Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 182

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,                                          

Улсын яллагч П.Даваасүрэн, 

Шүүгдэгч Э.Буяндэлгэр, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэцогтын Буяндэлгэрт холбогдох эрүүгийн 201725020688 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 24а- байр 15 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: КН 87091716 / Боржигон овогт Эрдэнэцогтын Буяндэлгэр нь:

- 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Батцэцэгийн халааснаас Хаан банкны 5009287840 тоот данстай виза карт, Самсунг Галакси эс-4 маркийн гар утас зэргийг хулгайлан авч виза картнаас 1.750.000 төгрөгийг авч бага бус хэмжээний хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Батцэцэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 11-ний өглөө 06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо WE баарнаас гарсан. Гарахад манай дүүгийн найз Тамираа таарч намайг гаргаж өгөөд таксинд суулгаж өгсөн. Би нэлээд согтсон байсан. Гэхдээ болсон зүйлийг санаж байна. Тэгээд суусан машинаараа 100 айлд байх гэртээ харихаар явж байхад жолооч эрэгтэй намайг нэг газар орж пиво уух уу гэж санал тавьсан. Би жолооч залуугаас одоо онгойж байгаа газар байгаа юмуу? гэж асуусан. Гэтэл жолооч би нэг газар мэднэ гэсэн. Тэгээд би түүний саналыг хүлээн зөвшөөрч бид хоёр Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн зүүн талд байх Гацуурхан гэх кафед очсон. Тэнд ороод бид хоол захиалж идсэн. Мөн нэг нэг пиво захиалж уусан. Дараа нь би тооцоог нь Хаан банкны картаараа уншуулж хийсэн. Тэгээд би гэртээ хүргүүлэхээр 100 айл руу явсан. Гэтэл жолооч эрэгтэй дахин пиво уух уу гэж нэлээд олон удаа надаас гуйсан. Би түүнд нэлээд согтож байгаагаа хэлээд гэрийнхээ ойролцоо 26-р байрны хажууханд уг машинаас буусан. Тухайн үед би тооцоо хийгээгүй. Тэрээр тооцоо авахгүй гэсэн. Тэгээд гэртээ орохоор алхаж байтал миний араас нэг хүн халаасанд гараа хийх шиг болсон. Тэгээд би эргэж хартал нөгөө таксины жолооч цаашаа гүйж байсан. Тухайн үед би юу болсныг ойлгоогүй гэртээ ороод халаасанд байсан гар утас, Хаан банкны карт зэргийг үзтэл алга болсон байсан. Тэгээд би тухайн жолооч миний араас ирээд эд зүйлийг минь хулгайлан авсан гэж мэдсэн. Ингээд би Хаан банкны лавлах төвийн утсанд холбогдож виза картаа хаалгасан. Би картаа хаалгах үедээ дансаа шалгуулахад 1.750.000 төгрөний гүйлгээ хийгдсэн байсан. Би хулгайд алдагдсан эд зүйл, мөнгөө нэхэмжилж байна гэжээ. / хх 25-30 /

Гэрч Б.Тамир мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Би Батцэцэгийг таньдаг. Энэ өглөө 05 цагийн үед Дөлгөөн нуур төвийн зүүн талд байх WE бааранд найз Батхүүгийн хамтаар орсон. Гэтэл энэ бааранд С.Батцэцэг үйлчлүүлж байгаад таарсан. Тэр бага зэрэг согтсон байхаар гэрт нь хүргэж өгөхөөр таксинд хамт суусан. Тэгээд Ардын эрх сонины байрны орчимд явж байхад Батцэцэг надад “Ганцаараа харьж чадна. Чи харь” гэж хэлсэн. Би түүний дугаарыг асууж аваад залгаж дуулага хийгээд машинаас буусан. Энэ үед Батцэцэг гартаа гар утсаа барьж байсан гэжээ. / хх 31-32 /

Гэрч Ц.Мөнхцэцэг мөрдөн байцаалтын явцад  мэдүүлэхдээ:  2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 06 цагийн үед манай кафены 7-н тоот ширээнд гаднаас эмэгтэй, эрэгтэй хоёр хүн орж ирээд суусан.  Тэр хоёр хүн хосууд юм шиг санагдсан. Учир нь тэд гараа барилцаад сууж байсан. Тэр хоёр хоол идээд нэг, нэг пиво захиалсан. Өөр зүйл аваагүй шиг санаж байна. Би тухайн үед болсон зүйлийг яг сайн санахгүй байна. Тухайн эмэгтэйг гар утас барьж байсан, ашигласан талаар мэдэхгүй. Тооцоогоо эмэгтэй нь хийсэн шиг санаж байна. Гэхдээ картаа эсвэл бэлэн мөнгөөр хийсэн талаар санахгүй байна гэжээ. / хх 33-35 /

Эд зүйлийн үнэлгээ / хх 8 /

Шүүгдэгч Э.Буяндэлгэрийг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 40-42 /, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 48-49 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 51 / зэрэг болно.

Шүүгдэгч Э.Буяндэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хоёр хүн баарны гаднаас гар өргөж миний машинд суусан. Тэр хоёрыг аваад явж байтал эрэгтэй нь замдаа бууж, эмэгтэй нь цаашаа явсан. Тэр эмэгтэй таксины бэлэн мөнгө байхгүй. Картаар тооцоо хийнэ. Онгорхой газар байвал зогсчих гэсэн. Тэгээд бид хоёр бааранд орж нэг, нэг пиво ууж, хоол идсэн. Хохирогч тооцоо хийхэд би картны дугаарыг нь харсан. Тэгээд гэрийнх нь гадаа буулгаад хойноос нь дагаж явж байгаад халааснаас нь картыг нь авсан.  Ардын эрхийн ХААН банкны АТМ-ээс 1.700.000 мянган төгрөг авсан. Хохирлыг барагдуулсан. Би утас бол аваагүй гэхдээ утасны мөнгө 160.000 төгрөгийг төлсөн. Нийт 1.910.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг минь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Э.Буяндэлгэр нь 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэн С.Батцэцэгийн халааснаас Хаан банкны 5009287840 тоот данстай виза карт, Самсунг Галакси эс-4 маркийн гар утас зэргийг хулгайлан авч виза картнаас 1.750.000 төгрөгийг авч бага бус хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Замдаа жолоочийн саналыг хүлээн зөвшөөрч бид хоёр Гацуурхан гэх кафед орж хоол захиалж, нэг нэг пиво захиалж уусан. Дараа нь би тооцоог нь Хаан банкны картаараа уншуулж гэрийнхээ ойролцоо буугаад алхтал араас нэг хүн халаасанд гараа хийх шиг болсон. Эргэж хартал таксины жолооч цаашаа гүйж байсан. Тэгээд халаасанд байсан гар утас, Хаан банкны карт зэргийг үзтэл алга болсон байсан. Картаа хаалгах үедээ дансаа шалгуулахад 1.750.000 төгрөний гүйлгээ хийгдсэн байсан гэж мөрдөн байцаалтын явцад хохирогч С.Батцэцэгийн мэдүүлсэн мэдүүлэг / хх 25-30 /, … С.Батцэцэгийг бага зэрэг согтсон байсан болохоор түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр таксинд хамт суусан. С.Батцэцэг ганцаараа харьж чадна гэхээр нь дугаарыг асууж дуудлага хийгээд машинаас буусан. Энэ үед С.Батцэцэг гартаа гар утсаа барьж байсан гэж мөрдөн байцаалтын явцад гэрч Б.Тамирын мэдүүлсэн мэдүүлэг / хх 31-32 /,…Эмэгтэй, эрэгтэй хоёр хүн орж ирээд хоол идээд нэг, нэг пиво захиалсан. Тооцоогоо эмэгтэй нь хийсэн шиг санаж байна. Гэхдээ картаа эсвэл бэлэн мөнгөөр хийсэн талаар санахгүй байна гэж мөрдөн байцаалтын явцад гэрч Ц.Мөнхцэцэгийн мэдүүлсэн мэдүүлэг / хх 33-35 /, эд зүйлийн үнэлгээ / хх 8 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Э.Буяндэлгэрийг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Гэвч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн  хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн болох нь хохирогчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байх тул Э.Буяндэлгэрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Эрдэнэцогтын Буяндэлгэрийг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Э.Буяндэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Э.Буяндэлгэрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Э.Буяндэлгэр нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.

4. Э.Буяндэлгэрт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ