Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш, улсын яллагч Н.Бадам, шүүгдэгч Д.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн  Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Долгорсүрэнгийн Оюунчимэгт холбогдох эрүүгийн 201718010030 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Боржигон овогт Долгорсүрэнгийн Оюунчимэг, 0000 оны 02-р сарын 19-ний өдөр Эрдэнэт хотын Хялганат тосгонд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, ам бүл-9, нөхөр, 3 хүхэд, хамаатны 3 хүүхдүүд, эгчийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, 39-23 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, РД: ФЖ-,

 

            Шүүгдэгч Д.Оюунчимэг нь 2017 оны 03-р сарын 10-ны шөнө 00 цаг 45 минут орчимд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн нутаг 9-р байранд байрлах Юнител салбарын байрны гадна хаалгыг эвдэж, цонхыг хагалж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-9 дүгээр хуудас/, гэрч Мөнгөнцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас /, гэрч Цэрэндуламын мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,  гэрч Ариунцацралын мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар хуудас/, гэрч Ганболд, Амгаланбаатар нарын мэдүүлэг /хх-ийн 38, 40, 41-44 дүгээр хуудас/, үнэлгээний комиссийн хохирлын хэмжээ тогтоосон акт /хх-ийн 23 дугаар хуудас/, / согтуурлын зэрэг тогтоох багажаар шалгасан баримт /хх-ийн 18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

            Шүүгдэгчийн хүсэлтээр: Ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн ял шалгах хуудас, баг хорооны засаг даргын тодорхойлолт, хохирол төлсөн баримт зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Оюунчимэг нь 2017 оны 03-р сарын 10-ны шөнө 00 цаг 45 минут орчимд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн нутаг 9-р байранд байрлах Юнител салбарын байрны гадна хаалгыг эвдэж, цонхыг хагалж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

1. Мөрдөн байцаалтад хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булганчимэгийн өгсөн “...2017 оны 03-р сарын 08-ны өдөр олон улсын эмэгтэйчүүдийн баяр болж энэ өдөр өөрийн найзуудтайгаа уулзаж чадаагүй болохоор 2017 оны 03-р сарын 09-ний орой найзууд болох Ариунцацрал, Мөнгөнцэцэг, Цэрэндулам нарын хамт уулзаад найс нэртэй бааранд ороод эмэгтэйчүүдийн баяраа тэмдэглээд тодорхой хэмжээгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Тэгээд баар хаах болоод бид нар баарнаас гараад миний хариуцан ажилладаг ажлын байр болох Сайхан сумын 1-р баг, 9-46 тоотод байрлах Юнител рүү 3 найзын хамт орсон юм. Тэгээд бид нар юм ярьж сууж байгаад дахиж архи уухаар болоод манай хоёр найз Ариунцацрал, Мөнгөнцэцэг хоёр архи авахаар гадагшаа гарсан юм. Би ажил дээрээ найз Цэрэндуламтай хамт үлдсэн юм. Тэгээд архи авахаар гарсан манай хоёр найз удаачгүй 20 орчим минутын дараа хаалгаа онгойлгоорой гэж миний гар утас руу залгахаар нь би гарч хаалгаа онгойлгосон чинь манай хоёр найз орж ирэхдээ бид хоёрын араас нэг эмэгтэй орилоод байсан гэж ярьж байх үед нэг эмэгтэй хүний дуу гараад манай ажлын байрны хаалга, цонхыг нүдээд орилоод байхаар нь согтуу хүн байна хаалгаа онгойлгоод хэрэггүй гэж бодоод байж байхад шил хагарах чимээ гарахаар нь би 2 найзын хамт гарсан чинь нөгөө эмэгтэй манай ажлын газрын гадна цонх, хаалга, цагийн хуваарийн самбар зэргийг эвдэлсэн гадаа цагдаа нар ирчихсэн байж байсан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/,

2. Мөрдөн байцаалтад гэрч Т.Мөнгөнцэцэгийн өгсөн “...2017 оны 03-р сарын 09-өөс 2017 оны 03-р сарын 10-нд шилжих шөнө би өөрийн найзууд болох Булганчимэг, Цацрал, Цэрэндулам нарын хамтаар Мартын 8 болсонтой холбогдуулан Юнител салбар дээр байж байгаад найз Цацралын хамтаар архи авах гээд гадуур явж байгаад архи олдохгүй байхаар нь буцаад Юнител рүү орох үед бид хоёрын араас нэг согтуу эмэгтэй орилж хашхираад байсан. Тэгэхээр нь би найзтайгаа гялс Юнител рүү ороод байж байхад түс тас хийх чимээ гараад байхаар нь гараад харсан чинь нэг үл таних согтуу эмэгтэй уйлаад Юнителийн хаалгыг эвдэлсэн байхаар нь манай найз цагдаад хандсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/,

3. Мөрдөн байцаалтад гэрч Т.Цэрэндуламын өгсөн “...Би 2017 оны 03-р сарын 08-ны өдөр өөрийн найзуудтайгаа хамт олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр уулзаж чадаагүй болохоор 2017 оны 03-р сарын 09-ний өдөр өөрийн найзууд болох Булганчимэг, Мөнгөө, Цацрал нарын хамтаар уулзсан юм. Тэгээд бид нар Найс нэртэй бааранд ороод байж байгаад Найс нэртэй баар нь 12 цаг 00 минут гэж хаахаар нь бид нар тэр баарнаас гараад цаашаа үргэлжлүүлэх гээд найз Булганчимэгийн харилцан ажилладаг Юнителийн газар руу орж байж байгаад манай хоёр найз Цацрал, Мөнгөнцэцэг нар нь архи авах гээд буцаж гарсан юм. Тэр үед би бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор тасраад унтчихсан байсан учир юу болсон талаар мэдэхгүй огт мэдэхгүй байна. Маргааш өглөө нь буюу 2017 оны 03-р сарын 10-ны өглөө нь манай найзын хариуцан ажилладаг газрын хаалга, цонхыг нь нэг үл таних согтуу эмэгтэй эвдэлсэн гэж манай найзууд надад хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/,

4. Мөрдөн байцаалтад гэрч Б.Ариунцацралын өгсөн “...2017 оны 03-р сарын 08-ны өдөр олон улсын эмэгтэйчүүдийн баяр болж найзуудтайгаа уулзаж чадаагүй болохоор 2017 оны 03-р сарын 09-ний өдөр өөрийн найзууд болох Мөнгөнцэцэг, Булганчимэг, Цэрэндулам нарын хамт Найс нэртэй бааранд ороод байж байгаад баар хаах үед 4 үүлээ хамт баарнаас гараад өөрийн найз болох Булганчимэгийн ажлын байр болох Юнител рүү ороод байж байгаад дахиад архи ууя гээд 4 үүлээ ярилцаж байгаад манай хоёр найз Булганчимэг, Цэрэндулам нар Юнител дээр үлдээд би өөрийн найз Мөнгөнцэцэгтэй архи авах гэж гараад онгорхой дэлгүүр байхгүй байсан учир буцаад Юнител рүү орох гээд явж байхад манай найз бид хоёрын араас нэг үл таних эмэгтэй орилоод байхаар нь манай найз Мөнгөнцэцэг бид хоёр гялс Юнител рүү орчихсон юм. Тэгээд бид хоёрыг ороод удаагүй байхад бид хоёрын араас орилоод байсан согтуу эмэгтэй миний найзын ажлын газрын хаалга, цонхыг эвдэлчихсэн байх шиг байсан. Тэгээд цонх хагарах чимээ гарахаар нь миний найз Булганчимэг, Мөнгөнцэцэг бид гурав гараад харахад манай найзын ажлын газрын хаалга, цонхыг эвдэлчихсэн байсан. Ийм л зүйл болсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 хуудас/,

5. Мөрдөн байцаалтад гэрч Г.Ганболдын өгсөн “...2017 оны 03-р сарын 09-ний өдөр би өөрийн найз Амгаланбаатартай хамт Чандмань нэртэй баар луу ороод бид хоёр нэг нэг шил пиво уугаад сууж байтал таньдаг эгчтэйгээ тааралдаад ширээндээ суулгаад юм яриад сууж байтал цаад талын өрөөнөөс Оюунчимэг гэгч гарч ирээд ширээн дээр хүрч ирээд гэнэт орилоод уурлаад байсан. Тэгэхээр нь та одоо болилдоо гэсэн чинь над руу пивоны шил шидээд оноогүй. Тэгээд байж байсан чинь найзууд нь Оюунчимэг эгчийг аваад явсан юм. Удаачгүй баар хаах болоод би найзтайгаа 6, 7 дугаар байрны дунд очсон байхад Оюунчимэг ирээд надтай хэрүүл хийхгээд байхад нь би өөрийнхөө найзтайгаа гүйгээд зугтаачихсан юм. Тэгээд найзтайгаа хамт 8-р байрны буланд зогсож байхад Оюунчимэг эгч гэнэт Юнителийн цонхыг нүдээд өшиглөөд байсан. Тэгэхээр нь би өөрийн найз Амгаланбаатартай очиж болиулаад цагдаад мэдэгдсэн. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуудас/,

6. Мөрдөн байцаалтад гэрч Н.Амгаланбаатарын өгсөн “...2017 оны 03-р сарын 09-ний өдөр би өөрийн найз Амгаланбаатартай хамт Чандмань нэртэй баар луу ороод бид хоёр нэг нэг шил пиво уугаад сууж байтал таньдаг эгчтэйгээ тааралдаад ширээндээ суулгаад юм яриад сууж байтал цаад талын өрөөнөөс Оюунчимэг гэгч гарч ирээд ширээн дээр хүрч ирээд уурлаад байсан. Тэгээд юунаас болсныг нь мэдэхгүй байна манай Ганболдтой хэрүүл хийгээд пивоны шил шидэхийг нь би харсан. Тэгээд Оюунчимэг эгчийн найзууд аваад явсан. Удалгүй баар хаах болоод би найзтайгаа 6, 7 дугаар байрны дунд очсон байхад Оюунчимэг ирээд манай найзтай хэрүүл хийгээд байхаар нь би Ганболдтой зугтаачихсан юм. Тэгээд найзтайгаа хамт 8-р байрны буланд зогсож байхад Оюунчимэг эгч гэнэт Юнителийн цонх, хаалгыг гар хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд би өөрийн найз Ганболдтой очиж болиулаад манай найз Ганболд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/,

7. Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9 хуудас/,

8. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын үнэлгээний комиссын 2017 оны 03-р сарын 13-ны өдрийн 33 дугаартай “...цонхны шил 1 ширхэг нэг бүрийн үнэ 28 000... Цонхны шил 1 ширхэг нэг бүрийн үнэ 28 000... Хаалганы нимгэн хөнгөн цагаан материалтай төмөр 1 ширхэг нэг бүрийн үнэ 28 000... Юнителийн цагийн хуваарийн самбар 1 ширхэг нэг бүрийн үнэ 15 000... нийт үнэ 99 000...” гэх акт /хх-ийн 23 хуудас/,

9.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Оюунчимэгийн өгсөн “...2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хуучин ажлынхантайгаа мартын баяр тэмдэглээд зүс таних 2 залуутай тааралдаад маргалдаад араас нь явж байгаад тийшээ орсон гэж бодоод хаалгыг нь эвдэж цонхыг нь хагалсан. Миний хайж явсан тэр 2 залуу дараа нь гарч ирээд цагдаа дуудсан юм шиг байна лээ. Цагдаа ирээд намайг үйлдэл дээр минь барьж авсан. Хохирлоо бүрэн барагдуулсан... Алдаагаа ухамсарлаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Д.Оюунчимэгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид 99 000 төгрөгийн /хх-ийн 23 хуудас/ хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн болох нь хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булганчимэг тус шүүхэд ирүүлсэн “...шүүгдэгч нь манай байгууллагыг хохиролгүй болгосон тул ямар нэгэн гомдол санал байхгүй...” /хх-ийн 90 хуудас/ гэх хүсэлт зэргээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Оюунчимэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, ял хүндрүүлэх нөхцөл байдалд Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэргийг тус тус тооцов.   

Дээрх байдлуудыг дүгнэхэд шүүгдэгч Д.Оюунчимэгт Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Оюунчимэг нь 2015 оны 10-р сарын 07-ны өдөр хүү У.Тэмүүжинг төрүүлсэн /хх-ийн 68 хуудас/ бөгөөд хүү У.Тэмүүжин нь эх Д.Оюунчимэгийн асрамжид өсөн бойжиж байна.

Шүүгдэгч Д.Оюунчимэгийн гурав хүртэлх насны хүүхдээ өсгөн бойжуулж байгаа байдлыг харгалзан үзээд түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй байна.

     Шүүгдэгч Д.Оюунчимэг нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.

    

     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Долгорсүрэнгийн Оюунчимэгийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оюунчимэгийг 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оюунчимэгт оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

     4. Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оюунчимэгт 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулж энэ хугацаанд ялтанд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

     5. Шүүгдэгч Д.Оюунчимэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдсугай.

     6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     7. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Оюунчимэгт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           
           

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    А.НАРАНТУЯА