Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2022/00958

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: хаягт байрлах, Г ХХК /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: хаягт оршин суугч Н.Б /регистрийн дугаар /-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,691,800.98 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А

Хариуцагч Н.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Н.Б-д холбогдуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,691,800.98 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд болон төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ3305 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 8,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул үндсэн зээлд 4,960,802.09 төгрөг, зээлийн хүү 696,560.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,437.91 төгрөг нийт 5,691,800.98 төгрөгийг Н.Бөөс гаргуулна гэв.

 

Хариуцагч Н.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн төлбөр 5,691,800.98 төгрөгийг 12 сарын хугацаанд сард 500,000 төгрөг төлөхөөр эвлэрэх саналтай байна гэв.

 

3.Нэхэмжлэгч нотлох баримтаар Зээлийн болон барьцааны ЗГ3305 дугаартай гэрээ, Зээл эргэн төлөлтийн хуваарь, Хүү тооцооллын хүснэгт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

1.Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Н.Б холбогдуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,691,800.98 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.  Үүнд: Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

2.Хариуцагч Н.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: Ковид-19 өвчнөөр өвдсөн. Ажлаасаа гарсан тул төлбөрийн чадвар муу болсон. Зээлээ хойшлуулах хүсэлтээ утсаар мэдэгдсэн гэж маргаж, 5,691,800.98 төгрөгийг 12 сарын хугацаанд сард 500,000 төгрөг төлөхөөр эвлэрэх саналтай гэж мэтгэлцэв.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээлийн болон барьцааны гэрээ, Зээл эргэн төлөлтийн хуваарь, Хүү тооцооллын хүснэгт, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт  тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Э.Бтэй 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ3305 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 8,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээл олгожээ.

 

Дээрх гэрээнүүдээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.“Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Голомт ХХК нь зээлдэгч Н.Б зээл авсан 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш үндсэн зээлд 3,039,197.91 төгрөг, зээлийн хүү 1,693,806.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,624.60 төгрөгийг төлсөн, уг гэрээний үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 4,960,802.09 төгрөг, зээлийн хүү 696,560.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,437.91 төгрөг нийт 5,691,800.98 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн тооцоолол гарган нэхэмжилсэн байх ба зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээл авсан эсэх, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, төлбөрийн үлдэгдэл зэрэгт хариуцагч Н.Б маргаагүй.

 

5.Шүүх хуралдааны үед хариуцагч Н.Б нь зээлийн гэрээний үүрэгт 5,691,800.98 төгрөгийг 12 сарын хугацаанд сард 500,000 төгрөг төлөхөөр эвлэрэх хүсэлт, тайлбар гаргасан боловч нэхэмжлэгч зөвшөөрөхгүй, нэг жилийн хугацаа урт байна гэж мэтгэлцэж байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзнэ.

 

Хариуцагч Н.Бөөс үндсэн зээлд 4,960,802.09 төгрөг, зээлийн хүү 696,560.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,437.91 төгрөг нийт 5,691,800.98 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгох үндэстэй.

 

6.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,019 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 106,019 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Бөөс 5,691,800.98 /таван сая зургаан зуун ерэн нэгэн мянга найман зуун төгрөг ерэн найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,019 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бөөс улсын тэмдэгтийн хураамжид 106,019   төгрөгийг гаргуулж Г ХХК-д олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ