Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
Хэргийн индекс | 137/2022/00041/И |
Дугаар | 96 |
Огноо | 2022-03-28 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Г банк ХХК-ний Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар баг, ... тоотод оршин суух, Ө овогт Б.Н, Ө овогт Б.А нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 4,349,230.54 төгрөг зээлийн хүүгийн төлбөр 1,149,385.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 14,128.81 төгрөг, нийт 5,512,744.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ө, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.А, Б.Нэргүй нар нь 2018 оны 04 сарын 30-ны өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн бүтээгдэхүүнээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 2.5, 2.6, 2.1 дэх хэсэгт заасан заалтуудыг удаа дараа зөрчсөн ба зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийн байдлаар 227 хоног хугацаа хэтэрч байна. Иймд банкны санаачилгаар гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг Б.А, Б.Н нараар төлүүлэхээр нэхэмжилж байна. Цалингийн зээлийн төлбөр үндсэн зээлийн төлбөр 4,349,230 төгрөг 54 мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 1,149,385 төгрөг 26 мөнгө торгуулийн хүүгийн төлбөр 14,128 төгрөг 81 мөнгө нийт 5,512,744 төгрөг 61 мөнгийг нэхэмжилж байна гэжээ.
2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н, А нараас зээлийн гэрээний үүрэгт 5,512,744.61 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Н, А нар нь 2018 оны 04 сарын 30-ны өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн бүтээгдэхүүнээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний заалтуудыг удаа дараа зөрчсөн ба зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй шүүхэд нэхэмжлэл өгөх өдрийн байдлаар 227 хоног хугацаа хэтэрч байна. Иймд банкны санаачилгаар гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрт үндсэн зээл 4,349,230 төгрөг 54 мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 1,149,385 төгрөг 26 мөнгө торгуулийн хүүгийн төлбөр 14,128 төгрөг 81 мөнгө нийт 5,512,744 төгрөг 61 мөнгийг нэхэмжилж байна. Хариуцагч Н-н хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөх боломжгүй, банкны зүгээс хариуцлагыг тайлбарлаж өгдөг гэв.
3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А нь банкнаас зээл авах үедээ Ч ХХК-д ажиллаж байсан. Зээлийн төлөлт 2018 оны 09 сараас эхэлж доголдож эхэлсэн бөгөөд А ажлаасаа гараад хилээр ажил хийж явдаг болсон байсан. Зээлийг төлөхийг удаа дараа шаардсан. Ер нь харьцахад их хэцүү хүн, чамаас авсан биш, банканд чинь төлчихнө гэх мэт харьцдаг. Мөн зээл төлөгдөхгүй байгаа талаар хамтран үүрэг гүйцэтгэгчтэй 3 удаа утсаар ярьж мэдэгдсэн. Мөн банкны зүгээс ковидын нөхцөл байдалтайгаар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь өөрчлөлт оруулсан боловч 2021 онд 2 удаа төлөлт хийсэн байдаг. Мөн бид зээлийн гэрээг байгуулахдаа зээлдэгч нар эрх, үүргийг тайлбарлаж өгдөг учраас Н-г чөлөөлөх боломжгүй. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.
4.Хариуцагч Б.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ө овогт Б.А би Замын-Үүд сумын ... тоотод оршин суудаг. 2018 оны 04 сарын 30-ны өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсаны үлдэгдэл 5,512,744.61 төгрөгийг би өөрөө төлж барагдуулна гэжээ.
5.Хариуцагч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А-г зээл авах үед өөрөө төлчих байх гэж бодоод банк дээр очиж гарын үсэг зурсан. Миний хувьд 2 жоохон хүүхэдтэй, ажилгүй учраас зээлийг хамт төлөх боломжгүй, намайг чөлөөлж өгөхийг хүсч байна. Би өмнө нь банкнаас зээл авч үзээгүй, энэ талаар сайн мэдэхгүй гэв.
6.Нэхэмжлэгч тал нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний хуулбар,
-2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрлөлт оруулах тухай 2021 оны 01 сарын 27-ны өдрийн гэрээний хуулбар,
-Зээлийн эргэн төлөлтийн хуваарь
-Хүү тооцооллын хүснэгт зэргийг шүүхэд нотлох баримтаар өгсөн.
7.Хариуцагч нар нь нотлох баримт өгөөгүй болно.
Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХХК нь хариуцагч Б.А, Б.Н нарт холбогдуулан Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг 5,512,744.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Үндэслэл нь:
1.Нэхэмжлэгч “зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн, 227 хоногийн хугацаа хэтэрсэн, гэрээ байгуулах үед зээлдэгч нарт эрх, үүргийг тайлбарлаж өгсөн тул хариуцагч Б.Н-г үүргээс чөлөөлөх боломжгүй“ гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж,
2.Хариуцагч Б.Н “банкнаас зээл авч байгаагүй, энэ талаар сайн мэдэхгүй, А өөрөө хариуцан төлнө гэхээр нь гарын үсэг зурсан” гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, тус тус маргаж,
3.Хариуцагч Б.А “нэхэмжлэлийн шаардлага 5,512,744 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна“ гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох зээлийн болон барьцаат зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт өөрлөлт оруулах тухай 2021 оны 01 сарын 27-ны өдрийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Б.Н, Б.А нар нь нэхэмжлэгч Г банк ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн болон барьцаат зээлийн гэрээ байгуулан, 7,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн бүтээгдэхүүнээр зээлж авсан, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн буцаан төлөх үүргийг хүлээсэн, зээлийг төлөөгүй тохиолдолд үүсэх хариуцлагыг тохирсон үйл баримт байна.
Дээрх үйл баримтыг дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч тал нь гэрээний нөгөө талаас зээлийн үүргийг шаардах эрхтэй байна.
2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцаат зээлийн гэрээ, 2020 оны 01 сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнээс үзэхэд талууд гэрээнд өөрийн хүсэл зоригийг илэрхийлж, гэрээний гол нөхцөл болох зээл төлөх хугацаа, үүрэг зэргийг тохирсон байгаа нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлд 196.1.1-д заасан гэрээ байгуулагдсан гэж үзэх тул хариуцагч Б.Н нь “ эрхэлсэн ажилгүй, банкнаас зээл авч байгаагүй, энэ талаар сайн мэдэхгүй, А өөрөө хариуцан төлнө гэхээр нь гарын үсэг зурсан” гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.
Хариуцагч нар нь гэрээний үүргийг зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу биелүүлээгүй, 227 хоног хэтэрсэн, хариуцагч нартай удаа дараа утсаар холбогдож мэдэгдсэн талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарладаг ба энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй ч хариуцагч нар мэдэгдэл хүлээн авсан эсэх талаараа маргаагүй болно. Иймд нэхэмжлэгч тал зээлийн эргэн төлөлтийг шаардаж утсаар холбогдсон, түүнчлэн Монгол Улсад ковид-19 өвчин тархсантай холбогдуулан банкны зүгээс зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийг төлөх хугацааг сунгасан байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх юм.
Нэхэмжлэгч тал нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосоор байхад хариуцагч нар нь зээлийн гэрээний 2.4-т заасныг зөрчсөн, зээлийг буцаан төлөх үүргийг биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүү тооцооллын хүснэгт зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн төлбөр 4,349,230.54 төгрөг зээлийн хүүгийн төлбөр 1,149,385.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 14,128.81 төгрөг, нийт 5,512,744.61 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г банк ХХК-д олгох нь зүйтэй байна.
2.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 4,349,230.54 төгрөг зээлийн хүүгийн төлбөр 1,149,385.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 14,128.81 төгрөг, нийт 5,512,744.61 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г банк ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,153.92 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 103,153.92 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Хариуцагч Б.А, Б.Н нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А. Ц