Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/1227

 

 

 

 

 

 2020             09             22                                        2020/ДШМ/1227                                                                    №  Т  M № 546                               МАЛАЛ

Б.Б-, Е.Т-, Г.Б- нарт                                                                                холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Гэрэлмаа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1544 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Б.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-, Е.Т-, Г.Б- нарт холбогдох 1906070960209 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Х овгийн Б-гийн Б.Б-, Улаанбаатар хотод 1997 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Ойчдын 0 дүгээр гудамжны 00000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

2. Б овгийн Е-ийн Т, Улаанбаатар хотод 1996 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

3. Х овгийн Г-ийн Б, Улаанбаатар хотод 2000 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын үндэсний их сургуулийн 0 дугаар дамжааны оюутан гэх, Налайх дүүргийн 0 дугаар хороо, 000 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/

2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

Б.Б- нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй М.Б-ийн Samsung S-8 загварын утсыг “Хүнтэй утсаар яриад өгье” хэмээн хуурч авсан,

2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, “Алтан-Өргөө” хотхоны 73 дугаар байрны орцонд насанд хүрээгүй хохирогч Б.Т-ын I рhone-7 загварын гар утсыг “Хүнтэй утсаар яриад өгье” гэж хуурч авсан,

2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байрны 1 дүгээр орцонд насанд хүрээгүй Т.М-ын “Samsung А-50” загварын утсыг “Хүнтэй утсаар яриад өгье” гэж хуурч авсан,

2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны 8 дугаар орцонд насанд хүрээгүй М.Э-ийн “Samsung G-2” загварын утсыг “Хүнтэй утсаар яриад өгье” гэж хуурч авсан,

2019 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мянган нэрийн барааны дэлгүүр”-ийн орчим иргэн Э.Б-гийн нүүрэнд цохиж, өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Г.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мянган нэрийн барааны дэлгүүр”-ийн орчим иргэн Э.Б-г шилээр цохиж, баруун сарвууны шөрмөс, мэдрэл гэмтээсэн гүн зүсэгдсэн шарх гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Е.Т- нь 2019 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хороооны нутаг дэвсгэрт байрлах “Мянган нэрийн барааны дэлгүүр”-ийн орчим иргэн О.Т-г толгойд нь шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Г.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Е.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Яллагдагч Б.Б-ийн үйлдлийг залилах гэмт хэргийн бүрэлдэхүүнээр зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэхэд дахин дүгнэлт хийх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй хохирогч харилцан итгэлцлийн үндсэн дээр, сайн дураар эд зүйлээ шилжүүлж  өгсөн үү, түр хугацаанд буюу хохирогч өөрийн хяналтын дор ашиглахыг зөвшөөрсөн үү гэдгээс хамаарч гэмт хэргийн шинжийг авч үзэх шаардлагатай ...” гэж үзэн хэргийг прокурорт буцааж, яллагдагч Б.Б-д урьд авсан цагдан хорих, яллагдагч Е.Т-, Г.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Яллагдагч Б.Б- давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхээс надад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд зааснаар зүйлчлүүлэхээр буцаасныг хүлээн зөвшөөрөхгүй. Би дээрэмдэх гэмт хэрэг үйлдээгүй, хуурч мэхлэн эд зүйл авсан ...” гэжээ.

            Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Улсын Дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор залилах гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн байсан. Иймд шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б-, Г.Б-, Е.Т- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ яллагдагчийн гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Яллагдагч Б.Б-ийн үйлдлийг прокуророос буруу зүйлчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч Б.Б- нь насанд хүрээгүй хохирогч нараас гар утсыг нь авсан үйлдэл залилах гэмт хэргийн шинжийг хангасан эсэхэд дахин дүгнэлт хийж, яллагдагчийн үйлдэлд тохирох зүйлчлэлээр зүйлчлэн шүүхэд шилжүүлэх нь зүйд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1544 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  яллагдагч Б.Б-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ         

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН