Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2022/00568

 

 

 

 

 

 

 

 

2022 03 21 181/ШШ2022/00568

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 01 дүгээр танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: оршин суух, Ж.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: байрлах, МУИС холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 37,167,624 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэлэнгэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б би 1986 оноос МУИСд багшаар ажиллаж эхэлсэн ба 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажилласан. Сургуулийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/193 тоот тушаалаар намайг боловсролын талаарх мэдээллээ байгууллагад худал өгсөн, хүлээн зөвшөөрөгдөөгүй хуурамч диплом ашигласан гэсэн үндэслэлээр байгууллагын захиргааны санаачилгаар Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийнн профессорын албан тушаалаас чөлөөлж ажлаас халсан.

Миний бие энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тул анхан шатны шүүхэд хандаж ажилд эргүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх

2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/01284 тоот шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч байгууллага анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй гэж маргаж давж заалдах шатны шүүхэд хандсан ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1443 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улмаар хариуцагч тал энэхүү магадлалыг зөвшөөрөхгүй гэж маргаж хяналтын шатны шүүхэд хандаж, хяналтын шатны шүүх 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн болно.

Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр А/198 тоот тушаал гаргаж, миний гаргасан өргөдөл, хүсэлтийг үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд гэрээт профессороор ажиллуулахаар шийдвэрлэсэн боловч уг сургуулийн захирал Заяабаатар хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй, цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохгүй гэж татгалзаад байсан тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Газраар албадан гүйцэтгүүлж авсан ба гэрээт профессороор ажиллуулах захирлын шийдвэрийг одоо хүртэл биелүүлээгүй байна.

Миний бие 2018 онд байгууллагын захиргааны санаачилгаар ажлаас үндэслэлгүй халагдсанаас хойш 2 жилийн турш ажилгүй, орлогогүй, улсад ажилласан жил тасалдаж, эдийн засаг, сэтгэл санааны ихээхэн хохирол амссан ба шүүхийн шийдвэр шударга гарч, эрх ашиг маань сэргэсэн боловч хариуцагч байгууллагын шат шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй гэж үндэслэлгүй маргаж байсны уршгаар 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй, цалин хөлсгүй хохирч байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тооцох ба 9 дүгээр сарын 01-ний өдрөөс гэрээт профессороор ажиллаж үндсэн цалингийн 40 хувиар цалинжих захирлын тушаал гарсан боловч сургуулийн захиргаанаас надтай өдий хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулахгүй байгаа тул 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны 40 хувийн цалинтай тэнцэх олговрыг шаардаж байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч миний 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 34,509,320 төгрөгийг, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 сарын хугацааны 40 хувийн цалин хөлстэй тэнцэх олговорт 2,658,304 төгрөг нийт 37,167,624 төгрөгийг хариуцагч Монгол Улсын Их сургуулиас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч МУИС ТБАГУТҮГ шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, Л.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/01284 дүгээр шийдвэрээр Ж.Бг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессорын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор нийт 57160298 төгрөгийг МУИС-иас гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч давах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00561 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Ажил олгогчоос шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Ж.Бг урьд эрхэлж байсан Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессорын албан тушаалд ажиллуулах шийдвэр гаргах гэсэн боловч тэрээр Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирлын албан тушаалд ажиллаж байгаагаа мэдэгдсэн.

МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам, МУИС-д Профессор, багш ажиллуулах журамд зааснаар МУИС-ийн багш өөр байгууллагад давхар харьяалалтай ажиллахыг хориглодог.

Ж.Б шүүхээс эгүүлэн тогтоосон албан тушаалд ажиллахаас өөрөө татгалзаж, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирлаар үргэлжлүүлэн ажиллах тухай ажил олгогчид мэдэгдсэн тул түүнд ажилгүй байсан хугацааны нийт 57,160,298 төгрөгийг олгосон.

Ж.Б МУИС-иас өөр байгууллагад ажил, албан тушаал хаших хугацаандаа Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд гэрээт профессороор ажиллах хүсэлтийг гаргасан. Гэрээт профессор нь МУИС-ийн үндсэн орон тооны албан тушаал бөгөөд ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй болно.

МУИС-д зөвлөх, гэрээт ба зочин профессор ажиллуулах журмын дагуу бүрэлдэхүүн сургуулийн захирал гэрээт профессортой гэрээ байгуулан ажиллуулдаг. Тиймээс Ж.Бат-Идээдүйгийн гэрээт профессороор ажиллуулах тухай асуудал нь шүүхээр хянан шийдвэрлэсэн хөдөлмөрийн маргаантай огт хамааралгүй тул 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 сарын хугацааны 40 хувийн цалин хөлстэй тэнцэх олговорт 2,658,304 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас МУИС-ын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/198 дугаар захирлын тушаал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/01284 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1443 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ/2021/00561 дугаар тогтоол зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/46 дугаар тушаал, Монгол Улсын Их сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/198 дугаар тушаал зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч МУИС ТБАГУТҮГ-д холбогдуулан 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 34,509,320 төгрөгийг, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 сарын хугацааны 40 хувийн цалин хөлстэй тэнцэх олговорт 2,658,304 төгрөг, нийт 37,167,624 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалинтай тэнцэх олговорыг гаргуулах шаардлага гаргасан ба мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заажээ.

Ажил олгогчийн ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэр гарснаар Ж.Бгийн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан олговор гаргуулахаар гомдол гаргах эрхийн хугацааг тоолох бөгөөд Ж.Бг ажилд нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс томилсон байх бөгөөд Ж.Б шүүхэд нэхэмжлэлээ 2021.12.01-ний өдөр гаргасан тул дээрхи хуульд заасан гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлээгүй байна.

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/01284 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхийн 2020.07.01-ний өдрийн 1443 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.05.27-ны өдрийн 561 дугаар тогтоолоор Ж.Бг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессорын ажилд эгүүлэн тогтоож, МУИС-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 57,160,298 төгрөгийг гаргуулж Ж.Бд олгож шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 7-22 хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар ажилтныг урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй.

МУИС-ийн захирлын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн өдрийн А/198 дугаар тушаалаар шүүхийн шийдвэр, нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг үндэслэн Ж.Бг Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс гэрээт профессороор томилсон байна. /хавтаст хэргийн 6, 36 хуудас/

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаа орно.

Иймд нэхэмжлэгч Ж.Бг нь шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс ажилд томилсон өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг шаардах эрхтэй байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

МУИС нь Ж.Бг шүүхийн шийдвэрээр тогтоосон албан тушаалд нь 2021 оны 09 дүгээр сарын 01ий өдрийг хүртэл томилоогүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн, эрхийн зөрчил үргэлжилсэн байна.

 

5. Нэхэмжлэгч Ж.Бгийн нэг сарын дундаж цалин хөлс 2,336,400 төгрөг болохыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/01284 дугаар шийдвэрээр тогтоосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасны дагуу дахин нотлохгүй.

 

6. Нэхэмжлэгч Ж.Бг нь энэ нэхэмжлэлээр 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 15 сар 12 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг шаардсан байх тул дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг тооцоход 36,350,037 төгрөг /2,336,400 х 15 сар = 35,046,000 төгрөг, 2,336,400 : 21,5 = 108,669.76 төгрөг, 108,669.76 х 12 хоног = 1,304,037 төгрөг, 35,046,000 + 1,304,037 = 36,350,037 төгрөг/ болж байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хариуцагч Монгол Улсын Их сургуулиас 34,509,320 төгрөгийг гаргуулж Ж.Бд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Нэхэмжлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 сарын хугацааны 40 хувийн цалин хөлстэй тэнцэх олговорт 2,658,304 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

 

8. МУИС-ийн захирлын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн өдрийн А/198 дугаар тушаалаар Ж.Бг Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс гэрээт профессороор томилсон байх бөгөөд нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлснийг хүлээн зөвшөөрсөн.

 

9. Нэхэмжлэгч Ж.Бн гэрээт профессороор хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажиллуулаагүй гэх үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан цалинтай тэнцэх олговор гаруулах үндэслэлд хамааралгүй байна.

Учир нь: хариуцагч тал МУИС-д зөвлөх, гэрээт ба зочин профессор ажиллуулах журмын дагуу бүрэлдэхүүн сургуулийн захирал гэрээт профессортой гэрээ байгуулан ажиллуулдаг гэж тайлбарлаж байх тул Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд гэрээт профессороор ажиллуулах эсэхтэй холбоотой тусдаан маргаан байна.

Иймд хариуцагчаас 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 сарын хугацааны 40 хувийн цалин хөлстэй тэнцэх олговорт 2,658,304 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 34,509,320 төгрөг гаргуулах шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, нэхэмжлэгч нь 3 сарын хугацааны 40 хувийн цалин хөлстэй тэнцэх олговорт 2,658,304 төгрөг гаргуулах шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж 57,915 төгрөгийг төлөх үүрэгтэй тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,000 төгрөгнөөс 57,915 төгрөгийг улсын орлогод үлдээж, 287,085 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар буцаан олгож, нэхэмжлэлийн хангагдсан хэсгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч МУИС ТБАГУТҮГ-аас 34,509,320 /гучин дөрвөн сая таван зуун есөн мянга гурван зуун хорин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бд олгож, нэхэмжлэлээс 2,658,304 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 34,509,320 төгрөг гаргуулах нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 287,085 төгрөгийг буцаан гаргуулж Ж.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Бн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МУИС ТБАГУТҮГ-иас 330,497 /гурван зуун гучин мянга дөрвөн зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА