| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 188/2024/0928/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1034 |
| Огноо | 2024-09-24 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1034
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Булгантамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
Улсын яллагч Ж.Сувданчимэг,
Хохирогчийн төлөөлөгч Ч.Ц, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг,
Шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Т.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.С-ид холбогдох ************* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07-р сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *** настай, эрэгтэй, ********* боловсролтой, ********** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, **** хамт ******* аймгийн ********* сумын ** дугаар баг, ** тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч тус сумын *** хороолол *** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй,
А овогт М-ы С (***************)
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч М.С нь 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ****** дүүргийн ** дүгээр хороо** тоот хашаанд байрлах амь хохирогч Ц.Б-ын хувиараа ажиллуулж байсан түүний эзэмшлийн замаскийн цехэд ажиллаж байх үедээ замаскийн холигч машины өөрийн цэвэрлэж байсан хоолойг гацсан эсэхийг шалгахаар асаадаг товчийг дарах гэж байгаад андуурч, Ц.Б-ын цэвэрлэж байсан хоолойны асаах товчийг дарсны улмаас замаскийн машин ажиллаж, түүнд Ц.Б нь баруун талын гар хэсгээсээ татагдан орсны улмаас биедээ "хуйх болон баруун мөр, бугалга, цээжний баруун хэсгийн булчин, зөөлөн эд няцарч урагдсан эдийн дутагдал бүхий хууларсан том шарх, бугалганы тараагуур судасны няцрал /А. Branchialis/, хураагуур судасны тасрал /v/cephalica/, баруун 1, 2-р хавирганы шууд хугарал, цээжний хөндий дэх хий хуралдалт, дал яс болон акрамион сэртэнгийн хугарал, эгэм, далны холбоосны тасрал, эрүү, хүзүү, шууны зүсэгдсэн шарх, эрүү, цээж, бугалга, шуу, хүзүү, шанаанд зулгаралт, цус хуралт” бүхий гэмтэл авч, улмаар дээрх хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокт орж нас барсан буюу “...бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироох гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 716 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Шүүгдэгч М.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Санамсар болгоомжгүй үйлдлээс болсон, хохирлыг чадахаараа төлж, барагдуулна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд эхлээд 20,000,000 орчим төгрөг өгсөн, дараа нь 43,000,000 төгрөг өгсөн..” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Уг прокурорын тогтоолыг болон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би ***** аймгийн ***** хороолол 1-112 тоотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Тэгээд би 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ****** аймгаас Улаанбаатар хотод машин сэлбэг авахаар ирээд хойд аав Б , ээж Цэцгээ нарын гэрт байсан. 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 09 цагийн үед хойд аав Б нь намайг Баянхошуунд хүрээд ирээрэй, хоёулаа замаск зууръя, би 100 айл орчхоод яваад очъё гэж хэлэхээр нь би тэгье гэж хэлсэн. Тэгээд би тухайн өдрийн 12 цагийн үед Баянхошуунд байрлах хойд аав Б ын замаск зуурдаг хашаанд /хаягийг нь мэдэхгүй/ ирсэн ба тухайн үед ямар ч хүн байгаагүй, хойд аав Б нь ирээгүй байсан. Тэгээд би тэр хавиар юмыг цэгцлээд замаскуудыг нь замаскийн машинд ойртуулж тавиад би хойд аав Б руу гар утсаар холбогдоод та хаана байгаа юм бэ гэсэн чинь би одоо удахгүй очлоо, чи замаскаа зуурч бай гэж хэлэхээр нь би тухайн замаскийн машинд эхлээд хар замаск зуураад бэлэн болгоод дахин цагаан замаск зуурах гээд би замаск зуурдаг машиныг цэвэрлээд байж байтал тухайн өдрийн 15 цагийн үед хойд аав Б нь ирээд хамт замаскийн машиныг цэвэрлэе гэж хэлэхээр нь бид хоёр тухайн замаскийн машины 2 талд нь гараад цэвэрлэсэн ба хойд аав Б нь замаскийн машины дотор талыг эргүүлэхээр гацсан шороог нь гараараа авч байсан ба би эсрэг талд нь гарчихсан бас шороог нь цэвэрлэж байсан юм. Миний талд тухайн замаскийн машины асаах товчлуурууд байсан ба би тухайн замаскийн машиныг товчлуураар нь асааж ажиллуулж байсан. Тэгээд би өөрийнхөө цэвэрлэж байсан талын шороог унагаах гээд тухайн замаскийн машины асаах товчлуур дээр дарах гэж байгаад андуураад хойд аав Б байсан талын асаах товчлуур дээр андуурч дараад тэгээд би андуурч дарснаа мэдээд хойд аав Б байсан тал дээр гүйгээд очиход тухайн замаскийн машинд хойд аав Б баруун гар хэсгээрээ замаскийн машинд татагдаад орчихсон нэлээн цус гараад байхаар нь би хойд талынх нь цонхоор гарыг нь эвтэйхэн тухайн замаскийн машинаас гаргаж аваад 103 дуудсан. Тэгээд 103 ирээд хойд аав Б ыг аваад явсан ба хойд аав Б нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хүргэгдэн очоод нас барсан. Тухайн замаскийн машин нь нэг газарт л товчлууруудтай, тухайн газарт нь би байсан. Тухайн замаскийн машин нь 10 орчим товчлууртай байсан ба асаах унтраах нь захын товчлуурууд байсан. Бусад товчлуурууд нь өөр өөр ажиллагаатай байсан ба миний цэвэрлэж байсан талын асаах товчлуур дээр дарахад цаад талын буюу хойд аав Б ын цэвэрлэж байсан тал ажиллахгүй гэсэн олон үйлдэлтэй замаскийн машин байсан. Тухайн замаскийн машиныг ажиллуулах аюулгүй ажиллагааны зааварчилга байгаагүй, манай хойд аав Б нь тухайн замаскийн машиныг хувиараа ажиллуулж байсан юм. Би 2023 онд нэг л удаа тухайн замаскийн машин дээр ажиллаж байсан ба тухайн үед аав Б аар заалгаж байсан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 131-132 дахь тал),
2. Хохирогч хууль ёсны төлөөлөгч Ч.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хуулийн дагуу сэтгэл санааны хохирол болон өмгөөлөгчийн зардлыг нэхэмжилж байна. Энэ хэрэг бол надад санаатай үйлдэгдсэн мэт санагдаж байна. Энэ хүнийг би хэрэг болсон тухайн шөнө л харсан. Ийм хүүхдийн сураг л сонсогдож байснаас манайхны хэн нь ч харж байгаагүй. Сэтгэл санааны хохирлоо л барагдуулж авмаар байна. Би хүн харахад амьд явж байгаа болохоос сэтгэл санаагаараа үхэж байна. Намайг харж ханддаг ганц хүүхэд минь байсан. Хүүхдээ ингээд хүний гарт алдчихлаа. Тийм олон товчлуур байдаг гэдэгт итгэхгүй байна. Ганц л товчлуур байдаг байх, андуурч дарсан гэж би бодохгүй байна...талийгаачийн төрсөн нэг хүүхэд байгаа гэсэн тодорхой мэдэхгүй байна, хүүхдийн тэтгэлэг авдаг...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
3. Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан “...Сонгинохайрхан дүүргийн **-р хороо, ******* тоотод 2024 оны 04 дүгээр сарын 21-нд иргэн Ц.Б- үйлдвэрт гараа тасалсан гэх...” мэдээлэл, гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),
4. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-10 дахь тал),
5. Цогцост үзлэг хийсэн 2024 оны 04-р сарын 22-ны өдрийн ...зүүн чамархай хэсэгт том том хэлбэрийн 24 см мэс заслын оёдол бүхий шархтай, эрүүгийн урд хэсэгт 6х3 см зулгаралттай, гол хэсэгт 3 см оёдол тавигдсан шархтай. Баруун мөрний үеийн дээд хэсгээр бүрэн тойрсон, бугалганы дотор дунд хэсэгт хүрсэн, мөрний үеэр гарыг бүрэн залгасан мэт оёдол тавигдсан. Зөөлөн эдийн ил гарсан шархтай. Баруун эгмийн доор 3.5х1 см, хүзүүний баруун дээд хэсэгт 2х0.3 см ирмэг тэгш шархтай. Баруун бугуйн дотор хэсэгт 4 см оёдол тавигдсан шархтай. Цээжний баруун хэсэгт 22х10 см хөхөлбөр хүрэн цус хуралттай. Баруун мөр бугалганы гадна хэсгийг хамарсан 28х14 см, шууны урд хэсэгт 12х4 см, ар хэсэгт 11х6.5 см хүрэн тав бүхий зулгаралттай. Баруун шанаад 5х2 см зулгаралттай... гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 14-17 дахь тал),
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ба-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 17-18 цагийн үед над руу манай дүү болох Бя гар утсаар холбогдоод ах Б нь Баянхошуунд замаск зуурдаг хашаандаа гараа гэмтээчихсэн гэж байна гэж хэлэхээр нь би Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв рүү очсон... очиход ах Б нь баруун гараа гэмтээсэн, эмч нар өрөө рүү нь аваад орчихсон гээд тухайн үед Бя, Ц нар байсан... орой нь нас барчихсан... юу болсон талаар асуухад С, Б ах хоёр Баянхошуунд байрлах Б ахын замаск зуурдаг хашаанд замаск зуурдаг машиныг цэвэрлэж байгаад Сбуруу товчлуур дээр дарчихсан чинь тухайн замаскийн машин ажиллаад Б ахын баруун гарыг гэмтээсэн гэж яриад байсан. Би яг юу болсон талаар мэдэхгүй...
...Би сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохгүй. Сэтгэцэд учирсан хохирол тогтоолгох шаардлага байхгүй. Тус хэрэгт ямар нэгэн гомдол санал байхгүй, мөн нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21, 23 дахь тал),
7. Гэрч Ц.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Ц-ын Б бид хоёр 2005 оноос хойш хамт амьдарч байгаа, хууль ёсны баталгаагүй, дундаасаа хүүхэдгүй... Талийгаач Ц.Б- бид хоёр 2005 оноос хойш хамт амьдарсан ба тухайн үеэс бид хоёр хамтраад 100 айл дээр барилгын материалын худалдаа хийж байгаа юм. Тэгээд мөн талийгаач Ц.Б- нь 2016 оны орчимд ****** дүүргийн ** дүгээр хороо** тоот хашааг түрээслээд тус тоотод замаскийн машин байрлуулж тухайн замаскийн машиндаа замаск зуурч 100 айлын дэлгүүртэй тухайн зуурсан замаскаа борлуулдаг байсан юм. 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагийн үед би ажил дээрээ буюу 100 айл дээр байж байхад талийгаач Ц. Б нь ажил дээр орж ирээд хоол идсэн ба тухайн үед Б нь надад хандаж С бид хоёр ********* дүүргийн ** дүгээр хороо*** тоотод байрлах үйлдвэртээ хамт ажиллана, Содоо тэнд очсон байгаа С1 тонн хар замаск зуурсан гэж байна. Бид одоо очоод С-той 2 тонн цагаан замаск зуурчхаад эртхэн бууна. Би С-ийг хар замаск зуурсан машинаа цэвэрлээд байж бай гэж хэлсэн гээд хоол идчихээд гараад явсан. Тэгээд тухайн өдрийн 15 цагийн үед талийгаач Ц.Б- нь над руу залгаад хөгшөөн дэлгүүрээ хаасан юм уу, өнөөдөр хүн бага байна. Өнөөдөр эртхэн бууж амраа гэхээр нь би одоо яг хаах гэж байна гэж хамгийн сүүлд ярьсан. Тэгээд би ажлаасаа гараад гэр рүү явсан ба яг гэр рүү орох гэж байтал манай хүү С над руу залгаад ээжээ та түргэн дуудаарай гээд орилоод хурдлаарай хурдлаарай, яана аа гээд орилоод байхаар нь би С-оос яачихваа юу болов оо гэсэн чинь С надад хандаж Б ахын гар нь гэмтчихлээ хурдлаарай түргэн дуудаарай гээд орилоод салгахаар нь би түргэн буюу 103 руу залгаад би гэрээсээ шууд гараад Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв рүү явсан. Тэгээд би Б ын дүү Бя руу залгаад чи хаана байна, ах чинь гараа гэмтээсэн гээд байна, наад С, Б хоёр чинь нэг юм болсон юм шиг байна гэж хэлсэн чинь Бя заа гэж хэлсэн. Тэгээд ГССҮТ дээр очиход Бя ГССҮТ-д ирсэн байсан ба би Бя-гаас юу болж байна яачихваа гэхэд өрөө рүү аваад орчихлоо гээд би тэр өрөө рүү нь орох гэтэл намайг оруулаагүй. Тэгээд тэр өдрөө хүлээж байхад тэр шөнөдөө нас барсан. Тэр үед С надад хэлэхдээ би Б ахыг ирэхээс өмнө 1 тонн хар замаск зуураад хар замаск зуурсан машиныхаа пүнкэрийг цэвэрлэчхээд байж байхад Б ах ирсэн. Тэгээд Б ах ирээд бид 2 тонн цагаан өнгийн замаск зуурахаар болоод би Б ахад замаскийн машинаа цэвэрлэснийг харуулахад Б ах замаскийн машины хоолой нь дутуу байна гээд Б ах намайг ингэж цэвэрлэдэг юм гээд хоолойг цэвэрлээд хоолойг кнопыг нь дарж пүнкерийг эргүүлж тэр хоолойны шороог нь цэвэрлэдэг юм гэж хэлээд надад зааж өгсөн. Тэгээд би тухайн замаскийн машиныг үргэлжлүүлэн цэвэрлэж байхад Б ах цаана шуудайтай замаск, холигчоо янзлаад явж байсан. Тэгээд би хоолойг цэвэрлээд замаскийн машины кнопыг нь дараад пүнкерийг эргүүлээд хоолойг нь цэвэрлэж байтал Б ах тухайн замаскийн машины татах хоолойг шалгадаг хоолойн хэсэгт гараа хийчихсэн байсан ба тэгээд гар нь гэмтсэн гэж байсан... Тухайн замаскийн машинд ямар нэгэн аюулгүй ажиллагааны зааварчилга гэж байхгүй. Зүгээр л хувиараа ажиллуулж байсан. Ямар ч тийм замаскийн машин ажиллуулах эрх тусгай зөвшөөрөл байхгүй. Талийгаач Ц.Б- нь ямар ч тийм барилга, инженерээр суралцаж байгаагүй, хувиараа л хийдэг байсан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),
8. Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1639 дугаартай:
...Амь хохирогч Ц. Б ын биед хавсарсан хүнд гэмтэл: хуйх болон баруун мөр, бугалга, цээжний баруун хэсгийн булчин, зөөлөн эд няцарч урагдсан эдийн дутагдал бүхий хууларсан том шарх, бугалганы тараагуур судасны няцрал /A.Branchialis/, хураагуур судасны тасрал /v.cephalica/, баруун 1, 2-р хавирганы шууд хугарал, цээжний хөндий дэх хий хуралдалт, дал яс болон акрамион сэртэнгийн хугарал, эгэм, далны холбоосын тасрал, эрүү, хүзүү, шууны зүсэгдсэн шарх, эрүү, цээж, бугалга, шуу, хүзүү, шанаанд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Зүрхний булчингийн эмгэгшил, элэгний өөхөн хувирал, нойр булчирхайн архаг үрэвсэл өвчтэй байжээ. Эдгээр өвчнүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй.
Химийн шинжилгээгээр спиртийн зүйл болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй ба нэгдүгээр бүлгийн цустай байжээ.
Амь хохирогч нь дээрх хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокт орж нас баржээ. Өвчний түүхэд тэмдэглэгдсэнээр 2024 оны 04 дүгээр сарын 22-ны 02 цаг 20 минутад нас баржээ.
Амь хохирогчид хийгдсэн оношилгоо, эмчилгээ зөв явагдсан байна.
Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь насыг аврах боломж муутай байжээ...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 36-42 дахь тал),
9. Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1524 дугаартай:
“...Шинжилгээнд ирүүлсэн хувцас, эд зүйлс шинжилгээнд тэнцэнэ.
Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн маскт үүссэн 280мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ тасралт байна. Хар өнгийн даавууны зах ирмэг бүхэлдээ, шар өнгийн цамцны тасархай хэсэгт үүссэн 220x45мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна.Шар өнгийн цамцны тасархай хэсэгт үүссэн 100мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт, 130x100мм хэмжээтэй гэмтэл нь гогодох татах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ гогодолт, 210мм, 170мм хэмжээтэй гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна. Бусад хувцас гэмтэлгүй байна.
Материалын нимгэн зузаан эдэлгээ, үйлчилсэн хүчний хэмжээ зэргээс хамаарч ханзралт, гогодолт, зүсэгдэлт, урагдалт хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй…”гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 69-71 дэх тал)
10. Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1525 дугаартай:
“…Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна.
Шинжилгээнд ирүүлсэн шар цамцанд үүссэн 300x240мм, 70мм, 830мм, хар цамцанд үүссэн 800мм, 680мм, хөх цамцанд үүссэн 600мм, 560мм, 540мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн нэгээс дээш удаагийн хүч үйлчлэх үед үүссэн шинэ зүсэгдэлт, хар цамцанд үүссэн 15мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн хүч үйлчлэх үед үүссэн шинэ зүсэгдэлт, хөх цамцанд үүссэн 70x40мм хэмжээтэй гэмтэл нь гогдогдон татах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ гогодолт, хөх цамцанд үүссэн 80мм, 60мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт, цагаан бээлийнд үүссэн 5x5мм, хар оймсонд үүссэн 10x7мм, 7x5мм хэмжээтэй гэмтлүүд нь эдэлгээний явцад үүссэн хуучин цооролт, саарал гуталд үүссэн 50x60мм, 50x40мм хэмжээтэй гэмтлүүд нь эдэлгээний явцад үүссэн хуучин сэмрэлт байна.
Шинжилгээнд ирүүлсэн хөх цамцанд үүссэн гогодолт, урагдалтыг хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг материалын нимгэн, зузаан эдэлгээ үйлчилсэн хүчний хэмжээ зэргээс хамаарч тодорхойлох боломжгүй.
Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн гэмтлүүдийг хэзээ үүссэн болохыг мөр судлалын шинжилгээгээр тогтоохгүй.
Шинжилгээ хийх явцад нэмэлтээр хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал илрээгүй болно…” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 56-59 дэх тал),
11. Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2528 дугаартай:
“...Шинжилгээнд ирүүлсэн объектууд нь шинжилгээнд тэнцэнэ.
Шинжилгээнд ирүүлсэн хөвөнтэй савх, арчдас дээр цус илэрсэн, эд мэт зүйл, савх дээр цусны ул мөр илэрсэн.
Шинжилгээнд ирүүлсэн хөвөнтэй савх, арчдас дээр илэрсэн цус нь хүний цус байна. Уг цус нь O(I) бүлгийн харьяалалтай байна…” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 79-80 дахь тал)
12. Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2529 дугаартай:
“...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн цамц, хөх өнгийн цамц, шар өнгийн цамц, цэнхэр өнгийн өмд, хар өнгийн хос оймс, бор өнгийн хос пүүзэн гутал, цагаан өнгийн ажлын 1 ширхэг бээлий, ногоон өнгийн дэвсгэр, цэнхэр өнгийн дэвсгэр, бинт нь шинжилгээнд тэнцэж байна.
Хар өнгийн цамц, хөх өнгийн цамц, шар өнгийн цамц, цэнхэр өнгийн өмд, хар өнгийн хос оймс, бор өнгийн хос пүүзэн гутал, цагаан өнгийн ажлын нэг ширхэг бээлий, ногоон өнгийн дэвсгэр, цэнхэр өнгийн дэвсгэр, бинт дээр цусны ул мөр илэрсэн, бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй.
Илэрсэн цусны ул мөр нь хүний цус байна.
Хар өнгийн цамц, хөх өнгийн цамц, шар өнгийн цамц, цэнхэр өнгийн өмд, цагаан өнгийн ажлын нэг ширхэг бээлий, ногоон өнгийн дэвсгэр, цэнхэр өнгийн дэвсгэр, бинт дээр илэрсэн цус нь O(I) бүлгийн харьяалалтай байна. Хар өнгийн хос оймс, бор өнгийн хос пүүзэн гутал дээр илэрсэн цусны ул мөр нь бүлгийн харьяалал тогтоох шинжилгээнд дээж хүрэлцэхгүй тул шинжилгээ хийх боломжгүй…” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 94-95 дугаар тал),
13. Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2530 дугаартай:
“…Шинжилгээнд ирүүлсэн объектууд шинжилгээнд тэнцэнэ.
Шинжилгээнд ирүүлсэн шар, хар өнгийн даавууны тасархай хэсэг, малгай дээр цус илэрсэн, амны хаалт дээр цусны ул мөр илэрсэн.
Шинжилгээнд ирүүлсэн амны хаалт дээр илэрсэн цусны ул мөр нь шинжилнээнд тэнцэхгүй.
Шинжилгээнд ирүүлсэн шар, хар өнгийн даавууны тасархай хэсэг, малгай дээр илэрсэн цус нь хүний цус байна. Уг цус нь O(I) бүлгийн харъяалалтай байна…” гэсэн шүүгчийн дүгнэлт (хавтаст хэргийн 86-87 дахь тал),
14. Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Г-ийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2024/07 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 103-106 дахь тал),
15. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирол төлбөртэй холбоотой баримтууд:
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Шүүгдэгч М.С ийн хувийн байдлын талаар баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 109 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 111 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 112 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 114 дэх тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүх хуралдаанд прокуророос “шүүгдэгч М.С-ийг Эрүүгийн хуулийн ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцуулах,
Шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлтэй маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс сэтгэцэд учирсан гэм хорын төлбөр 99,000,000 төгрөг болон өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, нийт 101,000,000 төгрөгийг нэхэмжлэх байр суурьтай тус тус оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч М.С нь ****** дүүргийн ** дүгээр хороо** тоот хашаанд 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Ц.Б-ын хувиараа ажиллуулж байсан түүний эзэмшлийн замаскийн цехэд замаскийн холигч машиныг цэвэрлэж байх үедээ өөрийн цэвэрлэж байсан хоолойг гацсан эсэхийг шалгахаар асаадаг товчийг дарах гэж байгаад андуурч, Ц.Б-ын цэвэрлэж байсан хоолойны асаах товчийг дарсны улмаас замаскийн машин ажиллаж, хохирогч Ц.Б-ын баруун талын гар хэсгээсээ татагдан орсны улмаас биедээ "хуйх болон баруун мөр, бугалга, цээжний баруун хэсгийн булчин, зөөлөн эд няцарч урагдсан эдийн дутагдал бүхий хууларсан том шарх, бугалганы тараагуур судасны няцрал /А. Branchialis/, хураагуур судасны тасрал /v/cephalica/, баруун 1, 2-р хавирганы шууд хугарал, цээжний хөндий дэх хий хуралдалт, дал яс болон акрамион сэртэнгийн хугарал, эгэм, далны холбоосны тасрал, эрүү, хүзүү, шууны зүсэгдсэн шарх, эрүү, цээж, бугалга, шуу, хүзүү, шанаанд зулгаралт, цус хуралт” бүхий гэмтэл авч, улмаар дээрх хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокт орж нас барсан буюу “...бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон.
Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-10 дахь тал), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 14-17 дахь тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21, 23 дахь тал), гэрч Ц.Цэцгээгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал), Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1639 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 36-42 дахь тал), Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1524 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 69-71 дэх тал), Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1525 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 56-59 дэх тал), Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2528 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 79-80 дахь тал), Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2529 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 94-95 дахь тал), Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2530 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 86-87 дахь тал), Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Г-ийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2024/07 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 103-106 дахь тал), шүүгдэгч М.Сийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн, цуглуулсан нотлох баримтын хүрээнд дээрх үйл баримтыг сэргээн дүрсэлж, хэргийн үйл баримтыг тогтоолоо.
Хоёр. Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь хүний амьд явах эрхэд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон байхыг ойлгоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүнийг алах” гэмт хэргээс гэм буруугийн хэлбэр буюу гэмт этгээдийн зүгээс үйлдэлдээ хандах субьектив хандлагаараа ялгагдана. Өөрөөр хэлбэл хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй, хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг.
Тодруулбал, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан хориглосон хэм хэмжээг зөрчиж, эсхүл бусад болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учирч болох нөхцөл байдлыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр бий болгосон этгээдэд тухайн учирч болох аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэг үүсэх бөгөөд түүнийгээ зохих ёсоор биелээгүйгээс хүний амь нас, эсхүл эрүүл мэндэд хохирол учирсан бол тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож, зөрчигдсөн хууль тогтоомж, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанараас хамааруулан хэргийг Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчилж шийдвэрлэнэ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар ****** дүүргийн ** дүгээр хороо** тоот хашаанд 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Ц.Б-ын хувиараа ажиллуулж байсан түүний эзэмшлийн замаскийн цехэд замаскийн холигч машиныг цэвэрлэж байх үедээ өөрийн цэвэрлэж байсан хоолойг гацсан эсэхийг шалгахаар асаадаг товчийг дарах гэж байгаад андуурч, Ц.Б-ын цэвэрлэж байсан хоолойны асаах товчийг дарсны улмаас замаскийн машин ажиллаж хохирогчийн биед гэмтэл учирсны улмаас нас барсан үйлдэлд шүүгдэгч М.С гэм буруутай гэж үзнэ.
Хэдийгээр шүүгдэгч М.С нь тухайн ажлын орчинд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар өгөх, түүнийг хангах үүрэг хүлээгүй ч холигч машины цэвэрлэгээг хийхэд орчны аюулгүй байдал, товчлуурыг дарахдаа 7 товчлуурыг сайтар нягталж дарах, ажиллагаанд оруулах ёстой байтал шүүгдэгчийн хэтэрхий хайнга хандсан буюу хохирол, хор уршиг учруулахгүй байж чадна гэсэн сэтгэхүйн хандлагаар үйлдэлдээ хандсан нь энэ гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөл болсон.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.С-ид холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч М.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-ын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц-ээс шүүхийн хэлэлцүүлэгт ...Сэтгэцэд учирсан хор уршиг, өмгөөллийн хөлс нийт 101,000,000 төгрөгийг гаргуулах саналтай байна..” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт нэхэмжилсэн 99,000,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тодруулбал, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах…шүүхээс тогтооно.” гэж хуульчилсан бөгөөд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлөх, түүнийг шаардах эрхийг хохирогч буюу нас барсан хүний гэр бүлийн гишүүн байхаар хуульчилсан.
Тухайлбал, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” гэж шаардах эрхтэй этгээдийг тодорхойлсон.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц-ээс өгсөн “...талийгаачийн төрсөн нэг хүүхэд байгаа гэсэн тодорхой мэдэхгүй байна, хүүхдийн тэтгэлэг авдаг...” мэдүүлэгт дурдсан бөгөөд хууль ёсны төлөөлөгч Ч.Ц нь хохирогчтой хамт амьдардаггүй, мөн хохирогчийн төрсөн хүүхэд байдаг гэх зэрэг үйл баримт нь сэтгэцэд учирсан хохирлыг шаардах эрхтэй эсэх нь тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл, сэтгэцэд учирсан хохирлыг шаардах эрхийг гэрлэгчид, дараа нь түүнтэй хамт амьдарч байсан хүүхэд /төрсөн, дагавар, үрчлэн авсан/, үүний дараа төрөл, садангийн хүн авах талаар хууль тогтоогч дараалал тогтоосон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц-ийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчид төлсөн 2.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хохирогчийн өмгөөлөгчид төлсөн мөнгө нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож болохоор хуульчилсан боловч Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Журам батлах тухай 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг баталж, тус журмын 2 дугаар зүйлийн 2.6.6-д дахь заалтад “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” гэж зааснаар алинд ч хамаарахгүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.С нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Түүнчлэн шүүгдэгч М.С-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас: ...шүүгдэгч М.С-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ****** аймгийн ****** сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг 4 жилийн хугацаагаар хязгаарлах ял оногдуулах гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “...Би бол хүүхдээ алдсан хүн, гомдолгүй байна гэж байхгүй, ялын дээд хэмжээг оногдуулж өгнө үү, ялыг нь эдлүүлмээр байна. Эрх чөлөөтэй л яваад байна, харин миний хүүхэд энэ хорвоод байхгүй болсон...” гэсэн саналыг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “...Хүний амь нас хохирсон үйл явдал тул хорих ялын дээд хэмжээгээр буюу 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...гэм буруугүйн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн...тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт анх удаа үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, оршуулгын зардалд туслалцаа үзүүлсэн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар...хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэр буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлэх арга хэмжээ авсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн хувьд хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэхгүй, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, өмгөөлөгчид төлсөн 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, төдийгүй хохирогчийн оршуулгын зардалд төлсөн гэх мөнгийг хохирол төлсөн гэж үзэхгүй тул хуулийн дээрх шаардлагад хамаарахгүй.
Түүнчлэн энэ гэмт хэргийн хувьд хор уршиг буюу хүний амь нас хохирсон нөхцөл байдал сэргээгдэхгүй, хор уршиг арилах боломжгүй зэрэг үндэслэлээр тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай өмгөөлөгчийн гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг хүлээж авах үндэслэлгүй байна.
Иймд М.С-ид гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 04 /дөрөв/ жилийн хугацаагаар ****** аймгийн ****** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаар ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үйлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Бусад асуудлын талаар.
Шүүгдэгч М.С нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг дээжийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт М-ы С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…бусад болгоомжгүйн үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-ийг 4 жилийн хугацаагаар “****** аймгийн ****** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой 99.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчид төлсөн “2.000.000” төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хавтас хэрэгт хавсаргаж ирүүлсэн 2 дээжийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.С-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг шүүдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гарах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР