Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
Хэргийн индекс | 154/2021/00062/И |
Дугаар | 154/ШШ2021/00260 |
Огноо | 2021-12-14 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 154/ШШ2021/00260
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, Холбоочдын гудамж-, Төрийн банкны 2 дугаар байр, 3 давхар, Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Энхтөрийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багт оршин суух, РД:*******,******* овогт*******гийн*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 5,452,368.00 /таван сая дөрвөн зуун тавин хоёр мянга гурван зуун жаран найм/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Энхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголшуудан банк болон Хадгаламж банкны хооронд 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 01 тоот Монголшуудан банкны акчив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ"-ээр Монголшуудан банкны зарим шаардах эрхийг Хадгаламж банкинд шилжүүлсэн. Монгол банкны Ерөнхийлөгчийн 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай тушаалаар Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгг зааснаар Хадгаламж банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгиш захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны зарим актив. пассив. хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлж Хадгаламж банкны чанаргүй актив нь Банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд зээлдэгч Ц.Мөнхзаяад олгосон чанаргүй зээл хамаарч байна.
Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Зээлдэгч /Б.Цагаан 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан/, Ц.Мөнхзаяа нар нь Монголшуудан банкны Ховд аймаг дахь Мөст сумын 101 дүгээр салбартай 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/698 дугаартай Зээлийн гэрээ, ЗГ/698 дугаартай Зээлийн барьцааны гэрээ-г тус тус байгуулан 5,000,000.00 /Таван сая/ төгрөгийн зээлийг сарын 2,2 хувь, жилийн 26,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэн авч ашигласан.
Хамтран зээлдэгч нь Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.11-д зааснаар зэээлдэгч нь нас барсан тохиолдолд түүний хууль ёсны өв залгамжлагч нь зээл зээлийн хүү, мөн нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээн гэж заасан.
Зээлдэгч Ц.Мөнхзаяагийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд:
Үндсэн зээлийн үлдэгдэл: 4,693,350.00 /дөрвөн сая зургаан зуун ерөн гурван мянга гурван зуун тавин/ төгрөг︔
Зээлийн хүүний үлдэгдэл: 759,018.00 /долоон зуун тавин есөн мянга арван найман/ төгрөг︔
Нийт: 5,452,368.00 / таван сая дөрвөн зуун тавин хоёр мянга гурван зуун жаран найм/ төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд зээлдэгч Ц.Мөнхзаяагаас зээлийн гэрээний үүрэгт нийт: 5,452,368.00 / таван сая дөрвөн зуун тавин хоёр мянга гурван зуун жаран найм/ төгрөгийг гаргуулж, Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Мөнхзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Мөнхзаяа би Хадгаламж банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хадгаламж банкны ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь 5,452,368.00 /таван сая дөрвөн зуун тавин хоёр мянга гурван зуун жаран найм/ төгрөгийг нэхэмжилсэн байна. Үүнээс би үндсэн зээл болох 4,693,350.00 /Дөрвөн сая зургаан зуун ерөн гурван мянга гурван зуун тавин/ төгрөгийг төлнө. Зээлийн хүүний үлдэгдэл 759,018.00 /долоон зуун тавин есөн мянга арван найман/ төгрөгийг төлөх боломжгүй юм. Банктай зөвшилцөж 759,018.00 /долоон зуун тавин есөн мянга арван найман/ төгрөгийн хүүг чөлөөлж өгөхийг хүсэж байна. Сар бүр 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг төлнө. 2022 онд багтааж төлж дуусгана. Татгалзах зүйлгүй гэжээ.
Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Энхтөр шүүхэд гаргасан тайлбартаа: Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч******* овогтой******* /РД:ПИ73120705/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 5,452,368.00 /Таван сая дөрвөн зуун тавин хоёр мянга гурван зуун жаран найм/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн дараах хүсэлтийг гаргаж байна. Үүнд:
1.Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүний үлдэгдэл болох нийт 759,018.00 /Долоон зуун тавин есөн мянга арван найман/ төгрөгөөс татгалзаж, үндсэн зээлийн үлдэгдэл 4,693,350.00 /Дөрвөн сая зургаан зуун ерөн гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Иймд дээрх хүсэлтийг хангаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хадгаламж банк ХХК дахь эрх хүлээн авагч М.Энхтөр нь хариуцагч Ц.Мөнхзаяагаас 5,452,368.00 /таван сая дөрвөн зуун тавин хоёр мянга гурван зуун жаран найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь эрх хүлээн авагч М.Энхтөр нь нэхэмжлэлийн шаардлагаа 759,018.00 төгрөгөөр багасгаж, хариуцагч Ц.Мөнхзаяагаас 4,693,350 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ц.Мөнхзаяа төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь эрх хүлээн авагч М.Энхтөрийн нэхэмжлэлийн шаардлага 4,693,350 төгрөгийг хариуцагч Ц.Мөнхзаяа төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 90,044 төгрөгний тал хувь болох 45,022 төгрөгийг хариуцагч Ц.Мөнхзаяагаас гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ