Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1059

 

 

 

 

 

 

 

    2024         09            30                                         2024/ШЦТ/1059

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

***** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,  

улсын яллагч А.Намдаг(томилолт),

шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

***** дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  А.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 2408000001114 дугаар хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ***** овогт ***** ***** (регистрийн дугаар *****), ***** оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, ***** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт ***** дүүргийн ***** дүгээр хороо ***** 36 дугаар гудамжны ***** тоотод түр оршин суух(***** аймаг ***** 1-р баг ***** оршин суух хаягийн бүртгэлтэй), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. 

Хэргийн товч агуулга: А.Энь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын *****-ноос 23-нд шилжих шөнө ***** дүүргийн ***** дүгээр хороо, ***** дугаар байрны ***** тоотод иргэн С.***** хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан биед нь халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1.1 Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Э“...бид хоёр нэг айлын бэрүүд байсан. Надад агсам тавиад явлаа гэтэл намайг хаяж явах гэлээ гээд суулгаад уулгасан. Тэгээд орой нь дахин хүүхдээ янз бүрээр хэлээд байхаар нь ядаргаатай юм гэж хэлээд босоод явах гэтэл маргаан үүсгээд үснээс зулгаасан. Тэгэхээр нь хоёр удаа мөргөчихсөн чинь хамраас нь цус гараад байсан...” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 889 дугаартай яллах дүгнэлт болон хавсралтад тусгагдсан (хавтас хэргийн 2-3, 6, 10-13, 16-17, 20-21, 36,  47-48, 51 дугаар хуудас),

Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэцгээв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч А.Энь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын *****-ноос 23-нд шилжих шөнө ***** дүүргийн ***** дүгээр хороо, ***** дугаар байрны ***** тоотод хохирогч С.***** хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт гараараа цохих, алгадах зэргээр зодож эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр зовхинд цус хуралт, хамар зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч С.*****ын “...найз *****, дүү ***** нарын хамт 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн үед ***** дүүргийн ***** дүгээр хороо ***** тоотод амьдардаг найз ***** гэрт очсон. ***** гэртээ ганцаараа байсан. Бид хэд виски, пиво авч уусан. 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс *****-нд шилжих шөнө дүү ***** яваад бусад нь ***** гэрт хоносон. 2024 оны 07 дугаар сарын *****-ны өдөр хоол унд хийж идээд *****, ***** бид гурав орой болтол пиво уусан. Би төрсөн охин ***** надад хэрэггүй гэж хэлснээс болж ***** уурлаад бид хоёр маргалдсан. Тэгээд ***** намайг зодсон. Бид хоёрыг ***** салгаж болиулсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ***** бид хоёр нэг айлын бэрүүд байсан. Би нөхрөөсөө салсан учир бид хоёр найз нөхдийн холбоотой, ***** миний нүүрэн тус газарт толгойгоороо 2-3 удаа мөргөж, 2-3 удаа нүүрэнд алгадсан. Би эмнэлгийн байгууллагад үзүүлж тусламж үйлчилгээ аваагүй, миний биед халдах үед ***** харж байсан...” гэх мэдүүлэг  (хавтас хэргийн 10-13 дугаар хуудас),

            - Гэрч Н.*****ын “...2024 оны 07 дугаар сарын *****-ны өдөр *****, ***** нар намайг дуудаад, байгаа газрынхаа байршлыг явуулсан. Би шөнийн ***** цаг 30 минутын үед *****, ***** нарын байгаа газарт ирсэн. ***** надтай явах гэсэн чинь ***** явахгүй гээд маргалдаад байсан. Тэгээд ***** *****ын нүүрэнд нь алгадсан чинь ***** *****г үсэдсэн. ***** *****ын нүүрэнд нь 2 удаа мөргөөд, алгадсан. *****ын хамраас цус гараад ариун цэврийн өрөө рүү яваад орчихсон. ***** араас нь очоод уучлалт гуйгаад ***** эвлэрэхээр нь би гараад явчихсан...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 16 дугаар хуудас),

            - Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 9806 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “...С.*****ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хоёр зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтас хэргийн 20-21 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч А.Э нь хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хор уршигт зориуд хүргэн хохирогч С.*****ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан тул шүүгдэгч А.Э тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Энь “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй”-г дурдаж, тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан болохыг тэмдэглэв. 

1.4 Хохирол, хор уршиг.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.*****ын биед хөнгөн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, “...хугарсан хамрын ясны муруйг янзлуулахад гарах зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг(хавтас хэргийн 13 дахь тал), Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчид эмчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд 124.762 төгрөг зарцуулсан баримт(хавтас хэргийн 36  дугаар тал) хэрэгт авагдсан байна.

Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутайд этгээдээс гаргуулан олгож шийдвэрлэх учиртай бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах хохирогчийн эрхийг шүүх хязгаарлалгүй нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, харин 124.762 төгрөгийг шүүгдэгч А.Эаас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож шийдвэрлэв.

Прокуророос шүүх хуралдаанд оролцуулахаар тусгайлан гаргасан саналгүй байсан ба Шүүхээс хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах”,

Шүүгдэгчээс “...хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг танилцуулав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас(хавтас хэргийн 51 дүгээр тал)-аас үзэхэд шүүгдэгч А.Энь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдан улмаар эрүүл мэндэд халдаж хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж (хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй, хохирогчоос баримтаар нэхэмжилсэн зүйлгүй), шүүгдэгчийн хувийн байдал (***** онд төрсөн, ***** настай, бага насны хүүгийн хамт ***** дүүргийн ***** дүгээр хороо, *****ын 36-***** тоотод түр оршин сууж байсан, одоо ***** аймаг ***** 1-р баг ***** оршин суудаг, урьд хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй хүлээн зөвшөөрч оролцсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, тодорхой орлого олдог болох нь дансны хуулгаар тогтоогдсон) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч А.Э урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн 2408000001114 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Энь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***** овогт ***** *****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч А.Э оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эаас 124.762 төгрөгийг гаруулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгосугай.

5. Эрүүгийн 2408000001114 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Энь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хохирогч С.***** нь эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.  

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.БЯМБААБААТАР