Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2022/00734

 

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2022/00734

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:”Г Б” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: З.Э-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 18,286,277 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, Б.О, хариуцагчийн төлөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч “Г Б” ХХК хариуцагч З.Эд холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан ЗГ1905132079 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 3,230,198 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан ЗГ190943081 дугаартай кредит картны зээлийн гэрээний үүрэгт 15,056,079 төгрөг, нийт 18,286,277 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.  Хариуцагч З.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2020 оны 02 дугаар сард улсын хил хааснаас гадаадын иргэнд үл хөдлөх хөрөнгөө түрээслүүлж байсан хувийн бизнесийн үйл ажиллагаа зогсож зээл төлөхөд санхүүгийн хувьд хүндрэл үүсэж зээл төлж чадахгүй болсон. гэж тайлбар гарган мэтгэлцэж байна.

3.  Нэхэмжлэгчээс:

-Улсын тэмдэгтийн хураамж 265,316 төгрөг төлсөн баримт

-“Г Б” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

-“Г Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Эрх олгох тухай тушаал

-“Г Б” ХХК-аас 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Б.О, Ц.Н нарт олгосон итгэмжлэл

-“Г Б” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр З.Этай байгуулсан ..................... дугаартай зээл болон барьцааны гэрээ, хүү тооцооллын хүснэгт

-“Г Б” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр З.Этай байгуулсан .................... дугаартай кредит картын гэрээ, кредит картын тооцоолын хүснэгт

-З.Эгийн кредит карт авах хүсэлт

-З.Эгийн “Г Б” ХХК-ийн төгрөгийн дансны хуулга

 

Хариуцагчаас:

 

-З.Эгаас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр О.Бд олгосон итгэмжлэл

-2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өгсөн хариу тайлбар нотлох баримтаар өгсөн байна

 

Зохигчдын хүсэлтээр шүүхийн журмаар:

-“Г Б” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 18/04-42022/0053 дугаартай албан бичиг

-З.Эгийн "Г Б" ХХК-ийн  ........... дугаартай дансны хуулга

-“Г Б” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр З.Этай байгуулсан Автомашины зээлийн гэрээний хуулбар

-“Г Б” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр З.Этай байгуулсан Барьцааны гэрээний хуулбар

-“Г Б” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ................ тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар

-хүү тооцоолын хүснэгт

-Toyota CH-R маркийн .......... улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг буюу 16,944,619 төгрөгийг хангаж, үлдэх хэсэг болох 1,341,658 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

2.  Нэхэмжлэгч анх шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан ................ дугаартай зээлийн гэрээ болон 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан ЗГ190943081 дугаартай кредит картны зээлийн гэрээний үүрэгт нийт 21,473,076.58 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ......... дугаартай зээлийн гэрээний дагуух шаардлагаа 3,186,798 төгрөгөөр багасган тус гэрээний үүрэгт 3,230,198 төгрөг, ..................... дугаартай кредит картны зээлийн гэрээний үүрэгт 15,056,079 төгрөгийг тус тус шаардан, нэхэмжлэлийн шаардлагын нийт дүнг 18,286,277 төгрөгөөр тодорхойлон мэтгэлцсэн болно. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг гэрээ тус бүрээр ялган дараах байдлаар тодорхойлсон болно.

1)  Нэгдүгээр зээлийн гэрээ буюу 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан ..................... дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 3,230,198 төгрөгийг шаардана. Тус дүн дараах байдлаар задарна:

a.    Үндсэн төлбөрт 1,916,158 төгрөг

b.    Зээлийн хүүгийн төлбөрт 1,261,882 төгрөг

c.    Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 52,157 төгрөг.

2)  Хоёрдугаар зээлийн гэрээ буюу 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан ................. дугаартай кредит картны зээлийн гэрээний үүрэгт нийт 15,056,079 төгрөгийг шаардана. Тус дүн дараах байдлаар задарна:

a.    Үндсэн төлбөрт 9,999,993 төгрөг

b.    Хүүгийн төлбөрт 3,664,529 төгрөг

c.    Хугацаа хэтрүүлсний хүүгийн төлбөрт 907,339.21 төгрөг

d.    Эрх хэтрүүлсний хүүгийн төлбөрт 434,318 төгрөг

e.    Шимтгэл 49,900 төгрөг.

Нэхэмжлэгч кредит картны зээлийн гэрээний үүрэгт ийнхүү олон төрлийн хүү тооцох болсон нөхцлийг зайлшгүй бөгөөд хамгийн уян хатан, найдвартай бүтээгдэхүүн санал болгосонтой холбоотой банк ба харилцагчийн хооронд гэрээний чөлөөт байдлын хүрээнд тогтсон шударга үйлчилгээний нөхцөл хэмээн тайлбарлаж байна.

3.  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагуудаас хүүгийн төлбөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрөн дараах хоёр үндэслэлээр маргаж байна.

1)  Кредит картны зээлийн гэрээнд тохирсон хүүгийн төлбөрүүд хэт олон төрөл байх бөгөөд хуулиар зохицуулаагүй, хуульд нийцээгүй хүү тооцсон.

2)  Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үүссэн цар тахлын нөхцөл байдал зээлдэгчийн санхүүд хүндээр туссан болохыг харгалзан үзэж хүүгийн төлбөрөөс чөлөөлөх үндэстэй.

4.  Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

1)  Зохигчид 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ................. дугаартай зээлийн гэрээ байгуулж тус гэрээгээр 10,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, гучин сарын хугацаатай бэлэн бусаар шилжүүлэн авсан үйл баримтын тухайд зохигчид харилцан маргаагүй болно. Тус гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банкны зээлийн гэрээ гэж үзэх үндэстэй байна. Уг гэрээний эргэн төлөлтийг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш хийгээгүй байх бөгөөд гэрээний нөхцлийн дагуу тооцоход үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 3,230,198 төгрөгийн үлдэгдэлтэй тухайд хариуцагч маргаагүй болно. Хариуцагч өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал нь түүний санхүүгийн байдалд хүндрэл үүсгэж, бүх талын хүчин чармайлт гаргасан боловч зээлийн төлөлт тасалдах явдлаас сэргийлж чадаагүй хэмээн тайлбарлаж байна. Иймд энэ зээлийн гэрээнд хамаарах хүүгийн төлбөрөөс чөлөөлөх хууль зүйн үндэстэй гэж мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзэхээр заажээ. Улмаар Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д заасны дагуу хүндэтгэн үзэх үндэслэл байвал талууд урт хугацаатай гэрээнээс татгалзах боломжтой. Зээлдэгч З.Э хүндэтгэн үзэх шалтгаанаар буюу дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас эрхэлж байсан бизнес болох үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн үйлчилгээ нь орлогогүй болж зээл төлөх эх үүсвэр хаагдсан талаар тайлбарлаж байх боловч энэ талаар аливаа баримт хэрэгт өгөөгүй, ийм бизнес эрхэлдэг, энэхүү бизнесээс орлогын эх үүсвэрээ бүрдүүлдэг байсан талаар нотлох үүргээ биелүүлсэнгүй. Иймд энэ үндэслэлээр зээлийн хүүг төлөхөөс бүхэлд нь чөлөөлүүлэх тухай түүний татгалзлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэгэнт зохигчид ................... дугаартай зээлийн гэрээний дагуу үүссэн 3,230,198 төгрөгийн үндсэн төлбөр ба үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөрийн талаар тооцооллын хувьд маргахгүй байхын зэрэгцээ энэ хэрэгт авагдсан дансны хуулга, түүний дагуу хийсэн хүснэгт тооцооллоор нотлогдож байх тул энэ хэсэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2)    Зохигчид 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан ЗГ190943081 дугаартай кредит картны зээлийн гэрээ байгуулжээ. Тус гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банкны зээлийн гэрээ гэж үзэх үндэстэй байна. Нэхэмжлэгч тус зээлийн гэрээний үүрэгт нийт 15,056,079 төгрөгийг нэхэмжилж байх бол хариуцагч уг шаардлагаас зарим төрлийн хүүгийн шаардлагыг хуульд заагаагүй, үндэслэлгүй хэт өндөр хүү тооцсон хэмээн үзэж төлөхөөс татгалзаж байна. Түүний үзэж байгаагаар эрх хэтрүүлсний болон хугацаа хэтрүүлсний хүүг үндсэн хүүгээс гадна давхардуулан тооцсон нь хуульд нийцээгүй, шударга бус нөхцөл гэжээ.

Энэ зээлийн гэрээний нөхцлөөс үзвэл кредит картны үйлчилгээний уян хатан байдал, үйлчлүүлэгчийн хэрэгцээг түргэн шуурхай цаг алдалгүй, баталгаа, барьцаа шаардалгүй хангаж байгаа давуу талаасаа шалтгаалан зарим төрлийн онцлог нөхцөл тохирсон гэж үзэхээр байна. Гэвч эдгээр нөхцлүүд нь гэрээний талуудад харилцан ашигтай, шударга, тэнцвэртэй байх зарчимд нийцсэн эсэхийг нягталж үзэх нь зүйтэй.

 

Кредит картын зээлийн гэрээнд энгийн зээлийн гэрээтэй харьцуулбал дараах онцлог нөхцөлүүд тохирчээ. Үүнд:

a)    Кредит картны эрхийн хязгаарыг гэрээ байгуулах үед талууд тохирох бөгөөд тус эрхийг зээлийн эрх хэмжээ гэж нэрлэн гэрээний 2.1-д анх удаад 2,000,000 төгрөгөөр тогтоосон байна. Энэ эрхийн хэмжээнд хожим буюу 2019 оны 07 сарын 06-ны өдрөөс нэмэлт, өөрчлөлт оруулан 10,000,000 төгрөг болгон нэмэгдүүлэн тогтоосон байна. Карт эзэмшигч энэ эрхийн хэмжээнд картыг ашиглан бэлэн ба бэлэн бус хэлбэрээр зарлагын гүйлгээ хийх зарчмаар зээлийг хэрэглэхээр талууд тохирчээ./хх-ийн 10-14 дүгээр тал, зээлийн гэрээ ба дансны хуулга/

b)    Карт эзэмшигч бэлэн бус хэлбэрээр гүйлгээ хийн зээлийн эрхээ хэрэглэсэн бол нэг сард 2 хувийн хүү тооцогдох бөгөөд уг хүүг төлбөр эргэн төлөх өдрөөс буюу дараа сарын 20-ны өдрөөс эхлэн тооцохоор тохирчээ. /хх-ийн 10 дугаар тал, зээлийн гэрээний 3.3, 2.1-ийн хүснэгтийн 8 дугаар мөр/

c)    Карт эзэмшигч зээлийн эрхийг бэлэн гүйлгээний хэлбэрээр ашигласан тохиолдолд хүүгийн хэмжээ нэг сарын 3.5 хувь байх ба энэ хүүг бэлэн гүйлгээ хийсэн тухайн өдрөөс эхлэн эргэн төлөх хүртэл хугацаанд тооцож авна. /хх-ийн 10 дугаар тал, зээлийн гэрээний 3.2 дахь заалт/

d)    Карт эзэмшигч нийт хийсэн бэлэн ба бэлэн бус гүйлгээний 20 хувийг сар бүрийн 20-ны дотор заавал эргэн төлөх үүрэгтэй байх ба энэ дүнг эргэн төлөлтийн доод хэмжээ гэж үзнэ. /зээлийн гэрээний 2.1-ийн 9 дүгээр мөр/

e)    Кредит карт эзэмшигч бэлэн ба бэлэн бус гүйлгээний дээр дурдсан үндсэн хүүг төлөхийн зэрэгцээ нэмэлт хоёр төрлийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд тохиролцжээ. Үүнд: нэгдүгээрт, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү байх ба энэ нь дээр дурдсан зээлийн эрх болох 10,000,000 төгрөгөөс хэтрүүлэн гүйлгээ хийсэн бол ийнхүү хэтрүүлсэн дүнд сар бүр 2 хувийн хүү тооцох; хоёрдугаарт, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр талууд тохирсон байх ба төлбөр эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол энэ үеэс эхлэн ийнхүү эргэн төлөх ёстой 20 хувиас нь дахин сар бүрийн 1 хувийн хүү тооцохоор заажээ. /хх-ийн 10 дугаар тал 3.6, 2.1 дэх хэсгийн 7 дугаар мөр/

f)     Карт эзэмшүүлсний шимтгэлд жил бүр 49,900 төгрөгийг тооцох /хх-ийн 10 дугаар тал 2.1 дэх хэсгийн 3, 4 дүгээр багана, 2 дугаар мөр/

Эдгээр аргачлалын дагуу тооцож нэхэмжлэгч үндсэн төлбөр 9,999,993 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,664.529 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүүгийн төлбөрт 907,339 төгрөг, эрх хэтрүүлсний хүүгийн төлбөрт 434,318 төгрөг, шимтгэлд 49,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

3)    Шүүх дор дурдсан үндэслэлээр эдгээр шаардлагын зарим хэсгийг хангаж, хугацаа хэтрүүлсэн болон эрх хэтрүүлсний хүүгийн төлбөрт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

a)  Зохигчид 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан ................. дугаартай кредит картны зээлийн гэрээний үндсэн төлбөрийн дүн 9,999,993 төгрөг болох үйл баримтын тухайд маргаагүй бөгөөд энэ хэмжээний зээлийг хүлээн авсан төлөх үндэстэй талаар хариуцагч тайлбар гаргаж байна.

b)  Зохигчдын хооронд байгуулсан кредит карт эзэмших замаар хэрэгжих зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байх ба гэрээнд тохирсон дээрх заалтууд нь мөн зүйлийн 200.1-д заасан стандарт нөхцөлд тооцогдож, гэрээний салшгүй хэсэг болсон гэж үзнэ. Улмаар эдгээр нөхцлүүд мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 ба 202.2-т заасан шаардлагыг хангасан байхыг энэхүү маргааны хувьд зэрэг шаардах хууль зүйн үндэслэл бүрджээ. Дээр дурдсан тохиролцоог нарийвчлан дүгнэж үзвэл эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү гэх тохиролцоо нь Иргэний хуулийн 202.1 ба 202.2.10-т заасан нөхцөлийг бүрдүүлж байх тул хүчин төгөлдөр бус заалт гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь зохигчид зээлийн эрхийн дээд хэмжээг харилцан тохиролцож гэрээнд заасан бөгөөд уг эрхийн хэмжээнээс хэтрүүлэн гүйлгээ хийх эсэхэд зээлдүүлэгч бүрэн хяналт тавих боломжтой атал уг эрхийг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэгэнт үндсэн хүүгийн төлбөр бодогдож буй мөнгөн дүнд давхар хүү тооцож шударга ёсны зарчим, гэрээ харилцан ашигтай, тэнцвэртэй байх зарчмыг зөрчсөн гэх дүгнэлтэд хүргэж байна. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч өөрөө сайн дураар бүрдүүлсэн атал банкны картыг өдөр тутам хэрэглэгчдэд нийтлэг тохиолддогчлон картаар хийгдсэн гүйлгээ бүрийг нэмж хасан, тодорхой хугацааны нийлбэр дүнг нарийвчлан гаргадаггүй энгийн ухамсарт хүний зан араншингийн түгээмэл хэв шинжийг ашиглан эрх хэтрүүлсний хүү гэх нэмэлт хүү тооцон авч байгаа нь гэрээний харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой, хүчин төгөлдөр бус нөхцөл байна. Иймд эрх хэтрүүлсний хүүгийн төлбөрт тооцсон 434,318 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

c)  Шүүх хугацаа хэтрүүлсний хүүгийн төлбөрт тооцогдох 907,339 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь 2020 оны 3-р сарын 17-ны өдрийн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралдаанаар ипотек, цалин, тэтгэвэр болон бусад хэрэглээний зээл хэлбэрээр иргэнд олгосон зээлийн хувьд хуваарийн дагуу эргэн төлөлт хийлгүй 15 хоногоос хэтэрсэн тохиолдолд зээлийн чанарыг бууруулж байсныг 90 хоног хүртэл сунгах шийдвэрийг гаргасан бол Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 4-р сарын 13-ны хуралдаанаар хэрэглээний зээлд мөрдөгдөх өр, орлогын харьцаа (60%)-ны болон хугацаа (30 сар)-ны дээд хязгаараас шалтгаалан нөхцөл өөрчлөх боломжгүй байгаа, эргэн төлөлтийн хүндрэлд орчихсон байгаа хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар 1 удаа сунгах боломжийг банкууд болон зээлдэгчдэд олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байхаар заажээ. Нэгэнт дээр дурдсанчлан нэгдсэн байдлаар хэрэглээний зээлийн хугацаа хэтрэлттэй холбогдох асуудлыг улс орон даяар нэгдсэн арга хэмжээ авч зээлдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нөхцөл байдал бүрдсэнийг шүүх анхаарах нь зүйтэй гэж үзлээ. Дээрх журмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар нарийвчилсан журмыг Голомт банк баталсан эсэх талаар аливаа баримт хэрэгт авагдаагүй байх тул ийм журам тогтоосон, түүнийг зээлдэгч зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр тооцсон 907,339 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

d)  Хариуцагч кредит картны шимтгэлийн төлбөр 49,900 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн эсэх талаар тусгайлсан тайлбар гаргаагүй бөгөөд энэ хэсэгт холбогдох шаардлагыг хангах нь тэдгээрийн хооронд байгуулсан гэрээний 2.1-д заасантай нийцэхээр байна. Тус заалт нь гэрээний стандарт нөхцөл болон үүргийн эрх зүйн бусад зарчмыг зөрсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

5.        Дээр дурдсан үндэслэл, үйл баримтад тулгуурлан Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагч З.Эгаас 16,944,619 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г Б” ХХК-д олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,341,658 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагч З.Эгаас 16,944,619 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г Б” ХХК-нд олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,341,658 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч “Г Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,316 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Эгаас 242,673 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА