Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0547/3 |
Дугаар | 128/ШШ2019/0678 |
Огноо | 2019-10-11 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2019/0678
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Ж.Д
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/105 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ж.Д-г урьд эрхэлж байсан Нийслэлийн соёл, урлагийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын албан тушаалд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн томилогдон ажилласан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хууль болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлан өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгэн алдаа зөрчилгүй ажиллаж ирсэн.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/105 тоот захирамжаар намайг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баримтлах, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх нийтлэг үүргээ биелүүлээгүй, хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэх үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна.
Уг захирамжийн үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д "Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ", 37.1.7-д "Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх", 39 дүгээр зүйлийн 39.1-д "Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно", 39.1.2-т "Албаны эрх мэдлээ хэтрүүлэх" гэсэн хуулийн заалтуудыг баримталсан байх бөгөөд миний зүгээс уг үндэслэлд дурдсан зөрчлийг гаргаж байгаагүй болно.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/105 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ж.Д намайг урьд эрхэлж байсан Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д "Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно" гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргасан... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Д нь төрийн жинхэнэ албан хаагч болохынхоо хувьд Төрийн албаны тухай хууль болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлан ажиллаж өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг зохих ёсоор хийж гүйцэтгэж алдаа дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Б/105 дугаар захирамжаар Ж.Д-г “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баримтлах, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх нийтлэг үүргийг биелүүлээгүй, хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй” гэх үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль бус, зөрчлийг шалгаж тогтоох ажиллагаа хийгээгүй, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь шалгалтаар тогтоогдвол Төрийн албаны ёс зүйн зөвлөлд хүргүүлнэ гэж Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан дүриээр зохицуулсан байгаа. Гэтэл хэсэг хүмүүсийн гаргасан гүтгэлгийн шинжтэй гомдолд үндэслэн шууд ажлаас халсан нь буруу, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэл дурдсан боловч ямар эрх мэдлээ яаж хэтрүүлсэнийг дурдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нийслэлийн Засаг дарга холбогдох хууль тотоомжид заасан бүрэн эрхийнхээ дагуу 2019 оны Б/105 дугаар захирамжийг Төрийн албаны тухай хуулийн 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасан заалтыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн.
Ж.Д нь Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгавруудыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн мөн төрийн албаны нэр хүндийг эрхэмлэж ажиллаагүй, төрийн албанд ажиллахад нийцэхгүй гэж үзэж хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү." гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.Д тус шүүхэд хандаж “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/105 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Нийслэлийн соёл, урлагийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага гаргажээ.
Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлан ажиллаж байсан... маргаан бүхий актад дурдсан зөрчлүүдийг гаргаагүй...” гэж тодорхойлсныг, хариуцагч “...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн... төрийн албаны нэр хүндийг эрхэмлэж ажиллаагүй...ёс зүйн зөрчил гаргасан нь хангалттай тогтоогдож байгаа” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/105 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн Ж.Д-г “...төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баримтлах, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх нийтлэг үүргээ биелүүлээгүй, хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй” гэсэн үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ж.Д нь 2016 оны 10 дугаар сараас Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар томилогдон ажилласан, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн Б/179 тоот захирамжаар Ж.Д-д “Гадаадад ажиллах албан томилолтын хугацааг хэтрүүлж ажил тасалсан” гэх үндэслэлээр “сануулах” сахилгын шийтгэл, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Авилгатай тэмцэх газраас Ж.Д-д хариуцлага хүлээлгэхийг мэдэгдсэн 05/11215 дугаар албан шаардлагыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/209 тоот захирамжаар “цалинг 3 сарын хугацаагаар 30 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан, нэхэмжлэгч дээр дурдсан сахилгын шийтгэлийн талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж гомдол, нэхэмжлэл гаргаагүй үйл баримтууд тогтоогдов.
2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Соёл, урлагийн харьяа байгууллагуудын дарга нарын түр хорооны гишүүд болох Д.И нарын нэр бүхий 7 иргэнээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.А-д хандаж “...авлигын эсрэг хуулийг зөрчиж хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан, ажлын байрандаа ажилтнаа зодож танхайрсан, бусармаг үйл хэрэгт нэр холбогдож элдэв янзын нэр хоч зүүж салбарын нэр хүндийг гутаасан, эв нэгдлийг алдагдуулсан, хувийн ашиг сонирхлоор төрийн ажилд хандаж удаа дараа зөрчил гаргасан...” гэсэн үндэслэлүүд дурдан Ж.Д-г үүрэгт ажлаас чөлөөлж өгөх шаардлага хүргүүлсэн,
2019 оны 05 дугаар сарын 03-нд Нийслэлийн Соёл, урлагийн харьяа байгууллагуудын дарга нарын түр хорооны дарга А.Л-с Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Н.Б*******д хандаж “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичгээр ”...Ж.Д-гийн хууль зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргасан, шударга бус асуудлуудыг судалж шийдвэрлэх”-ийг хүссэн,
2019 оны 05 дугаар сарын 07-нд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Н.Б-с Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.А-д “Шаардлага уламжлах тухай” албан бичгийг хүргүүлж “...Ж.Д-гийн үүсгэсэн асуудалд нухацтай хандаж, нийслэлд эрх барьж байгаа нам, түүнээс сонгогдон томилогдсон алба хаагчдын нэр хүндийг хамгаалах..., хууль дүрэм зөрчсөн бол зохих хариуцлага хүлээлгэх...” хүсэлтийг тус тус хүргүүлжээ.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа дээр дурдсан албан шааардлагууд болон Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн мэдэгдлийг үндэслэн нэхэмжлэгч Ж.Д-г ажлаас халсан гэж тайлбарлаж байх боловч Ж.Д-гийн гаргасан гэх зөрчлийг шалгаж тогтоолгүйгээр шууд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудад нийцэхгүй байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Тухайлбал, Ж.Д-г авлигын эсрэг хууль зөрчсөн асуудлаар Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн мэдэгдлийг үндэслэн түүнд “3 сараар цалинг 30 хувь бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан, нэг зөрчилд давхардуулан шийтгэл ногдуулах үндэслэлгүйн дээр “ажилтнаа зодсон” гэх асуудлыг хохирогч этгээд өөрөө Цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргаагүйгээс зөрчлийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байгаа нөхцөлд шууд нэхэмжлэгчийг энэ үйлдлээр буруутгах боломжгүй, нөгөө талаар “салбарын нэр хүндийг гутаасан” гэх асуудлыг ёс зүйн зөвлөлөөс шалгаж тогтоогоогүй нь тус тус хууль бус байна.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”-ийг, 47 дугаар зүйлийн 47.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална”, 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”, 47.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон”, 47.1.3-д “Монгол Улсын харьяатаас гарсан” гэж, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 48.1.1-д “сануулах”, 48.1.2-т “албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, 48.1.3-д “төрийн албанаас халах”... гэж тус тус заажээ.
Түүнчлэн Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 1.1-д “1.1-д “Энэ дүрмийн зорилго нь төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээдийн гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 4.4-т “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь сахилгын болон захиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага ногдуулна” 5.1-д “Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тухай иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн гомдол, мэдээлэл, эсхүл хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн болон тухайн байгууллагын дотоод хяналтаар илэрсэн мэдээ, баримт нь шалгалт явуулах үндэслэл болно” 5.2-т “Тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл уг байгууллагад дотоод хяналт, шалгалт хариуцсан нэгж, албан тушаалтан ажилладаг бол тэрхүү нэгж, албан тушаалтан мэдээллийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор дараахь журмын дагуу шалгалт явуулна: 5.2.1-д “гомдол, мэдээлэлд холбогдсон албан хаагч болон гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдгээрийн тайлбар, саналыг сонсож тэмдэглэл хөтлөх, 5.2.2-т “шаардлагатай гэж үзвэл бусад байгууллагаас баримт бичиг, тайлбар, бусад лавлагаа материалыг гаргуулж авах; 5.2.3-д “харьяалах нэгжийн удирдлага, албан хаагчидтай уулзаж, шаардлагатай мэдээ, мэдээллийг цуглуулах., 5.4-т “Төрийн албан хаагч энэ дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг зөрчсөн нь сахилгын зөрчлийн шинжтэй болох нь шалгалтаар тогтоогдвол энэ дүрмийн 5.2-т заасан нэгж, албан тушаалтан шалгалтын дүнг байгууллагын удирдлагад танилцуулан Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөлд хүргүүлнэ гэж,” 6.1-д “Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар эцэслэн дүгнэж, шийдвэр гаргах эрх бүхий Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын дэргэд ажиллана.” 6.3-д “Ёс зүйн зөвлөл нь төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдол, мэдээллийг энэ дүрмийн 5 дахь хэсэгт заасны дагуу шалгаж ирүүлсэн танилцуулга, материалыг гишүүдийн ердийн олонхийн ирцтэй хуралдан хэлэлцэж, шалгалтын дүнг үндэслэлтэй гэж үзвэл зөрчлийн шинж байдлыг харгалзан, зөрчил гаргагчид энэ дүрмийн 4.2-т заасан хариуцлагыг хүлээлгэх тогтоол гаргана” гэж тус тус нарийвчлан зохицуулсан.
Дээрхи хууль болон дүрмийн заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийг чухам ямар үйлдэл эс үйлдэхүйгээр ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн, нэр бүхий иргэдээс ирүүлсэн албан шаардлагад дурдсан зөрчлүүдээс чухам алиныг нь ёс зүйн зөрчил, алиныг нь сахилгын зөрчил гэж үзсэн болох нь ойлгомжгүй, зөрчлийг шалган тогтоох ажиллагаа явуулаагүйн дээр “албаны эрх мэдлээ хэтрүүлсэн” гэх үндэслэл нь ч тодорхой тогтоогдохгүй байх тул маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/105 дугаар “Ж.Д-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хүчингүй болгож, Ж.Д-г урьд эрхэлж байсан Нийслэлийн соёл урлагийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин, олговрыг олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Д-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/105 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ж.Д-г урьд эрхэлж байсан Нийслэлийн соёл, урлагийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа 3 сар 9 хоногийн цалин 1.979.996 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН