Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2026/00048

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн

2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 312/ШШ2025/00955 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 207/МА2025/00113 дугаар магадлалтай,

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Э” ТӨҮГ-т холбогдох

2022.03.09-ний өдрийн 7/003-22 дугаар Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тоног төхөөрөмжийг хүлээн авах, угсрах, суурилуулах боломж нөхцөлөөр хангахыг, Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах ажил ЭҮТӨҮГ/20240101824 дугаарын тендер зарлах, шалгаруулах үйл ажиллагаа явуулахгүй байхыг тус тус хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.П, З.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.А, өмгөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.П, З.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“С” ХХК нь “Э” ТӨҮГ-т холбогдуулан 2022.03.09-ний өдрийн 7/003-22 дугаар Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тоног төхөөрөмжийг хүлээн авах, угсрах, суурилуулах боломж нөхцөлөөр хангахыг, Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах ажил ЭҮТӨҮГ/20240101824 дугаарын тендер зарлах, шалгаруулах үйл ажиллагаа явуулахгүй байхыг тус тус хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 312/ШШ2025/00955 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2-т зааснаар “С” ХХК болон “Э” ТӨҮГ-ын хооронд байгуулсан 2022.03.09-ний өдрийн 7/003-22 дугаар Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тоног төхөөрөмжийг хүлээн авах, угсрах, суурилуулах боломж нөхцөлөөр хангахыг, Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах ажил ЭҮТӨҮГ/20240101824 дугаарын тендер зарлах, шалгаруулах үйл ажиллагаа явуулахгүй байхыг тус тус хариуцагч “Э” ТӨҮГ-т даалгаж, “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч “Э” ТӨҮГ-аас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 207/МА2025/00113 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 312/ШШ2025/00955 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, З.С нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, З.С нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.П, З.С нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...нэхэмжлэгчийн удаа дараагийн хүсэлтийн дагуу гэрээг 2022.12.31-ний өдөр хүртэл буюу 4 сар 21 хоногийн хугацаагаар сунгасан ч энэ хугацаанд нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу “С” ХХК-ийн тендерт санал болгосон “A” компанийн бүтээгдэхүүн гэрээний гол нөхцөл болсон бөгөөд 40.1-д гэрээний нөхцөлүүдийг өөрчлөхийг хориглосон зохицуулалттай. Гэтэл нэхэмжлэгч өөр компанийн бүтээгдэхүүн санал болгож байгаа нь дээрх зохицуулалтаас гадна талуудын хооронд байгуулсан гэрээний 5.4.2, 6.1.3, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус зөрчиж байна. Хэрэгт нэхэмжлэгчийн бараа 80 хувийн гүйцэтгэлтэй гэх баримт байхгүй. Иймд хариуцагч тал гэрээнээс татгалзах эрхтэй.

Гэрээний 11.1, 11.2-т гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх, гэрээний хугацаа сунгах нөхцөлийг зааж өгсөн ч нэхэмжлэгчийн төлөөлөгч хоёр шатны шүүх хуралдаанд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл үүсээгүй гэж тайлбарласан нь хэрэгт авагдсан албан бичгүүдээр нотлогдоно.

Тендер шалгаруулалтын үр дүнгээр байгуулсан гэрээний хугацаа сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагддаг. Гэтэл хоёр шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, зөвхөн Иргэний хуулийг хэрэглэж, тайлбарласан нь хуулийг зөрүүтэй хэрэглэсэн зөрчил юм. Мөн Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд гэрээний хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авахгүй байх нь уг зохицуулалтад хамаарахгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.П, З.С нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.01.16-ны өдрийн 001/ШХТ2026/00089 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.П, З.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

7.Нэхэмжлэгч “С” ХХК хариуцагч “Э” ТӨҮГ-т холбогдуулан 2022.03.09-ний өдрийн 7/003-22 дугаар Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тоног төхөөрөмжийг хүлээн авах, угсрах, суурилуулах боломж нөхцөлөөр хангахыг, Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах ажил ЭҮТӨҮГ/20240101824 дугаарын тендер зарлах, шалгаруулах үйл ажиллагаа явуулахгүй байхыг тус тус хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...2022.03.09-ний өдөр байгуулсан гэрээний үүргийг хугацаандаа биелүүлж чадахгүйд хүрсэн тул удаа дараа хариуцагч талд гэрээний хугацааг сунгах талаар албан бичиг хүргүүлж, харилцан зөвшилцөж хамтран ажиллахыг хүсэн үүссэн нөхцөл байдлыг тайлбарлаж ирсэн. Гэвч хариуцагч талаас тодорхой хариу өгөөгүй, дахин тендер зарлаж дураараа авирлаж байгаа бөгөөд зохих ёсоор гэрээ цуцлах бичиг ирүүлээгүй байсан, өөр бусад үйлдвэрлэгчтэй зөвшилцөн гэрээний үүргээ биелүүлэх талаар ажиллаж байна... Хариуцагч талын тодорхой хариу өгөөгүй байдлаас шалтгаалан ойлгомжгүй байдал үүссэн тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн” гэж тайлбарласан.

8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...нэхэмжлэгч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул удаа дараа албан бичиг хүргүүлж, хүсэлтийнх нь дагуу хугацааг 4 сараар сунгаж, эцэст нь 2024 онд гэрээ цуцлах талаар мэдэгдсэн. Энэ хугацаанд үйлдвэрлэгч компани “С” ХХК-ийг зарим бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэх санал тавьсан, чанарын шаардлага хангахгүй төхөөрөмж нийлүүлж болзошгүй тул энэ тохиолдолд баталгаа гаргахгүй талаар мэдэгдсэн. Үйлдвэрлэлийн ажил зогсож болохгүй, төлөвлөгөөг биелүүлж ажиллах ёстой, үүний цаана их хэмжээний алдагдалд орох эрсдэлтэй тул дахин тендер зарласан. Нэхэмжлэгчийн хэлснээр өөр компанийг нийлүүлэгчээр сонгох нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тендер шалгаруулалтын журмыг зөрчих болно. ...” гэж маргасан.

9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ; “…хариуцагч тал хугацаандаа үүргээ биелүүлэхгүй бол гэрээг цуцлах тухай удаа дараа мэдэгдэж байсан ч гэрээг албан ёсоор цуцлаагүй учраас нэхэмжлэгчид тодорхойгүй нөхцөл байдал үүссэн, хариуцагч нэхэмжлэгчээс гэрээний үүргээ биелүүлэхийг эсхүл хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлоо шаардах эрхтэй ч энэ эрхээ хэрэгжүүлээгүй, Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хариуцагч ямар нэг үйлдэл хийх ёстой байсан ч хийгээгүй тул хугацаа хэтэрсэнд хариуцагчийг буруутай гэж үзнэ, тендерт шалгарах болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа өөрчлөгдсөн тул энэ байдалд нийцүүлэн хамтран ажиллахыг талууд харилцан шаардах эрхтэй байна...” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

10.Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоож ижил дүгнэлт хийж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлийн хүрээнд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

11.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

11.1.Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Э” ТӨҮГ-тай 2022.03.09-ний өдөр 7/003-22 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээний зүйлийг “Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг шинэчлэх тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах ажил” гэж нэрлэж, худалдагч нь гэрээний хавсралт-1-д заасан тоног төхөөрөмжийг нийлүүлж угсралт, суурилуулалт, тохируулгын ажил гүйцэтгэх болон ашиглалт, засвар үйлчилгээний талаар сургалт зохион байгуулж, худалдан авагч нь гэрээнд заасан төлбөрийн хуваарийн дагуу 2,298,252,000 төгрөгийг төлөхөөр, гэрээний хугацаа гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 5 сар буюу 2022.08.11-ний өдрийн дотор байхаар тус тус тохиролцсон,

11.2.“С” ХХК нь гэрээний хугацаа дууссанаас хойш 2022.09.12-ны өдрийн 22/09/08 тоот албан бичгээр “... гэрээний хугацааг 2023.03.31-ний өдрийг хүртэл сунгах” хүсэлтийг “Э” ТӨҮГ-т хүргүүлсэн, “Э” ТӨҮГ-ын 2022.11.15-ны өдрийн 131/872 тоот албан бичгээр “...тендерт санал болгосон өтгөрүүлэгчийн үйлдвэрлэгч “A” компаниас 2022.09.26-ны өдөр “... “С” ХХК нь манай өтгөрүүлэгчийн ган хийцийн зарим хэсгийг Монголд үйлдвэрлэх, удирдлагын самбарыг өөрсдөө худалдан авах санал гаргасан... “С” ХХК-ийн нийлүүлэх өтгөрүүлэгч тус компанийн өтгөрүүлэгч биш тул чанарын баталгаа гаргахгүй ...” гэсэн албан бичиг ирүүлсэн. Иймд ... гэрээгээр хүлээсэн үүргээ 2022.12.31-ний дотор хэрэгжүүлэхийг “С” ХХК-д мэдэгдсэн.

11.3.“С” ХХК 2022.11.21, 22-ны өдрүүдийн 22/11-23, 24 тоот албан бичгээр “...тендерт оролцохдоо “A” компанийн Монгол дахь төлөөлөгчөөр дамжуулан үнийн санал, бусад мэдээлэл авч тендерт оролцон шалгарч гэрээг байгуулсан. Гэрээг байгуулсны дараа “А” компани шууд үнээ нэмсэн зэрэг шалтгаанаар тэдний өтгөрүүлэгчийг авахаас татгалзсан... “А” компанийн 7.2 м диамертэй яг адилхан өтгөрүүлэгч нийлүүлэхээр ажиллаж байна. ... гэрээг 2023.06.30-ны өдөр хүртэл сунгаж өгөх тухай...” мэдэгдсэн, “Э” ТӨҮГ-аас 2023.03.20-ны өдрийн ТБ-134-12/2216 тоот албан бичгийг “С” ХХК-д хүргүүлсэн ба уг албан бичигт “...тендерийн шалгуур үзүүлэлтийн хүрээнд танай компани “A” компанийн үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, тохирлын мэдүүлэг, техникийн тодорхойлолт зэрэг баримт бичгийг ирүүлсэн... иймд гэрээний 12.1.1, тендерийн баримт бичгийн ГЕН-ийн 18.1 дэх хэсгийг үндэслэн гэрээг цуцлах... зэрэг арга хэмжээ авах...” талаар мэдэгдсэн, үүнд “С” ХХК-аас 2023.04.17-ны өдрийн 23/04-08 тоот “... гэрээг үргэлжлүүлэх, хамтран ажиллах...” агуулга бүхий албан бичгээр хариу хүргүүлсэн, “Э” ТӨҮГ 2024.06.20-ны өдрийн албан бичгээр гэрээг цуцалсан тухай “С” ХХК-д мэдэгдсэн байна. /1хх 177/

12.Талууд гэрээний зүйлийг “тоног төхөөрөмжийг нийлүүлж угсралт, суурилуулалт, тохируулгын ажил гүйцэтгэх болон ашиглалт, засвар үйлчилгээ, сургалт зохион байгуулах” гэж агуулгыг тодорхойлсон ба эдгээр нь худалдагч “С” ХХК нийлүүлж байгаа тоног төхөөрөмжид үйлчлэх агуулгатай цогц шинжтэй үйл ажиллагаанууд байх бөгөөд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт зааснаар холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гүйцэтгэлд илүү төсөөтэй төрөл болох худалдах, худалдан авах гэрээг зохицуулсан хэм хэмжээг анхаарна. Ийм учраас хоёр шатны шүүх талуудын маргаанд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтыг хэрэглэсэн нь зөв болжээ.

13.Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, харин гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэнд зохигчийн хэн нь буруутай, цаашид гэрээг үргэлжлүүлэх үндэслэлтэй эсэх, улмаар худалдагч нь гэрээнд зааснаас өөр барааг хүлээн авах үүргийг худалдан авагчид даалгуулахаар шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

14.“С” ХХК нь нээлттэй тендер шалгаруулалтад оролцохдоо “A” компанийн үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, чанарын гэрчилгээ, техникийн тодорхойлолт зэрэг баримт бичгийг хавсарган ирүүлснээр тендерт шалгарсан талаарх хариуцагчийн тайлбар нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдсон. Түүнчлэн, гэрээ байгуулсны дараа нөхцөл байдал өөрчлөгдөж, худалдагч нь тендерт санал болгосон “A” компаниас өөр үйлдвэрлэгчийн барааг захиалагчид нийлүүлэхээр санал болгож байгаа болох нь дээр дурдсан хэргийн үйл баримтаар тогтоогджээ. /Хянавал хэсгийн 11.2, 11.3/

15.Дээрх тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ /цаашид “худалдан авах гэрээ” гэх/-тэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна” гэж заасан ба нэхэмжлэлийн шаардлага нь мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д “захиалагч урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас гэрээнд зайлшгүй шаардлагатай нэмэлт, өөрчлөлт хийхээс бусад тохиолдолд тендерийн агуулгатай холбоотой гэрээний нөхцөлүүдийг өөрчлөхийг хориглоно” гэж заасантай нийцэхгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргасан нь үндэслэлтэй байна. Хоёр шатны шүүх дээрх зохицуулалт талуудын маргаанд хэрхэн хамаарч байгаа талаар дүгнэлт хийгээгүй нь буруу юм.

16.Иргэний хууулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг шаардах боловч мөн зүйлийн 220.4 дэх хэсэгт зааснаар гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Харин мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6 дахь хэсэгт зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй тул үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ.

17.Иймээс өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэн гэрээнд нэмэлт өөрчлөлт ороогүй бол нэхэмжлэгч гэрээнд зааснаас өөр барааг хүлээн авах үүргийг худалдан авагчид даалгуулахаар шаардах эрхгүй.

18.Мөн нэхэмжлэгч “С” ХХК нь гэрээний зүйл болох өтгөрүүлэгчийг үйлдвэрлэгчээс авч “Э” ТӨҮГ-т нийлүүлэхээр 80 орчим хувийн гүйцэтгэлтэй агуулахад бэлэн болсон гэх тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хаана, хэний агуулахад байгаа нь тодорхойгүй “A Ц-72” гэсэн бичиг бүхий тоног төхөөрөмжийг харуулсан гэрэл зургуудаар уг байдлыг нотолсон гэж үзэх үндэслэлгүй.

Худалдагч нь гэрээний 5.2.4-т заасан ачааны дагалдах бичиг, чанарын гэрчилгээ, техникийн баримт бичиг, заавар, гарын авлага зэрэг баримт бичгийг захиалагчид ирүүлэх үүрэгтэй бөгөөд ийм баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус нийцээгүйгээс гадна Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т заасан зохицуулалтыг тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх үүнд дүгнэлт өгөөгүй атлаа шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй байна.

19.Нэхэмжлэгч “С” ХХК нь 2022.12.31-ний өдрөөс хойш үүргээ гүйцэтгээгүй, үүрэг зөрчигдсөн, “Э” ТӨҮГ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг “С” ХХК-аас 2 удаа албан бичгээр шаардсан байхад анхан шатны шүүх хариуцагч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, гэрээ цуцлагдаагүй, тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсэн гэж дүгнэж, улмаар Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т заасныг хэрэглэх үндэслэлтэй гэж анхан шатны шүүх үзсэн.

20.Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т заасан “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх” үндэслэл нь гэрээний талууд харилцан хамаарал бүхий үүргийг гүйцэтгэхтэй холбоотой. Харин тус хэргийн тухайд үүрэг гүйцэтгэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгчээс ямар нэг үйлдэл хийх шаардлага байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй буюу үүргийн биелэлтэд тухайлсан харилцан хамаарал тогтоогдсонгүй.

Үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхийн тулд хоёр талын гэрээнд харилцан үүрэг хүлээсэн, гэрээгээр нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс шалтгаалсан, зайлшгүй шаардлагатай үйлдэл эхлээд хийсний дараа нөгөө тал үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдэх агуулгатай зохицуулалтыг тухайн маргаанд хэрэглэх үндэслэлгүй.

21.Иймд тендерт санал болгосноос өөр өтгөрүүлэгчийг нийлүүлэхийг хариуцагчид даалгасан агуулгаар нэхэмжлэлийг хангасан хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болжээ.

22.Хариуцагч “Э” ТӨҮГ нь “С” ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ 2022.12.31-ний дотор хэрэгжүүлэхийг мэдэгдсэнээр гэрээг 1 удаа сунгасан, улмаар 2023.03.20-ны өдрийн ТБ-134-12/2216 тоот албан бичгээр гэрээг цуцлах... зэрэг арга хэмжээ авах... талаар дахин мэдэгдэл хүргүүлсэн ч үр дүн гараагүй тул “Э” ТӨҮГ 2024.06.20-ны өдрийн албан бичгээр гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж заасантай нийцсэн, хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.

23.Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч “С” ХХК-ийн хариуцагч “Э” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 312/ШШ2025/00955 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 207/МА2025/00113 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн хариуцагч “Э” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан “2022.03.09-ний өдрийн 7/003-22 дугаартай Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тоног төхөөрөмжийг хүлээн авах, угсрах, суурилуулах боломж нөхцөлөөр хангахыг, Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах ажил ЭҮТӨҮГ/20240101824 дугаарын тендер зарлах, шалгаруулах үйл ажиллагаа явуулахгүй байхыг тус тус хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.П, З.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Э” ТӨҮГ 2025.11.06-ны өдөр 140,400 /70,200+70,200/ төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ЦОЛМОН

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

             ШҮҮГЧИД                                                              Н.БАТЗОРИГ

                                                                                                Н.БАЯРМАА

                                                                                                Э.ЗОЛЗАЯА