Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2026/00034

 

Т.Дгийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Батчимэг даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Э.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.06.05-ны өдрийн 191/ШШ2025/05106 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.10.03-ны өдрийн 210/МА2025/01705 дугаар магадлалтай,

 

Т.Дгийн нэхэмжлэлтэй

“НГТ” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийг зөрчсөнөөс учирсан хохирол, илүү төлсөн төлбөр 141,696,520 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 75,521,076 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгч Т.Дгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ж, хариуцагчийн төлөөлөгч П.О, хариуцагчийн өмгөөлөгч С.Я, Б.Ц шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Д хариуцагч “НГТ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 123,537,992 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажлын зардалд  75,521,076 төгрөгийг гаргуулах тухай сөрөг шаардлага гаргажээ.

 

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.06.05-ны өдрийн 191/ШШ2025/05106 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч “НГТ” ХХК-иас 57,575,415 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Дд олгож, 65,962,577 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т.Дгаас 20,000,000 төгрөг гаргуулан хариуцагч “НГТ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 55,521,076 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 866,440 төгрөг, хариуцагчаас төлсөн 535,555.38 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 445,827.08 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 257,950 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож, шинжээчийн зардалд 1,900,000 төгрөгийг хариуцагчаас, 1,100,000 төгрөгийг нэхэмжлэгчээс тус тус гаргуулж, шинжээч “ХҮТ” ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.10.03-ны өдрийн 210/МА2025/01705 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.06.05-ны өдрийн 191/ШШ2025/05106 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “НГТ” ХХК-аас 2,304,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Дд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 121,233,992 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т.Дгаас 20,000,000 төгрөг гаргуулан хариуцагч “НГТ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 55,521,076 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “НГТ” ХХК-аас 13,409,195 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж нэмж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 болгон өөрчлөн дугаарлаж, уг заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 866,440 төгрөг, хариуцагчаас төлсөн 535,555 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 51,814 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 257,950 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож, шинжээчийн зардалд 55,800 төгрөгийг хариуцагчаас, 2,944,200 төгрөгийг нэхэмжлэгчээс тус тус гаргуулж, шинжээч “ХҮТ” ХХК-д олгосугай.” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж тус тус өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445,828 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгч Т.Дгийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг маргаанд цугларсан нотлох баримтууд, гэрч, шинжээч, үзлэг, тайлбар, мэтгэлцээнээр тогтоогдсон үйл баримтыг үнэлэхдээ хэрэглэвэл зохих хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж хэргийг анхан шатны шүүхээр дахин хянуулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд 2023.12.27-ны өдөр хандаж 856 өдрийн дараа 2025.06.05-ны өдрийн шүүх хурлаар хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 11, хариуцагчийн 29 хүсэлт, гомдлыг хүлээн авч, 6 удаа шүүгчийн захирамж, 2 удаа гомдлын хурал, 2 удаа үзлэг хийж, нийт 4 хавтас баримт цугларсан ч нотлох баримтуудыг тухайн хэрэгт шийдвэрлэхэд шууд болон шууд бус хамаарал, хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөх баримт, нөхцөл байдлыг батлах, няцаах чанар, банкны төлбөрийн баримтуудыг найдвартай, үнэн зөв, ач холбогдолтой, эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүй.

Зохигчид 2022.05.17-ны өдөр "Барилгын ажил гүйцэтгэх" гэрээ байгуулж, нөхцөлийг нийт төсвийн 50 хувь болох 226,800,000 төгрөгийг захиалагч бэлнээр, 50 хувь болох 226,800,000 төгрөгийг гүйцэтгэгч гарган хөлсөнд нь 5,000 м.кв газрын эрхийг шилжүүлж авахаар "бартер"-ийн гэрээ байгуулсан гэрээний харилцаатай холбоотой маргаан байсан.

Захиалагч гүйцэтгэгчид 199,900,000 төгрөг өгсөн ба гэрээгээр хүлээсэн үүргээ 88.1 хувь биелүүлж, гүйцэтгэгч үүргээ 43.3 хувь гүйцэтгэж (шинжээчийн дүгнэлт 2 хавтас 107 тал), захиалагчийн хүсэл сонирхолд нийцүүлэн гэрээнд заасан бий болох үр дүнд хүрээгүй.

Магадлалын 3.1 дэх хэсэгт “... барилгын ажлыг үргэлжлүүлэх шаардлагын улмаас барилгын ажилд 20,000,000 төгрөгийн санхүүжилтийг оруулж, барилгын ажлыг үргэлжлүүлэн явуулсан. Гүйцэтгэгч талаас барилгын ажлын нийт төсөв 275,421,076 төгрөг болсон ба энэ төсвөөс Т.Дгийн олгосон санхүүжилт болох 199,900,000 төгрөгийг хасаж тооцвол 75,521,076 төгрөг болж байна. Энэ дүнд гүйцэтгэгч талаас оруулсан 20,000,000 төгрөг багтаж байгаа тул үүнийг төлөх үүргийг нэхэмжлэгч хүлээж байна ...” гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэн хоёр шатны шүүх шийдвэр гаргахдаа хуулийг зөрөөтэй тайлбарласан байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 343.1, 227.3. 232.6 дахь хэсгийг үндэслэн Т.Дгаас 20,000000 төгрөг гаргуулан хариуцагч “НГТ” ХХК-д олгох”-оор шийдвэрлэсэн нь хэрэглэсэн хуулийн зүйл, заалт нь байхгүй, ойлгомжгүй, хуульд нийцээгүй байгаа. Энэ нь шүүх хэрэглэвэл зохих хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 496 дугаар зүйлд заасан “Бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих” гэж заасныг үндэслэн хариуцагчид 20,000,000 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийг буруу тайлбарлаж, хэрэгт цугларсан баримтуудыг үнэлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40 дүгээр зүйлийг зөрчсөн ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна. Ингэж хоёр шатны шүүхийн шийдвэр хоорондоо зөрүүтэй, хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг улам зөрчсөн шийдвэр гаргасан.

Шинжээч “ХҮТ” ХХК-ийн (2-р хавтас 107-109 тал) дүгнэлтийн 11 дүгээрт “...төсөвчин С.Болдсайханы 275,421,076 төгрөг гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна...” гэж гарсан дүгнэлтийг анхан болон давж заалдах шатны шүүх хэн аль нь харгалзан үзэлгүй хариуцагчийн тайлбарт хөтлөгдөн шийдвэр гаргасан. Ингэхдээ шүүх “... Хариуцагчаас 20,000,000 төгрөгийн зардал гаргасан.( 1-р хавтас 18-25 тал) Энэ талаар зохигчид маргаагүй...” гэж дүгнэсэн. Гүйцэтгэгч 2022 оны 6, 7 дугаар сард өөр газар (СА стадион, Нүхтэд хаус) өөр ажил давхар ажил гүйцэтгээд завгүй, 7 дугаар сард захиалагчийн барилгын ажил хийгээгүй болох нь мессеж, мессенжер зэрэг (4-р хавтас 94-108 тал) шүүхийн үзлэгийн тэмдэглэлд авагдсан баримтаар тогтоогдож байхад “...барилгын ажлыг үргэлжлүүлэх шаардлагын улмаас барилгын ажилд 20,000,000 төгрөг санхүүжилтийг оруулсан...” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан хариуцагчийн Хаан банкны дансны гүйлгээний баримт, дансны хуулга нотолгооны ач холбогдолтой баримт байсан ч шүүх үнэлээгүй. Хариуцагч дансандаа 20,000,000 төгрөг оруулж захиалагч санхүүжилт байхгүй учраас бетон зуурмагийн мөнгө төлөх шаардлагатай байсан тул төсөлд хөрөнгө оруулсан гэдэг. Бодит байдал дээрээ 20,000000 төгрөг шилжүүлсэн гэх 2025.06.17, 2022.06.29-ны өдрүүдэд тус дансанд 27,000,000 орчим төгрөг байсан бөгөөд ямарч бетон зуурмагийн мөнгө шилжүүлээгүй, хариуцагч өөрсдийн мөнгийг энэ дансанд оруулж “хадгалсан”, “дүр үзүүлсэн”, хожим буцаан шилжүүлж авсан үйлдэл байдаг. Мөн энэ 20,000,000 төгрөгийг талаар захиалагчид мэдэгдээгүй. Санхүүжилт зогссон гэх тайлбартай нь холбогдуулан хэрэгт авагдсан хариуцагчийн дансны гүйлгээг тооцон үзэхэд их хэмжээний эцсийн үлдэгдэлтэй байсан бөгөөд данснаасаа гаргасан өндөр дүнтэй төлбөрийн гүйлгээнүүд нь эргэлзээтэй буюу барилгын ажилд хамааралгүй байсан. Шүүх энэ үйл баримтыг нягталж, дүгнээгүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлд “ажил гүйцэтгэгч” нь өөрийн эсвэл захиалагчийн материалаар хэлэлцэн тохиролцсон ажлыг гүйцэтгэх, харин “захиалагч” нь ажлын хүлээн авч хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээх тухай зохицуулсан. Ажил гүйцэтгэх гэрээ нь биет объектуудтай холбоотой буюу байшин барих ба ажил гүйцэтгэгч өөрийн үйл ажиллагаагаар тодорхой үр дүнг бий болгосон байх учиртай. Гэтэл гүйцэтгэгч зөвхөн үйл ажиллагаа явуулсан мэтээр тайлбарлаж байх ба энэ тохиолдолд хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалт яригдана. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.5-д зааснаар “захиалагчийн материалыг зориулалтын дагуу арвилан хэмнэлттэй ашиглаж, материалын зарцуулалтыг захиалагчид тайлагнах” үүрэгтэй, 350.1.1-д зааснаар “гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх” үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй байдлаа санхүүжилт хийгээгүйгээс ажил зогссон мэтээр тайлбарлаж байгааг шүүх хүлээн зөвшөөрч хэрэглэх ёсгүй хуулийн зүйлийг хэрэглэсэн.

Иргэний хуулийн 350.1.3-д “ажлын чанар, үр дүнгийн талаар буюу санхүүжилт байхгүй ажил зогссонтой холбоотой захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан. Энэ талаар гүйцэтгэгчийн зүгээс хэзээ ч мэдэгдэж байгаагүй, харин эсрэгээрээ захиалагч ажлаа чанартай, шуурхай хийхийг шаардаж, араас нь хөөцөлдөж, аргаа барахдаа гарсан доголдлуудыг нь арилгаж ирсэн атлаа зөрчигдсөн эрхээ хамгаалуулах бус улам зөрчүүлээд, зальтай этгээдэд нэмж мөнгө төлөхөөр болсон байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн цонхны 47,390,000 төгрөгийг шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүх “...Иргэний хуулийн 219.1-т “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, мөн хуулийн 227.3-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасныг үндэслэн цонхны доголдлыг арилгахад 47,390,000 төгрөг зарцуулсныг хангаж шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс “...Цонх доголдолтой нь тогтоогдсон ч бүхэлдээ биет байдлын доголдолтой нь бүрэн тогтоогдоогүй байна. Цонхыг зөвлөмжид зааснаар хийж гүйцэтгээгүй нь талуудын гэрээгээр тохиролцсон “...металл рам бүхий, дулаан тусгаарлалт сайтай 3 давхар вакум цонх байна” гэснийг хариуцагч зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. “ХҮТ” ХХК цонхыг оруулан тооцоогүй байна. Нэхэмжлэгч хариуцагчид төлсөн ажлын хөлсөнд цонхны ажилтай холбоотой зардлыг тусгаагүй байхад ...” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь нотлох баримтад тулгуурлаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан хариуцагч П.Оын Хаан банкны дансны хуулга (1 хавтас 198,199, 200 тал) -аар вакум цонхны төлбөрт 2022.8.24-ны өдөр 36,000,000 төгрөг, 2022.09.06-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022.09.17-ны өдөр 10,000,000 төгрөг (1 хавтас 198-200 тал) нийт 51,000,000 төгрөг шилжүүлсэн баримт авагдсан. Үүгээр захиалагчийн мөнгөөр гүйцэтгэгч цонх хийсэн, шинжээчийн дүгнэлтээр болон бодит байдал дээр хийсэн цонх нь БНбД, стандарт хангаагүй, хагарсан тул аюулгүй байдал, ая тухаа тооцон дахин шинээр хийсэн зардалд 47,390,000 төгрөг гарсан.

Шүүхээс шинжээчээр томилогдсон “ХҮТ” ХХК-ийн дүгнэлтээр маргааны үйл баримт болох цонхтой холбоотой “АҮ” ХХК-ийн хийсэн “цонх стандартын дагуу хийгдээгүй байна, дүгнэлт, зөвлөмжийг хүлээн зөвшөөрч, “...БНбД-т заасан дулаан хамгаалалт 33 хувь хангаж байна .., стандартад нийцсэн цонхоор солих нь илүү найдвартай болно...” гэж үзсэн байгаа нь 47,390,000 төгрөг зайлшгүй гарах зардал гэж үзнэ. Шинжээч шүүгчийн захирамжид заагдсан 5 дугаар асуулт болох “Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой эсэх, доголдлыг арилгахад хэдэн төгрөгийн зардал гарах эсэх” асуултанд “... хариуцагчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой” гэж тодорхой дүгнэсэн атлаа, доголдлыг арилгахад хэдэн төгрөгийн зардал гарах талаар дүгнээгүй, мөн дүгнэлтэд цонхны мөнгө ороогүй гэсэн нь шүүх гүйцэтгэгчийг доголдол гаргаагүй гэж дүгнэх үндэслэл болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Захиалагчийн шилжүүлсэн мөнгөөр цонх хийсэн баримт нь авагдсан, гэрч нь нотолсон, шүүхээс хийсэн 2025.05.30-ны өдрийн үзлэгийн тогтоогдсон захиалагчийн гүйцэтгэгчид хандсан удаа дараагийн мэдэгдэл, шаардлага байсаар атал давж заалдах шатны шүүхээс ... доголдлыг арилгуулах эсхүл шинээр гүйцэтгүүлэхээр ямар нэг арга хэмжээ аваагүй ..., “Ирмүүн үйлс” ХХК-тай байгуулсан гэрээгээр 47,390,000 төгрөгийн (шинээр цонх хийлгэсэн) зардал бодитойгоор гарсан буюу хохирол учирсан гэж үзэх үндэслэл эргэлзээгүй тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл хохирол шаардах урьдчилсан нөхцөлийн нэг нь тэр хэмжээний зардал гарсан байхыг шаардана. Гэтэл 47,390,000 төгрөгийн зардал гарсан нь тогтоогдохгүй байх тул ... шаардсан нь үндэслэлгүй юм ...” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтуудыг буруу үнэлсэн, дутуу үнэлсэн, нотлох баримтад үндэслэж дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.04.18-ны өдрийн захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаагүй, гомдол гаргах эрхгүй гэх атлаа, 2025.04.18-ны өдөр дахин гаргасан хүсэлтийг нь хүлээн авч 2025.04.25-ны өдрийн шүүгчийн захирамжаар хангасан, энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлүүд гаргасан.

Иргэний хуулийн 346.1 ба 350.1-т “ажлын үр дүнг бий болгохоос гадна түүнийг ямар нэгэн доголдолгүйгээр хүлээлгэн өгнө” гэж заасан. Энэ нь ажил гүйцэтгэгчийн зайлшгүй биелүүлэх үүрэг. Энэ нь бэлэн болсон ажлын үр дүнтэй холбоотой байх бөгөөд хариуцагч энэ шаардлагыг хангасан ажил хүлээлгэн өгөөгүй, ажил доголдолтой (цонх, дээвэр, хана, хаалга) байсан бөгөөд хүлээн авахаас татгалзаж доголдлыг арилгахаар шаардсаар ирсэнг анхан болон давж заалдах шатны шүүх хуульд нийцүүлэн харгалзан үзсэнгүй.

Нэхэмжлэлд дурдсан гүйцэтгээгүй үүрэгтэй холбоотой хохирлыг ч хоёр шатны шүүхээс бодитоор дүгнээгүйд гомдолтой байна. Хариуцагч шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан. Анхан шатны шүүхээс шинжээчийн ажлын хөлс 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс 1,100,000 төгрөг, хариуцагчаас 1,900,000 төгрөг гаргуулахаар шийдсэн. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчээс 2,944,200 төгрөг, хариуцагчаас 55,800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хуульд нийцээгүй.

Иймд хяналтын шатны шүүхээс хэргийн бодит байдлыг үнэлэх, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлан, шинжээчийн дүгнэлтээр хийгдээгүй ажлыг залруулах боломжгүй гэж үзэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.06.05-ны өдрийн 05106 дугаарт шийдвэр, Нийслэлийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.10.03 өдрийн 01705 дугаар магадлалыг хүчингүй болгож хэргийн дахин анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШХТ2025/00027 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Т.Дгийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Нэхэмжлэгч Т.Д хариуцагч “НГТ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 123,537,992 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг талууд 2022.05.16-ны өдөр байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гүйцэтгэгч “НГТ” ХХК гэрээний зүйл болох өвөл, зуны зориулалттай хоёр давхар амины орон сууцыг гэрээний 2.1-д заасан “хүн амьдрах аюулгүй орчныг бүрдүүлж, эрүүл ахуй, ариун цэвэр, чанар стандартын шаардлагыг бүрэн хангасан байдлаар барьж, 2022.07.30-ны өдөр акт, протоколоор, холбогдох баримт бичиг материалуудын хамт хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн, 2022.09.14-ний өдөр суурилуулсан цонхны хуваалт нь батлагдсан зургийн дагуу хийгдээгүй, цонхны хэмжээсийг буруу авсан, технологийн илт алдаатай байсан, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр цонх чанар, стандартад нийцэхгүй, суурилуулалт нь стандартын дагуу хийгдээгүй болох нь тогтоогдсон, цонхыг сольж өгөөгүй тул нэхэмжлэгч өөрөө  шинээр шилэн фасад, цонхыг хийлгэж, суурилуулахад нийт 47,390,000 төгрөгийн зардал гаргасан; барилгын блок өрлөгийн ажлыг гүйцэтгэхдээ тэгш бус, зай завсар ихтэй өрсний улмаас ханыг гипсээр тэгшилсэн, давхар дотроос нь дулаалах шаардлага үүссэн бөгөөд ажлын материалын зардал, тээвэр, ажлын хөлсөнд 14,473,984 төгрөгийн зардал гарсан; гүйцэтгэгч нь 2 хаусыг 2022.07.30-ны өдрийн дотор ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, 147 хоногийн хугацаа хэтэрсэн тул гэрээний 7.1, 7.2-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 314,499,195 төгрөгөөс хоног тутамд 0,03 хувийн алданги, торгууль тооцож, тус бүр 13,869,414 төгрөг буюу 27,738,828 төгрөг; хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол болох банканд төлсөн хүүгийн төлбөр 8,317,525 төгрөг; бусдад төлөх алданги 25,367,655 төгрөг; цонхны ажилд дүгнэлт хийлгэсэн 250,000 төгрөгийг тус тус гаргуулна гэж тайлбарлажээ.

 

7. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа талуудын хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, цонхны материалыг нэхэмжлэгч хамт байлцан сонгосон, нэхэмжлэгч цонхны ажлыг хүлээн зөвшөөрч гүйцэтгэлийг туслан гүйцэтгэгчээс хүлээн авсан, нэхэмжлэгч санхүүжилтийг хугацаандаа хийгээгүй, санхүүжилт хүрэлцэхгүй байсны улмаас ажил зогссон, 2022.08.12-ны өдөр нэмэлт санхүүжилт олгох байдлаар тодорхойгүй хугацаагаар сунгагдсан, нэмэлт санхүүжилт олгохгүй байсан тул манай компани өөрсдийн зардлаар ажлыг явуулсан, нэхэмжлэгч өөрийн санхүүжилтийн асуудлаа шийдвэрлээгүй, хожимдуулсан, гэрээний зарим төлбөрийг хийгээгүй зэрэг байдлаас хугацаа алдсан тул алданги, торгууль нэхэмжлэх нь үндэслэлгүй, барилгын суурь алдаатай, буруу хийгдсэн буюу суурийн алдааны улмаас блок өрлөгийн ажил тэгш бус, зайтай болох асуудал зарим талаараа байсан, хохирол төлөх үндэслэлгүй, нэхэмжлэгч буруутай гэжээ.

 

8. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч Т.Дгийн санхүүжилт удааширч, зогсож байсантай холбогдуулан манай компанийн зүгээс барилгын ажлыг үргэлжлүүлэх шаардлагын улмаас өөрсдийн зүгээс барилгын ажилд 20,000,000 төгрөгийн санхүүжилтийг оруулж, барилгын ажлыг үргэлжлүүлэн явуулсан, гүйцэтгэсэн барилгын ажлын нийт төсөв 275,421,076 төгрөг болсон ба энэхүү төсвөөс Т.Дгийн олгосон санхүүжилт болох 199,900,000 төгрөгийг хасвал 75,521,076 төгрөг болох бөгөөд энэ дүнд гүйцэтгэгч талаас оруулсан 20,000,000 төгрөг багтаж байгааг хасч 55,521,076 төгрөгийн цалин хөлсний төлбөрийг захиалагч тал нь төлөх үүрэгтэй гэжээ.

 

9. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариуцагч компани нь олгосон санхүүжилтээр барилгын чанар стандарт, холбогдох норм дүрмийг хангаагүй, ажлыг дутуу гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажил нь олгосон санхүүжилтийн дүнд хүрээгүй гэжээ. 

 

10. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч ажлын хөлсөнд 196,900,000 төгрөг төлсөн, хариуцагч барилгын ажилд өөрийн зүгээс 20,000,000 төгрөг гаргасан, гэрээний хугацааг 2022.09.20-ны өдрийг хүртэл сунгасан, барилгын цонхны ажил доголдолтойн улмаас бусдаар гүйцэтгүүлсэн 47,390,000 төгрөгийг, үнэлгээний зардал 250,000 төгрөгийн хамт хариуцагч нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй, барилгын блокон хананы ажлын доголдолд 2,304,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй, ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй тул гэрээний 7.1-д тохиролцсон алдангид 7,631,412 төгрөгийг хариуцагч төлнө, торгуулийн талаарх гэрээний 7.2-т заасан тохиролцоо тодорхой бус тул нэхэмжлэгч шаардах эрхгүй, гэрээний зүйлийг нэхэмжлэгч бусад гуравдагч этгээдэд худалдахаар тохиролцсон гэрээний дагуу алданги төлөхөөр болсон нь тогтоогдоогүй, банкнаас олгосон зээлийн зориулалт ажил гүйцэтгэх гэрээний маргаанд хамааралгүй, харин хариуцагчаас гарсан 20,000,000 төгрөгийн зардлыг нэхэмжлэгч хариуцах үндэслэлтэй” гэсэн дүгнэлт хийжээ. 

 

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хоёр айлын нэг блок байшингийн үнэ 453,600,000 төгрөг байхаар тохиролцсон, гэрээ хүчин төгөлдөр, гэрээг талууд цуцалсан, нэхэмжлэгч байшингийн цонхыг солихдоо ажил гүйцэтгэгч талд мэдэгдээгүй, гэрээгээр тохиролцсоны дагуу цонхыг хариуцагч туслан гүйцэтгэгчээр хийж гүйцэтгүүлсэн, гэрээг хариуцагч зөрчөөгүй, шинжээч хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг зах зээлийн ханшаар 191,030,300 төгрөг гэж дүгнэсэн, цонхны ажилтай холбоотой хохирол шаардах эрхгүй, гэрээний 7.1-д заасан алдангийг нийт гэрээний үнээс нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг хасч тодорхойлсон нь буруу, анхан шатны шүүхээс торгууль, гуравдагч этгээдэд төлөх алданги болон банкинд төлөх зээлийн хүүгийн төлбөрийг хохиролд тооцож шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэгт нэхэмжлэгч гомдол гаргаагүй” гэж дүгнэжээ.

 

12. Хоёр шатны шүүх нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээд 20,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг 14,990,300 төгрөг болгон өөрчилж, нэхэмжлэгч Т.Дгаас хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангана.

 

13. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч “НГТ” ХХК-тай 2022.05.16-ны өдөр 22/516 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хаягтны нутаг дэвсгэрт баригдах “ФВ-хотхоны суурь хийгдсэн 1 блок буюу 2 айлын хаусны барилгыг хариуцагч “НГТ” ХХК гүйцэтгэх, захиалагч Т.Д нь 453,600,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон, гэрээ хүчин төгөлдөр, гэрээний хугацааг талууд сунгасан, захиалагч Т.Д гэрээний төлбөрт 196,900,000 төгрөг төлсөн, хариуцагч талаас ажлыг гүйцэтгэхэд 20,000,000 төгрөгийн зардал гарсан, гэрээний сунгасан хугацаанд ажил гүйцэтгэгч ажлыг дутуу хийсэн, талууд гэрээг цуцалсан үйл баримтыг адил тогтоожээ. 

 

14. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь 1 блок 2 айлын хаусны барилга ба 1 айлын барилгын хэмжээг 126 м.кв, үнийг 226,800,000 төгрөг, 2 айлын барилгыг нийт 453,600,000 төгрөг байхаар тохиролцсон боловч нэг айлын барилга дутуу баригдсан, нөгөө нь огт баригдаагүй байхад талууд гэрээг цуцалсан, захиалагч Т.Д нь гэрээнд заасан төлбөрөөс 196,900,000 төгрөгийг төлөхдөө зарим хэсгийг хугацаа хэтрүүлж төлжээ. 

 

15. Ажил гүйцэтгэгч болох хариуцагч “НГТ” ХХК барилгын цонхны ажил доголдолтой байсан боловч гэрээгээр тохиролцсоноос өөр материалаар цонхны ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцоогүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

15.1. Учир нь Ажил гүйцэтгэх гэрээний хавсралт 6-д: “Цонх: Металл рам бүхий дулаан тусгаарлалт сайтай гурван давхар вакум цонх” байна гэж тусгасан. Харин “АҮ” ХХК-ийн 2022.11.08-ны өдрийн дүгнэлт, зөвлөмжид “...1,5 м2 с0 доошгүй үзүүлэлттэй шилэн багцаар одоо байгаа цонхнуудын шилийг солих, цонх нь хананд 100% эзэлж байгаа тул ганжуулсан, LOW түрхэцтэй шилээр солих, цонхны голын босоо уулзвар хэсэгт хүчитгэгч төмөр хийх, барилгын хана, цонх хоорондын уулзварын заадлын дулаан алдагдлыг бууруулахын тулд цонхны дотор талд дулаалгатай хуванцар амалгаа хийлгүүлэх /Заадлын дулаан алдагдлын 60% орчим бууруулах боломжтой/” гэж заасан. Гэрээний тохиролцоо болон цонхны доголдлыг арилгахад өгсөн зөвлөмжид дурдсан материал зөрүүтэй байна. 

15.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон “ХҮТ” ХХК-ийн дүгнэлтэд “гүйцэтгэгч талын хийж гүйцэтгэсэн ажил, гүйцэтгэлийн нийт төсөв, үнэ нь тухайн үеийн зах зээлийн үнэ ханшаар 191,030,300 төгрөг болов. Тооцоонд сольсон цонх хаалганы үнэ ороогүй” гэснийг давж заалдах шатны шүүх нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэгчээс хариуцагчид төлсөн ажлын хөлсөнд цонхны ажилтай холбоотой зардал ороогүй гэж дүгнэсэн нь зөв болжээ. Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ажлын гүйцэтгэлийн зах зээлийн үнэ ханш болох 191,030,300 төгрөгт хариуцагчийн хийж гүйцэтгэсэн дараахь ажлыг материалын үнэ болон ажлын хөлсний хамт тооцсон. Үүнд: төмөрбетон карказ 1, 2 дугаар давхрын ажлын материалын үнэ, өрлөгийн ажлын материалын үнэ, гадна фасадын материалын үнэ, дээврийн ажлын материалын үнэ; цахилгааны ажлын материалын үнэ тэдгээрийн ажлын хөлс; механизмын зардал, тээврийн зардал тус тус оржээ.    

Хэдийгээр нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч “НГТ” ХХК-ийн захирал П.Оын дансанд 2022.08.24-ний өдөр 36,000,000 төгрөг, 2022.09.06-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022.09.17-ны өдөр 10,000,000 төгрөг нийт 51,000,000 төгрөгийг цонхны ажилд гэх утгаар шилжүүлсэн боловч уг мөнгөн дүн нь түүний нийт шилжүүлсэн 196,040,000 төгрөгт багтаж байх бөгөөд цонхны ажлаас бусад хариуцагч талын хийж гүйцэтгэсэн 191,030,300 төгрөгийн ажилд тооцогдсон нь шинжээч “ХҮТ” ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдоно.

Иймд давж заалдах шатны шүүх хариуцагчийн хийж гүйцэтгэсэн нийт ажлын хэмжээг тогтоосон 191,030,300 төгрөгийг цонхны ажил оролцуулахгүйгээр тооцон тогтоосон нь зөв байх бөгөөд харин үүнээс нэхэмжлэгчийн төлсөн 196,040,000 төгрөгийг хасч зөрүүг 5,009,700 төгрөгийг олгох байжээ.

 

16. Нэг айлын барилгын ханын ажлын доголдлыг арилгахтай холбоотой нэхэмжлэлээс 2,304,000 төгрөгийн хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн шийдлийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. 

17. Барилгын цонхны доголдлыг бусдаар гүйцэтгүүлж арилгасан гэх үндэслэлээр шинжээчийн зардал 250,000 төгрөгийг хохиролд тооцож нэхэмжилсэн нэхэмжлэлийг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

18. Алдангийн шаардлагын үндэслэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийн буруутгах боломжгүй. Учир нь алдангийн үндэслэлийг нэхэмжлэгч тодорхойлохдоо нийт гэрээний үнэ болох 453,600,000 төгрөгөөс хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг 196,647,347 төгрөг гэж тооцон хассан үлдэгдлээс тодорхойлжээ. Гэтэл гэрээний нийт дүн нь 2 айлын байшинд хамаарах бөгөөд нэхэмжлэгч тал 453,600,000 төгрөг төлөх үүргийг өөрөө гүйцэтгээгүйгээс гадна талууд 1 айлын байшинг барих ажлын хэмжээгээр маргааны зүйлийг тодорхойлсон.

 

19. Анхан шатны шүүх гэрээний 7.3-т заасан торгуульд 13,869,414 төгрөг, ханыг гипсээр тэгшилсэн ажлын зардал 12,169,984 төгрөг, гуравдагч этгээд болох нэхэмжлэгчийн төрсөн дүү Т.Д, нэхэмжлэгчийн төрсөн ахын хүүхэд болох О.Т нартай байгуулсан гэрээний дагуу алдангид Т.Дд төлөх 19,313,079 төгрөг, О.Тт төлөх 8,317,525 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон үйл баримтын талаар нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй тул хоёр шатны шүүхээс тогтоосон үйл баримтыг зөвшөөрсөнд тооцно.

 

20. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгч Т.Дгаас 20,000,000 төгрөгийг гаргуулж “НГТ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байх ба энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн энэ шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь талуудын зарчимд нийцсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс тогтоосон уг үйл баримтын талаар нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж эсэргүүцээгүй байна. Иймд хоёр шатны шүүхийн шийдвэрээр уг үйл баримтыг тогтоогдсон гэж дүгнэх учир хяналтын журмаар гомдол гаргах эрхэд хамаарахгүй болно.

 

21. Дээр дурдсан нэхэмжлэгчид олгогдох байсан 5,009,700 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн хангасан дүнгээс хасч сөрөг нэхэмжлэлийг 14,990,300 төгрөгийн хэмжээгээр тогтоож, нэхэмжлэгч Т.Дгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2025/01705 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/05106 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжлэгч Т.Дгаас 20,000,000 төгрөг гаргуулан хариуцагч “НГТ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 55,521,076 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “нэхэмжлэгч Т.Дгаас 14,990,300 төгрөг гаргуулж хариуцагч “НГТ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 60,530,773 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтын “нэхэмжлэгчээс 257,950 төгрөг” гэснийг “нэхэмжлэгчээс 232,901 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалыг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Т.Д нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.11.06-ний өдөр нийт 775,639 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                          ШҮҮГЧИД                                                Н.БАЯРМАА  

                                                               Э.ЗОЛЗАЯА

       Х.ЭРДЭНЭСУВД