| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2024/1006/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1061 |
| Огноо | 2024-09-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1061
2024 09 30 2024/ШЦТ/1061
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
**** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
улсын яллагч Т.Төмөртулга,
хохирогч Б.****,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
**** дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 2408021151129 дугаар хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** овогт **** **** (регистрийн дугаар ****), **** оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, **** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, **** мэргэжилтэй, **** дүүргийн **** эмнэлэгт **** ажилтай, аав, ээж, хоёр хүүхдийн хамт **** дүүргийн **** дүгээр хороо, **** дугаар гудамжны **** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Хэргийн товч агуулга: Б.Г нь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр **** дүүргийн *** дугаар хороо, **** зогсоол дээр “машин сигналдлаа” гэх шалтгааны улмаас иргэн Б.**** маргалдаж, улмаар зодож хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1.1 Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Г “Тухайн үед дүү, хүүхэдтэйгээ гурвуулаа явж байсан. Буух гэж байтал нөхөр нь араас сигналдаад муухай үгээр харааж байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Дуудсан цагдаа нь ч ирээгүй. Би цонхон дээр нь очиж юу яриад байгаа юм гэж хэлсэн. Манай дүү очоод хоёр гараас нь сэгсэрсэн болохоос би цохиогүй, нүүр аманд нь хүрээгүй, доогуураа өшиглөсөн. Эхнэр, нөхөр хоёр хоорондоо зодолдсон уу, намайг гүтгэж байна. Надад гэрч, бичлэг нь ч байгаа. Хохирол төлбөрийг нь төлье гэхэд шүүх хурал дээрээ авна гэж байсан. Энэ асуудал бол нөхрөөс нь болсон” гэв.
1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Улсын яллагчаас “2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 861 дугаар яллах дүгнэлт тусгагдсан болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой (хавтас хэргийн 4, 28-29, 36-37, 46-49 дүгээр хуудас)”,
|
|
- Шүүгдэгч, хохирогч нар “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэв.
Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр **** дүүргийн 17 дугаар хороо, **** зогсоол дээр “машин сигналдлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар хохирогч Б.****гийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи зүүн хацарт цус харвалт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.****гийн өгсөн “2024 оны 06-р сарын 01-ний өдөр нөхөр ****, хоёр хүүхдийн хамт гадуур хоолонд орчихоод **** дүүргийн 17-р хороо **** зогсоол руу орох гээд явж байтал урд талд явж байсан машин явахгүй удаад байхаар нь нөхөр сигналдтал тоохгүй байж байснаа гэнэт тухайн машинаас үл таних хоёр эмэгтэй бууж ирээд юун сүртэй юм бэ гээд хэл амаар доромжлоод байхаар нь би тухайн эмэгтэйчүүдийг харилцан хэл амаар доромжилж байгаад машинаа зогсоолд байрлуулж байтал тухайн хоёр эмэгэйтэй явж байсан залуу нь ирээд эхнэр яагаад байгаа юм бэ гээд хэрүүл хийсэн. Тэгтэл **** гэх эмэгтэй ирээд миний зүүн нүд, хацар луу гараараа цохиж, маажсан...толгойн томографик 150.000 төгрөгөөс хийлгэсэн, өөр баримт байхгүй, хохирлын мөнгөө барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг(хавтас хэргийн 28 дугаар хуудас),
- шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.**** “Тухайн өдрийн үдээс хойш бид хоол идчихээд эмийн сан орох гэж байтал урд хүмүүс удаад байсан. Нөхөртэйгөө юм ярьж байгаад би урд машинаа хурдлуулах гээд сигналдсан. Араас энэ хэд ирснээ элдвээр хэлээд, цохичхоод яваад өгсөн. Би цагдаа дуудсан. Энэ хэд **** ороод ирнэ гэснээ алга болсон. Цагдаа ирэхэд бид байж л байсан. Энэ эмэгтэй цохичхоод цохиогүй гээд байгаа мөртлөө гэм буруугаа хүлээж байна гээд байгааг ойлгохгүй байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэлээс),
- Гэрч Э.**** “...2024 оны 06-р сарын 01-ний өдөр 22 цагийн орчимд **** дүүргийн 17-р хороо, **** зогсоол руу орох гээд эхнэр ****, хоёр хүүхдийн хамт явж байтал миний урд талд явж байсан цагаан өнгийн приус-20 машинтай үл таних хүмүүс зам таглаад явахгүй удаад байхаар нь сигналдсан. Хэсэг хугацааны дараа тухайн машинаас ****, **** гэх хоёр эмэгтэй бууж ирээд миний машины цонхыг нүдээд эхэлсэн. Би цонхоо онгойлготол тухайн хоёр эмэгтэй хэл амаар доромжлоод байхаар нь мөн адил хэл амаар доромжлоод байж байтал тухайн эмэгтэйтэй хамт явж байсан залуу ирээд чи яахаараа эмэгтэй хүнтэй маргалдаад байгаа юм бэ гээд надруу дайраад байсан. **** гэх эмэгтэй манай эхнэрийн зүүн нүд, хацар хэсэг рүү нь гараараа цохисон. Би эхнэрээ салгах гээд байж байтал тухайн үл таних залуу ирээд намайг салгаад би эхнэрээ аваад цагдаа дээр ирсэн. Тухайн хүмүүс нь машинтайгаа зам таглаад явахгүй удаад байхаар нь сигналдсанаас болж хэрүүл маргаан үүссэн” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 36-37 дугаар хуудас),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Т.Чимэд-Очирын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7458 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “Б.**** биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн дал, шилбэ, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх зүүн нүдний зовхи зүүн хацарт цус харвалт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлийг өөртөө үүсгэх боломжгүй, тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтас хэргийн 15-16 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.Г нь хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хор уршигт зориуд хүргэн хохирогч Б.****гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангажээ.
Тиймээс шүүгдэгч Б.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, шүүгдэгчийн ”...хохирогчийн нүүрэн тус газарт цохиогүй” гэх дүгнэлтийг хүлээн аваагүй болно.
Тодруулбал, шүүгдэгч Б.Гийн мэдүүлгийн эх сурвалж бусад нотлох баримтаар дэмжигдээгүй, бусдын эрүүл мэндэд халдан шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг учруулаагүй, түүнийг гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэх боломжгүй, бусад дамжмал бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь үгүйсгэж дүгнэх хэмжээний итгэл үнэмшил төрүүлэхүйц үндэслэл тогтоогдоогүй.
Шүүгдэгч Б.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасныг шүүх хүлээн авсан болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.
1.4 Хохирол, хор уршиг.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.****гийн биед хөнгөн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад баримт(хавтас хэргийн 17-18 дугаар хуудас)-аар 150.000 төгрөгийг нэхэмжилж, шүүхийн хэлэлцүүлэгт “…сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ” гэсэн мэдүүлгийг гаргасан.
Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” /Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийн шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ”, 4 дэх хэсэгт “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, хүснэгт”-ыг тодорхойлсон байна.
Хавтаст хэрэгт авагдсан эрх бүхий байгууллагын шинжээчийн дүгнэлтэд “хохирогч Б.****гийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэснээс үзэхэд уг аргачлалын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад заасан хэргийн зүйлчлэл тохирсон, нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтийн “Хоёрдугаар” зэрэглэлд хамаарч “нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтооно” гэж заасан байна.
Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээр дурдсан зэрэглэл, хүснэгт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, сөрөг үр дагавар, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн болон хохирогчийн гаргасан хүсэлт, мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, хийсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал, түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг зэргийг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ[1]-г 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөгийн нөхөн төлбөр, баримтаар нэхэмжилсэн 150.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Б.Гаас гаргуулан хохирогч Б.****д олгож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай”,
Шүүгдэгчээс “...зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг танилцуулав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас(хавтас хэргийн 46 дугаар хуудас)-аас үзэхэд шүүгдэгч Б.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (бусадтай маргалдан улмаар эрүүл мэндэд халдан олон тооны гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж (хохирогчид хөнгөн зэргийн хохирол учирсан, цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй), шүүгдэгчийн хувийн байдал (**** онд төрсөн, **** дүүргийн **** эмнэлэгт **** ажилтай, аав, ээж, хоёр хүүхдийн хамт **** дүүргийн **** дүгээр хороо, **** 3-**** тоотод оршин суудаг) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Гт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох, гэмт этгээдийн чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл бөгөөд Шүүхээс гэм буруутайд тооцогдсон этгээдэд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчмуудыг удирдлага болгон мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ шийдвэрлэдэг.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэх эрх юм.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэж буй төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг төдийгүй дээр дурдсан гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар шударга ёсны зарчим хангагддаг учраас эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц торгох ялыг шүүхээс оногдуулсан тул шүүгдэгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.
Эрүүгийн 2408021151129 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овогт **** ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянган) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Гт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Гаас эмчилгээний зардалд 150.000 төгрөг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 3.300.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Б.****д олгосугай.
5. Эрүүгийн 2408021151129 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР
[1] Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10-р сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 660.000 төгрөгөөр тогтоосон.