Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
Хэргийн индекс | 137/2022/00039/И |
Дугаар | 91 |
Огноо | 2022-03-23 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р баг ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүрэг 11-р хороо дүү Б-нд оршин сууж байгаа, уул уурхайд хөлсөөр машин барьж байгаа, У овогт М.С,
Хариуцагч Дорноговь аймаг Замын-Үүд сум Сүлд баг ... тоотод оршин суух, ... ажилтай, Х овогт Б.С нарт холбогдох
Зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 11,745,478.68 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 936,195.85 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөр 12,641.52 төгрөг, нийт 12,694,316.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, С.Ө, хариуцагч М.С, хариуцагч Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк Замын-Үүд салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.С, Б.С нар нь 2018 оны 11-р сарын 21-ний өдөр ЗГ1915113895 тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай цалингийн зээл бүтээгдэхүүнээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 2.5, 2.6, 2.7 дахь хэсэгт заасан заалтуудыг удаа дараа зөрчсөн ба зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийн байдлаар зээлийн хугацаа 146 хоног хугацаа хэтэрч байна. Иймд банкны санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөрийг Б.С, М.С нараар төлүүлэхээр нэхэмжилж байна. Үндсэн зээлийн төлбөр 11,745,478.68 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 936,195.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 12,641.52 төгрөг, нийт 12,694,316.05 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г банкны Замын-Үүд салбарт харилцааны ахлах менежер ажилтай, Б овогт С.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч М.С, Б.С нар нь 2018 оны 11-р сарын 21-ний өдөр ЗГ1915113895 тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай цалингийн зээл бүтээгдэхүүнээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 2.5, 2.6, 2.7 дахь хэсэгт заасан заалтуудыг удаа дараа зөрчсөн. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийн байдлаар зээлийн хугацаа 146 хоног хугацаа хэтэрч байна. Б.С, М.С нараар үндсэн зээлийн төлбөр 11,745,478.68 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 936,195.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 12,641.52 төгрөг, нийт 12,694,316.05 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г банкны Замын-Үүд салбарт банкир ажилтай, Ж овогт Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээг М.С, Б.С нарт сайн тайлбарлаж өгсөн. Хамтран үүрэг гүйцэтгэгч болох Б.С-т зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээдэг байдлыг маш сайн тайлбарлаж өгсөн. Банкны зүгээр хүчээр тулгаж гэрээг хийгээгүй. Хоёр талын сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулагдаж зээл олгогдсон байгаа. Иймд М.С, Б.С нараар хоёулангаар нь зээлийн гэрээний үүргийг төлүүлэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч М.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие тус банкнаас 2018 оны 11 сарын 21-ний өдөр 20 сая төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээл авахад Б.С-г хамтран зээлдэгчээр авсан. Энэ хүнийг хамтрангаас салгаж өгнө үү. Тус банкнаас нэхэмжилсэн 12,694,316.05 төгрөгийг би өөрөө хариуцан төлнө гэжээ.
Хариуцагч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 онд банкнаас зээл авсан нь үнэн. Хамаатан садан, гэр бүлийн хүмүүс хамт байхгүй байсан учир С-г гуйгаад зээлийн гэрээнд хамтран зээлдэгч болгож гарын үсэг зуруулсан. Банкнаас нэхэмжилж байгаа зээлийг би төлж барагдуулна. С-т хамаагүй юм. Одоо уул уурхайн ажил эхлэж байгаа тул би зээлийг төлж барагдуулна гэв.
Хариуцагч Б.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Г банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний хамт ажилладаг байсан М.С-н гуйлтаар гарын үсэг зурж өгсөн. Энэхүү зээлээс би нэг ч төгрөг авч хэрэглээгүй болно. Энэ хүний зээлээс болж би муу зээлдэгчийн ангилал болон зээл авах эрхгүй болж маш их хохирсон. Энэ хүний үр хүүхэд гэж хүмүүс байгаа хүүхдээ авч ирж хамтран зээлдэгчээ солиулна гэж банкны эдийн засагчтай хүртэл тохиролцож банкны эдийн засагч намайг зээлийг нь хэвийн графикт оруулчихвал хамтран зээлдэгчээс салгаж өгнө гэж хэлж хэвийн графикт нь оруулж байсан. Би энэ хүнийг бодоод 2 удаа хэвийн графикт нь оруулж өгсөн боловч 1, 2 удаа төлж байгаад л сураггүй алга болсон. Ийнхүү 2019 оноос хойш хэл сураггүй алга болсон учраас би өөрийн чадах зүйлээ хийж шүхээр М.С-г эрэн сурвалжлуулж цагдаагийн байгууллагаар хүртэл олуулж холбоо тогтоож байсан. Энэ хүнээс болж би сэтгэл санаа, мөнгө санхүүгээр маш их хохирч байна. Учир нь би өөрөө амьдралтай өртэй, зээлтэй учраас банкны зүгээс хүсэх зүйл нь намайг хамтран хариуцагчаас хасаж өгнө үү. Би нэг ч төгрөг аваагүй байж энэ хүний зээлийг хэвийн графикт оруулж байсан, мөн энэ хүнийг байнга хайж зээлээ төлөхийг нь шаардсан, олон жил хохирч байгаа зэргийг минь харгалзан үзээд хамтран зээлдэгчээс хасаж өгнө үү гэж хүсэж байна. Гарын үсэг зурсан зүйлдээ буруутай гэдгээ мэдэж байгаа боловч энэ хүний хамаатан садан ах дүү нь би биш учраас цаашаа зээлийг нь төлөх боломжгүй байна. Иймд миний хүсэлтийг харгалзан үзнэ үү гэжээ.
Хариуцагч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С-н гуйлтаар гэрээнд гарын үсэг зурсан. С-тэй хамт нэг дор ажиллаж байсан юм. Уг нь энэ хүн гарын дүүтэй юм. Зээл аваад гагнуур хийнэ, ажил хийх гэж байгаа гэхээр нь итгээд тусалсан юм. Энэ хүний өмнөөс 2, 3 удаа зээлийг нь би төлж байсан. Би өөрөө тусдаа амьдралтай тул энэ хүний авч хэрэглэсэн зээлийг би төлөөд яваад баймааргүй байна. Энэ зээлнээс нь би нэг ч төгрөг авч хэрэглээгүй тул би нэхэмжилж байгаа зээлийг би төлж чадахгүй гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банкны Замын-Үүд салбар нь хариуцагч М.С, Б.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 11,745,478.68 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 936,195.85 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөр 12,641.52 төгрөг, нийт 12,694,316.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч М.С нь хамтран хариуцагч Б.С-г гэрээнээс хасч, зээлийн гэрээний үүрэг 12,694,316.05 төгрөгийг өөрөө төлж барагдуулахаар,
Хариуцагч Б.С нь М.С-г гуйхаар нь банкин дээр очиж гарын үсэг зурсан, уг мөнгийг авч хэрэглээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч Г банкны Замын-Үүд салбар, хариуцагч М.С, Б.С нар нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай цалингийн зээлийн гэрээг байгуулсан байна. Зээлийн гэрээний нөхцөл, зээлсэн мөнгөн дүн дээр талууд маргаагүй.
Зээлдэгч М.С, Б.С нар нь гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй 146 хоногийн хугацаа хэтрүүлж гэрээний үүргийн зөрчил гаргасан болох нь талуудын тайлбараар нотлогдож байна. Нэхэмжлэгч Г банкны Замын-Үүд салбарын зээлийн гэрээний үүрэгт 12,694,316.05 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нарын хэн аль нь зээлийн гэрээний үнийн дүнд маргаагүй. Хариуцагч М.С нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, харин хариуцагч Б.С “...С-н гуйлтаар гэрээнд гарын үсэг зурсан, би зээлээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй тул төлөхгүй ...” гэж тайлбарладаг.
Гэвч нэхэмжлэгч тал нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээх тул зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нараар хамтран төлүүлнэ гэж маргадаг болно.
Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ1915113895 тоот зээлийн гэрээнээс үзэхэд зээлдүүлэгчээр Г банкны Замын-Үүд салбар, зээлдэгчээр М.С, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Б.С нар гэрээний нөхцлийг харилцан тохиролцон бичгээр гэрээ байгуулсан байна. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заажээ.
Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу Г банкны Замын-Үүд салбар нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байх тул хариуцагч М.С, Б.С нараас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул хариуцагч нар үүргийг хувь тэнцүүлэн хүлээх үүрэгтэй болно.
Дээрх үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ1915113895 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 11,745,478.68 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 936,195.85 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөр 12,641.52 төгрөг, нийт 12,694,316.05 төгрөгийг хариуцагч М.С, Б.С нараас гаргуулан нэхэмжлэгч Г банкны Замын-Үүд салбарт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч М.С, Б.С нараас 12,694,316.05 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г банкны Замын-Үүд салбарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 218,059.06 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.С, Б.С нараас улсын тэмдэгтийн хураамж 218,059.06 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б