Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 278

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч Л.Батгэрэл ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү ҮД:03-58,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бямбацэрэн,

хохирогчийн өмгөөлөгч  Г.Мөнхбат ҮД: 02-27,

шүүгдэгч Д.Баянзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1968 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, цэргийн холбооны ашиглалтын инженер мэргэжилтэй, ам бүл-5, хадам эх, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Алтан-өргөө хотхон 72 дугаар байрны  37 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, Боржигон овогт Дашпунцагийн Баянзулд /РД:ЦЗ68102513/

 

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Д.Баянзулд холбогдох эрүүгийн 2017 2400 0164 дугаартай 105/2017/0310/Э индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Баянзул нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг, 13 дугаар хорооллын 6/2 байрны хойд талын замд 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 19 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Toyota-Ipsum” маркийн 55-95 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болох  Монгол Улсын Замын хөдөлгөөнийн дүрмийн 2.7“Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно:  а/согтууруулах ундаа,…хэрэглэсэн,…үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний  улмаас явган зорчигч 14 настай Б.Сувд-Эрдэнийг мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баянзул мэдүүлэхдээ:  2017 оны 03 дугаар сарын 06-ны өглөө Цэргийн сургууль хамт төгссөн Цэвээндорж утсаар залгаад “машин жолоодоод өг” гэж хэлэхээр нь өөрийн машинтай очсон. Тэгээд Цэвээндорж бид хоёр дром дээр очиж автын дүрмийн болон жолооны шалгалт авчихаад 13 цаг өнгөрч байхад Цэвээндоржийн гэрт ирээд 0.75 литрийн нэг шил архийг шатар тоглонгоо хувааж уусан. 18 цаг өнгөрч байхад Цэвээндоржийн эхнэр нь гэртээ ирсэн. Би юм ярьж сууж байгаад гарсан бөгөөд байрныхаа гадна машинаа байрлуулъя гэж бодоод машинаа хөдөлгөсөн. Би өөрийн анхаарал болгоомжгүй байдал болон замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж хохирогчийн амь насыг хохироосон гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Г.Бямбацэрэн мэдүүлэхдээ: Би 3 охинтой бөгөөд талийгаач миний хамгийн бага охин минь байсан бөгөөд хичээл сурлагандаа сайн хүүхэд байсан. Гэр бүлийн хүн маань  ээлжийн ажилтай  байдаг  тул би оройг талийгаач охинтойгоо өнгөрүүлдэг  байсан. Одоо маш их хэцүү байна.  Хоол идэж, унтаж чадахгүй болж архины эмчилгээ хүртэл хийлгэсэн.  Оршууллагын зардал аваад  үлдэж  байгаад маш их гомдолтой байна. Осол гарсан газар очиход охиныг минь харуулаагүй. Түргэний эмчийг “амьсгаатай байна уу, үзээд өг” гэхэд  намайг ойртуулж  очуулахгүй байсан. Оршуулгын зардлыг бүрэн авсан. Одоо талийгаачийн 49 хоног дээр гарсан зардал, өмгөөлөгчийн  хөлс зэргийг нэхэмжилж байгаа гэв.

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бямбацэрэнгийн: Миний охин Сувд-Эрдэнэ нь 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод 1 дүгээр төрхөд миний хамгийн бага охин минь болж мэндэлсэн юм….21 дүгээр сургуулийн Эрдэнэчимэг багштай 8 б ангид суралцаж байсан юм. Миний хувьд маш их гомдолтой байна… гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-р тал /

 Мөрдөн байцаалтанд гэрч Д.Цэвээндоржийн: ...2017 оны 03 дугаар сарын 06-ны өглөө 08:30 минутын үед Баянзул намайг гэрээс аваад бид хоёр Улиастайд байдаг Азын замын ХХК-ны авто дромруу очсон. Ингээд тэндээ 15:00 цаг хүртэл байж хүмүүсийн жолооны шалгалтыг авахуулчихаад гэрлүүгээ хамтдаа ирсэн. Ингээд бид хоёр манай гэрт шатар нүүнгээ цагаан сараар үлдсэн 0.75 грамм Экс нэртэй архи хувааж уусан юм. Ингээд байж байхад манай эхнэр Ариунаа 18:00 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн ба зөрөөд Баянзул гэрлүүгээ явна гээд явсан. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106-107-р тал/

Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч С.Номингийн:…2017 оны 03 дугаар сарын 06-ны 1 дэхь өдрийн орой 18:45 цаг тарсан.Ингээд Ариунтүвшингийн гэрлүү бид 3 хамтдаа явахаар болоод сургуулиасаа гараад Сувд-Эрдэнийн байрны араар гараад 4,5 дугаар байрны урд талын явган хүний замаар яваад хуучин өрхийн эмнэлэг байсан байрны урд талаар гараад 6/2 дугаар байрны хойд талын далан хэсгийн доод талд явж байтал ард аймаар чанга чимээ гарахаар нь бид гурав эргээд хартал ард далан дээрээс нэг машин төмөр хашаа мөргөчихсөн доошоо уруудах гээд бид гуравыг чиглээд буугаад ирэхээр нь Ариунтүвшин, Сувд-Эрдэнэ бид гурав гурван тийшээ тараад зугтсан…нөгөө машин байшинг маш хүчтэй мөргөөд буцаж ухраад зогссон. Тэгээд байшингийн мөргөсөн хэсэг рүү харсан чинь манай найз Сувд-Эрдэнэ газарт уначихсан харчихсан, хажуу талаар хэвтэж байсан… гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-113-р тал /

Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч Г.Ариунтүвшингийн:…6/2 байрны ар талд далангийн доод талд явган хүний замаар явж байтал ард маш хүчтэй чимээ гарахаар нь эргээд хартал далангийн дээд талд нэг машин төмөр хашаа мөргөөд далан уруудаад орж ирж байсан. Тэгээд би Сувд-Эрдэнэтэй урагшаа гүйтэл хажуугийн жижиг цементэн хашлаганд бүдрээд унатал нөгөө машин чинь миний хажуугаар өнгөрч яваад 6/2-р байрыг  мөргөөд арагшаагаа ухраад зогссон. Тэгээд босоод ирсэн чинь Номин уг байрны буланг налаад зогсож байсан ба Сувдаа мөргүүлчихлээ гээд орилож байсан… гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119-120-р тал/

            -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг ¹549 тоот дүгнэлтэд:

1. Б.Сувд-Эрдэнийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто машины ослын улмаас үүсгэгдэнэ.

3. Б.Сувд-Эрдэнэ нь дээрх амь насыг аврах боломжгүй гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

4. Талийгаач Б.Сувд-Эрдэнэ нь архаг хууч өвчингүй байжээ.

5. Талийгаач Б.Сувд-Эрдэнэ нь АВО системээр В а /3/ бүлгийн цустай байжээ.

6. Талийгаач Б.Сувд-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. Шинжээч эмч М.Энхбаяр гэх дүгнэлт /хх-ийн 133-р тал/

-Замын Цагдаагийн  2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтэд:

1. “Toyota-Ipsum” маркийн 55-95 УБҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Д.Баянзул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Б.Сувд-Эрдэнэ нь МУ ЗХД-ийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдалаас нөлөөлөөгүй байна.

Шинжээч цагдаагийн ахмад Б.Баттүвшин гэх дүгнэлт  /хх-н 156-р тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 Хэрэгт цугларсан бичгийн нотлох  баримт болон  гэрчүүдийн  мэдүүлэгүүдээс  дүгнэхэд  Д.Баянзул  нь согтуугаар  тээврийн  хэрэгсэл  жолоодож яваад  бусдын амь насыг хохироосон байна.

   Шүүгдэгч Д.Баянзул  нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг, 13 дугаар хорооллын 6/2 байрны хойд талын замд 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 19 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Toyota-Ipsum” маркийн 55-95 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болох  Монгол Улсын Замын хөдөлгөөнийн дүрмийн 2.7 “Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно:  а/согтууруулах ундаа,…хэрэглэсэн,…үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний  улмаас явган зорчигч 14 настай Б.Сувд-Эрдэнийг мөргөж амь насыг хохироон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийг   үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт,  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Д.Баянзулыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Прокуророос Д.Баянзулын гэм буруугийн  үйлдлийг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчилсэн ирүүлсэн  хуулийн зүйл, ангийг тохирсон гэж үзэв.

            Шүүгдэгч Д.Баянзул нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. /хх-н 215-р тал/

 Шүүгдэгч  Д. Баянзул  нь хохирогч Г.Бямбацэрэн нийт   14.450.000 төгрөгийг , мөн “Хос Жигүүр” СӨХ-д 176.000 төгрөгийг тус тус төлсөн байна./. 2-р хх-ийн 25-27-р тал/

            Шүүх  хуралдааны шатанд  хохирогч  Г.Бямбацэрэнгээс 7, 21, 49 хоногт зан үйлийн  зардалд  зарцуулсан хохирол болох 2.730.079 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөгийг  нэхэмжилж байгааг гаргуулах үндэслэлтэй байна.

             Хохирогч  Г.Бямбацэрэн  нь  энэ гэмт хэргийн  улмаас  эрхзүйн  туслалцаа авах  шаардлага гарч  эрх зүйн үйлчилгээ  үзүүлэх  гэрээг “ МОН-ЛО”  ХХН-н   өмгөөлөгч Г.Мөнхбаттай байгуулж үйлчилгээний хөлс 3.000.000 төгрөгөөр тохиролцон  урьдчилгаанд  1.500.000 төгрөгийг  төлсөн  болох  нь  хэрэгт авагдсан байна./ 2-р хх-н  28-31-р тал/

            Иргэний хуулийн  227 дугаар зүйлийн 227.3-т ... үүрэг  гүйцэтгүүлэгчээс гарсан зардлыг хохиролд тооцохоор хуульчилсан бөгөөд хохирогчоос  өмгөөлөгчийн  хөлсөнд төлсөн болон төлөх  төлбөрийг хохиролд  тооцох  үндэстэй  байна.

            Д.Баянзул нь хэргийн улмаас  сэжигтнээр  2017 оны  03 дугаар сарын 07-ны  өдрөөс  2017 оны 03 дугаар сарын  21-ний өдрийг хүртэл нийт 14 хоног цагдан  хорьсон болох нь сэжигтнийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж,   яллагдагчаар цагдан хорих  тухай прокурорын санлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байх  тул  цагдан хоригдсон хоногийг  эдлэх  ялд  оруулан тооцох үндэстэй байна /1-р хх-н 194-199-р тал/

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигон овогт Дашпунцагийн Баянзулыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын  хууль тогтоомж  зөрчсөний  улмаас  бусдын  амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

            2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар Дашпунцагийн Баянзулийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр  / жилийн хугацаагаар хасч, 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баянзулд оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар Д.Баянзулд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн  ялыг  эдэлж  дууссан  үеэс эхлэн тоолсугай.

 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 328700 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий  газрын харьяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Замын цагдаагийн албаны ГХТГ-ын ЗТГХТХ-ийн МБТ-ийн мөрдөн байцаагч цагдаагийн  ахмад Э.Батмөнхийн  2017 оны  04 дүгээр сарын 13-ны өдрийн Тоуоta-Ipsum маркийн 55-95 УБҮ дугаартай АСМ2650099677 тоот арлын дугаартай автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох, мөн ¹01040322 дугаартай гэрчилгээг хууль ёсны И.Тогтохбуянд буцаан олгох, Улаанбаатар хотын цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Д.Сайнбилэгийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 72 дугаар байрны 37 тоот орон сууцыг  битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор хууль ёсны эзэмшигч, өмчлөгч  Д.Баянзулд буцаан олгосугай.

7.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  59 дүгээр зүйлийн  59.1-т зааснаар  хэргийн улмаас Д.Баянзулын цагдан хоригдсон  14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн  510.1-т зааснаар  Д.Баянзулаас  5.730. 079  /таван сая долоон зуун  гучин мянга далан есөн / төгрөгийг  гаргуулан  хохирогч Г.Бямбацэрэнд / РД:ХО67092370/ олгосугай.

            9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Д.Баянзулд урьд  авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж  хорих ялыг  энэ өдрөөс тоолсугай.

 

10.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

11.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Баянзулд авсан цагдан хорихоор  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.АЛТАНЦЭЦЭГ