Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1048

 

 

 

 

 

 

 

    

     2024            09             26                                               2024/ШЦТ/1048

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж, шүүгч С.Сэржмядаг, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,

иргэдийн төлөөлөгч Ж.Батчимэг, Б.Цэрэнбадам,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *****, өмгөөлөгч П.Аюушжав,

шүүгдэгч *****, өмгөөлөгч С.Болорчулуун нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

***** дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *****г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 2408000000762 дугаар хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ***** овогтой ***** *****(регистрийн дугаар *****), ***** оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, ***** настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хамтран амьдрагчийн хамт ***** дүүргийн ***** дугаар хороо ***** түр оршин сууж байсан(***** аймаг ***** ***** суух хаягийн бүртгэлтэй), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.  

 

Хэргийн товч агуулга: ***** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ***** дүүргийн ***** дугаар хороо, ***** хамтран амьдрагч П.***** маргалдаж, улимаар хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***** мэдүүлэхдээ “2024 оны 05-р сарын 08-ны өдөр найз ***** найз охинтой болсон гэхээр нь уулзаж манайд хоол идэж сууцгаасан. 10-***** цагийн үед явсны дараа надад агсам тавиад зодоод байхаар нь тайвшруулаад унтуулсан. Маргааш нь шартаад байна архи аваад ир гээд байхаар нь би архи авч ирж өгсөн. Намайг уу гээд байхаар нь уусан. Аав руу залгаад хэлэхэд айлын охин битгий цохиж нүдээд бай гэж хэлэхэд дахиж тэгэхгүй гэж хэлж ярьж байсан. Би хүү рүүгээ залгаад хонхны баяр нь хэзээ вэ гэж асуутал нөхөр хүүтэйгээ ярьж яах гэж байгаа юм, хүүгийнхээ аавтай уулзах гэж байгаа юм уу гээд хардаад байсан. Тэгээд хүн хутгалж үзүүлэх үү гээд далайгаад байсан. Би тэр далайсан хутгыг нь аваад ноцолдож байх явцад маш их цус гарсан. Би айсандаа гэдсэнд нь дараад яахаа мэдэхгүй, хаашаа залгахаа мэдэхгүй, эмнэлгийн байгууллага, цагдаагийн байгууллагын дугаар нь толгойд орж ирэхгүй байсан. Ээж рүүгээ залгаад цагдаагийн дугаар орж ирэхгүй байна, би яах вэ гэж асуугаад 103 дугаарын утас руу залгахад авахгүй байсан. Тэгэхээр нь би цагдаагийн газар луу залгасан. Хэсэг хугацааны дараа цагдаа нар ирсэн” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 870 дугаартай яллах дүгнэлт болон хавсралтад тусгагдсан(1 дүгээр хавтас хэргийн 14, 21-26, 28-31, 33-34, 37-38, 51-52, *****7-120, 156-161, 163-169, 173-176, 185-197, 200-202, 207-208, 231-2*****, 240-245 дугаар хуудас),

- Өмгөөлөгч  С.Болорчулуунаас  “*****гийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх мэдээлэл болон дуудлага лавлагааны хуудас,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.***** мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6330 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт, *****гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, ***** аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн шийдвэр (1-р хавтас хэргийн *****-14, 37, 59, 107-108, 2-р хавтас хэргийн 52-53, *****1-*****2 дугаар хуудас),

- Өмгөөлөгч А.Аюушжаваас “улсын яллагчийн шинжлэн судлах баримтуудтай давхардаж байна. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 1821, 796 дугаар дүгнэлтүүд, хохирлын баримт(1-р хавтас хэргийн 12, 185-189, 232-237, 2-р хавтас хэргийн 56-90 дугаар хуудас),

- Шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэцгээв.

1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ***** дүүргийн ***** дугаар хороо, ***** хамтран амьдрагч П.***** хардалтын улмаас маргалдан түүний хэвлий, умдаг, зүүн ташаа хэсэгт хутгалж хэвлийн хөндийг нэвтэрч чацархай, их сэмж гэмтээсэн шархны улмаас цус алдалтын шокоор нас барч хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Дуудлагын лавлагааны хуудас (1хх14),

2. Мөрдөгчийн 2024 он 05 дугаар сарын 09-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх21-26),

3. Цогцост үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх 28-31),

4. Хүний биед үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх33-34),

5. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.***** өгсөн “...талийгаач хүү П.***** ***** оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ***** гэх хүний хоёр дахь хүүхэд болж мэндэлсэн, дээрээ нэг ахтай, ***** аймгийн ***** гол сумын ерөнхий боловсролын сургуулийн ***** дүгээр анги төгсөөд ***** дээд сургуульд элсэн орж суралцаж байгаад 3 дугаар курсээс сургуулиа орхиод мэргэжил эзэмшиж чадаагүй. Хувиараа барилга болон олдсон ажлаа хийж байсан. Сэлэнгэ аймагт уурхайд ажиллаж байгаад уурхай нь зогсоод ажилгүй байсан. Гэр бүлийн байдлын хувьд арван жилийн нэг ангийн эмэгтэйтэй үерхэж байгаад  нэг хүүтэй болсон. Хүү нь ээжийнхээ ээж дээр байдаг. Хамт амьдарч байгаагүй. Тэгээд өөр өөрсдийн зам мөрөө хөөсөн.  2023 оны эхээр ***** гэх эмэгтэйтэй уулзаж эхэлсэн гэж хэлээд авчирч танилцуулсан. 2023 оны 07-р сард нөхөр бид хоёр гэр барьж айл гэр болгож амьдруулсан. Хоорондоо гэрлэлтийн баталгаагүй, дундаасаа хүүхэдгүй...” гэх мэдүүлэг (1хх 37-38),

            6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***** мэдүүлэхдээ “О.Мхүүхэдтэй гэж мэдээгүй, анх танилцуулаагүй. Миний хүү бол хүүхэдтэй, одоо ***** дүгээр ангид сурдаг гэдгийг *****мэднэ. Миний хүүтэй хамт амьдраад хэдхэн сар болсон. Миний хүү хэрцгий зан гаргаад эхнэрээ зодлоо гэж хэлдэггүй. Энэ хоёрын амьдралд би оролцоод байдаггүй. Идэж уух зүйл, мах хоол, хувцас зэрэг явуулдаг. Хэл ам гардаг гэх талаар надад мэдэх зүйл байхгүй, тийм зүйл болдог гэж бодохгүй байна. Миний хүү байхгүй боллоо. Ард үлдсэн бид сэтгэлийн сэвтэй үлдэж байна. Бид оршуулгын зардал, сэтгэл санааны хохирлыг хуульд зааснаар авна гэж бодож байна” гэв.

7. Гэрч Н.***** “...***** дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт цагдаа жолоочоор ажилладаг. 2024 оны 05-р сарын 09-ний өдөр Ачит *****4 дүгээр чиглэлд эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Г.*****ийн хамт үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдрийн 15 цаг 07 минутад ***** дүүргийн *****-р хороо Уулын 3 дугаар гудамж 17 тоотод “Би өөрийн нөхөр *****  31 настай хэвлий хэсэгт хутгалсан, цус алдаад тогтохгүй байна” гэх дуудлага хүлээн авч 4 минутад уг дуудлагад очсон. Тухайн дуудлага мэдээлэлд очиход хашаанд ганц Монгол гэр байсан. Гэрийн хаалгыг дотроос цоожилсон байсан. Хаалгаа гэхэд дотроос нь би нөхрийнхөө цусыг гараараа дарж байна ороод ир гэсэн. Гэрийн хаалгыг татахад хаалганы тээглүүлсэн төмөр хэсэг нь мултарсан. Гэрт ороход эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан, өөр хүн байгаагүй. Монгол гэрийн баруун талд байх буйдангийн орон дээр толгой хэсэг нь хаалга рүү харсан, баруун талаараа хажуулдан хэвтсэн, хэвлий хэсгээс их хэмжээний цус алдсан, хамт байсан эмэгтэй нь тухайн залуугийн хэвлий хэсгийг гараараа дараад би алчихсан уу гээд орилоод байсан. Ахмад Г.***** тухайн залуугийн гүрээний судсыг дарж үзэхэд нас барсан байсан. Хамт байсан эмэгтэйгээс юу болсон талаар суухад /сүүлд нэрийг нь мэддэг болсон *****/ П.***** хамт 1 шил архи хувааж уусан. Тэгээд нөхөртэйгөө маргалдсан, нөхөр намайг зодсон, өөрийнхөө хэвлийд нэг удаа хутгалахаар нь би ингэж байхаар үхээд өг гэж хэлээд хутгыг нь аваад хэвлий буюу бөөр рүү нь хутгалсан гэж хэлсэн. Ойртоход архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан...” гэх мэдүүлэг (1хх51-52),

  8.  Гэрч Д.***** “...2024 оны 05-р сарын 09-ний өглөө залгаж ярих үедээ гэртээ очмоор байна гэж хэлсэн. Хүрээд ирээч гэхэд намайг аав ээж дээрээ очуулна гээд байгаа гэж хэлсэн. Тэгээд утас нь салсан. Түүний дараа 14 цагийн үед ***** нэлээн сандарсан байдалтай залгаад ээжээ би баларсан *****г хутгалчихлаа, би одоо яана гэхээр нь түргэн дуудаач гэхэд түргэн яаж дууддаг юм гэхэд 103 гээд залга гэж хэлэхэд утсаа салгасан, дахиж утсаар ярьж чадаагүй...” гэх мэдүүлэг (1хх207-208),

                9. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Б.Баясгалангийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1769 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн дотоожинд үүссэн 22 мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт, 20 мм, 15 мм хэмжээтэй гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна...” гэх дүгнэлт (1хх*****7-120),

                10. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын ДНХ-ийн лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч Л.Алтанцэцэгийн:

                - 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2947 дугаартай “...амь хохирогч П.*****гээс бэхжүүлж авсан гэх баруун гарын ядам хурууны хумс, зүүн гарын дунд хурууны хумс, баруун, зүүн гарын алганаас авсан гэх арчдас дээр цус илэрсэн, биологийн бусад ул мөр илрээгүй. Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 2951 дугаартай дүгнэлт дээр дурдсан ИБ4521 дугаартай ***** гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно. Амь хохирогч П.*****гээс бэхжүүлж авсан гэх баруун, зүүн гарын арчдас дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 2951 дугаартай дүгнэлт дээр дурдсан ИБ4521 дугаартай ***** гэх хатаан бэхжүүлсэн цус, 2950 дугаартай дүгнэлт дээр дурдсан ***** гэх завжны арчдасны ДНХ-ийн тогтоцтой тохирно...” гэх дүгнэлт (1хх156-161),

                   - 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2949 дугаартай “...*****гаас бэхжүүлж авсан гэх баруун, зүүн гарын арчдас, баруун гарын дунд, чигчий хурууны хумс, зүүн гарын дунд, ядам хурууны хумс дээр цус илэрсэн, биологийн бусад ул мөр илрээгүй. Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 2950 дугаартай дүгнэлт дээр дурдсан ***** гэх завжны арчдас, 2951 дугаартай дүгнэлт дээр дурдсан ИБ4521 дугаартай ***** гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно...” гэх дүгнэлт (1хх163-169),

                   - 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2946 дугаартай “...Бор шаргал өнгийн иштэй хутга дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо ***** гэх завжны арчдасны ДНХ-ийн тогтоцтой тохирно...” гэх дүгнэлт (1хх 173-176),

*****. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1821 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “...Талийгаач П.***** нь хэвлийн хөндийг нэвтэрч чацархай, их сэмжийг гэмтээсэн шархны улмаас цочмог цус алдаж цус алдалтын шокоор нас баржээ. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Хэвлийн урд хананд хэвлийн хөндийг урдаас арагш зүүн дээрээс баруун доош чиглэлтэй нэвтэрч, чацархай, их сэмжийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, умдаг, зүүн ташаанд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн зүйлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Цусанд 2.4, шээсэнд 2.3, цөсөнд 2.2 промилли спиртийн зүйл илэрсэн. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Цусанд 2.4 промилли спиртийн зүйл илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1хх185-197),

12. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч О.*****, Б.*****, Я.***** нарын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 561 дугаартай “...***** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ***** нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох, хэрэг хариуцах чадвартай байна. ***** нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй. ***** нь хохирогчийн хууль бус ажиллагааны улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх сэтгэцийн байдал тогтоогдохгүй байна. ***** нь тухайн хэрэг явдал болох үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба энгийн согтолттой байсан байна. ***** нь сэтгэцийн цочрол, саатал, хямралд орсон гэх сэтгэцийн байдал тогтоогдохгүй байна..” гэх дүгнэлт (1хх200-203),

13. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээч эмч Т.*****, Б.*****, Б.***** нарын 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 796 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр  “...2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1821 дугаартай шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүдийн бүгдийг тусгасан байна. Амь хохирогчийн учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Хүйсний баруун дээд хэсэгт 7.0 см зайд 1.5x0.5 см хэмжээтэй зах ирмэг тэгш, хүйсний нүхнээс зүүн дээр 2.0 см зайд 1.5x0.5 см хэмжээтэй зах ирмэг тэгш шарх, умдгийн зүүн хэсэгт 1.5x1.0 см хэмжээтэй зах ирмэг тэгш шарх, зүүн ташаанд 2.5x1.0 см хэмжээтэй зах ирмэг тэгш зүсэгдсэн шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн дөрвөн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Амь хохирогчийн биед үүссэн дээрх гэмтлүүдийг өөрийн гар хүрч болох хэсэгт үүсгэж боломжтой ба хүний хүчний үйлчлэлийн аль алинаар нь үүсгэгдэх боломжтой. Амь хохирогч дээрх чацархай, их сэмжийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархнаас алдаж байгаа цусны хэмжээнээс хамаарч цус алдалтын шоконд орох хугацаа харилцан адилгүй байх ба шоконд орох хүртэл өөрийн ухамсарт үйл хөдөлгөөн хийх боломжтой. Зүүн ташааны 2.5x1.0 см хэмжээтэй зах ирмэг тэгш зүсэгдсэн шарх гэмтэл нь эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь амь хохирогчийг цочмог цус алдалтанд оруулж үхлийн шалтгаан болсон тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Амь хохирогчид үүссэн хүйсний баруун дээд хэсэгт 7.0 см зайд 1.5x0.5 см хэмжээтэй зах ирмэг тэгш, хүйсний нүхнээс зүүн дээр 2.0 см зайд 1.5x0.5 см хэмжээтэй зах ирмэг тэгш шарх, умдгийн зүүн хэсэгт 1.5x1.0 см хэмжээтэй зах ирмэг тэгш шарх гэмтлүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлсөн ба гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Амь хохирогчид эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ нэн даруй үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой байна...” гэх дүгнэлт (1хх231-237) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч ***** нь шууд санаатай үйлдлээр, амь хохирогч П.*****гийн хэвлий, умдаг, зүүн ташаа хэсэгт хутгалж, хэвлийн хөндийг нэвтэрч чацархай, их сэмжийг гэмтээсэн шархны улмаас цус алдалтын шокоор нас барсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг шинжийг хангажээ. 

Нөгөөтээгүүр шүүгдэгч ***** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн хоорондоо шалтгаант холбоотой, амь хохирогчийг зэвсэг хэрэглэн алсан үйлдэл хангалттай тогтоогдсон, хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл нь тохирсон тул шүүгдэгч *****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж Шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчдөөс “*****г согтууруулах ундааны зүйл хэрэг хэрэглэсэн үедээ нөхөртэйгөө маргалдан, хүчирхийллийн улмаас хутгаар санамсаргүй байдлаар хутгалж алсан. Гэмт хэрэг үйлдэхдээ хүчирхийлэлд байсан...” гэх дүгнэлтийг танилцуулсан.

Хавтаст хэрэгт авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч эмчийн 561 дугаар дүгнэлтэд “***** нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй, Хохирогчийн хууль бус ажиллагааны улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх сэтгэцийн байдал тогтоогдоогүй”, *****гийн биед учирсан гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанаас 2-4 хоногийн өмнө учирсан талаар шинжээч эмч Д.Дунгаамаагийн 2024 оны 05-р сарын 15-ны өдрийн 6330 дугаартай  дүгнэлт(1хх107-108)-ээр, мэдээлэл шуурхай удирдлагын төвд *****, П.***** нартай холбоотой дуудлага мэдээлэл бүртгэгдэж байгаагүй(1хх15,18) зэргээс үзэхэд амь хохирогчийн зүгээс байнгын сэтгэл санааны дарамт учруулдаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдэгдэх үедээ сэтгэцийн хямралд орсон шинж тэмдэг илрээгүй тул иргэдийн төлөөлөгчдийн дүгнэлт үгүйсгэгдэн няцаагдсан, харин гэмт хэрэг гарсан талаарх дүгнэлт нь шүүхийн шийдвэртэй зөрүүгүй байсныг тэмдэглэх нь зүйтэй юм.

Шүүгдэгчээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байгаа”, түүний өмгөөлөгчөөс “...хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай” оролцсон.

1.4 Хохирол, хор уршиг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж тодорхойлсон.

Тус гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон ба мөрдөн шалган ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *****аас баримт(1хх56-90)-аар 10.702.327 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс маргаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч талаас “оршуулгын зардал, сэтгэл санааны хохирол”-ыг нэхэмжилсэн, шүүгдэгч *****гийн ар гэрээс оршуулгын зан үйлд 2.000.000 төгрөгийг өгсөн болохыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “үгүйсгээгүй, оршуулгын зардалд хасаж тооцохгүй” гэх тайлбарыг өгсөн.

Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутайд этгээдээс гаргуулан олгодог бөгөөд амь хохирогчийн оршуулгын зан үйлд зарцуулсан 10.702.327 төгрөгийн баримтыг хууль ёсны баримт гэж үнэлэн, шүүгдэгчээс төлсөн төлбөрийг хасаж тооцон үлдэх 8.702.237 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *****ид олгож шийдвэрлэв.

Харин Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “сэтгэл санааны хохирол гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болно.

Тодруулбал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “амь хохирогчийг гэр бүлтэй, хүүхэдтэй байсан” талаарх мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт(Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ***** дугаар тогтоол)-ийг гэр бүлийн гишүүдийн өмнөөс төлөөлөн шаардлага гаргах эрх олгогдсон эсэхийг тогтоох, үнэлэх, нөхөн төлбөр тогтооход баримтлах зарчим, аргачлалд нийцүүлэн мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хангалттай нотолсон баримт хэрэгт авагдаагүй болохыг тэмдэглэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

2.1 Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****д 09 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...”,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...***** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, оршуулгын зардлаас зармыг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа, хохирогчийн зүй бус байдал нөлөөлсөн, өөрийгөө илчилж дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өгсөн, байнгын хүчирхийлэл дарамтад өртсөний улмаас өөрийгөө хамгаалах зорилгоор халдан гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн доод хэмжээний хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг танилцуулж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “гомдолтой байна. Хүлээн зөвшөөрөхгүй“ гэх саналыг гаргав.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас(1хх59)-аар шүүгдэгч  ***** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон(байнгын хүчирхийлэл, дарамтад өртсөний улмаас өөрийгөө хамгаалах зорилгоор амь хохирогчид халдаж гэмт хэрэг үйлдсэн, өөрийгөө илчилсэн гэх нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогтоогүй), харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагчийн биед зэвсэг хэрэглэн гурван удаа хутгалж алсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нэг хүний амь нас хохирсон), шүүгдэгчийн хувийн байдал (***** онд төрсөн, ***** настай, эмэгтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****д  09  жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу тус шүүхийн шүүгчийн захирамж/1хх6-7,182-183, 2хх34-35,40-41/-аар *****д “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны  05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн авч, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 139  хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцож, оногдуулсан ялаас хасаж тооцов. 

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим хангагдаж, тухайн этгээдэд оногдуулсан ялаар дамжин төрийн цээрлэл хүлээлгэдэг учир эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц хорих ялыг оногдуулсан тул өмгөөлөгчийн дүгнэлт(тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулах)-ийг шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй болно.

 

2.2 Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2408000000762 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди нэг ширхгийг хавтаст хэрэгт хавсаргаж, ОРРО загварын гар утас 1 ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *****ид олгож, хутга /26 см урттай шаргал өнгийн модон бариултай/-1 ширхэг, “Qunly” нэртэй архины шил-1 ширхэг, орны дэвсгэр/цагаан хар, хөх өнгөтэй/ даавуу- 1 ширхэг, даавуу /усан цэнхэр өнгөтэй/-1 ширхэг, дотоож/хөх өнгөтэй/-1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүрхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, *****/*****гийн хүү/-т асран хамгаалагч тогтоох, түүнтэй холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг ***** аймгийн Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *****.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, *****.6 дугаар зүйл, *****.7 дугаар зүйл, *****.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, *****.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, *****.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***** овогтой ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****д 09 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *****гийн цагдан хоригдсон 139 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *****гаас оршуулгын зардалд 8.702.327 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *****ид  олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар ***** /****/-д асран хамгаалагчийг томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг ***** аймгийн Засаг даргад үүрэг болгосугай.

 

7. Эрүүгийн 2408000000762 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди нэг ширхгийг хавтаст хэрэгт хавсаргаж, ОРРО загварын гар утас 1 ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *****ид олгож, хутга /26 см урттай шаргал өнгийн модон бариултай/-1 ширхэг, “Qunly” нэртэй архины шил-1 ширхэг, орны дэвсгэр/цагаан хар, хөх өнгөтэй/ даавуу- 1 ширхэг, даавуу /усан цэнхэр өнгөтэй/-1 ширхэг, дотоож/хөх өнгөтэй/-1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүрхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “сэтгэл санааны хохирол гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч *****гийн эдлэх хорих ялын хугацааг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.БЯМБААБААТАР

 

                                   ШҮҮГЧИД                                       С.СЭРЖМЯДАГ

 

                                                             Ц.УРАНГУА