Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/066

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа,

Хохирогч:*******,

Шүүгдэгч:******* түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201605000239 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 04 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 07 сарын 21-ний өдрийн 23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын “Эхэн хавцгай” 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн гадна хохирогч *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зүүн нүдний сохрол гэмтэл үүсгэж бие махбодид нь “хүндэвтэр” гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Яллагдагч ******* мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

Би санамсар болгоомжгүй байдлаас болж *******ын нүдийг гэмтээсэн байна гэдгээ ухаарч ойлгож байна. Үүндээ гэмшиж байна. Энэ ******* нь манай сумын нэг бандийг өмөөрч надаас хэрүүл өдөж ирээд ийм зүйл болсон юм. Би энэ хэрэг болдог өдөр буюу 2016 оны 07 сарын 21-ний орой сумын соёлын төв дээр бүжгэнд ороод байж байсан чинь энэ ******* намайг дуудаад соёлын төвийн гадна талд гаргаж ирээд чи яагаад *******г дээрэлхээд байгаа юм гэхээр нь би *******г дээрэлхээд байсан зүйл байхгүй гэсэн чинь чи ийм болчихсон юм уу гээд доод уруул руу цохиод авахаар нь зөрүүлээд зүүн нүд рүү гараараа цохисон чинь чи том болчихсон байна гээд ******* намайг хоёулаа ийшээ гарч учраа ольё гээд уурын зуухны байшингийн тийш дагуулаад явсан, би явж байх хооронд би *******г зодож цохисон зүйл байхгүй гэсэн чинь зуухны байшингийн хажууд очоод намайг хавирч унагаагаад дээрээс дэвсээд өшиглөсөн чинь манай найз н.Буянаа араас ирээд наад хүнээ босго гээд босгоод байж байсан чинь ахиад Хадбаатар намайг хавирч унагаад байсан. Энэ үед сумын цагдаа Б.Мөнхболд таарч ирээд биднийг юу болоод байгаа юм гээд салгаад бүгдээрээ яв харьцгаа гээд явуулсан. Тэгсэн чинь араас ******* ирээд ахиад зодолдоно гээд байсан чинь сумын хэсгийн төлөөлөгч н.Хүрэлбаатар ажлын байрнаасаа гарч ирээд бид нарыг өрөөндөө оруулаад яагаад байгаа юм гээд байж байсан чинь гадаа ахиад хүмүүс зодолдлоо гээд гараад явсан. Тэгтэл Хадбаатар хоёулаа гараад явья маргааш цагдаа бие биенээ таних уу гэвэл танихгүй гэж хэлнэ шүү гээд хоёулаа гараад зугтаагаад гэр гэртээ очиж амарсан. Гэтэл түүнээс 8-9 хоногийн дараа аав нь над руу утсаар яриад *******ын нүд рүү чи цохиод гэмтээсэн байна . Би хүүхдээ аваад хот явах гэж байна. Мөнгө төгрөг авчирч өг гэсэн. Би хэрэг болох үед Өмнөговь аймгаас ирсэн гэх таван хүнтэй 2 шил “Ерөөл” архи хувааж уусан байсан нь үнэн. Би гараараа зүүн нүд рүү нь цохисон. Миний гарт ямар нэгэн зүйл байгаагүй. Гараараа зүүн нүдний доод хэсэгт цохисон чинь ийм гэмтэл учирсан гээд байгаа. ... Би өөрийн хийсэн хэрэгтэй гэмшиж ухаарч ойлгож байна. Үүндээ маш их гэмшиж байна. Би *******ын зүүн талын нүдний орчим нь нэг удаа цохисон. Сүүлд нь цагдаагийн өрөөнд ороод харж байхад зүүн нүдний доод хэсэгт нь халцарсан байгаа харагдаж байсан. Өөр ямар нэгэн бэртэл гэмтэл гэхээр зүйл харагдаагүй. Би гараараа зүүн нүд рүү нь цохисон. Миний гарт ямар нэгэн зүйл байгаагүй. Бид хоёрыг зодолдож байх үед хажууд Б.Мөнхзолбоо, н.Буянаа бид хэд л байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60, 63-65/,

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 он 07 сарын 21-ний орой сумын 60 жилийн ой болж соёлын төвд бүжиг болж байсан юм.Намайг соёлын төв дотор байхад ******* дуудаж гаргаж ирсэн.Мөнхзолбоотой хамт гараад ирэхэд ******* чи яагаад Дулам-Ёндонг дээрэлхээд байгаа юм гэж хэлээд шууд цохисон.Миний уруулны доод тал хэгзэрчихсэн байсан.Би зөрүүлээд нүд рүү нь гараараа цохисон.Ийшээ гараад учраа олоё гээд уурын зуухны байшин руу чиглээд явсан.Би алхаж байхдаа Дулам-Ёндонг дээрэлхсэн зүйл байхгүй гэсэн чинь чи хэзээ ийм том болчихсон юм гээд намайг хавирч унагаагаад өшиглөсөн.Манай найз Буянаа бид 2-ийг салгасан.Гэтэл Хадбаатар намайг дахиад хавирч унагаагаад өшиглөсөн.Сумын цагдаа ирээд больцгоо харьж амарцгаа гээд явуулсан.Салаад явж байтал дахиад Хадбаатар араас ирээд намайг бариад авсан.Барилцаж аваад байж байсан чинь сумын хэсгийн төлөөлөгч,цагдаа хоёр ирж өрөөндөө дагуулж орсон.******* бид хоёр цагдаагийн кабоноос гарч гар барьчихаад салцгаасан.

Хохирогч ******* мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2016 оны 7 дугаар cap 21-ний орой Шинэжинст сумын төвд соёлын төвийн үүдэнд бүжгэнд орох гээд явж байгаад *******тай таарсан. Би *******ыг чи яагаад *******г дээрэлхээд байсан юм гэсэн чинь өмнөөс чи тэгээд яах юм гээд алхаад ирэхээр нь би ухраад алхаж байгаад өмнөөс тулаад ирэхээр нь *******ын цээж рүү нь түлхсэн чинь бид хоёрын дундуур найз нь гэх залуу орж ирээд боль гэсэн чинь ******* баруун гараараа миний зүүн талын нүд рүү цохиод авахаар нь холдоод цаашаа болоод байж байсан чинь тэр дундуур орж ирээд байсан найз нь та хоёр ийшээ гараад учраа ололц гэхээр нь цаашаа гараад байшингийн араар ороод *******тай юм яриад байж байсан ахиад ******* миний эрүү рүү мөргөсөн. Тэгэхээр нь би *******ын хоёр мөрөн дээрээс нь барьж байгаад эргүүлээд хавираад унагаасан. Тэгээд салцгаагаад явсан чинь миний нүднээс цус гарсан байсан ба давхар зовхины дээр бага зэрэг язарсан байхаар нь түүнээсээ цус гарч байна гээд яваад хариад маргааш нь гэртээ байсан чинь энэ цохиулсан нүд юм харахаа байгаад тороод өвдөөд болохгүй байхаар нь ээж аавдаа хэлсэн чинь дагуулж явж сумынхаа эмнэлэгт үзүүлсэн чинь гэмтсэн байна, хараагүй болж байгаа юм байна, торлог нь хуурсан байна, хурдан явж хотод очиж хагалгаанд орохгүй бол болохгүй гээд хотод очиж хагалгаанд орсон. Би энэ хэрэг болохын урд өдөр ******* гэх найзтайгаа уулзсан чинь энэ *******ыг найзуудтайгаа ирээд дээрэлхээд байсан гэхээр нь маргааш нь би энэ соёлын төвийн үүдэнд таараад яагаад дээрэлхээд байгаа юм бэ гэсэн чинь чи юу гэнээ чи тэгээд яах гэсэн юм гээд миний нүдрүү цохисон юм. *******ыг бол би өмнө нь харж байсан. Гэхдээ танил найзууд бол биш байсан юм. Миний зүүн нүд гэмтэж харахгүй байгаа. Гэхдээ одоо дахиад хотод очиж нүдэнд хийсэн тосыг нь солиулахаар гайгүй болж магадгүй гэсэн. Сая хагалгаанд ороход нүдний цөцгий байдаг газар нь тусгай тос хийчихсэн бололтой юм яриад байгаа юм. Тэгээд ахиад хэд хоноод хагалгаанд орохоор тосоо аваад цэвэрлээд гайгүй болох байх гээд байгаа юм. Одоо бол биеийн байдал гайгүй болсон. Надаас гарсан зардал мөнгийг гаргаад өгчихвөл гомдол санал юу байхав. Миний нүд рүү *******аас өөр хүн цохиогүй. Би *******тай зодоо хийснийхээ шөнө нь суман дээр хоноод маргааш нь орой хөдөө гэртээ харьсан чинь миний нүд тороод бүрсийгээд яваад байсан. Гэртээ харьсаныхаа 2 хоногийн дараа буюу 2016 оны 07 сарын 25-ны өдөр толгойгоо угаасан чинь нүд улам тороод бүрсийгээд байснаа орой нь байх харахгүй болчихсон. Тэгээд маргааш нь 2016 оны 07 сарын 26-ны өдөр сумын эмнэлэгт үзүүлэх гээд очсон чинь эмч нь энд үзэх боломжгүй үзэхгүй аймаг явж нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэсэн учир аймагт ирж н.Цэрэндаваа эмчид үзүүлсэн чинь нүдний торлогын хууралттай байна, хот яв гээд тэр өдрөө оройны автобусаар хотруу явж “Инфинити” нүдний эмнэлэгт торлогын хагалгаанд орсон. Миний нүдэнд бол хавдсан зүйл байгаагүй. Дээд зовхинд халцарчихсан хараа нь бүрэлзээд байсан юм. Миний хувьд 4 сая шахуу төгрөгний эмчилгээ хийлгэсэн. Нүдний торлог тогтоох тос шахсан байгаа. Эмчилгээний мөнгө төгрөг өгөхгүй байна. Одоо 11 сард нүдний торлогондоо шахуулсан тосоо авахуулна гэсэн. Өмнө гарсан зардал болон одоо явах эмчилгээний зардлын мөнгийг нэхэмжилж байна. Энэ хэрэг наадмын хамгийн сүүлийн өдрийн шөнө болсон. Тэгэхээр 2016 оны 07 сарын 21-ний шөнө 23 цагаас 00 цагийн хооронд болсон. Энэ үед шөнө харанхуй болсон байсан. Энэ эмнэлэгт очоод хэвтэж эмчилгээ хийлгээгүй. Харин очиж 2016 оны 07 сарын 29-ний өдөр хагалгаанд ороод өдөртөө гарсан. Гараад гадуур эмчилгээ хийлгэж байсан. Энэ талаар миний амбулаториор эмчлүүлэгсдийн картанд бичигдсэн байгаа ба энэ картан дээрээ эмчилгээгээ бичүүлж, гадуур нүдний дусаалга дусааж дэглэм барьж байсан. ******* анх соёлын төвийн үүдэнд таарахаар нь би "чи яагаад С.Дулам-Ендонг дээрэлхээд байгаа юм” гэсэн чинь ******* нь чи яах юм гээд соёлын төвийн хажуугаар тойрч гарахаар нь дагаад гарсан чинь миний нүдрүү цохисон. ******* нь гартаа юм бариагүй байсан. Хэрэг болох үед харанхуй байсан. Би гэхдээ сүүлд нь зовхи зүсэгдсэн юм шиг ташуу шарх үүссэн байхаар нь бөгжтэй байсан юм болов уу гэж бодож байсан. Энэ талаараа би *******д хэлж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-22/,

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 07 дугаар сарын 21-ний орой Шинэжинст сумаас гарч яваад мотоциклийн мотор зуурч найз Дулам-Ёндонг утсаар дуудсан.Буцаж Шинэжинст сум ороод Мөнхзолбоотой хамт соёлын төв орсон.Соёлын төв ороход ******* хүнтэй маргасан,хөөгдсөн байдалтай өмнөөс гараад ирсэн.Би *******тай тааралдаад чи яагаад Дулам-Ёндонг дээрлхээд байгаа юм гэсэн.Би хойшоо ухарч байгаад түлхсэн.*******ын найз боль гээд дундуур ороход намайг араас цохисон.Би нүүрээ дараад байж байсан чинь найз нь та хоёр ийшээ гарч учраа ол гэсэн.******* надтай хамт алхаж байгаад намайг мөргөсөн.Би барьж авч унагаад ноцолдож байхад цагдаа гарч ирээд бид 2-ийг салгасан салаад алхаж байтал ******* дахиад над дээр ирсэн.Тэгтэл цагдаа нар ирээд яагаад салахгүй байгаа юм гээд дагуулаад кабон руу орсон.

Гэрч ******* мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 07 сарын 21-ний өдөр аавынхаа мотоциклийг сургуулийн дотуур байрны гаднаас аваад явж байхдаа *******тай таарсан чинь дээш нь хүргээд өг гээд сумын хажуугийн уулан дээр гаргаад өг гэхээр нь миний мотоцикль тэгж явж чадахгүй, хуучин мотоцикль гэсэн чинь над руу намайг гаргаад өг гээд байгаа юм биш үү гэхээр нь үгүй чадахгүй гэсэн чинь над руу хандаад чамайг харнаа гэж хэлчихээд явчихаар нь би гэртээ хариад байж байгаад орой 17 цагийн орчим Хадбаатар манайд ирэхээр нь би өдөр ******* намайг ингээд байсан гээд болсон зүйлийнхээ талаар ярьсан чинь, тэр хүн өдөөд намайг мөрлөөд сонин банди байгаа юмаа гэхээр нь чи хүний суманд явж байж тэрэнтэй битгий маргалдаарай, хэрэг төвөгт орчиховоо гэж анхааруулж хэлсэн. Тэгээд бид хоёр наадмын талбай дээр очоод бөх үзэж байгаад бөх дуусаад ******* мотоциклиороо Баянцагаан сум руу гэрээдээ явсан чинь орой аажуу 21-22 цагийн орчим байх утсаар яриад найзынх мотоцикль манай сумаас 20 гаруй километрын зайтай эвдэрчихлээ гэхээр нь би найз Мөнхзолбоогийн хамт өөрийн мотоциклиор яваад Хадбаатарын мотоциклыг чирээд 23 цагийн орчим суман дээрээ ирсэн. Ирээд би гэртээ амарчихсан. *******, Б.Мөнхзолбоо хоёр соёлын төв рүү бүжгэнд орно гээд явсан. Тэгээд шөнө 01-02 цагийн орчим ирсэн байх ирэхдээ зүүн талын нүдний хөмсөгний доор шалбараад, доод зовхи нь бага зэрэг хөхрөөд хавдчихсан байсан. Би маргааш нь өглөө босоод мотоциклыг нь янзалж өгөөд явуулсан. Түүнээс хойш уулзаагүй. *******аас чи юунаас болоод хэнтэй зодоо хийсэн гэхэд нөгөө яриад байсан *******тай маргалдсан. Миний нүд рүү гараараа цохих шиг болсон чинь ингэчихлээ, бөгжтэй байсан байхаа гээд байсан. *******аас чи юунаас болоод хэнтэй зодоо хийсэн гэхэд нөгөө яриад байсан *******тай маргалдсан ... гэсэн мэдүүлэг. /1-рхх-ийн 30/,

Гэрч ******* мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

Шинэжинст сумын наадмын урд орой нь сумын наадмаар барилдана гээд явсан юм. Тэгээд наадам нь дууссаны маргааш гэртээ ирсэн юм. Тухайн үед надад бол өвдөж барьж байна гэж бол хэлээгүй нүднийхээ зовхин дээрээ шалбархайтай ирсэн юм. Тэгэхлээр нь би өөрөөс нь асуусан юм. Чи хүн амьтантай зодолдсон юм уу гэсэн чинь тухайн үед үгүй гээд байсан юм. Хараа нь харахгүй болоод 2-3 хоногийн дараагаар манай хүү Хадбаатар аав аа миний нүд юм харахаа болилоо гэж хэлсэн юм. Тэгээд 3 хоногийн дараа ээж нь дагуулаад эмнэлэг явсан юм. Тэгээд эмнэлэг орж эмчид үзүүлсэн чинь яаралтай Баянхонгор аймаг pyy яв гэж байна гэж хэлсэн байсан юм. Тэгээд би өөрийнхөө машинтай явсан юм. Манай хүү угаасаа уудаггүй тэр өдөр уугаагүй эрүүл ирсэн. Ямар 1 бэртэл авч байгаагүй. Надад болохоор Шинэжинст сумд найзындаа очсон гэсэн. Тэгээд тэр найзыг нь нүдийг нь цохисон залуу өмнө нь дээрэлхэж байсан юм шиг байгаа юм. Тэгээд тэр Шинэжинстийн найз нь *******ыг манай хүүд хэлж байсан юм шиг байгаа юм. Тэгээд ******* манай хүү Хадбаатар нар нь орой бүжгэн дээр таараад манай хүү *******ыг чи манай найзыг өмнө нь дээрэлхэж байсан байна лээ яаж байгаа юм гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэгэхэд нь ******* манай хүүг 1 цохичихсон юм шиг байгаа юм. Тиймэрхүү л юм болсон гэж манай хүү надад хэлсэн. Би хүүдээ нүдний торлогийн мэс засал, хэд хэдэн шинжилгээ өгсөн. Одоо Улаанбаатар хотод байж байгаа. Хараа бол янзын бүдэг, орой үдэш юм харахгүй байна гэж байна лээ. Надад эмчилгээний зардлыг бүрэн бүтэн гаргаад өгчих юм бол тэр залуу хүүхдийг өөр янз бүр болгох гээд санаа оноо алга байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/,

Гэрч М.Цэрэндаваа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

Энэ хүн ирж үзүүлсэн өрөөсөн зүүн нүд нь хараагүй болсон. Нүдний үзлэгээр нүдний торлог хуурсан байсан учир яаралтай хот явж торлогын мэс засал хийлгэхийг зөвлөсөн. Үзүүлж байхдаа хэд хоногийн өмнө нүдэндээ цохиулсан гэж байсан. Гэмтлийн гаралтай нүдний торлогын ховхрол байсан. Нүдний хүнд гэмтэл нүдний дотор давхарга хуурсан гэсэн үг юм. Цохиулснаас нүдний давхарга хөндийрч улмаар ховхорч байгаад 2-3 хоногийн дараа хараагүй болж болно. Бүрэн боломжтой ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 37/,

Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

Тэгээд ******* бид хоёр соёлын төвөөс гарсан чинь *******, Б.Мөнхзолбоо гэсэн хүмүүс байсан, тэгээд ******* *******ыг нэг хавирч унагаад, тэгээд нэг цохисон тэгээд *******т чи гай болно шүү гэж хэлсэн. Тэгсэн ******* *******ыг мөргөх шиг болсон. Тэгээд бид нар салаад явцгаасан. *******, ******* хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэхдээ бүүр бие авч явах чадваргүй болтлоо уугаагүй байсан. ******* нь *******ын нүүрэн тус газар нь нэг удаа мөргөх шиг болсон, өөр цохисон зүйл байхгүй. Өөр хүмүүстэй маргалдаж зодоон хийгээгүй, *******ын нүд нь өмнө нь гайгүй л байдаг байсан, надтай найзалж байхдаа нүд өвдөж байна гэж хэлж байгаагүй. Одоо ямар байдалтай байгааг нь мэдэхгүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43/,

Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

Энэ хэрэг болдог өдөр буюу 2016 оны 07 сарын 21-ний шөнө сумын ойн арга хэмжээ болоод соёлын төвд бүжиг болж байсан. Соёлын төв болон манай цагдаагийн кабон хоёр хоорондоо ойрхон байдаг болохоор ажлын байрнаасаа орж гаран хяналт тавьж байсан. Тэгтэл орой 02 цагийн орчим байх соёлын төвийн хажууханд байх уурын зуухны ард хүмүүс маргалдаад байхаар нь очсон чинь энэ *******, *******, н.Буянаа гэх хүмүүс зогсчихсон *******, ******* хоёр нь хоорондоо маргалдаад н.Буянаа нь хориод байгаа бололтой зогсож байхаар нь очоод тарж амарцгаа гэсэн шаардлага тавьж тарааж явуулчихаад ажлын байрандаа орж байж байгаад буцаад гараад ирсэн чинь соёлын төвийн хажууд харанхуйд хүмүүс пижигнэлдээд байхаар нь дахиад хэсгийн төлөөлөгч н.Хүрэлбаатарын хамт яваад очсон чинь *******, ******* хоёр ахиад барилцаад авсан байхаар нь хоёуланг нь дагуулж өрөөндөө ирээд хэсгийн төлөөлөгчтэй орхиод өөрөө ахиад цаана гадаа нь хүмүүс маргалдаад байсан учир түүн рүү явсан. Тэгээд би цаанаа соёлын төвийн орчимд маргалдаж байгаа хүмүүс дээр ирэх үед олон хүн байхаар нь хэсгийн төлөөлөгчийг хүрээд ирээч гэж утсаар хэлсэн чинь хэсгийн төлөөлөгч миний араас ирсэн ба ирэхдээ *******, ******* хоёрыг өрөөндөө орхисон байсан чинь гараад зугтаасан байна гэж байсан. Намайг сүүлд барилцаад авсан байхад нь цагдаагийн кабон дээр авчраад өрөөний гэрэлд харахад *******ын духны орчим нь цус болчихсон юм шиг харагдаж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25/,

Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байсан санаад байна. Ээжтэйгээ цуг ирж үзүүлсэн юм. Тэгэхэд ээж нь хажуугаас нь миний өрөөсөн нүд юм бүрсийж харагдаад байсан чинь өчигдрөөс хойш юм харахаа больчихлоо гээд байх юм гэж ээж нь надад хэлж байсан юм. Намайг үзэхэд гэмтсэн нүдний зовхины нь дээд талд хумсаар хатгачихсан юм уу гэмээр улайчихсан байсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/,

Шүүх эмнэлэгийн шинжээч эмч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

Би энэ дүгнэлтийг юуг үндэслэн гаргах болсон вэ гэвэл тухайн хохирогч ******* нь Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа гээд ирээгүй болохоор тухайн хүний үзүүлж эмчилгээ хийлгэсэн гэх Улаанбаатар хотын “Инфинити” нүдний эмнэлгийн үзлэг шинжилгээ хийлгэсэн эмчийн үзлэг оношинд тулгуурлан гаргасан. Энэ баримтууд нь хэрэгт байгаа байх гэж бодож байна. Энэ хүний тухайд зүүн нүдний торлог ховхорч хараагүй болсон гэсэн байсан ба энэ нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4 дэх хэсэгт зааснаар гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна. Торлог ховхорсон бол нүд хараагүй болно. Тэгэхээр хараагүй болох гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна. Нүдний торлогийн ховхорлын байдлаас шалтгаалан нүд хэд хоногийн дараа хараагүй болох боломжтой ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Хэнгэргэн хальс нь хэт хүчтэй дуу авианы нөлөөгөөр мөн гадны хүчин зүйл цохих дэлсэх үйлчлэлийн улмаас, мөн чихний үрэвслийн улмаас үүсэх боломжтой. Дунд чихний үрэвсэл олон дахин сэдэрч эмчлүүлэхгүйн улмаас чихний салстууд нь үрэвслийн улмаас зузаарч чихний хөндийг дүүргэхээр махангар ургах гэж байгаа юм .Энэ хүний тухайд бариуун зүүн чих хоёулаа хэнгэргэн хальс нь цоорхой, дунд чихний архаг үрэвсэлтэй байсан гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 237-238/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 11-ний өдрийн 421 тоот шинжээчийн ...

“*******ын биед зүүн нүдний сохрол гэмтэл үүссэн байна. Үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болох үед үүссэн байх боломжтой байна. Үүссэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-т зааснаар гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна. Хадбаатарын биед үүссэн дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтыг 65 хувь алдагдуулсан байна” ... гэсэн дүгнэлт /хх-ийн 51/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 381 дугаар шинжээчийн:

“1. Шүүх эмнэлэгийн №421 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна.

 2. *******ын биед учирсан зүүн нүдний торлогийн ховхрол, зүүн нүдний харааны бууралт /0,3/ бүхий гэмтэл нь амь биед аюулгүй.

3. *******ын биед тухайн үед зүүн нүдний торлогийн ховхрол, зүүн нүдний хараагүйдэл гэмтэл тогтоогдсон ба зүүн нүдний алиманд хийгдсэн мэс засал эмчилгээний үр дүнд зүүн нүдний хараа сэргэж одоогоор /0,3/ болсон байна.Харааны чадамж хэрхэн өөрчлөгдөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарах тул одоогоор дүгнэлт өгөх боломжгүй. Цаашид нүдний болор цайх, нүдний даралт ихсэх, торлог дахин ховхрох эрсдэлтэй учир тогтмол хяналтанд байх шаардлагатай.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 4.7.34.1-т зааснаар гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий чадварыг 15 хувь алдагдуулна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 216-217/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 159 дугаар шинжээчийн:

“1. *******ын биед баруун чихний сонсгол бууралт тогтоогдлоо.

2. *******ын биед тогтоогдсон сонсгол бууралтыг хэзээ ямар хүчин зүйлийн улмаас үссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй учраас гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно.

3. *******ын биед цаашид эмчилгээ хийлгээгүй тохиолдолд өөрчлөлт гарах боломжтой” гэх дүгнэлт /1-р хх-ийн 230-231/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-рхх-ийн 10-11/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 14/,

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 66, 71/,

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой баримтууд, /1-р хх-ийн 67, 70, 73-77, 100-105/,

Хохирогч *******ын эмчилгээ хийсэн тухай баримт, хохирлын талаарх баримтууд /1-р хх-ийн 78-92, 208-209/

“СОНДРА” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 005 тодорхололт /1-р хх-ийн 218/ зэрэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судаллаа.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд :

Шүүгдэгч ******* нь 2016 оны 07 сарын 21-ний өдрийн шөнө 23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын “Эхэн хавцгай” 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн гадна иргэн *******тай маргалдаж *******ын зүүн нүдний орчим гараараа цохиж зүүн нүдний сохрол гэмтэл үүсгэж түүний бие махбодид “хүндэвтэр” гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан хохирогч ******* /хх-ийн 16-22/, гэрч ******* /хх-ийн 30/, ******* /хх-ийн 35-36/, М.Цэрэндаваа /хх-ийн 37/, /хх-ийн 41-43/, /хх-ийн 23-25/, /хх-ийн 33-34/, шинжээч эмч /хх-ийн 44-45/, шүүгдэгч ******* /хх-ийн 59-60, 63-65/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 11-ний өдрийн 421 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 14/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 381 дугаар шинжээчийн: “Шүүх эмнэлэгийн №421 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна.*******ын биед учирсан зүүн нүдний торлогийн ховхрол, зүүн нүдний харааны бууралт /0,3/ бүхий гэмтэл нь амь биед аюулгүй. *******ын биед тухайн үед зүүн нүдний торлогийн ховхрол, зүүн нүдний хараагүйдэл гэмтэл тогтоогдсон ба зүүн нүдний алиманд хийгдсэн мэс засал эмчилгээний үр дүнд зүүн нүдний хараа сэргэж одоогоор /0,3/ болсон байна.Харааны чадамж хэрхэн өөрчлөгдөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарах тул одоогоор дүгнэлт өгөх боломжгүй. Цаашид нүдний болор цайх, нүдний даралт ихсэх, торлог дахин ховхрох эрсдэлтэй учир тогтмол хяналтанд байх шаардлагатай. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 4.7.34.1-т зааснаар гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий чадварыг 15 хувь алдагдуулна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 216-217/, хохирогч *******ын гэмтлийн “хүндэвтэр” зэргийг тодорхойлох шалгуур шинж, тэдгээрийг нотлох хохирогчийн эмчлүүлсэнтэй холбогдох баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид “хүндэвтэр” гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзнэ.

Хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг шалгахад НӨАТ-ын сугалааны баримт болон Хаан банкны картаар гүйлгээ хийсэн баримт зэрэг нь давхардсан байх тул хохирлын дүнгээс хасаж, үлдсэн баримтууд нь хуульд нийцсэн ба хохирлын нийт дүн нь 4602500 төгрөг болж байх тул шүүгдэгч *******аас 4602500 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгож шийдвэрлэх нь зүйтэй ба харин хохирогчийн бие бүрэн эдгэрээгүй байх тул цаашид гарах эмчилгээний болон бусад зардалыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Дуламсүрэнгээс Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.4-д заасан ”Хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэлд автсан,өөр байдлаар эрхшээлд нь орсоноос гэмт хэрэг үйлдсэн”,мөн хуулийн ерөнхий ангийн 55.1.9-д заасан “үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулах ял шийтгэлийг албадан ажил хийлгэх ялаар шийтгэж өгч,цагдан хоригдсон тавь хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч ******* нь хохирогчийн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэлд автсан, өөр бусад байдлаар эрхшээлд орсоноос гэмт хэрэг үйлдсэн гэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа,мөн үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшсэн нь тогтоогдохгүй бөгөөд хохирогчид учирсан хохиролыг хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд төлж барагдуулах хугацаа байсаар байтал учруулсан хохиролыг барагдуулаагүй, тийм үйлдэл хийгдээгүй байгаа зэргээс чин санаанаасаа гэмшсэн гэж үзэх үндэслэлгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул өмгөөлөгчийн албадан ажил хийлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан”анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан “согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар согтуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэсэн хууль ёсны зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.2-д заасан хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Уг хэрэгт хохирогч *******т учирсан 4602500 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор шүүгдэгч *******ын хамтран эзэмшлийн 4 ханатай монгол гэр битүүмжилсэн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын 2016 оны 09 сарын 30-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, харин уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч *******ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт, нүдний гэмтлийг харуулсан фото зураг зэргийг хохирогчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, шүүгдэгч *******ыг хэргийн учир цагдан хоригдсон тавь хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч *******ыг нэг / 1/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нэг / 1 / жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон тавь / 50 / хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас 4602500 төгрөг гаргуулж хохирогч *******т олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч *******ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт, нүдний гэмтлийг харуулсан фото зураг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч *******т буцаан олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******ын хамтран эзэмшлийн 4 ханатай монгол гэрийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн 2016 оны 09 сарын 30-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаар баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч *******т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 04 сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3,303 дугаар зүйлийн 303.1,304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ