Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2022/00781

 

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2022/00781

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Д-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: МБ-д холбогдох

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч Анод банк ХК-ийн эрх хүлээн авагчийн эрх залгамжлан авбал зохих этгээдээр Монгол банкийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Ж.Б, хариуцагчийн төлөөлөгч Ж.Э, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Ц.Дхариуцагч Монгол банкинд холбогдуулан Баянзүрх дүүргийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шүүхийн тогтоолд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 287 дугаар магадлалаар өөрчлөлт оруулан Ц.Днь хадгаламж эзэмшигч мөн гэдгийг тогтоож, 3,446,159,752 төгрөгийг Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 330 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 21 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн боловч Монгол банкны ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А-66 дугаар тушаалаар Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авах ажиллагаа дуусгавар болсон тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах боломжгүй болсон. Иймд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 287 дугаар магадлалыг гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн эрх залгамжлан авбал зохих этгээдээр МБ болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.

2.  Хариуцагч МБ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, МБ-ны Ерөнхийлөгчийн 2009 оны 11 сарын 30 өдрийн 668 дугаар Банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаалаар Анод банк ХК-д ажиллах банкны эрх хүлээн авагчаар С.Э томилогдсон. Холбогдох баримтыг судлаж үзэхэд иргэн Ц.Днь 2010 онд Анод банк ХК-д бүртгэлтэй хадгаламж эзэмшигч биш байсан төдийгүй түүнээс хадгаламж эзэмшигчдийн жагсаалтад орох хүсэлт /нэхэмжлэл/ гаргасан гэх баримт байгаагүй.

МБ Ерөнхийлөгчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А-66 дугаар тушаалаар татан буугдсан Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авах ажиллагаа дуусгавар болсон. Банкны салбарт хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэгч зохицуулагч байгууллагын хувьд МБ нь цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон банкийг буюу тусгай этгээдийг татан буулгаж, банкны үйл ажиллагааг зогсоож, зөвхөн банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах, банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй банкны эрх хүлээн авагчийг томилсоноос бус тухайн банкны эрхэлж байсан үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах этгээдийг томилоогүй. Тиймээс банкны эрх хүлээн авагчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх залгамжлан авбал зохих этгээд гэсэн ойлголт энэ тохиолдолд байхгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 5.2-т заасны дагуу эрх зүйн үр дагаврыг МБ хариуцахааргүй буюу хамааралгүй зохицуулалт байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.    Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

Нэхэмжлэгчээс:

Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 287 дугаар магадлал,

2013 оны 12 сарын 10-ны өдрийн 21 дүгээр гүйцэтгэх хуудас,

2014 оны 01 дүгээр 28-ны өдрийн 88 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол,

2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 153/81 тоот Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл,

2014 оны 02 сарын 11-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,

2014 оны 02 сарын 14-ний өдрийн 147 тоот Анод банк-ХК-дахь банкны эрх хүлээн авагчийн хүсэлт,

2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 320 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг төлбөр төлөгчид буцаах тогтоол,

2014 оны 02 сарын 19-ний өдрийн 1/3162 тоот Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албан бичиг,

2010 оны 07 сарын 23-ны өдрийн 446 дугаартай МБЕрөнхийлөгчийн тушаал,

2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А-66 дугаартай МБЕрөнхийлөгчийн тушаал,

2015 оны 03 сарын 12-ны өдрийн Анод банк ХК дахь Банкны эрх хүлээн авагчийн ажпын тайлан,

2015 оны 03 сарын 25-ны өдрийн 709 тоот Анод банк ХК дахь Банкны эрх хүлээн авагчийн албан бичиг,

2018 оны 03 сарын 09-ний өдрийн Б-10/304 тоот албан бичиг,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/00864 дугаартай шийдвэр,

2018 оны 05 сарын 04-ний өдрийн А-10/549 дугаартай МБалбан бичиг,

2019 оны 01 сарын 14-ний өдрийн 4/79 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хариу мэдэгдэх хуудас,

2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 72 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол,

2020 оны 10 сарын 05-ны өдрийн 04/2892 дугаартай Шүүхийн гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны албан бичиг,

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 сарын 21-ний өдрийн 673 дугаар магадлал,

2021 оны 09 сарын 02-ны өдрийн 2/2799 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны албан бичиг,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШЗ2021/09629 дугаартай захирамж,

2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдол, тус гомдлыг хянан шийдвэрлэсэн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШТ2021/00213 дугаартай тогтоол,

2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бүх шүүгчдийг татгалзах тухай хүсэлт, тус хүсэлтийг хянан шийдвэрлэсэн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ЗТ2021/00676 дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг нотлох баримтаар өгсөн байна.

Хариуцагчаас:

2014 оны 06 сарын 10-ны өдрийн 0214/313 дугаартай Монгол банкнаас анод банкинд олгосон зээлийн төлбөрт тооцож актив хөрөнгө шилжүүлэх гэрээний хуулбар,

2015 оны 03 сарын 12-ны өдрийн 700 дугаартай Анод банкны эрх хүлээн авагчийн Анод банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгох тухай албан бичиг,

Анод банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ажлын тайлан,

Монгол банкны ерөнхийлөгчийн 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 446 дугаартай Анод банк ХК-ийг татан буулгах тухай тушаал,

2015 оны 04 сарын 06-ны өдрийн А-66 дугаартай Татан буугдсан Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцох тухай тушаал,

Ц.Д-ийннэр дээр нээгдсэн хадгаламжийн дэвтрийн гүйлгээг шалгасан 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн илтгэх хуудас,

Ц.Д-ийнАнод банкны 36578 дугаартай хадгаламжийн дэвтэр, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШТ2021/00159 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол зэргийг баримтаар өгсөн байна.

Зохигчдын хүсэлтээр шүүгчийн захирамжийн дагуу дараах баримтууд иржээ. Үүнд:

Ц.Д-ийнАнод банкны 36578 дугаартай хадгаламжийн дэвтрийн хуулбар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 159 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШТ2021/00159 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол,

Тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШТ2021/00180 дугаартай Гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоол,

Өдрийн сонины 2010 оны 08 сарын 10-ны өдрийн 188 дугаарт нийтлэгдсэн Анод банк ХК-аас авлагатай этгээдийн нэхэмжлэл хүлээн авах тухай мэдэгдэл,

Өнөөдөр сонины 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн Анод банкны эрх хүлээн авах албадлагын үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцсоныг мэдэгдсэн мэдэгдэл,

МБны 2020 оны 07 сарын 08-ны өдрийн Б-10/772 дугаартай Хариу өгөх тухай албан бичиг,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2-184/23869 дугаартай мэдэгдэл,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу дараах баримтыг холбогдох этгээдээс гаргуулан авчээ. Үүнд:

2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 320 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг төлбөр төлөгчид буцаах тухай тогтоол,

2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 14280051 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол,

2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 21/24 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоол,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/3162 дугаартай албан бичиг зэрэг болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэгч Ц.Днь хариуцагч МБ-д холбогдуулан Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 287 дугаар магадлалыг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд буюу 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 14280051 дугаартай тогтоолоор үүссэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр МБийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.    Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин дараах хоёр үндэслэлийг дурдаж байна. Үүнд:

1)    Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна. гэж заасан. Тус заалтын дагуу Анод банкны эрх хүлээн авагч нь МБбайгуулсан нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий байгууллага юм. Иймд эрх хүлээн авагчийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон үр дагаврыг түүнийг үүсгэн байгуулсан этгээд болох Монголбанк хариуцан арилгах үүрэгтэй.

2)    Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2007 оны 43 дугаар тогтоолд эрх залгамжлан авбал зохих этгээд гэдэгт төлбөр төлөгч иргэн нас барсан бол түүний эд хөрөнгийг өвлөн авсан этгээд, харин хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд татан буулгах комисс харилцагчдын шаардлагыг хангасны дараа үлдсэн эд хөрөнгө болон тодорхой эрхийг авсан этгээдийг гэж ойлговол зохино гэжээ. Нэгэнт МБ нь Анод банкны эрх хүлээн авагчаас тодорхой эд хөрөнгө, шаардах эрхийг шилжүүлэн авсан нь баримтаар тогтоогдож байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч тал болох Анод банкны эрх хүлээн авагчийн эрх залгамжлагчаар тогтоогдвол зохих этгээдэд зүй ёсоор тооцогдоно.

 

3.    Хариуцагч МБ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлийг дурдан мэтгэлцэж байна. Үүнд:

1)    Нэхэмжлэгч Ц.Д нь Анод банкны эрх хүлээн авах ажиллагаа явагдах тухайн үед хадгаламж эзэмшигчдийн жагсаалт болон Банкны тухай хуульд заасан төлбөр барагдуулах дараалалд ороогүй байсан. Иймд түүний төлбөрийг барагдуулах үндэслэлгүй.

2)    Захиргааны ерөнхий хууль нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн ба эрх хүлээн авах үйл ажиллагаа 2010-2015 оны хооронд явагдаж дууссан. Банкны эрх хүлээн авагч гэдэг нь банкны үйл ажиллагааг зогсоон татан буулгаж, банкны хөрөнгийг захиран зарцуулах, банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан этгээд биш.

3)    Эрх хүлээн авах ажиллагаа дуусгавар болох үед МБ Анод банкны эрх хүлээн авагчаас 137 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө, шаардах эрхийг шилжүүлэн авсан. Энэ нь уг банкинд хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг буцаан олгох, эрх ашгийг нь зөрчигдөхгүй байх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Монголбанкнаас эрх хүлээн авагчид олгосон зээлийн эргэн төлөлт байсан. Монголбанк ашиг олох зорилгоор татан буугдсан банкны хөрөнгийг шилжүүлж авсан явдал биш. Иймд УДШ-ийн тайлбарт дурдсан хөрөнгө шилжүүлэн авсан этгээд гэдэгт хамаарахгүй.

 

4.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

1)    Банкны тухай хууль тогтоомжид заасны дагуу тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан Анод банк ХК-нд онцгой дэглэм тогтоосон боловч банкны үйл ажиллагаа сэргэж, хэвийн байдалдаа ороогүй тул МБ ерөнхийлөгчийн 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 668 дугаар тушаалаар албадлагын арга хэмжээний дараагийн шатанд шилжиж Анод банк ХК-нд эрх хүлээн авагч томилогджээ. Улмаар МБ ерөнхийлөгчийн 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 446 дугаар тушаалаар Анод банк ХК-ийг татан буулгахаар шийдвэрлэсэн байна. Тус үйл баримтын тухайд зохигчид маргаагүй болно. /хх-ийн 50 дугаар тал/

2)    Томилогдсон эрх хүлээн авагч Анод банк ХК-ийн активыг худалдан борлуулж банкнаас авлагатай этгээдийн өрийг барагдуулах зорилгоор тус банкийг татан буулгах шийдвэр гарснаас хойш 3 сарын хугацаанд нэхэмжлэлээ ирүүлэхийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан байна. Тус хугацаанд нэхэмжлэгч Ц.Дэрх хүлээн авагчид нэхэмжлэлээ хүргүүлэн бүртгүүлсэн болохыг тогтоох аливаа баримт хэрэгт авагдаагүй байна.

3)    Харин Баянзүрх дүүргийн эрүүгийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 287 дугаар магадлалаар өөрчлөлт орж хувьцаа эзэмшигч болон хадгаламж эзэмшигч нарын нийт 12,750,979,936 төгрөгийг Монгол Улсын Сангийн яамнаас гаргуулж шийтгэх тогтоолын хавсралт 3-д дурдсан нэр бүхий 1248 хувьцаа эзэмшигч, хадгаламж эзэмшигч болон хохирогч Ц.Д, Х.Т нарт олгосугай гэснийг Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт зааснаар Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчаас 3,446,159,752 төгрөгийг гаргуулж шийтгэх тогтоолын хавсралт 3-т заасан хохирогч Ц.Дд, ... шүүгдэгч Э.Г, Д.Э, Н.Д нараас 3,501,275,653 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Анод банкны эрх хүлээн авагчид олгосугай. гэж өөрчлөлт оруулсан байна. Өөрөөр хэлбэл тус магадлалаар нэхэмжлэгч Ц.Дийг Анод банк ХК-ийн хадгаламж эзэмшигч мөн болохыг тогтоосон байх ба энэ магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 41 дүгээр талын арын нүүр/

4)    Уг шийтгэх тогтоол, магадлалыг албадан гүйцэтгэх ажиллагаа 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 88 дугаартай тогтоолоор үүссэн байх бөгөөд энэ талаар зохигчид харилцан маргаагүй болно. Улмаар Анод банкны эрх хүлээн авагч 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 147 дугаартай албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасны дагуу төлбөр төлөгч Анод банк ХК-тай холбоотой Баянзүрх дүүргийн 2013 оны 34 тоот шийтгэх тогтоолын Ц.Дд холбогдох гүйцэтгэх баримт бичгийг өөрт шилжүүлэн ирүүлэхийг хүссэн байна. /хх-ийн 47 дугаар талАхлах шийдвэр гүйцэтгэгч Н.Уийн 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 320 дугаартай тогтоол болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Э.Брын 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 3162 дугаартай албан бичгээр Ц.Дд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны гүйцэтгэх баримт бичгүүдийг Анод банкны эрх хүлээн авагчид шилжүүлсэн байна. /хх-ийн 48, 49 дүгээр тал/

5)    МБерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр А-66 дугаартай тушаалаар Татан буугдсан Анод банкны эрх хүлээн авах ажиллагааг албан ёсоор дуусгавар болгосон байна. Харин ийнхүү дуусгавар болгохоос өмнө Анод банкны эрх хүлээн авагчийн зөвлөл 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ажлын тайлан гаргажээ. Тус тайлан 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хугацааг хамарсан байна /хх-ийн 52-54 дүгээр тал/. Улмаар 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Анод банкны эрх хүлээн авагчаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандан 709 дугаартай албан бичиг хүргүүлсэн байх ба уг албан бичигт ...Банкны тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т дахь хэсэгт заасны дагуу Анод банк ХК-аас авлагатай этгээдүүдийн өр төлбөрийг бүрэн барагдуулахад тус банкны актив хөрөнгө хүрэлцээгүй тул дээр дурдсан шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр барагдуулах боломжгүй болсон болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ. Өөрөөр хэлбэл, Анод банкны эрх хүлээн авах ажиллагаа албан ёсоор дуусгавар болох үед тус банкны хадгаламж эзэмшигч Ц.Д-ийнавлагыг барагдуулаагүй байна.

6)    Шүүх 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаас захирамж гарган Баянзүрх дүүргийн эрүүгийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 287 дугаар магадлалыг албадан гүйцэтгэх ажиллагаа ямар байдалтай байгааг тодруулах зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас холбогдох баримтуудыг шаардахад 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 14280051 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолыг ирүүлсэн байх бөгөөд тус тогтоолоор Баянзүрх дүүргийн эрүүгийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 287 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 330 дугаар тогтоолтой, гүйцэтгэх хуудсыг хянаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн талаар дурджээ. Улмаар тус ажиллагааг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 21/24 дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5 дахь хэсэгт заасны дагуу түдгэлзүүлсэн байна.

7)    Зохигчид маргаан бүхий харилцаанд бодит байдал дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол хоёр удаа гарсан үйл баримтын тухайд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Уийн 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 320 дугаартай тогтоолоор Анод банкны эрх хүлээн авагчид хүргүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн 111 хуудас бүх баримт бичиг хэрхсэн нь тодорхойгүйн улмаас 2020 онд дахин Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргасан, гүйцэтгэх баримт бичгийг Баянзүрх дүүргийн шүүхээс дахин гаргуулсан гэх агуулга бүхий тайлбар гаргаж байна. /2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл/

8)    Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин үүсгэсний дараа 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 23869 дугаартай албан бичгээр МБнд хандан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу Ц.Дд олгогдох төлбөрийн 3,446,159,752 төгрөгийг Төрийн банк дахь дансанд шилжүүлж төлбөрийг гүйцэтгэхийг шаардсан байна. Монголбанк уг албан бичигт дурдсан шаардлагыг эс зөвшөөрөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасан эрх залгамжлагчаар томилох тухай шүүхийн шийдвэр, хууль тогтомжид заасны дагуу эрх залгамжлахаар тогтоосон бусад баримт бичгээр МБийг эрх залгамжлагчаар тогтоогоогүй нөхцөлд хуулийн үндэслэлгүй, шүүхийн шийдвэртэй асуудлаар төлбөр төлөгч бус МБд төлбөрийн шаардлага дахин гаргахгүй байхыг хүсье гэх хариуг өгсөн байна.

9)    Улмаар нэхэмжлэгч Ц.Днь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хариуцагчаар татан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн эрх залгамжлан авбал зохих этгээдээр МБийг сольж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмаар явуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд МБийг гуравдагч этгээдээр оролцуулан шийдвэрлүүлжээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, эрх залгамжлагчаар тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, эсхүл шаардах эрх шилжсэн, өв залгамжчлагчаар тогтоосон зэрэг бусад баримт бичиг гараагүй байх тул төлбөр төлөгчийг эрх залгамжлагчаар буюу МБаар солих боломжгүй гэж дүгнэсэн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хууль ёсны гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл МБийг эрх залгамжлагчаар солихын тулд түүнийг эрх залгамжлагч мөн болохыг эрх бүхий этгээд тогтоосон байвал зохино, ийнхүү тогтоогоогүй бол төлбөр төлөгчийг эрх залгамжлагчаар солих ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч хийх боломжгүй гэж шүүх үзжээ. Анхан шатны шүүхийн уг дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. /хх-ийн 61, 67-71 дүгээр тал/

 

5.    Нэхэмжлэгч Ц.Днь хариуцагч МБийг ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Сын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 14280051 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор үүссэн Баянзүрх дүүргийн эрүүгийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 287 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 330 дугаар тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч Анод банк ХК-ийн эрх хүлээн авагчийн эрх залгамжлан авбал зохих этгээдээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Тодруулбал, нэхэмжлэгч нь 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч үүсгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа /хх-ийн 64 дүгээр талд авагдсан албан бичигт дурдсанаар/-нд эрх залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаагүй. Тэрээр шүүх хуралдаанд таны нэхэмжлэлийн шаардлагыг 2013 оны Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 14280051 дугаартай тогтоолоор үүссэн ажиллагаанд МБийг эрх залгамжлагчаар тогтоолгох шаардлага гаргаж байна гэж ойлголоо зөв үү гэх даргалагчийн асуултад Хамгийн сүүлийнхийг барьж явах ёстой гэх хариултыг өгсөн болно. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхой болгох үүднээс нэн тэргүүнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хоёр удаа эхлүүлсэн нөхцөл байдал, өнөөдрийн явагдаж буй ажиллагааг түдгэлзүүлсэн асуудлаар хууль зүйн дүгнэлт өгөх нь зайлшгүй гэж үзлээ.

Анод банкны эрх хүлээн авах ажиллагаа явагдаж байсан тухайн үед 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байжээ. Тус хуулийн 63 дугаар зүйлээр төлбөр төлөгч хуулийн этгээд татан буугдах тохиолдолд төлбөр гаргуулахтай холбоотой харилцааг зохицуулсан байна. Хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгээр ... дампуурах зэргээр үйл ажиллагаа нь дуусгавар болж байгаа бол гүйцэтгэх баримт бичгийг ... хэрэг гүйцэтгэгчид шилжүүлэхээр заасан байх ба 63.3 дахь хэсэгт төлбөр төлөгчийн үйл ажиллагаа нь дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөний дагуу сэргэсэн нөхцөлд л барагдуулаагүй төлбөрийн асуудлыг эцэслүүлэхээр гүйцэтгэх баримт бичгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд буцаан ирүүлэхээр заажээ. Өөрөөр хэлбэл мөн хуулийн 63.1-д зааснаас бусдаар гүйцэтгэх баримт бичгийг эрх хүлээн авагчаас шийдвэр гүйцэтгэх байгууллагад буцаах хуулийн зохицуулалт үгүй байна.

Учир нь төлбөрийн чадваргүй байдал үүссэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ганцаарчилсан ажиллагааг үргэлжлүүлэх нь коллектив зарчим (олон нэхэмжлэгчийн шаардлагыг нэгэн зэрэг шударгаар хангахбүхий дампуурлын ажиллагаанд тохирдоггүй. Нэг буюу хэд хэдэн хариуцагчид холбоотой нэг маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хэрэгжүүлдэг бол төлбөрийн чадваргүйдлийн маргааны үед төлбөрийн чадваргүй аж ахуйн нэгж, банкны олон тооны үүрэг гүйцэтгүүлэгчид хамаатай олон төрлийн хэрэг маргаанаас үүдэлтэй шийдвэрийг хэрэг гүйцэтгэгч, эсхүл эрх хүлээн авагч хэрэгжүүлдэг онцлогтой. Ингэхдээ нэг этгээдийн бүх хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах, тэдгээрийг ангилах, эрх ашгийг эрэмбэлэх, зохих дараалал журмаар нэгэн зэрэг, шударга зохистой хуваарилалтын дагуу нэг мөр биелүүлэх ажиллагаа хийх болдог. Хуульд тусгайлан заасан тохиолдолд л төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа дуусгавар болсны дараа төлбөрийн чадваргүй болсон этгээдийн хожим шинээр олж тогтоогдсон хөрөнгөөс төлбөр барагдуулах ажиллагааг хэрэг гүйцэтгэгч, эсхүл эрх хүлээн авагч дахин хийлгэх боломжтой. Энэ ч агуулгаар аж ахуйн нэгжийн дампуурлын хэргийн үеийн татан буулгах ажиллагааг хэрэг гүйцэтгэгч шүүхийн хяналттайгаар, банкны эрх хүлээн авах ажиллагааг эрх хүлээн авагч МБхяналттайгаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас бие даасан байдалтай тусдаа хэрэгжүүлж иржээ.

Гэтэл Анод банкны эрх хүлээн авах ажиллагаа МБерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр А-66 дугаартай тушаалаар албан ёсоор дуусгавар болж, Анод банкны эрх хүлээн авагч татан буугдсан байхад 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин үүсгэсэн байх ба тус тогтоол хэзээний ямар гүйцэтгэх баримт бичигт үндэслэсэн нь тодорхойгүй байх тул хууль ёсны гэж үзэхэд ихээхэн эргэлзээтэй байна. Улмаар уг ажиллагааг өдгөө хүчин төгөлдөр үйлчилж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн байх ба ийнхүү түдгэлзүүлэх үндэслэл болсон хэрэг маргааныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх тус тус хянан шийдвэрлэж дууссан гэж үзэхээр байна.

Ийнхүү хуульд заасны дагуу үүссэн болон хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа эсэх нь эргэлзээтэй, нэгэнт татан буугдсан этгээдэд холбогдуулан эхлүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчийн эрх залгамжлан авбал зохих этгээдээр бусад этгээдийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэл муутай болжээ.

6.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой зохигчдын хооронд үүссэн маргааны зүйл, хууль зүйн үндэслэлээр дараах дүгнэлтийг өгч байна. Үүнд:

 

1)    Нэхэмжлэгч банкны эрх хүлээн авагч нь нэг удаагийн шинжтэй асуудлыг зохицуулах, шийдвэрлэхээр байгуулсан захиргааны байгууллага мөн гэж үзэж байгаа бол хариуцагч тус үндэслэлийг үгүйсгэн эрх хүлээн авагч нь захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэгч биш гэж тайлбарлаж байна. Шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэл бүхий гэж үзэж байна. Учир нь төлбөрийн чадваргүй болсон банкийг татан буулгаж тус банкны актив хөрөнгийг хамгийн үр ашигтай байдлаар борлуулан бүх хадгаламж эзэмшигч, банкнаас авлага бүхий бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн өр төлбөрийг барагдуулах ажиллагаа хийж буй эрх хүлээн авагч нь төлбөрийн чадваргүйдлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд хэрэг гүйцэтгэгчийн нэгэн адил чиг үүрэг бүхий этгээд мөн. Тэрээр МБхуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг буюу төрийн мөнгөний бодлоготой холбоотой нийтийн эрх зүйн чиг үүргийн аль нэг хэсгийг хэрэгжүүлээгүй, харин татан буугдаж байгаа банкны эдийн болон эдийн бус хөрөнгийг хамгийн зүй зохистой, шударга байдлаар нийт нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчдэд хуулийн дагуу хуваарилан, төлбөрийн чадваргүй этгээдийн үүргийг түүний хөрөнгөөр өмнөөс нь гүйцэтгэх төлбөр тооцооны шинжтэй хувийн эрх зүйн шинж давамгайлсан үйлдэл гүйцэтгэж байгаа этгээд юм. Түүний энэ чиг үүргийг аж ахуйн нэгжийн дампуурлын үед шүүхээс томилогддог хэрэг гүйцэтгэгчтэй жишиж болох бөгөөд нэг удаагийн шинжтэй захиргаа, нийтийн эрх зүйн чиг үүрэг хэрэгжүүлж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 5.2-т заасан этгээд /Сонгуулийн хороо г.мболох байгууллагатай адилтгах боломжгүй.

Энэ үндэслэлээр Анод банкны эрх хүлээн авагч нь Захиргааны ерөнхий хуулийн 5.2-т заасан этгээд тул түүнийг үүргийг Монголбанк хүлээх учиртай гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2)    Татан буугдаж байгаа хуулийн этгээдийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол уг этгээдийг ийнхүү хүлээн авсан хөрөнгийн хэмжээгээр эрх залгамжилсан гэж үзэх тухай иргэний эрх зүйн өв залгамжлалын харилцааны үндсэн ойлголтод суурилан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Хэдийгээр нэхэмжлэгч уг үндэслэлийг Улсын Дээд Шүүхийн 2007 оны 43 дугаар тогтоолыг дурдан тайлбарласан боловч уг тогтоолоор тайлбарласан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хүчингүй болсон байх тул тус тайлбарыг хууль зүйн үндэслэл болгож мэтгэлцэхээс илүүтэй тайлбарын мөн чанарыг хууль зүйн хэм хэмжээг, тодруулбал Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.9, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсгийг төсөөтэй хэрэглэх зарчмын хүрээнд авч үзэж үндэслэлийг дэмжсэн гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч нэхэмжлэгчийн дээрх тайлбарт дурдагдаж байгаа МБ Анод банкны эрх хүлээн авагчаас 137 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгө, эрхийг шилжүүлэн авсан бодит байдлын талаар маргаагүй бөгөөд гагцхүү ийнхүү шилжүүлэн авах болсон үндэслэлийг нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаас өөр хэмээн мэтгэлцэж байна. Тодруулбал, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд Тухайн үед Сангийн яам нь энэ хэмжээний мөнгийг гаргах боломжгүй байсан. Гаргах боломжтой нь МБ байсан. Засгийн газар бонд гаргасан, МБ бондыг худалдаж аваад ийм хэмжээний мөнгийг гаргаж Анод банкнаас авлагатай этгээдийн өрийг улсаас төлж эхэлсэн. Анод банкны авлагыг хаасны улмаас Монголбанк 60 тэрбум төгрөгийн алдагдалтай явж байгаа. гэж хариу тайлбар гаргаж байна.

МБаас томилогдсон Анод банкны эрх хүлээн авагчийн тайлангийн 2.3.1 Монголбанкнаас авсан зээлийн талаар гэсэн хэсэгт Анод банкинд эрх хүлээн авах ажиллагаа явуулахаас өмнө онцгой дэглэм тогтоох ажиллагааны явцад Анод банк МБаас зээл авч эхэлсэн байх ба тус зээлийн зорилго нь хадгаламж эзэмшигчдийн өр төлбөрийг барагдуулах, харилцах дансны үлдэгдлийг тавьж олгох явдал байсан талаар дурджээ. Улмаар 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар МБнийт авлагын хэмжээ үндсэн төлбөр ба хүү нийлэн 137,0 тэрбум төгрөг байсан гэх бөгөөд тус дүнд тооцон Анод банкны актив хөрөнгүүдийг МБнд шилжүүлжээ. /хх-ийн 53 дугаар талын арын нүүр/

Нэхэмжлэгч Ц.Дболон түүний өмгөөлөгч шүүхэд МБ ийнхүү өөрийн өгсөн зээлийн үндсэн ба хүүгийн төлбөрт ийм хэмжээний хөрөнгө шилжүүлж авсан бол зүй ёсоор Анод банкны эрх хүлээн авагчийн эрх залгамжлагч болох учиртай гэх агуулгаар мэтгэлцэж байгаа.

МБ нь эрх хүлээн авагчаас хөрөнгө шилжүүлж авсан үйлдлээрээ эрх залгамжлагч болох эсэхийг тогтоохын тулд ийнхүү хөрөнгө шилжүүлж авах болсон үндэслэлийг нь тодруулах шаардлагатай. Учир нь аль нэг эрх зүйн этгээд татан буугдах, нас барах зэргээр үгүй болж түүний бусдад өгөх ёстой өр авлагыг хөрөнгөөс нь барагдуулсны дараа үлдэх хөрөнгийг нь гуравдагч этгээд хүлээн авсан бол ийнхүү хөрөнгө хүлээн авсан этгээд хүлээж авсан хөрөнгийн хэмжээгээр эрх ба үүргийг залгамжилж болно. Харин эрх зүйн этгээдийг татан буулгах, нас барах үед өмнө нь бий болсон үүргийн харилцааны дагуу авах ёстой авлагаа авсан бол энэ нь уг хөрөнгө хүлээн авагчийг хөрөнгө шилжүүлэгч эрх зүйн этгээдийн эрх залгамжлагч гэж тооцох үндэслэл болохгүй.

МБ нь Анод банкны эрх хүлээн авагч (Анод банкинд)-д зээл олгосон бол уг зээлийн хувиар бусад үүрэг гүйцэтгүүлэгчийн нэгэн адил авлага бүхий этгээдэд тооцогдоно. Тэр байтугай уг зээлийг банк буюу төлбөрийн чадваргүй этгээдийг санхүүгийн хүндрэлээс гаргах зорилгоор буюу дахин, эсхүл шинэ санхүүжилтийн хэлбэрээр төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааны явцад олгосон бол уг зээл ихэнх тохиолдолд хүүтэй бөгөөд хүндрэлийг даван туулахад тус дэм болж онц хүндрэлтэй үед итгэл хүлээлгэснээрээ бусад зээлдүүлэгчдээс өмнө дараалалд буцаан төлөгдөх үндэслэл ч болох явдал бий.

Гэвч МБ нь Ц.Д-ийн авлага барагдахаас өмнө өөрийн авлагыг Анод банкны хөрөнгөөс барагдуулсантай холбоотой асуудлаар МБийг гэм буруутай эсэхийг тодорхойлох нь иргэний хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан биш. Учир нь МБ Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллагад зүй ёсоор тооцогдох бөгөөд түүний нийтийн эрх зүйн чиг үүрэг нь банкны системийн тогтвортой байдлыг хангах, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх явдал мөн. МБ өөрийн авлагыг Ц.Д-ийнөмнүүр орж барагдуулсан үйлдлийнхээ учир шалтгааныг нийтийн эрх ашигтай холбон тайлбарлаж байх ба төрийн өмч буюу нийтийн хөрөнгөөр худалдан авсан бондын төлөлтийг хийх зорилгоор 137 тэрбум төгрөгт нийцэх актив хөрөнгийг Ц.Д-ийнхадгаламжийн төлбөрөөс өмнө шилжүүлэн авсан гэжээ. Ийнхүү Монголбанк эрх хүлээн авагчаас 137 тэрбум төгрөгийн хөрөнгийг хүлээн авсан нь хууль ёсны эсэх асуудлаар дүгнэлт хийх нь иргэний шүүхийн бүрэн эрхэд хамаарахгүй. Улмаар МБ нийтийн эрх зүйн чиг үүргээ зөрчсөн эсэх асуудлаар эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх замаар нотлох үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч хүлээнэ.

Нэхэмжлэгч эдгээр асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд Захиргааны хэргийн шүүх нэгэнт хянан шийдвэрлэсэн, эсхүл шийдвэрлэхээс татгалзсан гэх агуулга бүхий тайлбар гаргадаг. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолын үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Ц.Днь МБ 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А-10/549 дугаартай албан бичиг нь захиргааны акт гаргахаас татгалзсан илт хууль бус акт болохыг тогтоолгох, Ц.Дд учирсан бодит хохирол 3,446,159,159 төгрөгийг ММБаас гаргуулах акт гаргахыг даалгуулах, Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ажлын тайлан дахь иргэн Ц.Дд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна гэжээ. Гэвч эдгээр нь маргаан бүхий асуудалд хамаарахгүй шаардлага гэж үзэхээр байна.

Тодруулбал, эрх хүлээн авагчаас авлагаа барагдуулах зорилгоор, Ц.Д-ийн шаардлагыг хангаагүй байхад актив хөрөнгө шилжүүлэн авсан гэх МБ үйлдлийг хууль бус болохыг эргэлзээгүй тогтоосон нотлох баримт хэрэгт үгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д заасны дагуу Монголбанкийг Анод банкны эрх хүлээн авагчийн эрх залгамжлагчаар тогтоогдвол зохих этгээд гэж дүгнэх боломжгүй байна.

Эдгээр үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч Анод банк ХК-ийн эрх хүлээн авагчийн эрх залгамжлан авбал зохих этгээдээр МБ-ийг тогтоолгох тухай Ц.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч Ц.Доос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА