| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 182/2021/03250/и |
| Дугаар | 182/ШШ2022/00800 |
| Огноо | 2022-03-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 182/ШШ2022/00800
2022 03 24 182/ШШ2022/00800
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.З /РД:/ гэв.
Хариуцагч: Т.Л /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.З,
Хариуцагч Т.Л,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.З миний бие нь нөхөр болох Т.Лтэй 2000 онд танилцаж, хамтран амьдарч эхэлсэн. Бид 2006 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2002 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр том охин Л.Азжаргал төрсөн. Одоо 19 настай. 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдөр охин Л.Хүслэнжаргал, 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүү Л.Одгийв, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүү Л.Од төрсөн. Гэр бүл болж, хамтран амьдрах болсон цагаас хойш нөхөр Т.Л нь тодорхой эрхэлсэн ажилгүй байсан. Цалин мөнгөгүй, архи ууж, агсам согтуу тавьдаг. Хэл амаар доромжлодог, согтуугаар ажил дээр ирж, хэрүүл маргаан үүсгэж, энэ байдлаас болж би, хоёр ч удаа ажлаа өөрчилсөн. Т.Лгийн энэ үйлдэл одоо ч үргэлжилсээр байна. Миний хувьд цагдаагийн байгууллагад олон удаа дуудлага өгч байсан. Т.Лд хэд хэдэн удаа торгуулийн арга хэмжээ авагдсан боловч засраагүй л байна. Хүүхдүүд маань өсөн торниж байгаа ба Т.Лгийн гаргаж байгаа энэ үйлдэл хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгаа учраас цаашид хамтран амьдрах боломжгүй болж байна. Бид гэр бүл болж, хамтран амьдрах цагаас хойш , айлын хашаанд амьдарч ирсэн. Т.Л нь айлын хашаанд амьдарч байж, байнгын архи ууж, агсам тавьж, орилж хашгирснаас нь болж тухайн айлууд биднийг хашаанаасаа хөөдөг байсан ба одоо ч айлын хашаанд амьдарч байна. Бидэнд өөрсдийн гэх эд хөрөнгө байхгүй. Шүүхээс бидний гэрлэлт цуцлах ажиллагааг тодорхой хугацаагаар хойшлуулж, шүүх дэх эвлэрүүлэн зуулчлалаар дамжуулан ажиллагаа хийгдсэн боловч үр дүнд хүрээгүй. Иймд Т.Лтэй цаашид хамтран амьдрах боломжгүй байх тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэв.
2. Хариуцагч Т.Л шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Т.Л миний бие нь С.Зтай 2000 онд танилцаж, улмаар хамтран амьдарч эхэлсэн. 2006 онд гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр охин Л.Азжаргал, 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдөр охин Л. Хүслэнжаргал, 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүү Л.Одгийв, 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүү Л Од нар төрсөн. 2000 оноос хойш нэг гэрт амьдарч байна. Нэхэмжлэгчийн ярьж байгаа зүйлийн зарим нь үнэн, зарим нь худлаа. Би тодорхой, тогтсон ажилгүй байсан нь үнэн. Энэ хугацаандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Архи уусан үедээ хэл амаар доромжлодог байсан байх. Би гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Хүүхдүүдээ өнчрүүлмээргүй байна. Шүүхээс бидэнд эвлэрэх 2 сарын хугацаа олгосон боловч эвлэрч чадаагүй. Эхнэртэйгээ ярилцах гэхлээр “чамтай яриад байх юм байхгүй” гээд сүүлдээ гэртээ ч оруулахаа больсон. Би өөрийн гэсэн гэр орон байхгүй тул найз нөхдийнхөөрөө байгаа. Нэхэмжлэгч С.З өөр хүнтэй болчихоод надаас салъя гээд байгаа юм болов уу гэх бодол төрж байгаа. Надад гэр бүлээс гадуур бий болгосон харилцаа байхгүй, 20 гаруй жил хамт амьдарсан, гэр бүлээсээ салах хэцүү байна гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, “Увидас од” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлстсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн дуудлагын лавлагааны хуудсууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /х.х-ийн 2-15 тал/
4. Хариуцагчаас бичгээр гаргаж өгсөн хариу тайлбар,
5. Шүүх 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сараар түдгэлзүүлж, гэрлэгчдийг эвлэрүүлэхээр 182/ШЗ2022/00174 дугаар захирамжаар шийдвэрлэн зохигчийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авахыг тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нарт даалгасан бөгөөд тус шүүх дэх эвлэрүүлэн зуулчлагч эвлэрүүлэн зуулчлах ажиллагааг явуулж, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар “Эвлэрүүлэн зуулчлах ажиллагаа дуусгавар болсон тухай” тэмдэглэл үйлдсэн нь хэрэгт баримтаар авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.З нь хариуцагч Т.Лд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Шүүх зохигчдын тайлбар, гаргаж өгсөн нотлох баримтууд, болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.
3. С.З, Т.Л нар 2006 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсноо 2006 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн газарт бүртгүүлж, гэрлэгчдийн эрх, үүрэг үүсгэн хамтран амьдрах хугацаанд тэдгээрийн дундаас 2002 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр охин Л.Азжаргал, 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдөр охин Л.Хүслэнжаргал, 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүү Л. Одгийв, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүү Л.Од нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
4. Хамтын амьдралын хугацаанд Т.Лхагвсүрэн архи уудаг, гэр бүл, үр хүүхдүүдээ анхаарал, халамжгүй гэх шалтгаанаар гэрлэгчдийн хооронд таарамжгүй харьцаа үүссэн, улмаар тэд 2021 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарсан, цаашид хамт амьдрах хүсэлгүй, шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар дамжуулан авсан боловч үр дүнд хүрээгүй болох нь зохигчдын тайлбар, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас, тус шүүх дэх эвлэрүлэн зуулчлагчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар “Эвлэрүүлэн зуулчлах ажиллагаа дуусгавар болсон тухай” тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заахдаа захиргааны журмаар гэрлэлтийг цуцлахаас бусад тохиолдолд гэрлэгчдийн хэн нэгний нэхэмжлэлийн дагуу шүүх гэрлэлтийг цуцлах асуудлыг шийдвэрлэнэ, гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ, шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна, шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ, гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална “ гэж заажээ
5. Шүүх 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сараар түдгэлзүүлж, гэрлэгчдийг эвлэрүүлэхээр 182/ШЗ2022/00174 тоот захирамжаар шийдвэрлэн зохигчийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авахыг тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нарт даалгасан.
6. Шүүгчийн захирамжийн дагуу эвлэрүүлэн зуулчлагч гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагааг явуулсан байгаа боловч, үр дүнд хүрээгүй болох зохигчийн тайлбар, эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 27 тоот “Эвлэрүүлэн зуулчлах ажиллагааг дуусгавар болсон тухай” тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
7. Зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаас дүгнэхэд гэрлэгчид хоорондын таарамжгүй байдлаас шалтгаалж өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байгаа, цаашид гэр бүлийн амьдралаа хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч үр дүнд хүрээгүй зэрэг хэргийн болон бусад нөхцөл байдлыг харгалзан тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
8. Хариуцагч Т.Л хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй, 2002 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр охин Л.Азжаргал насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болсон нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
9. Бага насны хүүхдүүд болох 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Л.Хүслэнжаргал, 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Л.Одгийв, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Л.Од нар эх С.Зын асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах заалтад нийцнэ гэж үзэв.
10. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.” гэж заасан тул хариуцагч Т.Л нь Болд нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр тэтгэлэг төлөх үүрэгтэй болно.
11. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдаж байна.
12. Шүүх, улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх, хуваарилах, буцаан олгох асуудлыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57дугаар зүйлийн 57.3,60 дугаар зүйлийн 60.1 63дугаар зүйлийн 63.1.5 дах зааснаар шийдвэрлэв.
Хариуцагч Т.Л нь хүүхдийн асрамжийг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн үедээ асрамжийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан С.З, Т.Л нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т заасныг баримтлан 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Л.Х, 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Л.О, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Л.О нарыг эх С.Зын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-т заасныг баримтлан 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Л. Хүслэнжаргалыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр,
2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Л.Одгийвыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр,
2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Л.Одыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, хүүхэд тус бүрд сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Т.Лгээр тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Амарзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168.845 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 98.645 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Т.Лгээс 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Зд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 63.1-д зааснаар Т.Лгээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжид 121.625 төгрөг гаргуулж, улсын төвлөрсөн төсвийн дансанд олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг Т.Лд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх С.Зд тус тус даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 /гурван/ өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Бадамсүрэнд хариуцуулсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЦЭНГЭЛ