| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 182/2022/00405/И |
| Дугаар | 182/ШШ2022/00865 |
| Огноо | 2022-03-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2022/00865
2022 03 29 182/ШШ2022/00865
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Д-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.М-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Д, хариуцагч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дагдансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Л.Д миний бие Ж.Мд 2020 оны 08 сарын 04-ний өдөр харилцан тохиролцож, Сүхбаатар дүүргийн УБ Галерей доторх АТМ-ээс 1,000,000 төгрөг бэлнээр зээлдүүлсэн юм. Ж.М 1,500,000 төгрөг болгож хүү нэмж өгнө гэсэн боловч бүтэн 1 жил 5 сарын хуагцаанд нэг ч төгрөг өгсөнгүй. Тэрээр надад олон арван удаа ах өгнө өө, тайван бай гэж утсаар мессеж ирүүлж байсан.
Ж.М Говь комбинатад ноолуурын ченж хийдэг гэж надад өөрийгөө танилцуулсан бөгөөд одоо болохоор утсаа авахгүй, илэрхий төвөгшөөж, хуралтай байна, ноолуураа зарахаар өгнө гэх зэргээр цаг хугацаа их алдууллаа. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас “идэшний үхэр эсвэл адууны мах өгнө, та хүлээж бай” гэж утсаар ярьсан боловч бас л худлаа болох нь тодорхой болов. Ж.М өгөхгүй, чадахгүй гэж нэг ч удаа хэлж байгаагүй бөгөөд “өгнө өө, хийнэ ээ” гэж эхнэрийн дансыг хоёр ч удаа авч горьдлого төрүүлсэн боловч бас л худлаа болсон. Илэрхий худлаа ярьж, мессеж бичиж өвгөн намайг хуурсаар өдий хүрэв. Өвгөн миний гомдлыг барагдуулж, залилан хуурч мэхлэн өдий хүргэсэн Ж.Маас нэхэмжилж буй зээлдүүлсэн мөнгийг ашиг хүүгийн хамт авч өгч туслалцаа үзүүлнэ үү. Зээлийн төлбөрт 1,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч Ж.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Л.Даас 1,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. Би ноолуурын бизнес эрхлээд 20 жил болж байна. Корона өвчнөөс болж хил, гааль хааснаас болоод бизнес явахаа больсон. Би түүнийг залилсан зүйл байхгүй. Намайг цагдаад хүртэл шалгуулсанд дургүй хүрсэн. Би зээлсэн 1,000,000 төгрөгөө өгнө, харин хүүнд нэхэмжилсэн 500,000 төгрөгийг өгч чадахгүй. Би өмнө нь хэдэн төгрөг өгч байсан, ажил гайгүй болсон үед хэдэн төгрөг нэмж өгнө гэж хэлсэнээс биш хүү өгөх талаар тохиролцоогүй гэв.
3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч Л.Дын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/
3.1. Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-5/
3.2. дугаартай мессежээр харилцаж байсан талаарх зураг /хх-6-9/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч Ж.Маас зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, хүүгийн төлбөрт 500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч Ж.Мыг 1,000,000 төгрөг зээлсэн, 500,000 төгрөгийг хүүгийн төлбөрт төлнө гэсэн боловч төлөөгүй жил гаруй хугацаа өнгөрсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
3.Хариуцагч нь 1,000,000 төгрөг зээлсэнд маргаагүй ба харин хүүгийн төлбөрт 500,000 төгрөг төлөхгүй, хүү тохиролцоогүй гэж маргаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.
Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч Ж.Мд 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг зээлдүүлсэн гэснийг хариуцагч Ж.М маргаагүй бөгөөд энэхүү төлбөрийг хариуцагч нэхэмжлэгчид төлнө гэж тайлбарлаж байх тул шүүх үндсэн зээлийн төлбөрийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно. /хх 5/
4.2.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох бөгөөд 282.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.
Нэхэмжлэгч Л.Д нь хүүгийн төлбөрт 500,000 төгрөг авахаар тохирсон гэж тайлбарлаж байх боловч хариуцагч энэхүү тайлбарыг үгүйсгэсэн. Түүнчлэн зохигчийн хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул нэхэмжлэгч Л.Д нь хүү авах эрхээ алдсан гэж үзнэ.
Иймд хүүгийн төлбөрт 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Дын шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөг төлөхөөс 31,250 төгрөгийг илүү төлсөн байх тул илүү төлсөн 31,250 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул хангагдсан үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Ж.Маас үндсэн зээлийн төлбөрт 1,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 31,250 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Л.Дд олгож, хариуцагч Ж.Маас улсын тэмдэгтийн хураамжид 28,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Дд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ