| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 220/2020/1011/Э |
| Дугаар | 2020/ДШМ/1228 |
| Огноо | 2020-09-22 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2020/ДШМ/1228
2020 09 22 2020/ДШМ/1228
Т.Б-эд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Ганбаатар,
яллагдагч Т.Б-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/1570 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Халиуны бичсэн 2020 оны 08 дугаар 25-ны өдрийн 47 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Т.Б-эд холбогдох 201601000248 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ш овгийн Т-ийн Б-, Өвөрхангай аймгийн Уянга суманд 1974 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мал зүйн мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захиралаар ажиллаж байсан, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, “Стадион оргил” хорооллын 000 байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/
Т.Б- нь Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарын 2013 оны 07 дугаар сард баталсан Инновацийн төсөл хэрэгжүүлэх түншлэлийн гэрээний дагуу “Өвөрхангай аймгийн мал сүргийн ашиг шим, удмын чанарыг сайжруулах”, “Атаршиж орхигдсон газрыг нөхөн сэргээж таримал хадлан бий болгон ашиглах” сэдэвт инновацийн төслүүдийг 2013-2015 онуудад удирдаж, хэрэгжүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсгийг тус тус зөрчин албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гүйцэтгээгүй ажлыг гүйцэтгэсэн мэтээр улсын төсвөөс санхүүжилт авч, бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа тендер зарласан мэтээр баримт материал бүрдүүлэн өөрийн хамаарал бүхий этгээдүүд, тэдгээрийн төрөл садангийн үүсгэн байгуулсан компаниуд болох:
- жолооч Нацагдоржийн Тамирын эхнэр Төмөрбаатарын Энхжаргалын үүсгэн байгуулсан “Ирмүүнбуянт Ундарга” ХХК-ийн бичиг баримтыг ашиглаж, бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14/12 дугаар бүхий 40,000,000 төгрөгийн үнийн дүнтэй “Эрдэс долооц хийхэд шаардлагатай 200 тн давс нийлүүлэх” гэрээ байгуулж, 34,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
- “Ирмүүнбуянт ундарга” ХХК-ийн бичиг баримтыг ашиглаж, бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/15 дугаар бүхий 56,311,000 төгрөгийн үнийн дүнтэй “Нэг ба олон наст ургамлын үр худалдан авах” гэрээг байгуулсан боловч уг үйл ажиллагааг явуулаагүй 56,311,000 төгрөгийн хохирол учруулсан,
- жолооч Н.Тамирын төрсөн дүү Эрдэнэбаатарын Болормаагийн үүсгэн байгуулсан “Хонхтон арслан” ХХК-ийн бичиг баримтыг ашиглаж, бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 14/11 дугаар бүхий 48,540,000 төгрөгийн үнийн дүнтэй “Малын тэжээлийн нэг наст ургамлын үр болон эрдэс нэмэгдэл тэжээлийн найрлагад ордог зарим витамин болон эрдсийн холимог худалдан авах” гэрээг байгуулсан боловч уг үйл ажиллагааг явуулаагүй 48,540,000 төгрөгийн хохирол учруулсан,
- эхнэр Зууннасангийн Алтанзагасын төрсөн дүү Зууннасангийн Пүрэвсүрэнгийн үүсгэн байгуулсан “Алпаслан” ХХК-ийн бичиг баримтыг ашиглаж, бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06/2013 дугаар бүхий 48,510,000 төгрөгийн үнийн дүнтэй “Өвөрхангай аймгийн Хархорин суманд атаршсан 350 га талбайг хаших даалгаврын хүрээнд 14,000 ширхэг хашааны шон худалдан авах” гэрээг байгуулж, 30,082,500 төгрөгийн хохирол учруулсан,
- “Алпаслан” ХХК-ийн бичиг баримтыг ашиглаж, бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 14/14 дугаар бүхий 5,409,000 төгрөгийн үнийн дүнтэй “Өвөрхангай аймгийн Хархорин суманд атаршсан 350 га талбайд химийн уринш, хөрс боловсруулалт, зэрлэг ургамлаас сэргийлэх хосолмол үйлчилгээтэй Раундап, азотын бордоо, ургамлын өсөлт дэмжигч бэлдмэл Биосил нийлүүлэх” гэрээг байгуулсан боловч хууль зөрчиж санхүүжилт олгож 5,409,000 төгрөгийн хохирол учруулсан,
- “Алпаслан” ХХК-ийн бичиг баримтыг ашиглаж, бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 08/15 дугаар бүхий 46,200,000 төгрөгийн үнийн дүнтэй “Примекс, барьцалдуулагч, баглаа боодол, шошго, мяндас, үлийн цагаан оготно устгах бэлдмэл нийлүүлэх” гэрээг байгуулж, 32,924,000 төгрөгийн хохирол учруулсан,
- төрсөн ах Товуудоржийн Баттулгын үүсгэн байгуулсан “Эйч Ти Эн” ХХК-ийн бичиг баримтыг ашиглаж, бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 14/20 дугаар бүхий 9,800,000 төгрөгийн үнийн дүнтэй “Өвөрхангай аймгийн Хархорин суманд атаршсан 280 га талбайд 1.400 литр Раундап бодис нийлүүлэх” гэрээг байгуулсан боловч уг үйл ажиллагааг явуулаагүй 9,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
- төрсөн ах Т.Баттулгын эхнэр Даагансүрэнгийн Гандолгорын үүсгэн байгуулсан “ТГБ” ХХК-ийн бичиг баримтыг ашиглаж, бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 14/11 дугаар бүхий 9,700,000 төгрөгийн үнийн дүнтэй “Өвөрхангай аймгийн Хархорин суманд атаршсан 250 га талбайд ургамлын өсөлт идэвхжүүлэх үйлчилгээтэй биосол бэлдмэл 52 литр, азотын бордоо 3500 киллограммыг нийлүүлэх” гэрээг байгуулсан боловч энэ төрлийн ажил үйлчилгээ хийгдсэн болох нь тодорхойгүй, 9,700,000 төгрөгийн хохирол учруулсан,
- “ТТГБ” ХХК-ийн бичиг баримтыг ашиглаж, бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 15/12 дугаар бүхий 46,259,300 төгрөгийн үнийн дүнтэй “Талбайг хагалах, сийрүүлэх, борнойдох булдах, тариалах, талбайд хор цацах, услалт хийх” гэрээг байгуулж, 46,259,300 төгрөгийн хохирол учруулсан,
- бэр Д.Гандолгорын эгч Д.Уранчимэгийн охин Г.Номингийн нөхөр болох Баттөмөрийн Пүрэвжанцангийн үүсгэн байгуулсан “Онолт консалтинг” ХХК-ийн бичиг баримтыг ашиглаж, бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 11/15 дугаар бүхий 48,160,000 төгрөгийн үнийн дүнтэй “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь тариалалтын талбайд цахилгаан холболт, монтаж хийх” гэрээ байгуулж, 33,160,000 төгрөгийн хохирол учруулсан,
- бэр эгч Г.Гандолгор болон түүний эгч Д.Уранчимэгийн охин Г.Номин нарын үүсгэн байгуулсан “Даймонд жем” ХХК-ийн бичиг баримтыг ашиглаж, бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 09/15 дугаар бүхий 28,500,000 төгрөгийн үнийн дүнтэй “Микроэлемент нийлүүлэх” гэрээг байгуулж, 28,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
- Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Цэрэнгийн танил Р.Ариунбатын үүсгэн байгуулсан “Пи Си Маркет” ХХК-ийн бичиг баримтыг ашиглаж, бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 14/09 дугаар бүхий 37,000,000 төгрөгийн үнийн дүнтэй “Эрдэс, давс няцлагч болон эрдэс, давс холигч нийлүүлэх” гэрээг байгуулсан боловч 2 тоног төхөөрөмж худалдан авах гэрээ хийж, хаанаас нийлүүлсэн нь тодорхой бус, өөр төрлийн тоног төхөөрөмжөөр орлуулан, эд хөрөнгийн бүртгэлд бүртгэж 15,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
- “Бат-Энх хүү” ХХК-ийн захирал И.Мөнхжаргалтай 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаар бүхий 45,000,000 төгрөгийн үнийн дүнтэй “Өвөрхангай аймгийн Хархорин суманд атаршсан 350 га талбайг хаших даалгаврын хүрээнд 750 боодол хос утаст өргөст зэвэрдэггүй тор нийлүүлэх” гэрээг байгуулж, 30,480,000 төгрөгийн хохирол учруулсан,
- “Жаргалант хоолт” ХХК-ийн захирал С.Цэрэнбадамтай 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 23/2013 дугаар бүхий 19,703,200 төгрөгийн үнийн дүнтэй “Өвөрхангай аймгийн Хархорин суманд атаршсан 150 га талбайд хагалгаа, борнойдолт, тариалалт хийх” ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан боловч уг ажил нь хийгдээгүй 19,703,200 төгрөгийн хохирол учруулсан,
- өөрийн тэргүүнээр ажилладаг “Жасын сүрэг холбоо” Төрийн бус байгууллагад төслийн санхүүжилтийн мөнгөнөөс 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 228,653,120 төгрөгийг тус холбооны Хаан банкны 5037303406 дугаарын данс руу шилжүүлсэн 56,300,000 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж 56,300,000 төгрөгийн хохирол буюу 15 удаагийн үйлдлээр нийт 277,565,300 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас Т.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Яллагдагч Т.Б-эд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл Нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй, өөрөөр хэлбэл эрүүгийн хуульд заасан бусад байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй, мөн хуулийн 32.10 дугаар зүйл яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй зөрчилтэй байна.
Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч Ж.Болдбаатар, О.Баярбаясгалан нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дахь заалтад “...нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол...” 6.15 дахь заалт “...мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт...”, 6.17 дахь заалт “...эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол албан ёсоор танилцуулаагүй болон уг тогтоол ойлгомжгүй тухай гомдол...” зэрэг хуульд заасан үндэслэлээр гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шинжээч нар нь дүгнэлт гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа энэ хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална.” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.
2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт /8-р хх 8-40/ гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл /Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх/-ийн 9.1 дэх хэсэгт “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна” гэж, 15 дугаар зүйл /Шинжээчийн үйл ажиллагаанд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно/-ийн 15.1.4 “шинжилгээ хийхийн тулд өөрийн санаачилгаар баримт материал цуглуулах” гэж, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна”, 17.3 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно” гэж, 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх хэсэгт “шинжилгээ хийсэн шинжээчийн талаархи мэдээлэл /овог, нэр, боловсрол, мэргэжил, ажилласан жил, эрдмийн зэрэг, цол, албан тушаал...” гэж, 23 дугаар зүйл /Өөр өөр мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийх/-ийн 23.1 дэх хэсэгт “Өөр өөр мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр шинжилгээ хийх үед шинжээч тус бүр өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийнэ”, 23.3 дахь хэсэгт “Шинжилгээнд оролцсон шинжээч тус бүр зөвхөн өөрийн хийсэн шинжилгээг тусгасан дүгнэлтийн хэсэгт гарын үсэг зурж, түүнийхээ төлөө хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасныг зөрчсөн” гэх дүгнэлт хийж Т.Б-эд холбогдох эрүүгийн 201601000248 дугаартай хэргийг прокурорт буцааж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Э.Халиун бичсэн прокурорын эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгчийн өөрийн санаачлагаар нийт 17 асуудлыг хэлэлцэхээр хуульчилсан. Шүүх гэм буруутай эсэхийг хэлэлцэх анхан шатны шүүх хуралдааныг явуулаагүй атлаа урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтад шууд дүгнэлт өгсөн агуулга бүхий шийдвэр гаргасан нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүрээ хязгаарыг ноцтой зөрчсөн.
Мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл Нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй. Өөрөөр хэлбэл эрүүгийн хуульд заасан бусад байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй гэж дүгнэсэн боловч хэрэгт мөрдөн шалгах ямар ажиллагааг бүрэн биш хийсэн эсэх нь тодорхой бус, шинжээчийн дүгнэлтийг яг аль хэсэг, ямар, заалтыг үндэслэж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, хэт ерөнхий байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хэм хэмжээг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Яллагдагч Т.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн талаар дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу прокурорын яллах дүгнэлтийг үйлдсэн. Шүүх яллах дүгнэлтийн аль хэсэгт нь ямар зөрчилтэйг огт дурдаагүй. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэжээ.
Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурор Э.Халиуны бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Миний хувьд томилолтоор оролцож байна. Яллах дүгнэлттэй танилцсан, хэргийн материалтай танилцаж амжаагүй” гэв.
Яллагдагч Т.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамж үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцэлд хариу тайлбар бичгээр гаргасан. Үүнийг шүүхэд гаргаж өгч байна. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянах учраас өмгөөлөгчийн зүгээс дэлгэрэнгүй тайлбарлах ёстой. Уг нь прокурортой мэтгэлцэх гэж орж ирсэн боловч прокурор хэргийн материалтай танилцаагүй байгаа учраас мэтгэлцэх зарчим хангалтгүй явагдах нь байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт гомдлоор болон шүүгчийн өөрийн санаачлагаар хийх боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.20 дахь заалтад зааснаар өмгөөлөгч 3 үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан. Гэтэл прокурорын эсэргүүцэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлийг заагаагүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Ж.Болдбаатар, О.Баярбаясгалан өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг үндэслэлтэй байна гэж анхан шатны шүүх хүлээж авсан. Энэ нь шүүгчийн захирамжид тусгагдсан байгаа” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Т.Б-эд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч Т.Б-эд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа өөрийн хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан хуулийн этгээдүүдийн бичиг баримтыг ашиглаж, тендерийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэжээ. /3-р хх 217-218, 6-р хх 90-92/
Прокурор “... яллагдагч Т.Б- компанийн бичиг баримтыг ашиглан, бичиг баримт хуурамчаар бүрдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй боловч гэрээ байгуулснаас хойш 5 жил өнгөрч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байна ...” гэж үзэн, хуурамч бичиг баримт үйлдэхтэй холбоотой асуудлыг шалгалгүй ирүүлжээ. /11-р хх 71-85/
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг үйлдэж бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан ...” үйлдлийг хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр хуульчилсан ба энэ зүйл, хэсэгт заасан ноцтой хохирол гэдгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан “ноцтой хохирол, хор уршиг” гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд, эсхүл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол, хор уршиг учирсныг ойлгоно” гэж тодорхойлсноос үзэхэд яллагдагч Т.Б-ийн үйлдэлд ноцтой хохирол учруулсан шинж байгаа эсэх, хэргийн зүйлчлэл тохирсон эсэх, улмаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх Эрүүгийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлт болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрхэн хэрэглэх талаар прокурор бодитой, үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад томилогдсон шинжээчид шинжилгээ хийх явцдаа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хархорин сумын Газрын алба, Мал эмнэлэг, үржлийн тасгийн ажилчдаас тайлбар авсан /3-р хх 191, 8-р хх 41-58/ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 15.1.4 дэх заалтад заасан шинжээчид хориглох үйл ажиллагааг явуулсан байх тул эдгээр шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Иймд яллагдагч Т.Б-эд холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Харин шүүгчийн захирамжид “...гэмт хэрэг гарсан байдал, хохирол, хор уршгийг тогтоогоогүй, яллагдагчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, Ж.Болдбаатар нарын хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй, яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй ...” гэсэн байх боловч мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх нөхцөл байдал хэрхэн тогтоогдсон, өмгөөлөгчдийн ямар хүсэлтийг яагаад хүлээж авсан, яллах дүгнэлт хуулийн шаардлагад хэрхэн нийцээгүй талаар тодорхой дүгнэлт хийгээгүй байх тул эдгээр үндэслэлээр нэмэлт ажиллагаа явуулах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/1570 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Халиуны бичсэн 2020 оны 08 дугаар 25-ны өдрийн 47 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН