Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 243

 

Б.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаар цагаатгах тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаар магадлалтай, 1719001160105 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 5-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Бууралшагай овогт Б.Г нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруугүйд тооцож, Б.Г-ийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгон прокурорт буцааж, хохирогч Ц.Дашдорж нь хохирлоо холбогдох этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 15 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хохирогч Ц.Дашдорж мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэснийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ яллах талын нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн талаар тодорхой няцаалт өгч чадаагүй гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Б.Г-ийг цагаатгахдаа хэрэгт авагдаагүй баримтуудад тулгуурласан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Дорноговь аймгийн прокурорын газраас Б.Г-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дэлгэрэх сумын цагдаагийн байранд иргэн Ц.Дашдоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх нь хохирогч Ц.Дашдоржийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй, мөн шүүгдэгч Б.Г нь хохирогч Ц.Дашдоржийн биед гэмтэл учруулсан нь эргэлзээтэй гэсэн үндэслэлээр, шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй гэх үндэслэл бүхий дүгнэлт хийж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН