Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2017/0208

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Н.Галцог, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Дашравдан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1075 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Н.Галцогийн нэхэмжлэлтэй, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1075 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан Цаг уур, орчны шинжилгээний газрын Удирдлага төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагч болон Санхүү, аж ахуйн хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагчийн хэнийг нь томилохыг хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулсан захиргааны шинэ акт гаргах хүртэл Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай дугаар А/81 тоот тушаалын 2 дугаар хавсралтын 17 буюу Н.Галцогт холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хоёр сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус баримтлан “Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” А/81 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 1-ийг буюу Н.Галцогт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан “Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай”  А/81 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын нэхэмжлэгч Н.Галцогт холбогдох хэсгээс бусад хэсгийг хүлээн авахаас татгалзаж, тус хүлээн авахаас татгалзсан шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга нь энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдээр сонгон шалгаруулалт явуулах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг зааж,

5 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Цаг уур, орчны шинжилгээний газрын Удирдлага төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагч болон Санхүү, аж ахуйн хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагчийн хэнийг нь томилохыг хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулсан захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон хоёр сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” А/81 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 17 буюу Н.Галцогт холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Нацагдорж овогтой Галцог нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/32 дугаартай “Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” тушаал, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшингийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” тушаалууд нь хууль зөрчсөн, үндэслэл муутай, тухайн байгууллага, төрийн албан хаагчдыг ажлаас халах, өөрчлөх зорилготой гарсан тушаал гэж үзэж, шалтгаангүйгээр ажлаас чөлөөлж, хуулийн дагуу зөвшөөрөөгүй байхад өөр ажилд томилон, цалин хөлс бууруулсан гэж үзэж, энэхүү хууль бус тушаалаар үндэслэлгүй ажил, албан тушаалаас чөлөөлж байгаа нь төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх зарчимд нийцэхгүй байгаагаас гадна тангараг өргөсөн төрийн албан хаагч би хохирсон учраас нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Н.Галцог миний бие нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1075 тоот шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй” гэснийг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд шүүх хуралдаан завсарлаж, шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан юм. Энэ тухай шүүгчийн захирамж гарна, энэ захирамжид гомдол гаргах уу хэмээн шүүгч асуусан нэхэмжлэгч тал гомдол гаргахгүй гэсэн. Учир нь хэргээ түргэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан. Гэтэл шүүхийн шийдвэрийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гардаж авах үед энэ захирамж гараагүй байсан. Шүүхийн туслахаас асуухад шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтаар энэ асуудлыг шийдвэрлэсэн гэж хэлсэн. Шүүх хуралдаан дээр шийдвэрлэсэн гомдол гаргах эрхтэй шүүгчийн захирамж гаргасан гэж шүүгч хэлсэн мөртлөө энэ эрхийн актыг гаргаагүйгээрээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан “Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” А/81 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Н.Галцогт холбогдох хэсгээс бусад хэсгийг хүлээн авахаас татгалзаж, тус хүлээн авахаас татгалзсан шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэжээ. Гэтэл дээр дурдсан ёсоор эрхийн тусдаа акт гаргах ёстой байсан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1075 дугаартай шийдвэрийн Үндэслэх хэсгийн Хүлээн авахаас татгалзсан нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Н.Галцог нь шүүх хуралдаан дээр “Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” А/81 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Шүүх нэхэмжлэгч рүү чиглээгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй үндэслэлээр буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр тус газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэсэн болно. Учир нь “Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” А/81 тоот тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь нэхэмжлэгч рүү чиглэсэн болохоос биш уг тушаалын бусад хэсэг нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй байна” гэсэн байна. Энэхүү тушаал нь бүхэлдээ хууль зөрчсөн байгааг хурал дээр олон талаас нь тайлбарласан болно.

3. Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг зөрчсөн нь хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн тайлбар өгснөөс харагдана. Захиргаа хамтын ажиллагааны хэлтэс, Санхүү удирдлагын хэлтсийг нийлүүлээд Удирдлага төлөвлөлт, санхүү хамтын ажиллагааны хэлтэс болгосон ба энэ шинэ албан тушаал дээр одоог хүртэл хүн томилоогүй, хуучин Санхүү удирдлагын хэлтсийн дарга өөрөө байгууллагаас гараад өөр ажилд шилжсэн гэдгийг хариуцагч өөрөө шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөөр атал нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй болно.

4. Мөн түүнчлэн албан тушаал өөрчлөгдсөнөөр цалин буурсан бөгөөд энэ тухай хохирсон нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан юм.

Эдгээрийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Н.Галцогийн “Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” тушаалын Н.Галцогт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлээд гаргасан 1075 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6, 30 дугаар зүйлийн 30.3.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар: “Цаг уур, орчны шинжилгээний газрын Удирдлага, төлөвлөлт, санхүү хамтын ажиллагааны хэлтсийн даргын алба тушаалд Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагч болон Санхүү, аж ахуйн хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагчын хэнийг нь томилохыг хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулсан захиргааны шинэ акт гаргах хүртэл Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” тушаалын 2 дугаар хавсралтын 17 буюу Н.Галцогт холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хоёр cap хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэжээ.

Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ: 1. “Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга болон Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга гэсэн хоёр орон тоог цөөрүүлж, Удирдлага, төлөвлөлт, санхүү хамтын ажиллагааны хэлтсийн дарга гэсэн нэг орон тоог бий болгосон байна” гэж дүгнэжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/32 дугаар тушаалаар батлагдсан Цаг уур, орчны шинжилгээний газрын зохион байгуулалтын бүтцээр тус газрын хэлтсийг нэгтгэх, албадын нэр өөрчлөх зохион байгуулалт хийгдэж, дарга, дэд дарга, 5 хэлтэстэй байхаар зохион байгуулагдсан. Энэхүү бүтцийн өөрчлөлтөөр Захиргаа, хамтын ажиллагаа болон Санхүү, аж ахуй гэсэн 2 хэлтсийг нэгтгэж Удирдлага, төлөвлөлт, санхүү хамтын ажиллагааны хэлтэс болгосон нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Санхүү, аж ахуйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Б\41 дугаар тушаал, “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” А/81 дүгээр тушаалыг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан нь хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байна.

Сайдын 2014 оны 1/5972 тоот дүгнэлт, зөвлөмж, 2016 оны А/32 дугаар тушаал болон Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны А/81 дүгээр тушаалаар батлагдсан зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр Захиргаа, хамтын ажиллагааны болон Санхүү, аж ахуйн хэлтсийн үндсэн үүрэг, чиг үүргийг Удирдлага, төлөвлөлт, санхүү хамтын ажиллагааны хэлтэс хэрэгжүүлэх, хэлтсийн даргын чиг үүргийг газрын дэд дарга эрхлэн хэрэгжүүлэхээр зохион байгуулсан нь орон тоог шинээр бий болгох бус харин дэд даргын ажлын ачаалал нэмэгдэж, түүний албан тушаалын нэрийг “газрын дэд дарга бөгөөд хэлтсийн дарга” гэж нэрлэх өөрчлөлтийг батлагдсан төсөв, бүтцийн хүрээнд хэрэгжүүлсэн нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4 дэх заалттай нийцсэн, хууль зөрчөөгүй байхад шүүх “Удирдлага, төлөвлөлт, санхүү хамтын ажиллагааны хэлтсийн дарга гэсэн нэг орон тоог бий болгосон байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2. Захиргаа, хамтын ажиллагааны хэлтэс болон Санхүү, аж ахуйн хэлтэс, мөн хэлтсийн дарга нарын үндсэн үүрэг, хэрэгжүүлэх чиг үүрэг, үйл ажиллагаа нь өөр хоорондоо адилгүй ажил, албан тушаал болох нь Сайдын 2015 оны А/77 дугаар тушаал, ажлын байрны тодорхойлолт бичгийн баримтаар нотлогдож байхад шүүх Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга болон Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга гэсэн хоёр орон тоог цөөрүүлсэн гэж дүгнэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэг, Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрүүлсэн гэж үзэх үндэслэлд хамаарах боломжгүй байна.

3. Сайдын 2016 оны А/32 дугаар тушаал, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны А/81 дүгээр тушаал гарч Цаг уур, орчны шинжилгээний газрын зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийг “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан”-тай адилтган үзэж, “Захиргаа, хамтын ажиллагааны хэлтэс болон Санхүү, аж ахуйн хэлтэс”-ийг нийлүүлж “Удирдлага, төлөвлөлт, санхүү хамтын ажиллагааны хэлтэс”-ийг байгуулсан байна”гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь хэсэг, Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.

4. Шүүх “Захиргаа, хамтын ажиллагааны хэлтэс болон Санхүү, аж ахуйн хэлтсийн даргын чиг үүрэг нэгтгэгдэн “Удирдлага, төлөвлөлт, санхүү хамтын ажиллагааны хэлтсийн даргын чиг үүрэгт хэвээр хадгалагдан үлдсэн нь... хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна” гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт: “... чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол... тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж 2 өөр тохиолдлыг хуульчилжээ. Гэтэл шүүх хуулийн дээрх 2 тохиолдлын аль алин нотлогдсон өөрөөр хэлбэл 2 хэлтсийг нийлүүлсэн, хэлтсийн даргын чиг үүрэг хадгалагдан үлдсэн, хэлтсийн даргын орон тоог цөөрүүлсэн, 1 орон тоо бий болгосон гэж өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлтүүдийг хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

5. Н.Галцогийг албан тушаал бууруулж томилсон тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8.3.4, 8.3.5 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн, хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Н.Галцог нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу батлагдсан Удирдлага, төлөвлөлт, санхүү хамтын ажиллагааны хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлэхэд мэргэжил, мэргэшлийн хувьд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа билээ. Иймд түүнийг шууд болон шалгаруулан томилох боломжгүй учраас өөртэй нь зөвшилцөж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангаж, улмаар тухайн албан тушаалын чиг үүргийн дагуу мэргэшүүлэх зорилгоор 3 сарын хугацаатай дадлагажуулах хөтөлбөр гарган хэрэгжүүлж, түүний цаашид ажиллах баталгааг ханган ажилласан.

Шүүх “Хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга нь Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагч болон Санхүү, аж ахуйн хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагч гэсэн зөвхөн хоёр албан тушаалтныг дараах шалгуур үзүүлэлтүүдээр шалгаруулсан шийдвэр буюу захиргааны шинэ актыг гаргасны дараа нэхэмжлэгчийг ямар албан тушаалд томилохоо шийдвэрлэх нь зүйтэй” гэж 6 шалгуур үзүүлэлтийг зааж шийдвэрлэжээ.

Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт “...томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авна”, мөн энэхүү заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2010 оны 33 дугаар тогтоолд: “...эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон комиссын дүгнэлтийг үндэслэх...”, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд газрын дарга хэрэгжүүлэхийг хуульчилсан байна. Нэгэнт хууль тогтоомжид тусгайлан зохицуулж хуульчилсан асуудалд шүүх “...дараах 6 үзүүлэлтээр шалгаруулалт явуулах, шийдвэр гаргах...”-ыг зааж шийдвэрлэсэн нь байгууллагын дотоод үйл ажиллагааг хэтэрхий заасан, байгууллагын даргын хуульчилсан бүрэн эрхийг хязгаарласан, хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон байна.

7. Анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1075 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “нэхэмжлэлийн Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын 1-ийг буюу Н.Галцогт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа 3 дахь заалтаар уг тушаалын Н.Галцогт холбогдох хэсгээс бусад хэсгийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг зөрчсөн байна.

8. Анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 20-ны өдрийн 1075 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 4 дах заалтад “...энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан, хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдээр сонгон шалгаруулалт явуулах замаар энэ шийдвэрийг биелүүлсүгэй” гэжээ.

Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагч болон Санхүү, аж ахуйн хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагч гэсэн зөвхөн хоёр албан тушаалтныг дараах шалгуур үзүүлэлтүүдээр шалгаруулах”-аар заасан. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэр нь 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн, Санхүү, аж ахуйн хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан Л.Эрхэмбаярыг шалгаруулалтад заавал оролцуулахаар шийдвэрлэсэн нь түүний эрхийг хөндсөн, биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Н.Галцогийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 43 дугаар зүйлийн 43.3, 107 дугаар зүйлийн 107.4, 107.5, Төрийн албаны хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 8 дугаар зүйлийн 8.3, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтад хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1075 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.Галцог нь анх “Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” А/81 дүгээр тушаалын Н.Галцогт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс  нэхэмжлэлийн шаардлагаа “2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилох, тушаал гарснаас хойших 3 сарын хугацаан дахь цалингийн зөрүүг гаргуулах, тус маргаантай холбоотой нэхэмжлэгчийн 12 дугаар сарын цалинг олгохгүй байгаа учир цалинг олгуулах” гэж нэмэгдүүлж, тодруулжээ. Уг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/77 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Цаг уур, орчны шинжилгээний газрын бүтцийг баталсан бөгөөд энэ бүтцээр Захиргаа, хамтын ажиллагааны хэлтэс болон Санхүү, аж ахуйн хэлтэс хоёр тусдаа хэлтэс байсан ба Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар Н.Галцог ажиллаж байжээ.

Үүний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/32 дугаар тушаалаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/77 дугаар тушаалыг хүчингүй болгож, уг А/32 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Цаг уур, орчны шинжилгээний газрын бүтцийг шинэчлэн баталж, Захиргаа, хамтын ажиллагааны хэлтэс болон Санхүү, аж ахуйн хэлтсийг нийлүүлж, Удирдлага, төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийг байгуулсан байна.

Дээрх А/32 дугаар тушаалыг үндэслэж гарсан Цаг уур, орчны шинжилгээний гарын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” А/81 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар нэхэмжлэгч Н.Галцогийг Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга /ТЗ-9/-ын албан тушаалаас чөлөөлж, тушаалын 2 дугаар хавсралтаар нэхэмжлэгчийг Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн /ТЗ-7/-ий албан тушаалд томилжээ.

Нэхэмжлэгч дээрх тушаалыг улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх А/81 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 17 буюу Н.Галцогт холбогдох хэсгийг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, тушаалын 1 дүгээр хавсралтын 1-ийг буюу Н.Галцогт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, А/81 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагын Н.Галцогт холбогдох хэсгээс бусад хэсгийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “...Санхүү, аж ахуйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/41 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” гэжээ. Иймд Удирдлага, төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагч болон Санхүү, аж ахуйн хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагчийн нэгийг нь томилохыг хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулсан захиргааны шинэ акт гаргах боломжгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болохоор байна.

 Иймд Санхүү, аж ахуйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг ажлаас чөлөөлсөн эсэхийг тодруулж, хэрвээ чөлөөлсөн бол дээрх тушаалыг нотлох баримтаар авах нь зүйтэй. Мөн Удирдлага, төлөвлөлт, санхүү хамтын ажиллагааны хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт[1], Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/32 дугаар тушаал, түүний хавсралт, болон хэргийн оролцогч нарын тайлбараас үзэхэд Цаг уур, орчны шинжилгээний газрын орон тоо хэрхэн ямар хэлбэрээр батлагдсан нь тодорхойгүй, Цаг уур, орчны шинжилгээний газрын дэд дарга болон Удирдлага, төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн даргын орон тоо тусдаа эсэх, тус газрын дэд даргын ажлын чиг үүрэг тодорхойгүй байна. Үүнийг тодруулж, тус газрын дэд даргын ажлын байрны тодорхойлолт болон холбогдох бусад баримтуудыг цуглуулах нь хэргийг нэг мөр, эргэлзээгүй, үнэн зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд “шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд шүүх хуралдаан завсарлаж, шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан, шүүх хуралдаан дээр шийдвэрлэсэн гомдол гаргах эрхтэй шүүгчийн захирамж гэж шүүгч хэлсэн мөртлөө энэ эрхийн актыг гаргаагүйгээрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, тусдаа эрхийн акт гарах ёстой байсан” гэжээ.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Ингэж шийдвэрлэхдээ шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, нэхэмжлэгчээс гомдол гаргах эсэхийг асуухад нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар “Гомдол гаргахгүй” гэжээ. Иймд шүүх хуралдааныг үргэлжлүүлж, шүүхийн шийдвэр гарсан байх бөгөөд уг шийдвэрийн 3 дахь заалтад энэ тухай тусгажээ.

Нэгэнт анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж шийдвэр гаргасан, шийдвэрт гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэж буй энэ тохиолдолд тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн захирамжийг давж заалдах шатны шүүх хянах боломжгүй.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилох, тушаал гарснаас хойших 3 сарын хугацаан дахь цалингийн зөрүүг гаргуулах, тус маргаантай холбоотой нэхэмжлэгчийн 12 дугаар сарын цалинг олгохгүй байгаа учир цалинг олгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийж, шийдвэрлээгүй,  мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн байх бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан. Анхан шатны шүүх хуульд заасан үүргээ хэрэгжүүлэлгүй, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулахгүйгээр хэргийн эцэслэн шийдвэрлэсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1075 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч болон хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:      

                                    ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

                                    ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

                                    ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР


[1] ХХ-ийн 98-100 дугаар хуудас