Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Отгоогийн Одончимэг |
Хэргийн индекс | 132/2022/00004/И |
Дугаар | 132/ШШ2022/00119 |
Огноо | 2022-02-10 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 132/ШШ2022/00119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ХХК-ийн холбогдох
21,266,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Б /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК нь “*******” ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ӨА20/03 тоот тэсэлгээний цооног өрөмдөх ажил гүйцэтгэх гэрээ байгуулан нэг тууш метрийн үнэ нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй дүнгээр 7500 төгрөгөөр тооцон гэрээт ажлыг эхлүүлсэн. Гэрээний дагуу манай компани 3240.6 тууш метр өрөмдөж, 24,304,500 төгрөгийн үнийн дүн бүхий цооног өрөмдсөн. Гэрээний хугацаа дууссан боловч гэрээгээр гүйцэтгэсэн төлбөрийг төлөлгүй өнөөг хүрч байна. Гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.2 хувийн алданги тооцож 441 хоногийн алданги, үндсэн гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болох 11,300,000 төгрөг, түүний хүү 9,966,600 төгрөгийн хамт 21,266,600 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Д.О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Төлбөрийн үлдэгдэл 11,300,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Алданги 9,966,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд 9,966,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн: “*******” ХХК-ийн 000190778 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “*******” ХХК-ийн дүрэм, “*******” ХХК, “*******” ХХк-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан ӨА20/03 дугаартай “Тэсэлгээний цооног өрөмдөх ажил гүйцэтгэх гэрээ”,
Хариуцагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн: “*******” ХХК-ийн 000126726 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар зэрэг нотлох баримтыг гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д 21,266,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
“*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК нарын хооронд 2020 оны 09 дүгээр 26-ны “Ажил гүйцэтгэх гэрээ” бичгээр байгуулагдсан байх бөгөөд тухайн гэрээгээр нэхэмжлэгч нь захиалгын дагуу тэсэлгээний цооног өрөмдөж ажлыг хүлээлгэн өгөх, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлсийг төлөх үүрэг тус тус хүлээжээ. Дээрх гэрээний шинж, агуулга, нөхцөл, талуудын үүрэг зэргээс үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.
Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу хариуцагч “*******” ХХК-иас гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 11,300,000 төгрөг, алданги 9,966,600 төгрөг, нийт 21,266,600 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн төлбөр 11,300,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч алданги 9,966,000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.10-т “Захиалагч нь 4.8-т заасан хугацаанд төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд 0.2 хувийн алданги тооцно.” гэжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.5, 232.6-д анз, анзын төрлийг тодорхойлж, үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль, хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр, мөн алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заасан байна.
Дээрхээс үзэхэд зохигч алданги тооцохоор тохиролцсон байх ба нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 9,966,000 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцүүлэн багасгаж, үндсэн төлбөр 11,300,000 төгрөг, алданги 5,650,000 төгрөг, нийт 16,950,000 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-иас гаргуулах нь зүйтэй байна.
2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1600 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу шүүгчийн туслах нь хариуцагчийн төлөөлөгч Д.О-ы 9 дугаарын утсанд 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр холбогдож мэдэгдсэн боловч хариуцагчийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан “*******” ХХК-иас 16,950,000 /арван зургаан сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 4,316,600 /дөрвөн сая гурван зуун арван зургаан мянга зургаан зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,475 /хоёр зуун далан есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас 242,700 /хоёр зуун дөчин хоёр мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ