Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2026/00051

 

Б.Бын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Баярмаа, Э.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.16-ны өдрийн 191/ШШ2025/04410 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.10.20-ны өдрийн 210/МА2025/01804 дүгээр магадлалтай,

 

Б.Бын нэхэмжлэлтэй

З.Тд холбогдох,

 

106,210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, өмгөөлөгч Т.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, өмгөөлөгч Т.С, хариуцагч З.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч З.Тд холбогдуулан 106,210,000 төгрөг гаргуулах шаардлагыг гаргажээ.

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.16-ны өдрийн 191/ШШ2025/04410 дугаар шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 424,922 төгрөгөөс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч З.Таас 63,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 42,285,078 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 690,000 төгрөгийн 689,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Таас улсын тэмдэгтийн хураамж 475,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бод олгож шийдвэрлэсэн.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.10.20-ны өдрийн 210/МА2025/01804 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.16-ны өдрийн 191/ШШ2025/04410 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 374,500 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 475,450 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, өмгөөлөгч Т.С нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

4.1.Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн, гэрээнээс татгалзсан тухай мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлаж шийдвэр гаргасан байдаг. Харин нэхэмжлэгчээс буюу худалдан авагчаас гарсан зардал, хохирлыг шаардсан хэсгийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахдаа магадлалын хянавал хэсгийн 4.1 дэх заалтдаа гэрээг цуцлах, татгалзах үндэслэлүүдийг заажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ гэрээнээс татгалзаж байгаа талаараа тодорхой бичсэн, энэ талаар хариуцагч тодорхой хариу тайлбар гаргаагүй нь мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэдэг үндэслэл болохгүй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлалууд нь хууль хэрэглээний хувьд зөрүүтэй, хуулийг нэг мөр ойлгох боломжгүй болгож байна.

4.2.Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлнэ гэдэг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохицуулагддаг. Гэтэл газраа худалдаж байгаа этгээд худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа 62,500,000 төгрөг авчхаад худалдан авагчид газрын гэрчилгээ шилжүүлэхгүй.

Маргааны үйл баримт доголдолтой огт холбоогүй. Зөвхөн амаар хийсэн хэлцлийн дагуу худалдан авагч газраа шилжүүлж өгөхийг худалдагч талаас шаардсан, худалдагч газраа шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй.

Худалдагч газраа шилжүүлж өгөх үүргээ гүйцэтгэхгүй байсан учраас худалдан авагч  гэрээнээс татгалзаж урьдчилгаанд өгсөн мөнгө, тухайн газар дээр зарцуулсан зардлаа шаардсан ийм л асуудал болсон.

Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал гэдэгт барилгын суурь ухаж, газар шорооны ажилд зарцуулсан 43,710,000 төгрөгийг эд хөрөнгийн алдагдал гэж үзэж байгаа.

Хариуцагчийн газрын гэрчилгээнд зааснаар газрыг 5-8 давхар нийтийн орон сууцны барилга барих зориулалтаар олгосон. Энэ зориулалтын дагуу нэхэмжлэгч газар шорооны ажил хийсэн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэг /анхан шатны шүүх ямар хууль буруу тайлбарлаж, хэрэглэсэн талаар огт дурдаагүй/ -ийг буруу тайлбарлаж хэрэглэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 сарын 20 өдрийн 210/МА2025/01804 дугаартай магадлалыг хүчингүй болгож Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05-р сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/04410 дугаартай шийдвэрийн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэсгийг зөвтгөн өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ШХТ2026/00095 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, өмгөөлөгч Т.С нарын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч З.Тд холбогдуулж худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хохирлын хамт нийт 105,785,078 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлийг “ Барилга барих иж бүрэн төслийг газрын хамт 250,000,000 төгрөгөөр худалдаж авахаар 2022 оны 5 дугаар сард амаар гэрээ байгуулсан. Гэрээгээр хариуцагч З.Т нь Хаягт байрлах 5-8 давхар орон сууцны зориулалттай нэгж талбарын хххххххххх дугаартай 487 м.кв талбайтай газар эзэмших эрхийг ӨАОБгазраар хянуулсан 24 айлын үйлчилгээтэй орон сууцны төслийн хамт нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх, нэхэмжлэгч нь нийт 250,000,000 төгрөгийг төлөхдөө 50 хувь буюу 125,000,000 төгрөгийг бэлнээр, үлдэх 50 хувийг 24 айлын үйлчилгээтэй орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж хариуцагчийн сонголтоор 1 айлын орон сууц шилжүүлэн өгөхөөр тус тус тохиролцсон. Нэхэмжлэгч 2022.05.02-ны өдөр 62,500,000 төгрөгийг З.Тд шилжүүлэн өгсөн ба 2022.05.15-ны өдөр барилгын суурийн ажлыг эхлүүлсэн. Энэ ажилд нийт 43,710,000 төгрөгийг зарцуулсан. Гэтэл 487 м.кв газарт гуравдагч этгээд барилга бариулахгүй гэж маргаан үүсгэснээс барилгын ажил үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон. Иймд гэрээнээс татгалзаж байна” гэжээ.

7. Хариуцагч З.Тын тайлбартаа “Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх боловч тайлбартаа үндэслэлийг заагаагүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Хариуцагч гэрээний зүйл болох газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргийг гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй. Нэхэмжлэгчээс гэрээний үнэд 65,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлснийг буцаан гаргуулна. Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлыг баримтаар нотлоогүй. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 424,922 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж дүгнэжээ. 

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ “Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч гэрээг цуцалсан эсхүл татгалзсан эсэх, татгалзсан бол хохирол шаардах эрх үүссэн эсэх, үүнд хэний буруутай үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн талаар талуудыг мэтгэлцүүлээгүй. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн “Д” ХХК-ийн үнэлгээний тайлан болон мэргэшсэн төсөвчин Х.Нын  гаргасан орон сууцны барилгын төсөв гэх нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй” гэсэн дүгнэлт хийжээ.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг “... шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй” гэж хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан боловч энэ үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “Д” ХХК-ийн үнэлгээний тайлан болон мэргэшсэн төсөвчин Х.Нын гаргасан орон сууцны барилгын төсөв гэх баримтуудыг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэнээс гадна нэхэмжлэлд авсан гэрээг үнэлж, дүгнэлтээ хийсэн байна. 

Давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрийн талаар дүгнэлт хийж, нотлох баримтыг үнэлэх боломжтой буюу хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт нийцээгүй, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2025/01804 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Б нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.12.11-ний өдөр нийт 376,100 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

               ШҮҮГЧИД                                                          Н.БАЯРМАА 

                                                       Э.ЗОЛЗАЯА

                                                                                              Б.УНДРАХ

     Д.ЦОЛМОН