| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2024/1061/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1094 |
| Огноо | 2024-10-07 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1094
2024 10 07 2024/ШЦТ/1094
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Аийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 2***80233***621 дугаар хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт *** *** (регистрийн дугаар ***), *** оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ойжуулагч, цэцэгжүүлэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, дөрвөн хүүхдийн хамт *** дүүргийн *** дугаар хороо, *** 2-р гудамжны *** тоотод оршин суух(*** дүүргийн 15-р хороо, *** 70-р гудамж *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Хэргийн товч агуулга: Т.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа *** дүүргийн *** дугаар хороо, Зүүн салааны замд 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 17 цаг 26 минутын орчимд Тоёота приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт( 3.7/а)-ыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1.1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.А “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Улсын яллагчаас “2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 6*** дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт (хавтас хэргийн 1-3, 22-24, 42 дугаар хуудас)”,
- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах баримт байхгүй” гэцгээв.
Шүүгдэгч Т.А нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 17 цаг 26 минутын орчимд Тоёота приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** дүүргийн *** дугаар хороо, Зүүн салааны замд жолоодон замын хөдөлгөөнд оролцож Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- *** дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч С.Ган-Очирын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тэмдэглэлд “*** ***/***/ нь *** дүүргийн *** дугаар хороо, Зүүн салааны замд *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.81 хувь согтолттой 2 км жолоодсон”, гэрэл зургийн үзүүлэлт(хавтас хэргийн 1-3 хуудас),
- Цагдаагийн Ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн жолоодох эрхийн лавлагаагаар “*** овогт *** *** /***/ үнэмлэхийн дугаар 845126, эрх хасагдсан” (хавтас хэргийн 42 дугаар хуудас),
- *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/109 дугаар шийтгэвэр (хавтас хэргийн 22-24 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэж 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн.
Тус зүйлийн тайлбар хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно, “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж тайлбарласан байна.
Шүүгдэгч Т.А нь 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар согтуугаар тээврийн жолоодон зөрчил гарган 20 хоногийн баривчлах шийтгэл оногдуулж, 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ дахин тээврийн хэрэгсэл жолоодон, драгер багажаар түүний амьсгал дахь спиртийн агууламж 1.81 промиль илэрсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул Т.Аийг тус, зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.А нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” хүсэлт гаргасан болохыг тэмдэглэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ат тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилээр хасаж, 06 сарын хугацаагаар *** дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах”,
Шүүгдэгчээс “хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг танилцуулав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас(хавтас хэргийн 33 дугаар тал)-аас үзэхэд шүүгдэгч Т.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуурах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон), шүүгдэгчийн хувийн байдал(*** онд төрсөн, *** настай, эмэгтэй, ам бүл-5, 7-13 настай хүүхдүүдийн хамт *** дүүргийн *** дугаар хороо, *** 2-*** тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй хүлээн зөвшөөрч оролцсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ат тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, Улаанбаатар хотын *** дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 06 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, хэрвээ уг ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг түүнд сануулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Т.Ат урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн 2***80233***621 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт *** ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ат тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотын *** дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг зургаан сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Шүүх уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн 2***80233***621 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ат урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР