| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 001/2020/0814/Э |
| Дугаар | 2020/ДШМ/1226 |
| Огноо | 2020-09-22 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2020/ДШМ/1226
2020 09 22 2020/ДШМ/1226 № Т M № 546 МАЛАЛ
Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Нарангэрэл,
яллагдагч Д.Б-ын өмгөөлөгч Б.Наранцэцэг,
хохирогч Ц.Г-, түүний өмгөөлөгч Э.Батжаргал,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЗ/1577 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Хурцын бичсэн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 49 дугаартай прокурорын эсэргүүцэл, хохирогч Ц.Г-ын гомдлыг үндэслэн Д.Б-д холбогдох 2010002500640 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Д-ын Б-, Улаанбаатар хотод 1972 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/
Д.Б- нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Оршил финанс” ХХК-ийн эзэмшлийн 54-60УНА улсын дугаартай, “Nissan navara” загварын автомашиныг худалдаж авна гэж Ц.Г-ыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Алтаргана” хотхоны гаднаас авч яван бусдад худалдан борлуулсан атлаа төлбөрийг төлөлгүй “Оршил Финанс” ХХК-д 23,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах боловч яллагдагч Д.Б- нь хохирогч Ц.Г-аас авсан “Nissan navara” загварын тээврийн хэрэгслийн үнийг төлөхөөр 2019 оны 01 дүгээр сард “Subary forester” загварын автомашин, мөн оны намар “Toyota bled” загварын автомашин өгөх гэсэн боловч хохирогч авахаас татгалзсан. Үүнээс гадна нийт 11,000,000 төгрөгийн бетон зуурмагийг хохирогч Ц.Г-т нийлүүлсэн гэх нөхцөл байдлыг тодруулахаар Бавууцэрэн, Анхбаяр, Лхагвасүрэн, Ганбаатар, Б- нараас гэрчийн мэдүүлэг авах нь хэргийн бодит байдал, гэмт хэргийн сэдэлтийг тогтооход ач холбогдолтой. Уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Хохирогч Ц.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... урьдчилсан хэлэлцүүлгийг намайг оролцуулалгүй явуулж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Д.Б- нь “машин өгнө” гэхээр нь “авъя” гэсэн. Гэхдээ машин өгдөггүй, утсаа салгаад алга болдог. Өмнөх бетон зуурмагийн асуудлыг “Lexus” загварын машины асуудалтай хольж хуулийн байгууллагыг төөрөлдүүлж байгаад гомдолтой байна ...” гэв.
Прокурор Б.Хурц бичсэн прокурорын эсэргүүцэлдээ: “... хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хохирогч “Бетон зуурмагийг өөр машины төлбөрт авсан” гэж тогтвортой мэдүүлдэг ба уг мэдүүлэг нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, төлбөр төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтаар хангалттай нотлогдсон. Түүнчлэн хохирогчоос “Өр төлбөрт өөр автомашин өгнө гэхээр нь аваад ир үзье гэхэд авчирч үзүүлээгүй” гэж мэдүүлсэн байхад яллагдагч Д.Б-тай нэгдмэл ашиг сонирхол бүхий төрсөн ах, дүү, найз нарыг гэрчээр мэдүүлэг авахуулах хүсэлтийн дагуу хэргийг прокурорт буцаасан байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.
Прокурор Н.Нарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг тооцоогүй. 23,000,000 төгрөгөөр хохирлыг тооцохдоо зах зээлийн үнэлгээг үндэслэсэн. Гэтэл энэ автомашин унаад, эвдэрсэн болох нь хэрэгт зургаар авагдсан байгаа. Гэрч Анхбаярын мэдүүлэгт “Би 12,000,000 төгрөгөөр авсан” гэдэг. Гэтэл энэ хэргийн гол зүйл болох автомашиныг үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй. Миний үйлчлүүлэгч Д.Б- болон хохирогч Ц.Г- нар нь багын найзууд, Д.Б- нь бетон зуурмагийн үйлдвэртэй, төлөх чадвартай. Хохирлыг төлж барагдуулах гэхээр Ц.Г- “Би ийм зүйл авахгүй” гэдэг. Мөн өөр автомашины оронд бетон зуурмаг авсан гээд байгаа боловч тийм зүйл байхгүй. 11,000,000 төгрөгийн бетон зуурмаг 2 удаа авсан. Өмнө нь зарсан “Lexus” автомашиныхаа 10,000,000 төгрөгийг авчихаад цааш нь 25,000,000 төгрөгөөр зарсан. Тэгээд нэг ч төгрөг төлөөгүй. Ингээд Ц.Г- нь шүүхийг төөрөгдүүлээд байна. Эсрэгээрээ Д.Б- хохирсон. Шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Э.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэрэгт 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хохирогч, яллагдагч нар “Nissan navara” загварын автомашиныг 23,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон баримт байгаа. Үнэлгээний байгууллагаас 25,000,000 төгрөгөөр үнэлсэн боловч хохирлыг өөрсдийнх нь тохирсон үнээр тооцсон. Гэрч Ганбаатар, Бавууцэрэн, Анхбаяр, Лхагвасүрэн нараас “Бетон зуурмаг өгсөн, автомашин өгье гэхэд аваагүй” гэх мэт нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай гэж шүүх үзжээ. Гэтэл хавтас хэрэгт хохирогчийн мэдүүлэг, гэрч Энхбаатарын мэдүүлгүүдээр эдгээр нөхцөл байдал нь үгүйсгэгддэг. Б- нь Энхбаатарт ч бас “Мөнгө өгч чадахгүй байна. Оронд нь машин өгье” гэж хэлсэн боловч “Машиныг чинь үзье” гэхээр алга болсон талаар мэдүүлсэн байсан. Иймд хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн нотолсон гэж үзэж байгаа тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхэд буцааж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэл, хохирогчийн гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн яллагдагч Д.Б-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч Д.Б-ын хохирогчид нийлүүлсэн гэх бетон зуурмагтай холбоотой нотлох баримтууд хэргийн 95-102 хуудаст авагдсан. Түүнчлэн “Nissan navara” загварын автомашины төлбөрийг барагдуулах санал гарч байсан эсэх асуудлыг хэрэгт байгаа хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгүүдийг харьцуулан шинжлэн судалж тогтоох нь зүйтэй.
Иймд прокурорын эсэргүүцэл, хохирогчийн гомдлыг хүлээн авч, яллагдагч Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЗ/1577 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Б-д холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Яллагдагчийн шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэргийг хэлэлцтэл Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН