| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 188/2024/0912/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/940 |
| Огноо | 2024-08-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/940
2024 08 21 2024/ШЦТ/940
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хаш-Эрдэнэ,
улсын яллагч Г.Лхагвасүрэн,
шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д овогт Б-ы Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************** дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ********* аймгийн *********** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, яс үндэс халх, ******** боловсролтой, замчин мэргэжилтэй, ***** ажилтай, ам бүл **, **** хамт *** дүүргийн ** дүгээр хороо *** тоотод оршин суух хаягтай, урьд 4 удаагийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан,
Д овогт Б-ын Д (РД:*************).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох О.Б-ийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд байнга зодож, түүний хуваарьт эд хөрөнгийг гэмтээх, биед нь хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн 724 дүгээр яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд
1. Шүүгдэгч Б.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хохирогч Б-ид согтууруулах ундаа хэрэглэн гар хүрсэн нь үнэн гэхдээ олон удаа бас байнга биш. Би 2 дүүтэйгээ уулзаад, ажил ярилцан 1 шил архи хувааж уугаад юуг ч мэдэхгүй, өөрийгөө хянах чадваргүй болсон, гар хүрснээ мэдэхгүй байсан. Хийсэн зүйлдээ үнэхээр их гэмшиж байна...2023 оны 12 дугаар сарын 12-ны асуудалд шийтгэл аваагүй... ...Би сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээр үнэн зөв мэдүүлсэн учир нэмж ярих зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би гадуур шалгагдаж ажил хийх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл, хавтаст хэргийн 106 дахь тал),
2. Хохирогч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Б.Д гэх хүнтэй 2018 онд анх ******* аймагт танилцаад хамт амьдарч эхэлсэн 2020 онд дундаасаа 1 хүүтэй болсон юм. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Би 2024.04.19-ний өдөр гэртээ амарч байтал хамтран амьдрагч Б.Д орой 19 цагийн үед ******* аймагт байдаг хорих 445 ангиас суллагдаад ирсэн. Б.Д г шоронгоос гарсан гээд би хоол цай бэлдээд байж байтал Б.Д шоронгоос гарсан хүн архи уухгүй бол болдоггүй гэнээ гэхээр нь би 0.5л хэмжээтэй Хараа нэртэй архи авч өгөөд хамт хувааж уусан. Тэгээд 23 цагийн үед дахиж архи ууя гэхээр нь архины мөнгө өгөөд Б.Д дэлгүүр гарч 0.5л хэмжээтэй хараа нэртэй архи авч орж ирээд ганцаараа уусан. Тэгээд надтай бэлгийн харьцаанд орохыг шаардахаар нь би эмэгтэйчүүдийн эмнэлэгт хагалгаанд орсон 2 сар бэлгийн харьцаанд орж болохгүй гэсэн гэж хэлтэл надтай хүчээр бэлгийн харьцаанд орох гэтэл оёотой болохоор болохгүй өвдөөд байсан тэгээд болиоч гэтэл Б.Д хэндээ зориулж оёчихсон юм бэ гээд нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохисон чинь 4 настай хүү маань уйлсан чинь хүү рүү дуугүй бай пизда минь, чи миний хүүхэд биш гээд орилоод агсам тавьж байгаад унтаад өгсөн. Үүрээр 5 цагийн үед миний нүүр хавдчихсан байхаар нь дарга лугаа залгаад би өнөөдөр ажилдаа очиж чадахгүй байна миний бронд өөр хүн гаргаарай гээд чөлөө авч байтал Б.Д сонсоод сэрэнгүүтээ хэнтэйгээ яриад байгаа даргатайгаа явалддаг юм уу гэж хардаад босож ирээд миний дээрээс дэвсээд хэд хэдэн удаа өшиглөөд нүүрлүү гараараа хэд хэдэн удаа цохиж байснаа унтаад өгсөн би ч унтаад өдөр 11 цагийн үед сэрээд Б.Д гийн архи нь гарсан байх гэж бодоод 2-уулаа одоо болъё манайхаас яв би чамд алуулах юм байна гэж хэлтэл чи нөхрөө дуудах нь уу тэ гэж хардаад дахиад нүүр лүү гараараа 2 удаа цохихоор би энэ хүн зодоод болихгүй юм байна гэж бодоод гэрээсээ гараад Б.Д г гаднаас цоожлоод доошоо үсчний утсаар цагдаад дуудлага өгөөд цагдаа ирэхээр нь хамт ороод Б.Д г аваад явсан... (хавтаст хэргийн 8-9 дэх тал),
...2024 оны 06 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 01 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд намайг чи ***** замын янхан би П гэх хүнтэй явалдсан, миний чамд зарцуулсан мөнгийг тэр боовноосоо авч өг гэх зэргээр хараагаад орилж хашхираад зодох гээд байхаар нь би том хүүгээ сэрээсэн бөгөөд намайг ажилгүй болгоно ***** замын цахим хаягаар од болгоно, намайг цагдаа дуудаж өгвөл шоронд оруулах юм бол гарч ирээд ална гэх зэргээр байнга доромжилж дарамталдаг. Миний хүү хамгаалаад хамт байж байхад миний духны зүүн талын хэсэгт 2 удаа гараараа цохиж хөндүүрлэж хавдсан байна. 2024 оны 06 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө намайг цохиж зодсон нь 1 удаагийн биш бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хорооны нийгмийн ажилтан намайг дуудаж эрсдэлийн үнэлгээ хийсэн юм. Тэгтэл намайг чи дахиад шоронд явуулах гэлээ одоо би чамайг алж байж шоронд явна гэж нүүр рүү халбага сэрээ шидэж хэл амаар доромжилж дайрсан. 2023 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө миний гар утсанд дуудлага ирсэн байсан бөгөөд би салгачхаад унтчихсан юм. Тэгтэл маргааш өглөө нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр чам руу хар шөнө хэн залгадаг юм гээд хардаж намайг архи уугаагүй байхдаа намайг өдөржин зодож гар хөлийг чинь хугална, чиний гарыг хугалсан байхад би хамгийн ихдээ 5 жил шоронд сууна гэж уурлан миний нүүр гар хөл гээд бүх газарт өдөржин зодож байгаад миний гар утсыг газар савж шидэж эвдчихсэн бөгөөд намайг өдөр 16 цагийн орчимд намайг гаднаас түгжээд миний Худалдаа хөгжлийн банкны картыг авч гараад /*******-дугаарын данстай/ 25.000 төгрөгийг авсан байсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-45 дахь тал),
3. Шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Д-ийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5614 дугаартай ...О.Б-ийн биед зүүн тохойд шарх, дух, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун зүүн хацар, эрүү, зүүн нүдний алим, баруун дал, бугалга, зүүн даланд цус хуралт, баруун өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 66-67 дахь тал),
4. Аюулын зэргийн үнэлгээ “өндөр” (хавтаст хэргийн 11-12 дахь тал),
5. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт “...аюултай байна...” (хавтаст хэргийн 13-17) дахь тал,
6. ** дүүргийн ** дүгээр хорооны хамтарсан багийн хурлын “...хамтарсан багийн хуралд оролцсон нийт гишүүдийн 100 хувийн саналаар Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиар шийдвэрлүүлэхээр гишүүд санал орууллаа...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
7. Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Ц-0582 дугаартай “ Iphone гар утас 1,000,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны карт 20,000 төгрөг, бэлнээр 25,000 төгрөг нийт үнэлгээний дүн 1,045,000 төгрөг” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 58-60 дахь тал)
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 74 дэх тал), шийтгэх тогтоолуудын хуулбар (хавтаст хэргийн 118-146), Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол (хавтаст хэргийн 148-149 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 76 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 78 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгчгүй оролцохоо бичгээр илэрхийлсэн болохыг дурдав.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийн тухайд:
Шүүгдэгч Б.Д- нь 2023 оны12 дугаар сарын 12-ны өдөр ** дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч О.Б-ийг “хар шөнө хэн залгадаг юм бэ” гэсэн шалтгаанаар зодож, гар утсыг нь савж, хуваарьт хөрөнгийг гэмтээж бусдад 1.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
Мөн согтуурсан үедээ 2024 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө *** дүүргийн ** дүгээр хороо, ** хорооллын **0 тоот гэртээ хохирогч О.Б-ийг "хэндээ зориулж оёчихсон юм бэ" гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа хэд хэдэн удаа цохих зэргээр зодсон,
2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өглөө үүрээр 05 цагийн үед унтаж сэрээд *** дүүргийн ** дүгээр хороо, *** тоот гэртээ хохирогч О.Б-ийг "хардалт, хэнтэйгээ яриад байгаа юм" гэх шалтгаанаар цохих зэргээр зодсон,
2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 11 цагийн үед унтаж сэрээд *** дүүргийн ** дүгээр хороо, ** тоот гэртээ хохирогч О.Б-ийг “хардалт, салах гэлээ, яв гэж хөөлөө, өөр хүн авч ирэх гэлээ” гэх шалтгаанаар нүүр рүү нь 2 удаа цохих зэргээр зодсон,
Дээрх 2024 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд биед нь халдаж зодохдоо хохирогчийн эрүүл мэндэд зүүн тохойд шар, дух, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун зүүн хацар, эрүү, зүүн нүдний алим, баруун дал, бугалга, зүүн даланд цус хуралт, баруун өгзөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж" гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Мөн согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө ** дүүргийн ** дүгээр хороо ** хорооллын *** тоот гэртээ хохирогч О.Б-ийг "хардалт" шалтгаанаар духны зүүн талын хэсэгт 2 удаа цохих зэргээр зодсон буюу байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.Б-ийн удаа дараа өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, Аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, *** дүүргийн ** дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 23 дугаар зүйлийн 1-д “Гэр бүл бол нийгмийн жам ёсны үндсэн нэгж бөгөөд нийгэм, төрөөр хамгаалуулах эрхтэй.” гэж тунхагласан бөгөөд Монгол Улс 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр соёрхон баталснаар гэр бүлийн харилцаа, хүчирхийллэлийг төр хамгаалах үүрэг хүлээсэн.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардахын зэрэгцээ эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хохирол, хор уршиг учраагүй, мөн байнга гэх шинжийг бүрдүүлж буй үйлдлүүдийнхээ аль нэгэнд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх ёстой.
Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон үйлдэл болон обьектив талын шинж буюу заавал зодсон байхыг шаардах бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч Б.Д нь гэр бүлийн харилцаатай О.Б-ийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ** дүүргийн **дүгээр хороо, ** хорооллын ** тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч О.Б-ийг “хар шөнө хэн залгадаг юм бэ” гэсэн шалтгаанаар зодож, гар утсыг нь савж, хуваарьт хөрөнгийг гэмтээж бусдад 1.000.000 төгрөгнийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, мөн согтуурсан үедээ 2024 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ** дүүргийн ** дүгээр хороо, ** хорооллын ** тоот гэртээ, 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өглөө үүрээр 05 цагийн үед ** дүүргийн ** дүгээр хороо, ** хорооллын ** тоот гэртээ, 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 11 цагийн үед ** дүүргийн ** дүгээр хороо, ** хорооллын ** тоот гэртээ, мөн согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө ** дүүргийн 29 дүгээр хороо ** хорооллын ** тоот гэртээ зодсон талаар хохирогч тодорхой мэдүүлсэн төдийгүй, шүүгдэгч уг үйлдлээ хүлээн зөвшөөрсөн нь шүүгдэгчийн үйлдэлд“ Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хохирогчид бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байхыг шаардах ба шүүгдэгч Б.Д хамтран амьдрагч буюу хохирогч О.Б-ийг тодорхой цаг хугацааны давтамжтай байдлаар бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн, хэргийн зүйчлэл тохирсон байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн тухайд:
Шүүгдэгч Б.Д нь ** дүүргийн ** дүгээр хороо, ** хорооллын ** тоот гэртээ гэр бүлийн харилцаатай, хамтран амьдрагч буюу хохирогч О.Б-ийг "хэндээ зориулж оёчихсон юм бэ" гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа хэд хэдэн удаа цохих зэргээр зодож биед нь халдаж хохирогчийн эрүүл мэндэд зүүн тохойд шар, дух, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун зүүн хацар, эрүү, зүүн нүдний алим, баруун дал, бугалга, зүүн даланд цус хуралт, баруун өгзөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж" гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана. Харин дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнээр тус гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогддог болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.
Шүүгдэгч Б.Д нь хамтран амьдрагч О.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдох бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Эд хөрөнгө гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн тухайд
Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр *** дүүргийн ** дүгээр хороо, *** хорооллын ** тоот гэртээ гэр бүлийн хамааралтай, дундаасаа хүүхэдтэй, хамтран амьдрагч хохирогч О.Б-ийг "хар шөнө хэн залгадаг юм гэх, хардалт" шалтгаанаар зодож, гар утсыг нь газарт савж санаатай устгаж бусдад 1.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.Б-ийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар санаатай устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсөх буюу тус гэмт хэргийн шинж хангагдана.
Тухайлбал, Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.3 дахь заалтад зааснаар амин хувийн хэрэгцээнд зориулсан эд хөрөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгөд хамаарахгүй ба хохирогч О.Б-ийн эзэмшлийн гар утас нь түүний хувийн амин хэрэгцээнд зориулагдсан эд хөрөнгө тул бусдын хөрөнгийг гэмтээсэн нөхцөл тогтоогдсон гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Д-гийн хохирогч О.Б-ийн Айпоне 12 маркийн гар утсыг гэмтээж 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Хохирогч О.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтыг гаргаж өгөөгүй учир түүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Харин шүүгдэгч Б.Д-гийн хохирогч О.Б-ийн эзэмшлийн утас болох Айпоне-12 загварын утсыг хохирогчид буцаан олгож, түүнд учруулсан 1.050.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгуулахаар шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Д- нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Түүнчлэн шүүгдэгч З.Б.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “...Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирлоо барагдуулахаа илэрхийлсэн. Урьд нь шүүгдэгч хохирогчид 2 удаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгүүлэх, мөн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгүүлэх саналыг тус тус гаргаж байна. 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг ажлын 8 цагийг 1 өдрөөр сольж, нийт 60 хоногийн хугацаанд хорихын ялыг нэмж нэгтгэн нийт 8 сарын хугацаагаар хорих саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь нийт 74 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах...” гэсэн саналыг,
Шүүгдэгчээс “...Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ажил хөдөлмөр эрхэлж хохирлоо төлж барагдуулмаар байна...” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч З.Б.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (8 удаагийн үйлдлээр гэр бүлийн харилцаатай хүний эрх, эрх чөлөөнд халдсан), гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж байсан), бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Б.Д-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан нийт 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 8 (найм) сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч З.Б.Д гийн 2024 оны 06 дүгээр сарын 09-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 2 сар 10 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Б-ы Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 60 хоног буюу 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 8 (найм) сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д-гийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, цагдан хоригдсон 2 сар 10 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эд мөрийн баримтаар хураагдсан амбулторын карт, дансны хуулга зэргийг хэрэгт хавсаргаж, Айпоне 12 загварын гар утсыг хохирогчид буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Д-гөөс 1,050,000 (нэг сая тавин мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч О.Б-ид олгосугай.
8. Хохирогч О.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Б.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР