааснаар гэрээ, хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг үндэслэж 15 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлэх эсэхээс хамаарч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно.

Аудио бичлэг хийгдсэн талаар талууд маргаагүй байхад давж заалдах шатны шүүх анхаараагүй, улсын бүртгэлээр “ЗД” ХХК-ийн захирал Н.А тамгыг эзэмшиж байгаа гэж дүгнэхдээ ямар баримтыг үнэлсэн нь тодорхойгүй байна гэх гомдолд дүгнэлт хийгээгүй, давж заалдах шатны шүүхийн шүүгчээс татгалзахад өмнөх бүрэлдэхүүний шүүгч шийдэж байгаагаас шалтгаалан дахин татгалзал үүссэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2025.05 сар хүртэл явагдаж, түүнээс хойш 09 сар хүртэл шалтгаангүйгээр шүүх хурал товлогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О нас барснаар түүний нөхөр Н.А эрх залгамжлагчаар оролцоход шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан “сонирхогч этгээд” гэх ойлголтыг дураараа тайлбарлаж, хүсэлт гаргах эрхгүй этгээдийн хүсэлтээр хууль зөрчиж хэргийг шийдвэрлэсэн, Н.А-т эрх, үүрэг танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй мөртлөө танилцсан, давж заалдах гомдол гаргаагүй мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн зэрэг нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг удаа дараа хойшлуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр болсон ч хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагч “ЗД” ХХК-ийн төлөөлөгч Н.А, өмгөөлөгч Н.М нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.12.19-ний өдрийн 001/ШХТ2025/01292 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагч “ЗД” ХХК-ийн төлөөлөгч Н.А, өмгөөлөгч Н.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

7.Нэхэмжлэгч КХ хариуцагч “ЗД” ХХК, Б.О нарт холбогдуулан “ЗД” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох, компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...талууд 2014.01.02-ны өдөр Хувьцаа буцаан худалдан авах болзолтой худалдах, худалдан авах гэрээг, 2015.05.13-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан. Энэ гэрээг байгуулах болсон шалтгаан нь Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авахад УИХ-аас зөвшөөрөл шаардлагатай учир Монгол Улсын иргэнд компани шилжүүлэх ёстой болсон. Ингэхдээ Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 1.2, 1.4-т зааснаар гэрээг нотариатаар баталгаажуулснаар өмчлөл шилжсэнд тооцно гэж тус тус заасан тул дээрх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй. “ЗД” ХХК-ийн үйл ажиллагааг Б.О болон түүний томилсон гүйцэтгэх захирал болох нөхөр Н.А нар нь хамтран явуулж, үйл ажиллагаагаа тайлагнах болон санхүүжилтийг нэхэмжлэгчийн хамаарал бүхий “Ч” ГХОХХК-д авдаг байсан. Ийнхүү ЗД” ХХК үйл ажиллагаа явуулж байтал тус компанийн 2019.11.21-ний өдрийн 19/91 албан бичгээр “Компани Б.О-н нэр дээр бүртгэлтэй, аливаа гуравдагч этгээдээс компанийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэх, захиран зарцуулах байдлаар шаардах эрхгүй” гэж мэдэгдсэн. Иймд 2015.05.13-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээний дагуу нэхэмжлэлээ гаргасан” гэж тайлбарласан,

хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль 2013.10.03-ны өдөр хүчингүй болж, Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсан ба шинэ хуульд компанийн 51 хувь буюу түүнээс дээш хувийг гадаадын иргэнд эзэмшүүлэхгүй байх талаар зохицуулалт байхгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, компанийг шилжүүлэн авснаас хойш төлбөрөө бүрэн төлөөгүйгээс хайгуулын 2 тусгай зөвшөөрөл хүчингүй болгосон, солонгос иргэд хоорондоо таарамжгүйгээс компанийн үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй болж компанийг буцаан өгсөн, хэрвээ 2014.01.02-ны өдрийн буцаан худалдан авах болзолтой гэрээг хэрэгжүүлнэ гэвэл КХ 100 хувийн хувьцаа эзэмшихгүй, 51 хувийг эзэмших ба үлдэх 49 хувийг БНСУ-ын иргэн КЖ-д өгөх ёстой. Гэвч энэ гэрээ хуульд заасны дагуу хийгдээгүй тул хэрэгжих боломжгүй, хүчин төгөлдөр бус байх хэлцэл, аль гэрээний үүрэг шаардаж байгаа нь тодорхой бусаас гадна хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн…” гэж тайлбарласан,

хариуцагч тал 2015.05.13-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг шаардлагын үндэслэлээ: “…КХ-н зүгээс БНСУ-ын А газраас гадаад улсад бизнес эрхэлж буй өөрийн орны иргэдэд уул уурхайн чиглэлээр хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахад буцалтгүй тусламж өгдөг тул Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байх шаардлагыг хангаж гэрээ байгуулах шаардлагатай, гэрээг зөвхөн БНСУ-д ашиглана гэж хэлсний дагуу дүр үзүүлэн хэлцэл хийсэн. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл…” гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч сөрөг шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ “...БНСУ-ын А газар нь санхүүжилт олгохдоо шаардлагатай баримтуудыг үндэслэн судалгаа хийдэг бөгөөд КХ-н хувьд “ЗД” ХХК-ийн хамаарал бүхий этгээд байсан тул баримтуудаа бүрдүүлэн БНСУ-ын тус газарт хүсэлт гаргасан, хүсэлтийн дагуу холбогдох ажилтан Монгол Улсад 2015.04.21-04.27-ны хооронд биечлэн ирж, “ЗД” ХХК-ийн Х уурхайд хөрөнгө оруулалт хийх нөхцөл байдлын судалгааг хийсэн, энэ үед Н.А байлцсан, ингээд албан ёсны дүгнэлтийн дагуу 2015.08.31-нд 65,233,000 вон, 2015.12.24-нд 27,817,000 вонын санхүүжилт авч, дээрх уурхайд өрөмдлөгийн ажил хийлгэхээр 2015.08.10-ны өдөр “Т” ХХК-тай “Хайгуулын өрөмдлөгийн ажлын гэрээ”-г байгуулж, төлбөрт 283,500,000 төгрөг төлсөн, дээрх байдлаар 2015.05.13-ны гэрээ дүр үзүүлсэн хэлцэл биш болох нь нотлогдоно” гэж маргасан,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ч” ГХОХХК нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин оролцсон үндэслэлээ “...2015.05.13-ны өдрийн гэрээнүүд хүчин төгөлдөр учраас КХ-н хамаарал бүхий этгээд болох манай компани “ЗД” ХХК-ийн үйл ажиллагааны шаардлагатай зардлуудыг санхүүжилтийн зээл хэлбэрээр, гүйцэтгэх захирал Н.А-н 1 сарын цалин 5,000,000 төгрөгийг ч олгож байсан, эдгээр нь дансны хуулгуудаар нотлогдоно” гэжээ.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...санхүүжилт авах шаардлагатай тул гэрээ байгуулах хэрэгтэй байна, энэ гэрээг зөвхөн БНСУ-д ашиглана гэж нэхэмжлэгч хэлсэн”... гэх үндэслэлээ хариуцагч тал нотолж чадаагүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно. Үндсэн нэхэмжлэлийн тухайд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тусгагдсанаас үзэхэд 2015.05.13-ны өдрийн гэрээгээр тохирсон хувьцааны үнэ 250,000 ам.долларыг Б.О-д шууд өгөөгүй ч Б.А гэх хүнээр дамжуулан Н.А-т өгсөн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд үндсэн нэхэмжлэлийг дэмжиж оролцсон ба хэрэгт дансны хуулгын баримтууд гарган өгсөн. Эдгээрээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан 2015.05.13-ны өдрийн гэрээг дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй, нэхэмжлэгч талын гаргасан тайлбарыг нотлох баримтуудад үндэслэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар нэхэмжлэлийг хянан үзэж, шийдвэрлэх нь зүйтэй...”  гэж дүгнэсэн.

9.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээхдээ “...Б.О нь нэхэмжлэгчтэй 2014.01.02-ны өдөр тус компанийн 100 хувийн хувьцааг “хувьцаа буцаан худалдан авах болзолтой худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан, үүний дараа Б.О нь нэхэмжлэгчид компанийн 100 хувийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг 2015.05.13-ны өдөр байгуулсан, өөрөөр хэлбэл, зөвхөн 51 хувийн хувьцааг шилжүүлнэ гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, 49 хувийн хувьцааг эзэмшиж байсан гэх БНСУ-ын иргэн КЖ энэ талаар маргаан гаргаагүй, 2014.01.02-ны өдрийн гэрээний үнэ 2012.08.14-ний өдрийн гэрээний үнээр тодорхойлогдож, төлөгдөж дууссан байх тул дахин үнэ төлөх үүрэг үүсэхгүй, иймд нэхэмжлэгч шаардах эрхтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О нас барсны улмаас түүний нөхөр, компанийн гүйцэтгэх захирал Н.А эрх залгамжлагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үргэлжлүүлэн оролцсон бөгөөд 2015.05.13-ны өдрийн гэрээний дагуу улсын бүртгэлд хэзээ бүртгүүлэхийг талууд тохиролцоогүй байна. Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар дүгнэсэн нь үндэслэлтэй, 2019.11.21-ний өдрийн 19/91 дугаартай албан бичиг ирснээр нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн буюу хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт мөн үндэслэлтэй” гэж үзсэн.

10.Хэдийгээр анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, хөөн хэлэлцэх хугацааны талаар ижил дүгнэлт хийж, адил шийдэл гаргасан хэдий ч талуудын хооронд хийгдсэн гэрээний эрх зүйн харилцааг буруу дүгнэж, улмаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаарх хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдолд дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэв.

11.Талуудын хооронд 2012 оноос 2014 оны хооронд 5 удаа Хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ, буцаан худалдан авах болзолтой гэрээнүүд байгуулагдсан үйл баримт тогтоогдсон ба үүнээс 2015.05.13-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал, төлбөр төлөгдсөн эсэх, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд маргаж байна.

12.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан тул тухайн гэрээ хүчин төгөлдөр байхаас гадна сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

13.Түүнчлэн хариуцагч гэрээний үнэ төлөгдөөгүй гэж маргаж байгаа ч 2012.08.14-ний өдрийн гэрээнд компанийн хувьцааг 250,000 ам.доллар байхаар тохиролцсон, 2014.01.02-ны өдрийн “буцаан худалдан авах болзолтой” гэрээнд хувьцааны үнэ нь 2012 оны үнэ болох 250,000 ам.доллар, өөр төлбөргүй гэж тодорхой тусгасан тул 2015.05.13-ны өдрийн гэрээнд 1,000,000 төгрөг гэж бичсэн боловч бодит байдал дээр үнэ төлөгдөж дууссан. Энэ төлбөр төлөгдсөн болох нь нэхэмжлэгч КХ-н дансны 2012 оны 8 сарын хуулга, Б.А 250,000 ам.долларыг БНСУ-ын иргэнээс 2012 оны 8 сард авсан үүнээс Б.О-н нөхөр, “ЗД” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.А-т 100,000 ам.доллар, түүнтэй хамтран ажиллаж байсан Г.А-д 100,000 ам.доллар тус тус өгснөөрөө 50,000 ам.долларыг зуучилсны хөлс гэж авсан болох нь эрүүгийн хэрэгт тэдгээрийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон талаар хоёр шатны шүүх дүгнэхдээ эдгээр гэрээний хоорондын холбоог зөв тодорхойлсон.

Талуудын хооронд гэрээ байгуулах санал, түүнийг хүлээн авсан гэх харилцан хүсэл зоригийн илэрхийлэл байсан буюу гэрээ байгуулагдсан гэж үзэх нөхцөл бүрдсэн, энэ гэрээний харилцаа тодорхой хугацаанд үргэлжлэхдээ төлбөрийг өмнөх гэрээний нөхцөлөөр тодорхойлсон хэмжээгээр гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэлд дурдсан үйл баримт эрүүгийн хэрэгт шийдвэрлэгдсэн гэж үзэх үндэслэлгүй болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон байх тул хариуцагч талын гаргасан “...хоёр шатны шүүх эрүүгийн хэргийн үйл баримтад төөрөгдөн үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн, нэхэмжлэгч эрүүгийн болон иргэний хэргийн шүүхэд нэг үйл баримтыг өөр өөрөөр ашиглаж байна…” гэх агуулга бүхий хяналтын гомдол үндэслэлгүй.

14.Гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны хувьд нэхэмжлэгч нь 2019.11.21-ний өдөр “ЗД” ХХК-ийн төлөөлөгч Н.А-с албан бичиг ирснээр хувьцааны талаар маргаантай байгааг мэдэж, бүртгэлийн байгууллагад хандсан, дараа нь шүүхэд нэхэмжлэл гарган маргасныг Иргэний хуулийн 75, 76 дугаар зүйлд заасан зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн үе гэж тооцон хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэхээр тайлбарласан хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцнэ.

Тодруулбал, “ЗД” ХХК-ийн үйл ажиллагааг Б.О-н нөхөр Н.А гүйцэтгэх захирлаар ажиллаж нэхэмжлэгчийн хамаарал бүхий “Ч” ГХОХХК-аас зээл хэлбэрээр санхүүжиж үйл ажиллагааг эрхлэн явуулж байсан болох хэргийн баримтаар тогтоогдож, 2019.11.21-ний өдрийг хүртэл талууд маргаагүй байсан гэж үзнэ.

15.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О нас барсан тул түүний нөхөр Н.А-г хуульд зааснаар эрх залгамжлагчаар тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг зөрчөөгүй тул энэ талаарх хариуцагч талын гомдлыг хангахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2025/01796 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “ЗД” ХХК 2025.11.17-ны өдөр 140,400 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                ШҮҮГЧИД                                                        Н.БАТЗОРИГ

                                                                                             Н.БАЯРМАА

                                                                                             Э.ЗОЛЗАЯА

                                                                                             Б.УНДРАХ