| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 192/2025/00320/И |
| Дугаар | 001/ХТ2026/00038 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 001/ХТ2026/00038
“ГБ” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/05537 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2025/01801 дүгээр магадлалтай,
“ГБ” ХК-ийн нэхэмжлэлтэй
С.О-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 17,165,758 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
хариуцагч С.О-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, Ж.Л, хариуцагч С.О, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“ГБ” ХК нь С.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,165,758 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/05537 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч С.О-с 6,931,315 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ГБ” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,234,443 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,779 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 125,851 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ГБ” ХК-д олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2025/01801 дүгээр магадлалаар:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/05537 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “492 дугаар зүйлийн 492.1.1” гэснийг “535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,701 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.
4.Хариуцагч С.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Хоёр шатны шүүх намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөн Ц.М-н өв залгамжлагч гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би шүүх хуралдаанд Ц.М-н зээл “М” даатгалд эрсдэлийн даатгалтай байсан талаар удаа дараа хэлсэн боловч шүүгч энэ талаар ажиллагаа хийгээгүй. Нэхэмжлэгч хуурамч бичиг баримт үйлдэж, Ц.М-г 2019.11.25-ны өдөр нас барсан тухай *** дүүргийн цагдаагийн газрын тодорхойлолт гарган өгч иргэний хэрэг үүсгүүлсэн. Шүүх хэзээ нас барсныг тогтоох талаар ямар ч ажиллагаа хийгээгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагч С.О-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.01.20-ны өдрийн 001/ШХТ2026/00096 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Хариуцагч С.О-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
7.Нэхэмжлэгч “ГБ” ХК нь хариуцагч С.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,165,758 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...2016.12.06-ны өдөр Ц.М-тэй зээлийн гэрээ байгуулж 10,600,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй олгосон ба 2017.12.14-ний өдөр уг гэрээнд өөрчлөлт оруулан 7,000,000 төгрөг нэмж олгосноор зээлийн хугацаа 48 сар, үлдэгдэл 14,744,923 төгрөг болсон. Зээлээ төлөхгүй байсан тул шүүхэд хандаж, эрэн сурвалжлуулсан, зээлдэгч 2019.11.25-ны өдөр нас барсан болохыг мэдсэн бөгөөд 2024.12.28-ны өдрийн байдлаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17,165,758 төгрөгийг гаргуулахыг хамтран амьдрагч С.О-с Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 520 дугаар зүйлийн 520.1, 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт заасныг үндэслэн шаардлага гаргаж байгаа...” гэж тайлбарласан.
8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Ц.М-тэй 2010-2018 он хүртэл хамт амьдарсан боловч дундаасаа хүүхэдгүй, хамтран өмчлөх дундын өмч хөрөнгөгүй, гэрлэлтээ бүртгүүлээгүй, зээлийн гэрээний хамтран зээлдэгчээр оролцоогүй, ямар нэгэн өв хүлээн аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргасан.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ; “…талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгч нь С.О-с зээлийн гэрээний үүрэг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Харин Ц.М, С.О нар 2010-2018 он хүртэл хамт амьдрах хугацаандаа 2015 онд хашаа, байшин, газар худалдан авч С.О-н нэр дээр бүртгүүлсэн, Ц.М 2016 онд гэртээ тавилга авах зорилгоор зээл авч, уг зээлийн мөнгөөр авсан тавилга одоо ч хариуцагчийн эзэмшилд байгаа, 2017 онд хашаа, байшингаа засварлах зорилгоор зээл авсан тул хашаа, байшин, газрыг Ц.М, С.О нарын дундын өмч гэж үзнэ, дундаа хэсгээр өмчлөгч нь өөрт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй тул С.О Ц.М-н авсан зээлийн дүнгийн 50 хувийн өмчлөгч болох юм. Зээлийн төлбөрт Ц.М 2018.04.10-ны өдрийг хүртэл 6,450,272 төгрөг төлсөн тул үндсэн зээлийн төлбөрөөс уг дүнг хасаж, үлдэх төлбөрийн тал хувийг С.О-с гаргуулах нь зүйтэй...” гэж дүгнэсэн.
Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “…анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, хариуцагч нь өв хүлээн авсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, анхан шатны шүүх хариуцагчаас 6,931,315.26 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн шийдэлд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй…” гэж дүгнэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан шийдлийг хэвээр үлдээсэн байна.
10.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж адил шийдэл гаргасан боловч “…Ц.М-н өв залгамжлагч гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй…” гэсэн хариуцагчийн гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн.
11.“ГБ” ХК нь Ц.М-тэй 2016.12.06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10,600,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн, үүний дараа 2017.12.14-ний өдөр гэрээнд өөрчлөлт оруулан 7,000,000 төгрөгийг мөн хүүтэй нэмж зээлэхдээ гэрээний хугацааг 48 сар болгон өөрчилсөн,
зээлдэгч Ц.М 2018.04.10-ны өдрийн байдлаар 6,450,272 төгрөгийг төлсөн, тэрээр хариуцагч С.О-тай 2010-2018 онд гэрлэлтээ батлуулаагүй хамтын амьдралтай байсан үйл баримт хэрэг авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.
12.Мөн хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, “ГБ” ХК нь Ц.М нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдэгч Ц.М нь 2018.04.07-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогджээ.
13.Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасны дагуу банкнаас олгох зээлийн гэрээг бичгээр байгуулна. Энэхүү бичгийн гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог. “ГБ” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон 2016.12.06-ны өдөр зээлийн гэрээ болон түүнд өөрчлөлт оруулсан 2017.12.14-ний өдрийн зээлийн гэрээнд хариуцагч С.О гарын үсэг зураагүй буюу үүргийг хамтран гүйцэтгэхээр оролцсон баримтгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг түүнээс шаардах эрх зүйн үндэслэл байхгүй.
14.Хариуцагч С.О нь зээлдэгч буюу нас барагчийн үүргийг хүлээх өвлөгч болох эсэх, өвлүүлэгчийн өвлөгдөх эд хөрөнгө байгаа эсэх нь ач холбогдолтой бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 520 дугаар зүйлийн 520.1.1, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
15.Хариуцагч С.О зээлдэгч Ц.М-тэй гэрлэлтээ батлуулаагүй, хамтран амьдарч байсан нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан эхнэр буюу хууль ёсны өвлөгчид хамаарахгүйгээс гадна МНТ-н лавлагаагаар өвлүүлэгчид өвлөгдөх хөрөнгө байхгүй, өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй болох нь тогтоогдсон байх тул мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 520 дугаар зүйлийн 520.1.1, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болно.
16.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь өвлөгдөх хөрөнгийн хэмжээгээр хариуцагч нь нас барагчийн хүлээх үүргийг хариуцах эсэх талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон гэж үзэн энэ хүрээнд дүгнэлт хийсэн нь зөв боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн нь буруу байна.
17.Мөн анхан шатны шүүх хариуцагчийг зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчтэй хамтран захиран зарцуулсан нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан дундын өмчийн хэлбэрт хамаарна гэж үзэж, улмаар авсан зээлийн 50 хувийн өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар зээлийн үүргийн зарим хэсгийг хариуцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч зээлийг хамтран аваагүй болох нь тогтоогдож байхад зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг дундын өмч гэж тайлбарласан нь алдаатай. Учир нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгө нь хуваагдах боломжтой хөрөнгө тул түүнийг дундаа өмчлөх боломжгүй, зээлийн мөнгөн хөрөнгөөр худалдан авсан байж болзошгүй зүйлсийг дундаа өмчлөх нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үндэслэл болох тухайд хуульд зохицуулаагүй.
18.Хэдийгээр хариуцагч С.О анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй боловч магадлалын хууль хэрэглээний талаар буюу Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж, түүнийг өвлөгч гэж үзсэн талаар хяналтын журмаар гомдол гаргасан тул хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах үүднээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, “ГБ” ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/05537 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2025/01801 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч С.О-д холбогдох 17,165,758 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ГБ” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.О-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.О 2025.12.04-ний өдөр 125,852 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Э.ЗОЛЗАЯА