Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/994

 

 

 

 

 

 

 

     2024          09          10                                          2024/ШЦТ/994

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хаш-Эрдэнэ,

улсын яллагч Д.Түмэнжаргал /томилолтоор/,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***эд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 01 дүгээр сарын 12-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, циркчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 4, эгч, дүү нарын хамт *** аймгийн *** сумын *** баг, *** гудамжны *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо *** дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  

*** овогт ***ийн *** (регистрийн дугаар:***).

 

Холбогдсон хэргийн утга:

Шүүгдэгч *** нь 2024 оны 6 дугаар сарын 17-ны шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** гудамжид автомашинаар хамт хүргүүлж ирээд буухдаа ***ын хажуу талдаа тавьсан байсан цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан, цүнхэнд байсан мөнгөөр архидан согтуурах, цүнхийг айлын хашаа давуулж шидэн 420,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

3. Шүүх хуралдаанд шүүгдэгч *** нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй оролцсон.

4. Шүүгдэгч *** нь 2024 оны 6 дугаар сарын 17-ны шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** гудамжинд хохирогч ***ын цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч зугтаан 420,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

4.1. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт ирүүлсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 хуудас),

4.2. Хохирогч ***ын “...2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр салсан найз залуу *** ажил дээр ирээд лангуун дээр өрж тавьсан байсан ундааг цохиж унагаасан. Манай худалдагч бид хоёрыг хэл амаар доромжлоод зогсож байхад ажлын гадаа манай аав *** ирсэн. Удалгүй гадаа гараад машиндаа сууж байхад манай аавтай юм яриад зогсоод байсан. Тэгээд *** “Баянхошуунд эгчийнд хүргээд өгчихөөч, надад таксины мөнгө байхгүй байна” гэсэн. ***ийг түүний эгч ***х нь гэрийн гадаа буулгаад явах гэтэл миний хажууд байсан цүнхийг аваад зугтаасан. Аав машинтайгаа араас нь хөөсөн боловч олдоогүй. Миний цүнхэнд дэлгүүрийн бэлэн мөнгө 380,000 төгрөг, Хаан банкны виза карт, эм байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 хуудас),

4.3. Гэрч ***ын “...2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр охин ***ын ажил дээр очиход найз залуу болох *** ирчихсэн байсан. Тэгээд охиныхоо ажлыг дуусгаад хамт явах гээд гарч ирэхэд “***ийг гэрт нь дөхүүлээд өгье” гээд байхаар нь би машинтайгаа араас нь дагаад явсан. Эгчийнх нь гэрийн гадаа очоод зогсож байхад жолооч талын цонхоор цүнхийг нь аваад дээд талын гудамж руу өгсөөд гүйхээр нь араас нь хөдлөх гэхэд зугтаад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 хуудас),

4.4. “Тэргүүн Үнэлгээ” ХХК-ийн “цүнхийг 40,000 төгрөгийн үнэлгээтэй” болохыг тогтоосон 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 24/012 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 26-27 хуудас),

4.5. “***д хар өнгийн жижиг цүнх, 86570 төгрөг” хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 32 хуудас) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

5. Эрүүгийн хуульд заасан “дээрэмдэх” гэмт хэргийн объектив талын үндсэн шинжийг 1-рт, хүч хэрэглээгүй /булаах/ буюу эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах, 2-рт, хүч хэрэглэсэн буюу эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлох үйлдлээр тодорхойлсон.

 

6. *** нь хохирогч ***ын автомашин дотор хажуу талдаа тавьсан байсан цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар буюу автомашины цонхоор шүүрч авах хэлбэрээр авч зугтаасан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ.

 

7. Хохирол хор уршгийн талаар:

7.1. “Тэргүүн Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 24/012 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд “гар цүнх 40,000 төгрөг, бэлэн мөнгө 380,000 төгрөг, нийт 420,000 төгрөг” гэж үнэлсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд эд зүйл, бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 32 хуудас/, мөн хохирогчийн “бэлэн 350,000 төгрөг авсан, гомдол саналгүй” талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 63 хуудас/ зэргээр шүүгдэгч *** хохирлоо төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

8. Эрүүгийн хариуцлагын талаар:

8.1. Улсын яллагчаас: Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар буюу Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрээс гадагш зорчин явахыг хориглохыг найман сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан.

8.2. Шүүгдэгч ***ээс: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, би гадуур ажил гарвал хаана ч хамаагүй очиж хийдэг учраас хот дотор явж болохгүй нь хэцүү юм байна гэв.

8.3. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

8.4. Шүүгдэгч *** хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бусдад учруулсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

8.5. Шүүгдэгч *** нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, хувиараа Улаанбаатар хот дотор явж барилга, засварын ажил эрхэлдэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хохирогчтой урьд нь үерхдэг байсан хоорондын таарамжгүй харилцааны улмаас үүдэлтэй зэргээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нөхцөлийг хангасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***эд хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, хохирогч ***тай харилцахыг хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэсэн.

 

   9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *** овогт ***ийн ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***эд хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар хохирогч ***тай харилцахыг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг ***-т мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, *** цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирол төлөгдсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Б.ДАШДОНДОВ