| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 188/2024/0948/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/948 |
| Огноо | 2024-08-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Мандуул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/948
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хаш-Эрдэнэ,
Улсын яллагч Э.Мандуул (томилолтоор),
шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Г-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************* дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ******* аймгийн **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ****** боловсролтой, мэргэжилгүй, ***** хамт, ***** дүүргийн *** дугаар хороо, **** тоот*** оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Б овогт Ц-ийн Г (РД: **********).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Г нь Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн автобусны буудал дээр 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Б.А-ы биед нь халдаж “хамар ясны хугарал, таславчын мурийлт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 823 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд
1. Шүүгдэгч Ц.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухамсарлаж байгаа...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “…би 2024 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ***** нэртэй караокед орсон бөгөөд уг караоке 04 цагийн үед хаагаад би караокеноос гараад 21 дүгээр хороолол явж байсан чинь араас гэнэт нэг эрэгтэй миний толгой хэсэг рүү цохи*** урагшаагаа чигээрээ явахаар нь би араас хөөж очо*** цохичихсон ба уг хүн нь А-гэж хүн байсан ба А-ны биед учирсан гэмтлүүдийг би учруулсан...хажууд танихгүй хүмүүс хараад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дахь тал),
2. Хохирогч Б.А-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…би 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шөнийн 00 цаг өнгөрч байхад найз Ч, түүний эхнэр О нарын хамт *** нэртэй караокед орж үйлчлүүлсэн. Тухайн караокед 2-3 цаг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад би ганцаараа гарч зам хөндлөн гараад Сонгинохайрхан дүүргийн автобусны буудлаас уруудаад Свийтланд төвийн хойд талд байх нэрийг нь мэдэхгүй караокены хажууханд явж байгаад нэг залуутай маргалдсан тухайн залуу нь намайг эхлээд нүүрэн тус газарт мөргөөд дараа нь нүүрэн тус газарт гараараа 1-2 удаа цохи*** хойшоо хамж унагаагаад дээрээс цохиж байсан тэгээд ухаан алдчихсан байсан би нэг сэрсэн чинь тухайн караокены хажууд газар хэвтэж байсан.Тэгээд би тэндээс босож яваад цагдаа дээр ирсэн. Миний хар өнгийн кэйстэй, хар өнгийн хувай нова-9 загварын гар утас алга болсон байсан…би өмнөх мэдүүлэг дээр хувай нова-9 загварын гар утсаа алга болгосон гэж мэдүүлсэн бөгөөд дараа нь би өөрийн гар утсаа зодоон хийсэн газраасаа олсон бөгөөд миний гар утас, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байна. Миний сэтгэц сэтгэл санаанд гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг байхгүй…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 10 дахь тал),
3. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5784 дугаартай шинжээчийн “…Б.А-ы биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 13-14 дэх тал),
4. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “…2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 04 цаг 18 минут 07 секундэд хохирогч нь сэжигтэй этгээдтэй хүзүүгээрээ боолцо*** зогсож байхад сэжигтэй этгээд нь мөргөх гэж байгааг харуулав…сэжигтэй этгээд нь хохирогчийн нүүр тус газарт нь цохи*** хойшоо унагаах гэж байгааг харуулав…” гэсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 21-23 дахь тал),
5. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “…Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн автобусны буудал дээр 2024 оны 04 дүгээр сарын 28-ны орой 05 цагийн үед иргэн Б.А бусдад зодуулсан…” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал),
6. Шинжээч эмч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…эдгээр гэмтэл нь тус тусдаа хөнгөн гэмтэл бөгөөд бүгд нийлээд мөн адил хөнгөн гэмтэл юм...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заснаар яллагдагч Ц.Г нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо бичгээр илэрхийлсэн болохыг дурдав
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ц.Г нь Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн автобусны буудал дээр 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Б.А-ы биед нь халдаж “хамар ясны хугарал, таславчын мурийлт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.А-ы мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5784 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Э.Э-ын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүн бүр амьд явах эрхтэй. Энэ эрхийг 1948 оны НҮБ-ын “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж тунхаглаж хүний өмч, хөрөнгөтэй байх, түүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махб*** буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
Шүүгдэгч Ц.Г нь хохирогч Б.А-ы биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Ц.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.А-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирол, хор уршигтай холбоотой 191.000 төгрөг баримтыг гаргасныг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Б.А-д олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогч нь шүүхэд гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох ажилгүй байсан хугацааны төлбөр, цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилг*** нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Түүнчлэн шүүгдэгч Ц.Г*** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...1000 нэгжтэй тэнцэх буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний 5 сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэх, шүүгдэгчээс хохирогчид 191.000 төгрөг гаргуулах, хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх...” гэсэн санал,
Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт “...хэлэх зүйлгүй...” гэсэн тайлбарыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ц.Г*** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ (учруулсан хохирол төлбөр төлөгдөөгүй), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Ц.Г*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, түүнийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхээр тогтоож, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ц.Г*** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г*** оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ц.Г-оос 191,000 (нэг зуун ерэн нэгэн мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.А-д олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ц.Г*** сануулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.А нь гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г*** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР