Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 139

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батгэрэл, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Иргэдийн төлөөлөгч Ш.Галаарав,

            Нарийн бичгийн дарга А.Болор,

            Улсын яллагч Д.Ширэндэв,

            Шүүгдэгч Т.Дорждэрэм, түүний өмгөөлөгч М.Дэлгэрнасан,

            Шүүгдэгч Ц.Алтансүх, түүний өмгөөлөгч Л.Данзанноров нарыг оролцуулан,

            Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Тангууд овогт Төмөрбаатарын Дорждэрэм, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Ойдов овогт Цэеэ-Ойдовын Алтансүх нарт холбогдох 201601000171 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1.Монгол улсын иргэн, 1963 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгат, Хан талст хотхоны 12 дугаар байрны 6 тоотод оршин суудаг, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тангууд овогт Төмөрбаатарын Дорждэрэм (РД:УУ63082217)

            2.Монгол улсын иргэн, 1965 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар аймгийн “Дөрвөлж” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Онцгой байдлын урд 0 тоотод оршин суух, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ойдов овогт Цэен-Ойдовын Алтансүх (РД:ЛЮ65091417),    

(яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) Т.Дорждэрэм нь Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байхдаа Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөрвөлж” ОНӨААТҮГ-т 800 сая төгрөгийн зээл олгож өгнө гэж хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж тус газрын захирал Ц.Алтансүхээс 2016 оны 7 дугаар сарын 02-ноос 06-ны өдрийн хооронд бусдаар дамжуулж 25.000.000 (хорин таван сая) төгрөгийн их хэмжээний хээл хахууль авсан,

Ц.Алтансүх нь Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөрвөлж” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан Т.Дорждэрэмд бусдаар дамжуулж 2016 оны 7 дугаар сарын 02-ноос 06-ны өдрийн хооронд 25.000.000 (хорин таван сая) төгрөгийн их хэмжээний хээл хахууль өгсөн тус тус гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгч нараас мэдүүлэхдээ:

            1.Т.Дорждэрэмээс:-Би Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харъяат, Сүхбаатар аймагт 10 жилээ сурч төгссөн. Нийт банкны системд 25 жил ажиллаж байна. Би болсон үйл явдлыг эхнээс нь яръя гэж бодсон юм. 2016 оны 6 сард би намын ажлаар мөн банкны үйл ажиллагаатай танилцахаар Сүхбаатар аймаг руу 2 удаа явсан. Би тухайн үед 5 хоног ажилдаа яваагүй өвчтэй байсан. Намайг гэнэт АТГ-аас 5 цагт таныг шалгах хэрэгтэй байна гэж дуудсан. Би 55 наслахдаа худал хуурмагаар амьдарч үзээгүй. Би банкны системд 25 жил ажиллахдаа хүнд хэзээ ч болоогүй зүйлийн төлөө амлалт өгч байгаагүй. Мөрдөн байцаалт буюу АТГ-т байцаагдаж байхдаа миний даралт 180, зүрхний цохилт 110 хүрсэн. Миний ам хатсан байсан учир ярих сөхөө байгаагүй. Би эмчилгээний зардлыг зээлээр авсан нь үнэн гэдгийг, яагаад би авсан нь үнэн гэж оруулсныг одоо хүртэл гайхдаг. Батчулуун надтай уулзсан нь үнэн. Батчулуун нь надтай уулзаад өөрөө боловсрол хорооллын төсөл хэрэгжиж байгаа юм. Манай аймгийн төслийг дэмжиж өгөөч гэж хэлж байсан. Би зээлийн хорооны гишүүн ч биш, ямар нэгэн байдлаар нөлөөлөх ч хүн би биш. Би Батчулуун, Алтансүхэд нутгийн хүний хувьд зохих журмынх нь дагуу орон нутгийнхаа газар ханд, орон нутгийн хэлтсээс зээлийн ерөнхий хороо руу ордог гэж хэлж байсан. Би ямар ч үг хэлэх эрхгүй 5 цагаас 12 цаг хүртэл АТГ-т байсан. Миний эрүүл мэндийн байдал муу байсан болохоор мөнгө зээлсэн. Бүүр болохгүй бол хөөргөө өгөх бодолтой байсан. Дэмжих гэдэг нь зээлийг олгох гэсэн үг биш. Дэмжээд уг зээлийг нарийн судалж, зохих шатаараа орно гэсэн үг юм. Би хэн нэгэнд хүнд тэг ингэ гэж хэлсэн бол хуулийн өмнө хэлсэн гэдгээ хүлээн мэдүүлнэ. Намайг хэн бэ, ямар хүн бэ гэдгийг ажилтнууд маань болон найзууд маань мэднэ. Намайг дэмжсэн ч цаана нь байгаа 3 хүн дэмжихгүй бол уг зээл гарахгүй. Зээлийн хорооны гишүүн би биш гэхдээ уг зээлийг судлах зөвшөөрөл бол өгсөн. Гэхдээ судлах гэдэг нь зээлийг олго гэсэн үг биш юм. Тус аймагт намайг ажиллаж байхад аймгийн Засаг дарга Батсуурь болон засаг даргын орлогч Хосбаяр надтай уулзсан. Надад ард иргэдэд ийм хямдхан байр босч байна, та нүдээрээ  харлаа, та дэмжээд өгөөч гэж хэлсэн нь үнэн. Гэхдээ би зохих ёс дүрэм, журмынхаа дагуу анхан, дунд, дээд шатаар явдаг юм гэж тайлбарлаж хэлсэн. 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр ахдаа мөнгө байвал зээлээч, надад мөнгөний хэрэг гараад байна. Болохгүй бол ах нь хөөргөө ч болов өгье гэж хэлж байсан. Би 9 дүгээр сарын 9-ний өдөр цагдан хоригдсон. Үүний улмаас миний биеийн эрүүл мэндийн байдал эрс муудсан. Одоо миний бие амьсгал хаагдах хам шинж, зүрхний титэм судасны нарийсалтай болсон. Би Алтансүх рүү нэг удаа утасдсан гэдгээ хэлсэн. Би мөрдөн байцаагчид гараараа ганцхан үг бичье гээд эмчилгээний зардал зээлсэн нь үнэн гэж бичсэн. Би 7 дугаар сараас 8-ны өдрөөс 9-ний өдрийн хооронд Солонгос улс руу явсан. Би Чулуунцэцэгт ахых нь бие муу байна. Үнэхээр надад мөнгө хэрэгтэй байна богино хугацаатай мөнгө зээлье гэж хэлсэн. Гэхдээ хөөргийг бол сонирхохгүй гэж албан ёсоор надад хэлсэн. 11 дүгээр сарын үеэр над руу нэг үл таних хүн утсаар яриад ахаа та зээлсэн мөнгөө хэзээ төлөх гэж байна вэ гэсэн. Би тэр хүнийг танихгүй. Тэгээд надад Алтансүх нь “надад амь болон албанд мөнгө байхгүй, би танд хүнээс мөнгө зээлж өгье” гэж байсан. Тэгээд Мөрөн гэдэг хүнээс мөнгө зээлж танд өглөө шүү, та заавал эргүүлж өгөөрэй гэж хэлж байсныг нь санасан. Шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

Мөрдөн байцаалтад Т.Дорждэрэмээс сэжигтнээр мэдүүлэхдээ:-Би Алтансүхээс 25 сая төгрөг авсан минь үнэн, тухайн үед миний бие муу байсан учраас эмчилгээндээ хэрэглэх санаатай авсан юм. Миний хувьд Сүхбаатар аймгийн Төрийн банкны салбарын ажилтан нар болон Улаанбаатар хот дахь Төрийн банкны зээлийн хорооны гишүүдэд наад зээл хүсч байгаа Дөрвөлж ОНӨААТҮГ-ын захирал Ц.Алтансүхийг дэмжээд өгөөрэй, аймагтаа бүтээн байгуулалт хийж байгаа юм гэж хэлж дэмжлэг хүссэн минь үнэн, тэрнээс ..банкны ажилтнууддаа хууль зөрчиж зээл олго гэж хэлж байгаагүй, миний энэ гуйлт бага зэрэг нөлөөлсөн байх гэж бодож байна, энэ тусыг минь үнэлж баярласандаа Ц.Алтансүх надад 25 сая төгрөгийг эмчилгээндээ зарцуулаарай гэж өгсөн гэж ойлгож байгаа, ямар ч байсан 25 сая төгрөгийг зээл гаргаж өгөхөд нь дэмжлэг үзүүлснийхээ төлөө авсан минь үнэн гэжээ.

            2.Ц.Алтансүхээс:-Би төр захиргааны байгууллагад 32 ажиллаж байна. Би Сүхбаатар аймгийн унаган иргэн. Сургууль төгсөж очсоноосоо хойш Сүхбаатар аймгийн эрчим хүчний үйлдвэрт ерөнхий инженер, 2004 оноос Дөрвөлж ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Манай компани Сүхбаатар аймагт ус, дулаан, сувагжилтын үйл ажиллагаа явуулдаг. Сүхбаатар аймаг маань улсын 4 удаагийн тэргүүний аймаг болсон. Тэргүүний аймаг болоход манай компаний гүйцэтгэсэн үүрэг их байдаг. 2014 онд Сүхбаатар аймагт 4.5 км зам тавих, 1500 айлын орон суух барих, айлуудыг нүүлгэн шилжүүлэх болж, 280 айлын боловсрол хороолол баригдаж эхэлсэн. Олон айлуудын газар чөлөөлсөн, эдийн засгийн байдал хүндэрсэн болохоор ашгийн бус хэлбэрээр уг орон сууцыг барьж дуусга гэдэг үүрэг даалгаврыг орон нутгийн өмчит үйлдвэрийн газар өгсөн. Манай компани удаа дараа зээл авч эхэлсэн. 2016 он болж сонгууль болсон ба миний бие аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүнд 4 дэх удаагаа нэр дэвшсэн. Би 4 дүгээр сард чөлөөлөгдөж ажилдаа буцаж ороход манай компани 5, 6 дугаар саруудын 500 гаруй ажилчдын цалин өгөөгүй байсан. Нилээдгүй их өр авлага хуримтлагдсан байсан. Өмнө нь төрийн банкнаас зээл авч байсан ба хоёр дахь удаагаа зээл хүссэн. Сүхбаатар аймагт УИХ, орон нутгийн сонгууль болж, ардчилсан нам 16, ардын нам 16 төлөөлөгчтэй болсон байсан. Ардын намаас нэг төлөөлөгчийг хууль зөрчсөн нь тогтоогдсон гэж үзэж түдгэлзүүлсэн. Аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурал хуралдаж аль нам засгийн эрхийг хэрэгжүүлэх вэ гэдэгтэй тулгарсан байсан. Энэ үед намайг 800.000.000 төгрөг авч, их хэмжээний хохирол учруулсан байна гэдэг хүсэлтийг АТГ-т өгсний дагуу намайг АТГ-аас шалгаж эхэлсэн. Намайг анх удаа асууж тайлбар авахад нь би бүх үнэнээ хэлсэн. Тэгэхэд намайг чи ийм зүйл ярих юм бол хот руу аваачиж шалгана гэж хэлсэн. Улс төржсөн томилгооноос болж ард түмэн хохирох байх гэдэг үүднээс би мөрдөн байцаалтын үед алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Мөрдөн байцаалтад Ц.Алтансүхээс сэжигтнээр мэдүүлэхдээ:-...2016 оны хавар сонгууль болохоос өмнө Т.Дорждэрэм захирлыг Сүхбаатар аймагт ирсэн байна гэдгийг нь сонсоод утсаар яриад, байгаа газар нь очиж уулзаад танай банкнаас зээл авмаар байна, манай компани намайг сонгуулийн ажил гээд 2 сар гаруй байхгүй хугацаанд их өрөнд орсон байна гэхэд материалаа бүрдүүлээд өгчих судлуулъя гэсэн. Т.Дорждэрэм би сая Солонгос улсад эмчилгээнд яваад ирлээ дахиж явах шаардлагатай, мөнгө төгрөг хэрэг болоод байна чи хөөрөг авах уу гэхээр нь би хөөрөг авч чадахгүй гэсэн чинь тэгвэл чи надад 25 сая төгрөг өгчихөөрэй, тэгвэл би хүсээд байгаа зээлийг чинь бүтээгээд өгнө гэж хэлсэн. Тэгээд бид хоёр үндсэндээ би 800,0 сая төгрөгийн зээл хүсээд хахуульд нь Т.Дорждэрэм захиралд 25,0 сая төгрөг өгөхөөр тохирсон юм...2016 оны 7 дугаар сарын 02-нд би ойрхон хөдөө яваад утас холбогдохгүй байсан, энэ хооронд Дорждэрэм над руу олон удаа залгасан байсан. Би утасны сүлжээ орохоор нь буцаагаад Дорждэрэм рүү залгахад чи нөгөө мөнгөө яаралтай бүтээгээд өгөөрэй гэхээр нь би тэгье, Эрээн хот руу хүнд мөнгө шилжүүлсэн байгаа гэхэд за тэгвэл би Замын-Үүдээс нэг эмэгтэй хүн явуулъя гэж хэлсэн. Түүний дараагаар би дахиж Хаса руу утсаар яриад миний нэрийг хэлээд хүн очиж наад мөнгийг чинь авна өгчихөөрэй гэж хэлсэн юм. Мөнгөө хэрхэн яаж авсан талаар би сайн мэдэхгүй байна. Дорждэрэм хэд хоногийн дараа над руу яриад мөнгөө авсан шүү гэж хэлсэн гэжээ.

            Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:

1.“Дөрвөлж” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байсан Ц.Адъяасүрэнгээс:-...2016.07.02-ны өдөр нягтлан Наранцэцэг намайг дуудаад касснаас 25 сая төгрөг аваад энэ дансаар гүйлгээ хийчих гээд цаасан дээр бичсэн дансны дугаар өгсөн, түүний дагуу компанийн касснаас 25 сая төгрөг бэлнээр аваад түүнийгээ Хаан банкаар 2016.07.02-ны өдөр нягтлан Наранцэцэгийн өгсөн данс руу шилжүүлсэн. ...Хаашаа хэн гэж хүн рүү шилжүүлж байгааг мэдээгүй гэжээ.

2.“Дөрвөлж” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Наранцэцэгээс:-...2016.07.01-ний өдөр манай компани нь Төрийн банкнаас 800 сая төгрөгийн зээл авсан. Тэгтэл 2-ны өдөр Алтансүх захирал намайг дуудаад дансны дугаар өгөөд энэ данс руу 25.0 сая төгрөг шилжүүлчих Эрээнд байдаг Мөрөн гэж Өвөрмонгол руу шилжүүлээрэй гэж хэлсэн... тэгэхээр нь таны өгсөн дансны дугаар Мөрөнгийнх биш байна шүү дээ ямар учиртай талаар тодруулахад, зүгээр ээ наад данс руугаа хийчих гэсэн. Тэгэхээр нь та сайн тодруулаарай Мөрөнд гэж бичпээ шүү гэж захиралд хэлсэн. Тухайн үед хахуулийн мөнгө байсан гэдгийг нь би мэдээгүй байсан бөгөөд энэ талаар надад захирал тухайн үед хэлээгүй, харин хэрэг үүссэний дараагаар хэлсэн гэжээ.

3.Төрийн банкны Сүхбаатар аймгийн салбарын захирлаар ажиллаж байсан Р.Батчулуунаас:-...Төв банкнаас Т.Дорждэрэм захирал “Дөрвөлж” ХХК-д 800.0 сая төгрөгийн зээл олгоё гэхэд нь, үгүй ээ захирлаа компани нь өөрөө өр зээлтэй, төлбөрийн чадвар муутай тул боломжгүй гэдгээ хэлэхэд, тэгвэл төв рүү материалыг нь явуулчих гэхээр нь би эдийн засагчдаа хэлээд материалыг нь төв банк руу явуулсан. Төв банкнаас зээл олго гэсэн шийдвэр ирсэн тул шийдвэрийг үндэслээд 2016.07.01-ний өдөр “Дөрвөлж” ХХК-д 800.0 сая төгрөгийн зээлийг олгосон гэжээ.

4.БНХАУ-ын Эрээн хотод валютын ченж Г.Хасаас:-...Алтансүх над руу утсаар яриад Хасаа чиний Хаан банкны данс руу 25.0 сая төгрөг шилжүүллээ энэ мөнгийг Мөрөнд барилгын материалын үнэнд шилжүүлсэн шүү гэж хэлсэн. Тэр даруйд дансаа мобайл банк ашиглан шалгахад 25 сая төгрөг орсон байсан. Тэгээд 6-7 хоногийн дараа 30-40 орчим насны эмэгтэй хүн миний гар утас руу залгаад, ирж уулзаад Алтансүхийн таны дансанд шилжүүлсэн 25 сая төгрөгийг юаниар авах гэсэн юм гэж хэлсэн тэгэхээр нь би Алтансүхийн утас руу залгаад энд нэг эмэгтэй хүн ирээд чиний дансанд хийсэн 25,0 сая төгрөгийг юаниар авна гэж байна, энэ мөнгийг Мөрөн гэж хүнд өгөх ёстой юм биш үү гэж асуухад, зүгээр ээ наад мөнгөө юаниар наад эмэгтэйдээ өгчих гэсэн. Тэгэхээр нь тухайн үеийн ханшаар бодоод 80.000 гаруй орчим юанийг бэлнээр аваад явсан гэжээ.

5.Төрийн банкны Замын-Үүд салбарын захирал байсан П.Болормаагаас:-...2016 оны 6, 7 сарын үед Т.Дорждэрэм дарга над руу залгаж чи нэг Эрээн гараад ир, би нэг хүнээс мөнгө авах ёстой юм гэхээр нь, би за тэгье гэхэд надад утасны дугаар өгч Алтансүх гэж хүн байгаа наад хүн рүү гээ намайг яриулсан, яаж мөнгө авах талаар асууж байгаад мөнгө аваад өг гэсний дагуу Алтансүх гэж хүн рүү утасдаж Т.Дорждэрэм дарга тань руу яриад мөнгө ав гэсэн, яаж авах вэ гэхэд Эрээнд Хасаа гэж ченжэд үлдээчихье чи өөрөө очоод авчих гэж хэлсэн. Би Хасаа гэдэг өвөрмонгол хүнтэй ярьж мөнгө авах ёстой талаар хэлэхэд, тиймээ 86.000 юань өгөх ёстой гэж байсан. Тэгэхээр нь би Батсүрэнтэй холбогдож чи төгрөг болгоод өгчих гэхэд удалгүй Батсүрэн өөрөө над руу болчихсон шүү гээд манай банкин дээр аваад ирсэн. 20 гаруй сая төгрөг болж байсан санагдаж байна. Хоёр гурав хоногийн дараа Т.Дорждэрэм дарга өөрөө над руу залгаж Чулуунцэцэг гэдэг хүний нэртэй Төрийн банкны дансны дугаар өгч, нөгөө мөнгөө наад дансанд хийчих гэхээр нь хэний нэрээр хийх юм бэ гэхэд хэн ч гэсэн яадаг юм бэ Болд гээд хийчих гэхээр нь би Хаш-Эрдэнэ теллер дээр аваачиж өгөөд хийлгүүлсэн гэжээ.

6.Г.Чулуунцэцэгээс:-...Би Т.Дорждэрэмтэй үеэлүүд. Т.Дорждэрэм ах 7дугаар сарын эхээр ах нь хүнд нэг хөөрөг зарсан юм аа эхнэр хүүхэд Солонгос улсад эмчилгээнд явсан байгаа чиний дансаар хөөрөгний мөнгөө авчихъя дансны дугаараа хэлээч гэхээр нь би өөрийн төрийн банкны дансны дугаараа хэлсэн. Тэгээд төрийн банкнаас 24.700.000 төгрөг аваад Т.Дорждэрэм ахад өгсөн гэжээ.

7.Д.Батсүрэнгээс:-...2016 оны 7 сарын 6 билүү 7-ны өдөр шиг санаж байна. Замын-Үүд сумын Төрийн банкны эрхлэгч Болормаа над руу залгаад чи юань авах уу гэхээр нь тэгье гэхэд урд Эрээнд байгаа гэхээр нь за тэгвэл манай найзад өгчих Сүхээ гэж Өвөрмонгол байгаа гээд утасны дугаарыг нь өгсөн. Тэгээд Сүхээ рүү утсаар ярьж чамд хүн юань өгсөн үү гэхэд өгсөн гэхээр нь одоо миний санаж байгаагаар 24 сая гаран төгрөг Төрийн банкны эрхлэгч Болормаад аваачиж өгсөн гэжээ.

8.Төрийн банкны Замын-Үүд салбарын теллер байсан Г.Хаш-Эрдэнээс:-...2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр захирал Болормаа гүйлгээний зааланд мөнгө барьчихсан ирээд надад цаасан дээр бичсэн нэг дансны дугаар өгөөд энэ данс руу энэ мөнгийг шилжүүлчих, гүйлгээний утгыг нь Болдоос хөөрөгний үнэ гээд бичээрэй гэхээр нь тоологч машинаар мөнгийг тоолоод захирлын өгсөн дансны дугаар руу мөнгийг шилжүүлсэн. Мөнгөний хэмжээ 24.700.000 төгрөг байсан гэжээ.

9.С.Гансүхээс:-...2016.07.02-ны өдөр миний хаан банкны 5377025838 дугаарын дансанд 25 сая төгрөг ороод гарсан байсан. Энэ данс миний нэр дээр байдаг хэдий ч Хасаа гэдэг Өвөрмонгол харьцаж ашигладаг юмаа. Хасаа миний дансыг ашигладаг болохоор уг гүйлгээг хийсэн байх. Түүнээс би уг гүйлгээг хийж 25 сая төгрөг аваагүй гэжээ.

10.Төрийн банкны Сүхбаатар аймгийн салбарын харилцааны менежер байсан Б.Энхбишээс:-...2016.06.13-ны өдөр манай салбарын захирал Батчулуун намайг дуудахад “Дөрвөлж” ХХК-ийн захирал Алтансүх, ня-бо Наранцэцэг нар захирлын өрөөнд сууж байсан. Захирал Батчулуун надад “Дөрвөлж” ХХК-ийн зээлийг судлахаар болсон. Чи Ихбаярыг орлож байгаа тул зээл судлах зөвшөөрлийг төв банкнаас хурдан авах шаардлагатай гэсэн үүрэг өгч би тус компанийн нягтлан Наранцэцэгт бүрдүүлэх материалын жагсаалтыг гаргаж өгсөн. Материал арай бүрдэж амжаагүй 1 хоноод байж байтал дахин захирал өрөөндөө дуудаад яагаад удаад байгаа юм, Төв банкнаас Дорждэрэм захирал ярьж байна, чи яриатах гээд надад утсаа өгсөн чинь Дорждэрэм захирал надтай утсаар яриад, наад зээл чинь яагаад удаад байгаа юм бэ гэхээр нь материал бүрдүүлж арай гүйцээгүй байна гэхэд хурдан материалыг бүрдүүлээд яаралтай явуул гэсэн үүрэг өгсөн. 2015 оны жилийн эцсийн баталгаажсан тайлангаар алдагдалтай, өндөр хэмжээний өртэй гэдгийг хүснэгтээр харуулж зээлийн судлах зөвшөөрөл дээрээ төв банк руу явуулсан байхад төв банкнаас буюу Дорждэрэм захирлаас зээл судлах зөвшөөрөл ирэхэд би тухайн үед их гайхаж байсан. Би ойлгохдоо уг зээлийг судлах зөвшөөрөл ирэхгүй байх гэж бодож байсан, учир нь уг компани нь зээл авах шаардлага хангахгүй гэсэн үг юм гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Т.Дорждэрэм нь Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байхдаа Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөрвөлж” ОНӨААТҮГ-т 800,0 сая төгрөгийн зээл олгож өгнө хэмээн хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж тус газрын захирал Ц.Алтансүхээс 2016 оны 7 дугаар сарын 02-ноос 06-ны өдрийн хооронд бусдаар дамжуулж 25.000.000 (хорин таван сая) төгрөгийн хээл хахууль авсан, шүүгдэгч Ц.Алтансүх нь Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөрвөлж” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан Т.Дорждэрэмд бусдаар дамжуулж 2016 оны 7 дугаар сарын 02-ноос 06-ны өдрийн хооронд 25.000.000 (хорин таван сая) төгрөгийн хээл хахууль өгсөн болох нь

мөрдөн байцаалтад Т.Дорждэрэмийн сэжигтнээр мэдүүлсэн “Би Алтансүхээс 25 сая төгрөг авсан минь үнэн, тухайн үед миний бие муу байсан учраас эмчилгээндээ хэрэглэх санаатай авсан юм. ...Ц.Алтансүх надад 25 сая төгрөгийг эмчилгээндээ зарцуулаарай гэж өгсөн гэж ойлгож байгаа, ямар ч байсан 25 сая төгрөгийг зээл гаргаж өгөхөд нь дэмжлэг үзүүлснийхээ төлөө авсан минь үнэн” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад Ц.Алтансүхийн сэжигтнээр мэдүүлсэн “2016 оны хавар сонгууль болохоос өмнө Т.Дорждэрэм захирлыг Сүхбаатар аймагт ирсэн байна гэдгийг нь сонсоод утсаар яриад, байгаа газар нь очиж уулзаад танай банкнаас зээл авмаар байна гэхэд материалаа бүрдүүлээд өгчих судлуулъя гэсэн. Т.Дорждэрэм би сая Солонгос улсад эмчилгээнд яваад ирлээ дахиж явах шаардлагатай, мөнгө төгрөг хэрэг болоод байна чи хөөрөг авах уу гэхээр нь би хөөрөг авч чадахгүй гэсэн чинь тэгвэл чи надад 25 сая төгрөг өгчихөөрэй, тэгвэл би хүсээд байгаа зээлийг чинь бүтээгээд өгнө гэж хэлсэн. Тэгээд бид хоёр үндсэндээ би 800,0 сая төгрөгийн зээл хүсээд хахуульд нь Т.Дорждэрэм захиралд 25,0 сая төгрөг өгөхөөр тохирсон юм. 2016 оны 7 дугаар сарын 02-нд би ойрхон хөдөө яваад утас холбогдохгүй байсан, энэ хооронд Дорждэрэм над руу олон удаа залгасан байсан. Би утасны сүлжээ орохоор нь буцаагаад Дорждэрэм рүү залгахад чи нөгөө мөнгөө яаралтай бүтээгээд өгөөрэй гэхээр нь би тэгье, Эрээн хот руу хүнд мөнгө шилжүүлсэн байгаа гэхэд за тэгвэл би Замын-Үүдээс нэг эмэгтэй хүн явуулъя гэж хэлсэн. Түүний дараагаар би дахиж Хаса руу утсаар яриад миний нэрийг хэлээд хүн очиж наад мөнгийг чинь авна өгчихөөрэй гэж хэлсэн юм. Мөнгөө хэрхэн яаж авсан талаар би сайн мэдэхгүй байна. Дорждэрэм хэд хоногийн дараа над руу яриад мөнгөө авсан шүү гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

гэрч Ц.Адъяасүрэнгийн “2016.07.02-ны өдөр нягтлан Наранцэцэг намайг дуудаад касснаас 25 сая төгрөг аваад энэ дансаар гүйлгээ хийчих гээд цаасан дээр бичсэн дансны дугаар өгсөн, түүний дагуу компанийн касснаас 25 сая төгрөг бэлнээр аваад түүнийгээ Хаан банкаар 2016.07.02-ны өдөр нягтлан Наранцэцэгийн өгсөн данс руу шилжүүлсэн. ...Хаашаа хэн гэж хүн рүү шилжүүлж байгааг мэдээгүй” гэх мэдүүлэг, гэрч Г.Наранцэцэгийн “2016.07.01-ний өдөр манай компани нь Төрийн банкнаас 800 сая төгрөгийн зээл авсан. Тэгтэл 2-ны өдөр Алтансүх захирал намайг дуудаад дансны дугаар өгөөд энэ данс руу 25.0 сая төгрөг шилжүүлчих гэсэн” гэх мэдүүлэг, гэрч Р.Батчулууны “Төв банкнаас Т.Дорждэрэм захирал “Дөрвөлж” ХХК-д 800.0 сая төгрөгийн зээл олгоё гэхэд нь, үгүй ээ захирлаа компани нь өөрөө өр зээлтэй, төлбөрийн чадвар муутай тул боломжгүй гэдгээ хэлэхэд, тэгвэл төв рүү материалыг нь явуулчих гэхээр нь би эдийн засагчдаа хэлээд материалыг нь төв банк руу явуулсан. Төв банкнаас зээл олго гэсэн шийдвэр ирсэн тул шийдвэрийг үндэслээд 2016.07.01-ний өдөр “Дөрвөлж” ХХК-д 800.0 сая төгрөгийн зээл олгосон” гэх мэдүүлэг, гэрч Г.Хасын “Алтансүх над руу утсаар яриад чиний Хаан банкны данс руу 25.0 сая төгрөг шилжүүллээ энэ мөнгийг Мөрөнд барилгын материалын үнэнд шилжүүлсэн шүү гэж хэлсэн. Тэгээд 6-7 хоногийн дараа 30-40 орчим насны эмэгтэй хүн миний гар утас руу залгаад, ирж уулзаад Алтансүхийн таны дансанд шилжүүлсэн 25 сая төгрөгийг юаниар авах гэсэн юм гэж хэлсэн тэгэхээр нь би Алтансүхийн утас руу залгаад энд нэг эмэгтэй хүн ирээд чиний дансанд хийсэн 25,0 сая төгрөгийг юаниар авна гэж байна, энэ мөнгийг Мөрөн гэж хүнд өгөх ёстой юм биш үү гэж асуухад, зүгээр ээ наад мөнгөө юаниар наад эмэгтэйдээ өгчих гэсэн. Тэгэхээр нь тухайн үеийн ханшаар бодоод 80.000 гаруй орчим юанийг бэлнээр аваад явсан” гэх мэдүүлэг, гэрч П.Болормаагийн “2016 оны 6, 7 сарын үед Т.Дорждэрэм дарга над руу залгаж чи нэг Эрээн гараад ир, би нэг хүнээс мөнгө авах ёстой юм гэхээр нь, би за тэгье гэхэд надад утасны дугаар өгч Алтансүх гэж хүн байгаа наад хүн рүү гээ намайг яриулсан, яаж мөнгө авах талаар асууж байгаад мөнгө аваад өг гэсний дагуу Алтансүх гэж хүн рүү утасдаж Т.Дорждэрэм дарга тань руу яриад мөнгө ав гэсэн, яаж авах вэ гэхэд Эрээнд Хасаа гэж ченжэд үлдээчихье чи өөрөө очоод авчих гэж хэлсэн. Би Хасаа гэдэг өвөрмонгол хүнтэй ярьж мөнгө авах ёстой талаар хэлэхэд, тиймээ 86.000 юань өгөх ёстой гэж байсан. Тэгэхээр нь би Батсүрэнтэй холбогдож чи төгрөг болгоод өгчих гэхэд удалгүй Батсүрэн өөрөө над руу болчихсон шүү гээд манай банкин дээр аваад ирсэн. 20 гаруй сая төгрөг болж байсан санагдаж байна. Хоёр гурав хоногийн дараа Т.Дорждэрэм дарга өөрөө над руу залгаж Чулуунцэцэг гэдэг хүний нэртэй Төрийн банкны дансны дугаар өгч, нөгөө мөнгөө наад дансанд хийчих гэхээр нь хэний нэрээр хийх юм бэ гэхэд хэн ч гэсэн яадаг юм бэ Болд гээд хийчих гэхээр нь би Хаш-Эрдэнэ теллер дээр аваачиж өгөөд хийлгүүлсэн” гэх мэдүүлэг гэрч Г.Чулуунцэцэгийн “Т.Дорждэрэм ах 7дугаар сарын эхээр ах нь хүнд нэг хөөрөг зарсан юм аа эхнэр хүүхэд Солонгос улсад эмчилгээнд явсан байгаа чиний дансаар хөөрөгний мөнгөө авчихъя дансны дугаараа хэлээч гэхээр нь би өөрийн төрийн банкны дансны дугаараа хэлсэн. Тэгээд төрийн банкнаас 24.700.000 төгрөг аваад Т.Дорждэрэм ахад өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Д.Батсүрэнгийн “Замын-Үүд сумын Төрийн банкны эрхлэгч Болормаа над руу залгаад чи юань авах уу гэхээр нь тэгье гэхэд ...24 сая гаран төгрөг Төрийн банкны эрхлэгч Болормаад аваачиж өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Г.Хаш-Эрдэнийн “2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр захирал Болормаа гүйлгээний зааланд мөнгө барьчихсан ирээд надад цаасан дээр бичсэн нэг дансны дугаар өгөөд энэ данс руу энэ мөнгийг шилжүүлчих, гүйлгээний утгыг нь Болдоос хөөрөгний үнэ гээд бичээрэй гэхээр нь тоологч машинаар мөнгийг тоолоод захирлын өгсөн дансны дугаар руу мөнгийг шилжүүлсэн. Мөнгөний хэмжээ 24.700.000 төгрөг байсан” гэх мэдүүлэг, гэрч С.Гансүхийн мэдүүлэг, гэрч Б.Энхбишийн “Дорждэрэм захирал надтай утсаар яриад, наад зээл чинь яагаад удаад байгаа юм бэ гэхээр нь материал бүрдүүлж арай гүйцээгүй байна гэхэд хурдан материалыг бүрдүүлээд яаралтай явуул гэсэн үүрэг өгсөн” гэх мэдүүлэг,   хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтууд болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Тангууд овогт Төмөрбаатарын Дорждэрэмийг бусдаас их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан ял оногдуулах, шүүгдэгч Ойдов овогт Цэеэ-Ойдовын Алтансүхийг бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д заасан ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

Шүүх хээл хахуулийн хэмжээг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг нэг зуун хорин таваас дээш дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу их хэмжээ (24.000.000 төгрөгөөс дээш)-гээр тооцсон болно.

Шүүгдэгч Ц.Алтансүх нь Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн тул түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр торгох ял оногдуулах боломжтой гэж үзэж, торгох ялын хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоолоо.

Шүүх шүүгдэгч Т.Дорждэрэмийн хувийн байдлыг харгалзан түүний ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.   

Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг баримтлан шүүгдэгч Т.Дорждэрэмийн бусдаас хээл хахуульд авсан 25.000.000 төгрөгийг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэх нь зүйтэй. 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Тангууд овогт Төмөрбаатарын Дорждэрэмийг бусдаас их хэмжээний хээл хахууль авсан,

шүүгдэгч Ойдов овогт Цэеэ-Ойдовын Алтансүхийг бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар шүүгдэгч Т.Дорждэрэмийг 1.000.000 (нэг сая) төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 (тав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар,  

Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар шүүгдэгч Ц.Алтансүхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй  тэнцэх хэмжээний буюу 9.792.000 (есөн сая долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан, мөн зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.Дорждэрэмд оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Ц.Алтансүх нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг түүнд сануулсугай.

5.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Т.Дорждэрэмийн цагдан хоригдсон 35 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Ц.Алтансүх цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Т.Дорждэрэмээс 25.000.000 (хорин таван сая) төгрөг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.

7.Мөрдөн байцаалтын шатанд Т.Дорждэрэмийн эзэмшлийн Лексус-570 маркийн 68-88 УНУ улсын дугаартай автомашин битүүмжилсэн болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2016.7.01-ний өдрийн Төрийн банкин дахь “Дөрвөлж” компанийн харилцах данснаас 23.5 сая төгрөг чекээр гарсан баримт, 2016.7.01-ний өдрийн “Дөрвөлж” компанийн касст 25 сая төгрөг орсон орлогын ордер, 2016.7.02-ны өдөр “Дөрвөлж” компаниас С.Гансүхэд материалын үнэ гэж 25 сая төгрөг касснаас гаргасан санхүүгийн баримт, 2016.7.02-ны өдөр ХААН банкаар С.Гансүхэд орлого бэлнээр Мөрөнд материалын үнэ гэж 25 сая төгрөг 5377025838 дансанд шилжүүлсэн баримт, Төрийн банкны зээлийн хорооны хурлын хэлэлцүүлгийн явцыг дуу хураагуурт бичсэн СД 1 ширхэг, Ц.Алтансүхийн тайлбарыг дуу хураагуурт бичсэн СД 1 ширхэг, Т.Дорждэрэмийн байцаалтыг дуу хураагуурт бичсэн СД 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Алтансүхэд урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Т.Дорждэрэмд урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ

        ШҮҮГЧИД                                                            С.БАТГЭРЭЛ

                                                                               Н.БАЯРМАА