Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1012

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хаш-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.С-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408001520946 дугаар хэргийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ********* аймгийн ******** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ********** боловсролтой, **** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** хамт *** дүүрэг, ** дүгээр хороо, ** байр ** тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй гэх,

Н овогт Б-ийн С (РД:************).

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ******* дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, *** дугаар байр ** тоотод байхдаа гэр бүлийн харилцаатай Н.Б-ыг “миний машиныг банк бус санхүүгийн байгууллагад буцааж өглөө” гэх шалтгаанаар нүүр рүү нь өшиглөж, гараараа цохиж, зодсон,

мөн тухайн өдрөө ** дүүргийн ** дугаар хорооны нутаг ** байр ** тоот болох иргэн Д.Б-ийн гэрт байхдаа хөл рүү нь хөшиглөж, үсдэж, нүүр, толгой руу нь гараараа цохиж, зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь "баруун нүдний дотор булан, доод зовхи зүүн доод зовхи, дээд уруулын дотор салст, баруун гуянд цус хуралт, хамрын үзүүрт, баруун угалзны дорд ирмэг, хамрын зүүн угалзны дээд хэсэг, доод уруулын дотор салстад зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 794 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Шүүгдэгч Б.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хамтран амьдарч байгаагүй, хааяа дотно харилцаатай байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг  (шүүх хуралдааны тэмдэглэл),

- тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...би Б-той машинаас болж маргалдаад нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Тэгтэл хамарнаас нь цус гарсан бөгөөд энэ үед Б  Бя гэх хамаатны үеэлээ дуудаад Бя ирээд И, Б , Бя бид 4 Б-гийн түрээсийн байр болох ******* дүүргийн ** дугаар хороо ** тоотод байрлах гэрт нь очсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 65-67 дахь тал),

2. Хохирогч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "...Би С-тай 2023 оны 02 дугаар сард танилцаж байсан. Ингээд С хэсэг хугацааны дараа намайг машин аваад өгөөч би хүүхдүүдийг чинь хичээл сургуульд нь зөөж байя гэж хэлэхээр нь би фитт маркийн тээврийн хэрэгслийг лизингээр 11.500.000 төгрөгөөр авч өгсөн. Тухайн үед машины зээлийн мөнгийг С төлнө гэж хэлсэн бөгөөд машин авч өгсний дараа машиныхаа лизингийг төлөхгүй байсан юм билээ. Тэгээд банк бусаас над руу яриад зээлээ төлөхгүй байна гэхээр нь... 2023 оны 10 дугаар сарын сүүлээр банк бусыг дуудаад машиныг нь өгөөд явуулчихсан юм... Тэрнээс хойш намайг машин банк бусад өгчихлөө гэж хэлээд маргаан гаргаад байдаг болсон. Улмаар миний бие ****** дүүргийн ** дугаар хороо ** тоотод 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байж байтал С...И гэж танилцуулсан найзын хамтаар ирж 0.75 граммын архи манай гэрт уусан. Тухайн үед манай гэрт үеэл Бя хоёр хүүхдийн хамтаар байсан. Тухайн үед С намайг буйдан дээр сууж байтал нүүр лүү хөлөөрөө нэг удаа өшиглөж гараараа хоёр удаа цохисон. Тэр үед миний хамраас цус гарахаар нь Бя бид нарыг ** дүүргийн ** хороо ** дугаар байрны ** тоотод байрлах Б-ийн гэрт И, С, Бя нарын хамтаар гэрт нь орсон... Тэгээд Бя ор засаж өгөөд унтаж амар гэхээр нь би газраар хэвтсэн. Тэгтэл С нь намайг бос гэж хэлээд хөл рүү өшиглөж, үснээс татаад, гараараа нүүр, толгой руу цохиж, зодоод байсан. Тухайн үед Б, И нар болиулах гэхэд ерөөсөө болохгүй хамт ирсэн И гэх залууг зодох гээд байсан...Тухайн үед миний хоёр нүд нүүр хэсэг тэр чигтээ хавдаж зулгарсан байсан. С-тай дотно харилцаатай байсан бөгөөд ямар нэгэн байдлаар хамтран амьдрагч байгаагүй ганц хоёр удаа ирж хонодог байсан...хувийн эмнэлэгт үзүүлж нүүр, толгойны зураг авхуулсан баримт байгаа бусад баримтууд нь байхгүй байгаа...би сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоос татгалзаж байна... гомдолтой байна хуулийн дагуу шийдэж өгнө үү..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35 дахь тал),

4. Гэрч Д.Б-гийн өгсөн "...Тэгээд би хоол хийж өгөх гээд гал тогоонд байж байтал гэнэт Б  орилохоор нь том өрөө руу ороход Б ын хамар амнаас нь цус гараад, нүд ам нь хавдчихсан байсан бөгөөд үл таних залуу С-ыг салгаад байж байсан. Тэгтэл хаалга цохихоор нь онгойлгоход Б ын хоёр эгч нь орж ирээд цагдаа дуудаад С-ыг цагдаа нар аваад явсан... Ямар ч байсан намайг зайрмаг авчхаад Б ын гэрт ороход хүүхдүүд нь С-ыг зайл ээжийг зодоод байна гээд байсан...Б, С нар үерхдэг бөгөөд яг хамтран амьдраад байсан зүйл байдаггүй. С хааяа гэрт нь оччихсон байгаа харагддаг...тухайн үед Б ын биед хамар, амнаас нь цус гарч, уруул нь хавдсан байсан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84 дэх тал тал),

5. Гэрч Н.О-ийн өгсөн “...миний бие тухайн үед гэртээ байж байтал миний төрсөн дүү Б ын охин нь залгаад ээжийг ******* дүүрэгт байрлах гэрт нь тухайн үед үерхэж байсан С гэх залуу зодоод дагуулаад гараад явчихлаа гэхээр нь хэнтэй хаашаа явсан талаар асуухад манай үеэл Б-тай хамт явсан талаар хэлсэн...тэгээд Б ын хөнжлийг сөхөөд сэрээгээд харахад Б ын нүүр хэсэг нь битүү хавдсан, хөхөрсөн байдалтай байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед Б , С нар согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан... Ямар ч байсан ***** дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрт нь зодоод улмаар ** дүүргийн ** дугаар хороо ** дугаар байранд ирэхэд нь бас зодсон байсан... Тухайн үед гараараа нүүр толгой хэсэг рүү нь цохиж, нүүр лүү нь өшиглөсөн гэж хэлсэн.." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал),

6. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 565 дугаартай Шинжээчийн "...Н.Б-ын биед баруун нүдний дотор булан, доод зовхи, зүүн доод зовхи, дээд уруулын дотор салст, баруун гуянд цус хуралт, хамрын үзүүрт, баруун угалзны дорд ирмэг, хамрын зүүн угалзны дээд хэсэг, доод уруулын дотор салстад Зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг Тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байна.." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17- 18 дэх тал),

 7. Шинжээч Н.Э-ийн "..Н.Б-ын биед учирсан гэмтлүүд нь бүгд нийлээд хөнгөн зэрэгт хамаарна, зовхины цус хуралт нь дангаараа хөнгөн, бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүссэн байх боломжтой .." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 104-105 дахь тал),

8. Цагдаагийн хэлтсийн шуурхай удирдлагын дуудлага лавлагааны “...манай дүүг хүн зодсон байна...” гэсэн хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),

9. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 30д-4/2122 дугаартай албан бичиг, түүний хавсралт (хавтаст хэргийн 97-98 дахь тал),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 50 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.С нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ******* дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, *** дугаар байр ** тоотод байхдаа хохирогч Н.Б-ыг “миний машиныг банк бус санхүүгийн байгууллагад буцааж өглөө” гэх шалтгаанаар нүүр рүү нь өшиглөж, гараараа цохиж, зодсон,

мөн тухайн өдрөө хохирогчийг ** дүүргийн ** дугаар хорооны нутаг Дэвсгэр, ** дугаар байр ** тоот болох иргэн Д.Б-гийн гэрт байхдаа хөл рүү нь хөшиглөж, үсдэж, нүүр, толгой руу нь гараараа цохиж, зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь "баруун нүдний дотор булан, доод зовхи зүүн доод зовхи, дээд уруулын дотор салст, баруун гуянд цус хуралт, хамрын үзүүрт, баруун угалзны дорд ирмэг, хамрын зүүн угалзны дээд хэсэг, доод уруулын дотор салстад зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хоёр. Эрх зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.С нь хэргийн үйл баримттай маргаагүй, харин хэргийн зүйлчлэлтэй маргаж оролцсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлж оролцсон болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана. Харин дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнээр тус гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогддог болно.

Хүн бүр амьд явах эрхтэй. Энэ эрхийг 1948 оны НҮБ-ын “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, 1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт-ын зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй” гэж тус тус тунхаглаж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан байна.

Улмаар эрүүгийн эрх зүйн онол, жишиг ойлголтод хүнийг алах гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд хохирол учруулах зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлыг буюу хохирогчийн биед хөнгөн хохирол учирснаар энэ гэмт хэрэг төгссөнд тооцдог.

Тухайлбал, прокуророос шүүгдэгч Б.С-ыг Н.Б-ын биед хөнгөн зэргийн хохирол учруулахдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Тодруулбал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх шинжийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Б-ын өгсөн “...С-тай дотно харилцаатай байсан бөгөөд ямар нэгэн байдлаар хамтран амьдрагч байгаагүй ганц хоёр удаа ирж хонодог байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Б-гийн өгсөн “...Б , С нар үерхдэг бөгөөд яг хамтран амьдраад байсан зүйл байдаггүй. С хааяа гэрт нь оччихсон байгаа харагддаг...” гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгч Б.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгээр хохирогчтой хамтран амьдарч, гэр бүлийн харилцаа байгаагүй гэх нөхцөл байдал нь тогтоогдож байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.С нь хохирогч Н.Б-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуульзүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ. 

Хохирогч Н.Б нь сэтгэцэд учирсан хор уршгийн талаар нэхэмжлэх зүйлгүй гэснийг, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй зэргийг үндэслэн шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нэхэмжлэл гаргаагүй, цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргахад энэ тогтоол саад болохгүй.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Б.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “...шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,... 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...”,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр”...миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн дансны хуулгаар 38 сая төгрөгөөр машин авсан, санхүүгийн чадвартай...торгуулын ял шийтгэж өгнө үү...”

Шүүгдэгч “...Хүлээн зөвшөөрч байна...торгож өгнө үү...” гэсэн саналуудыг гаргасан.

Шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (эрхэлсэн тодорхой ажилгүй), бусдад учруулсан хохирлын хэмжээ (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.С-т торгох ялыг оногдуулах боломжгүй. Тодруулбал, шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг гэх боловч нийгмийн даатгал болон хувь хүний орлогын албан татвар төлдөг эсэх баримт хэрэгт авагдаагүйг дурдав.

   Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н овогт Б-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Б-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэнд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3. Шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ст сануулсугай. 

            5. Эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР