Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1024

 

 

 

 

 

 

 

     

   2024            09             20                                              2024/ШЦТ/1024

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

**** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учрал,

улсын яллагч А.Намдаг(томилолт),

хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбат,

шүүгдэгч О.****, өмгөөлөгч Ж.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

**** дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт О.****ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 2308019592076 дугаар хэргийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** овогт **** **** (регистрийн дугаар:****), **** оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, ****, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, эхнэр, хүүхдийн хамтаар **** дүүргийн **** дүгээр хороо **** хороолол **** дугаар байрны **** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Хэргийн товч агуулга: О.**** нь  2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн орчимд “****” загварын автомашины бензин насосыг зориулалтын бус аргаар ажиллуулах үед масс үүсгэний улмаас болгоомжгүйгээр гал гарч **** дүүргийн **** хороо **** **** гудамжны ****од байрлах авто засварын газар шатаж А.**** 85.241.400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

1.1 Шүүх хуралдаанд шүүгдэгч О.**** мэдүүлэхдээ ”... Ээжтэй нь хамт сэлбэг зардаг байж байгаад ээжээр нь дамжуулж танилцаад очиж ажилтнаар бүртгүүлээд засвар үйлчилгээг нь хариуцаж 2023 оны 03-р сараас эхэлж ****гийн грашид ажилласан. Өөрийн санамсар болгоомжгүй байдлаас болоод гал алдсандаа харамсаж байна. Гэм бурууг ойлгож байгаа. ****тэй одоо хамтарч ажилласан хэвээр, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 791 дүгээр яллах дүгнэлт болон хавсралтад тусгагдсан баримт(хавтас хэргийн 7-14, 20, 22, 24, 26, 30, 32, 34, 52-53, 165-166, 185-188 дугаар хуудас),

- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “О.****ын хувийн байдалтай холбоотой баримтууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хохирогч А.****гийн 3 дахь удаа өгсөн мэдүүлэг, Тэргүүн үнэлгээ ХХКомпанийн хөрөнгийн үнийн магадлагаа (хавтас хэргийн 78-81, 83, 108, 185 дугаар хуудас),

- Хохирогчийн өмгөөлөгчөөс “улсын яллагчаас шинжлэн судлуулах баримтуудтай давхардаж байна,

- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах баримт байхгүй” гэцгээв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч О.**** нь  2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн орчимд “****” загварын автомашины бензин насосыг зориулалтын бус аргаар ажиллуулах үедээ масс үүсгэн улмаар болгоомжгүйгээр гал гарч **** дүүргийн **** хороо **** **** гудамжны ****од байрлах авто засварын газар шатаж хохирогч А.**** 85.241.400 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- 2024 оны 06-р сарын 12-ны өдрийн мөрдөгчийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтас хэргийн 7-14 дүгээр хуудас),

- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч А.****гийн “...2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн үед **** дүүргийн **** хороо **** **** гудамжны ****од байрлах авто засвар дээрээ байж байхад манай хажуу талын жижиг грашийг түрээслэдэг **** хүрч ирээд “машины бензин дуусчихлаа 5 литр бензин өгөөч” гэхээр нь “ав” гэж хэлсэн. **** нь манай засварчин ****ыг гуйгаад миний **** улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгслээс ****, ****, **** нар бензин авах гэж байгаад гал алдаж манай граш болон грашид байсан 2 ширхэг автомашин, 25-30 орчим сая төгрөгийг сэлбэг шатсан. Миний бодлоор автомашины банкнаас бензин авахдаа бензин ноцосыг ажиллуулахын тулд тог өгдөг юм тэгээд тухайн залуучууд тог өгөх гэж байгаад маслуулаад гал алдсан байх. Манайх аюулгүй ажиллагааны зааварчилгааг өдөр бүр өгч гарын үсэг зуруулсан байсан. Бас гал түймэр унтраах хэрэгсэл 2 ширхгийг граш дотор байрлуулсан, дүүргийн онцгой байдлын газраар галын дүгнэлт гаргуулж байсан...гал гарахад хяналтын камер шатсан. Шатсан хэсгийг засварлах ямар ч боломжгүй болсон учраас бүгдийг сольж шинээр барьсан. Хохирол мөнгөө гаргуулж авмаар байна...О.****тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 20, 22, 24, 165-166 дүгээр хуудас),

-  гэрч Б.**** “...2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн үед өөрийн ажиллуулдаг засварын газарт байж байхад гаднаас **** ороод ирэхээр нь “найздаа 5 литр бензин өгч байгаач энэ машиныг асаах гэсэн чинь бензин нь дуусчихсан байна” гэж хэлсэн чинь “миний приус-30 машинаас авчих” гэхээр нь ****гийн засварчин **** дээр очоод “би бензин авч чадахгүй чи аваад өгчих, чиний энэ хийж байгаа эйр кондишинг чинь цэнэглэе” гээд хэлсэн чинь “тэгье, тэгье” гээд **** гээд нэг засварчиндаа хэлээд ****, **** 2 бензин авах гээд тухайн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл рүү орсон. Тэгээд би тухайн кондишинийг цэнэглэж дуусаад нөгөө хоёр залуу руу очсон чинь бензин насос дээр нь тог өгөөд байж байхаар нь “наадах чинь ингэж маслаад байвал гал гарна шүү дээ” гэж хэлсэн чинь “угаасаа ингэж авдаг ш дээ” гэж хэлсэн чинь л шууд гал гарсан...О.**** нь бензин насост тог өгөх гэж байгаад мааслуулаад гал алдсан...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 26 дугаар хуудас),

- гэрч О.**** “**** дүүргийн **** хорооны нутагт дэвсгэрт хувиараа авто машины засвар үйлчилгээ хийдэг. 2023 оны 06-р сарын 12-ны өдөр ****гээс автомашин худалдан авах зорилгоор **** дүүргийн 40-р хороо Баянхошуу 38-4 тоот засвар дээр ирсэн. Тэгсэн **** гэх залуу орж ирээд “энэ приус-30 маркийн автомашинаас 5 литр бензин аваад өгөөч” гэхээр нь би ”чадахгүй” гэж хэлсэн чинь **** гэх залуу “олон жил авч байлаа ингэж авдаг юм” гээд банкнаас нь бензин авах гэж байгаад нэмэх хасах утсыг мааслуулаад гал гарсан. Тухайн авто засвар дотор хуучин засвар үйлчилгээ хийж байсан Приус-30, Акуа маркийн тээврийн хэрэгсэл 2 ширхэг, авто машины сэлбэг, түлхүүр багаж зэрэг эд зүйл байсан...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 30 дугаар хуудас),

            - гэрч Н.**** “...тухайн авто засварын ойролцоо өөрийн машиндаа засвар хийж байсан. ****гийн авто засвар дээр очсон чинь гал гарсан байсан. Тухайн засвар дотор ****, ****, **** нар байсан. Би ****гийн гар утас руу залгаад засвар дээр чинь гал гараад байна гэж хэлсэн. Хэн нь гал гаргасан талаар мэдэхгүй дотор нь байсан Приус-30, Акуа зэрэг 2 тээврийн хэрэгсэл, автомашины сэлбэг байсан...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 32 дугаар  хуудас),

- Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч ахлах дэслэгч Г.**** 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 266/862 дугаартай “...хэргийн газрын үзлэг, материал зэргээс үзэхэд гал гарсан шалтгаан нь зориулалтын бус аргаар Приус-30 маркийн автомашины бензин насосыг ажиллуулах үед масс үүсгэсний улмаас гал түймэр гарахад хүргэсэн байх үндэслэлтэй байна. Гал түймрийн голомт нь Приус-30 маркийн автомашинаас үүсвэрлэн гарч цаашид шатах материалаар дамжин тархсан байна” гэсэн дүгнэлт (хавтас хэргийн 52-53 дугаар хуудас),

- “Тэргүүн үнэлгээ” ХХКомпанийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 24/009 дугаартай “...авто машины эд анги, сэлбэг, багаж хэрэгсэл, 2 ширхэг автомашин, сэндвичин байр, лангуу, камер, сейф, гэрэлтүүлэг, ширээ сандал гэх мэт 40 нэр төрлийн нийт 85.241.400 төгрөг” гэсэн хөрөнгийн үнийн магадлагаа (хавтас хэргийн 185-188 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч О.**** нь болгоомжгүйгээр зориулалтын бус аргаар “****” маркийн автомашины бензин насосыг ажиллуулах үед масс үүсгэсний улмаас гал гарч **** дүүргийн **** хороо **** **** гудамжны ****од байрлах авто засварын газар шатаж А.**** 85.241.400 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан устгасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг шинжийг хангаж байна.

Тиймээс шүүгдэгч О.****ын гэм буруутайд тооцуулахаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

1.4 Хохирол, хор уршгийн тухайд

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас…эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохирол тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдийг судалж үзэхэд “Тэргүүн үнэлгээ” ХХКомпань(Монгол Улсад бүртгэлтэй, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, хохирлын үнэлгээ гаргах эрхтэй)-ийн 2023 оны 12-р сарын 15-ны өдрийн 24/009 дугаартай Ч.**** хөрөнгийн үнийн магадлагааг бусад нотлох баримттай харьцуулан судлахад эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шүүхээс хохирлын хэр хэмжээг тогтооход ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримт гэж үнэлж энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.**** учирсан хохирлыг 85.241.400 төгрөгөөр тогтоов. 

Энэхүү магадалгаатай шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.****аас “...А.****гийн авто засварыг хариуцан ажиллуулж байгаа, хохиролд 7.5 сая төгрөгийг шилжүүлсэн. Үлдэх төлбөрийг төлөхөө илэрхийлж байна” гэх мэдүүлэг, хохирогчийн өмгөөлөгчөөс “...шүүх хуралдаан эхлэхээс өмнө хохирогчтой утсаар холбогдож, хохирол төлсөн талаар тодруулахад 7.5 сая төгрөгийг өгсөн, үлдэх төлбөрийг нэхэмжилнэ гэсэн хүсэлтэй” гэсэн тайлбарыг гаргасан.  

Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутайд этгээдээс гаргуулан олгож шийдвэрлэх учиртай тул шүүгдэгч О.****ын төлсөн төлбөрийг хасаж тооцон үлдэх 77.741.400 төгрөгийг гаргуулан хохирогч А.**** олгож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.****д 700.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай”,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй оролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг танилцуулав.  

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас(хавтас хэргийн 83 дугаар хуудас)-аар шүүгдэгч О.**** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал(бусдын эд хөрөнгөд санамсар болгоомжгүйн улмаас гал алдан устгаж хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар(нэг хохирогчид их хэмжээний буюу 85.241.400 төгрөгийн хохирол учруулсан, хохирлоос зарим хэсгийг төлж барагдуулсан), шүүгдэгчийн хувийн байдал (**** төрсөн, ****, эхнэр, бага насны хүүхдийн хамт **** дүүргийн **** дүгээр хороо, **** хороолол ****-**** тоотод байнга оршин суудаг, **** ХХКомпанид улирлын чанартай механик засварчны ажил хувиараа эрхэлдэг, мөн уг авто засварын газартаа ажиллаж байгаа, хийсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон) зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.****д Улаанбаатар хотын **** дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 06 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, хэрвээ уг ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч О.****д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг төдийгүй, мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ шийдвэрлэдэг.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэх эрх байдаг.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс “гэм буруу, хэргийг зүйлчлэл” дээр маргаагүй хүлээн зөвшөөрч оролцсон хэдий боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдаагүй(Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан үндсэн шалгууруудыг хангаагүй), гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал(дээр дурдсан)-д нь тохирох зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс оногдуулсан тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх(өмгөөлөгч)-ээс татгалзаж, торгох ял(улсын яллагч) оногдуулах дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

“Зорчих эрхийг хязгаарлах ял” нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, эсхүл шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох, гэмт этгээдийн чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл бөгөөд төрийн цээрлэл нь тухайн этгээдэд оногдуулсан ялаар дамжин хэрэгжиж дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар шударга ёсны зарчим хангагддаг учраас эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц ялыг оногдуулсан юм.

Эрүүгийн 2308019592076 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.**** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч **** овогт **** ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.****д эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын **** дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг зургаан хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч О.**** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.  

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх  хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.****аас 77.741.400 төгрөгийг гаргуулан хохирогч А.**** олгосугай.

 

5. Эрүүгийн 2308019592076 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.****  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.****д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.БЯМБААБААТАР