Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2020/ДШМ/1274

 

 

 

 

 

 2020             10             01                                        2020/ДШМ/1274                                                                                     №  Т  M № 546                                  МАЛАЛ

С.Ц-, И.Э-нарт                                                                                холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Яндаг,

яллагдагч С.Ц-, түүний өмгөөлөгч С.Отгонгэрэл,

яллагдагч И.Э-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1511 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Яндагын бичсэн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 48 дугаартай прокурорын эсэргүүцэл, яллагдагч И.Э-ийн өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан гомдлыг үндэслэн С.Ц-, И.Э- нарт холбогдох 2008000000889 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн И-ын И.Э-, Улаанбаатар хотод 1982 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “Говь” ХК-д оёдолчин ажилтай гэх, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Мон-Лаагийн 0 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/

2. З овгийн С-гийн Ц-, Сэлэнгэ аймагт 1997 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Мөнхийн түншлэл” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай гэх, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн Бурхантын 0-000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/

2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Мон-Лаагийн 0 дугаар гудамжны 00 тоот хашаанд И.Э-, С.Ц- нар маргалдан харилцан зодолдсоны улмаас С.Ц- нь И.Э-т хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор булан, хамрын нуруу, баруун бугалга, умдагт цус хуралт, баруун зүүн эгэмд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор булан, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, И.Э-нь С.Ц-т дух, зүүн нүдний зовхи, цох, эрүү, хүзүүнд зулгаралт, зүүн тохой, зүүн шуунд зулгаралт, цээжинд цус хуралт, баруун өвдөг, баруун чамархай, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас С.Ц-, И.Э-нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулан С.Ц-ын өмгөөлөгч С.Отгонгэрэлээс “...миний үйлчлүүлэгч хэрэгт ач холбогдолтой дууны бичлэгийг мөрдөгч нарт гаргаж өгөх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүлээж аваагүй. Иймд энэ бичлэгийг хэрэгт авхуулах шаардлагатай байна...” гэсний дагуу тухайн дууны бичлэгийг хэрэгт ач холбогдолтой эсэхийг шалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцох боломжтой эсэхийг тодруулах зорилгоор оролцогч нарт сонсгоход уг дууны бичлэг нь хэрэгт ач холбогдолтой гэж үзэхээр байх боловч хэсэгчлэн тасалсан, зарим дуу хоолойн талаар оролцогч нар маргасан тул С.Ц-ын гар утсан дээрх бичлэгийг мөрдөн шалгах ажиллагаагаар бэхжүүлэх, шаардлагатай бол шинжлүүлэх зэрэг нэмэлт ажиллагаа явуулах нь зүйтэй.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Жаргалсайхан, Б- гэдэг хоёр нэр нь нэг хүнийг заагаад байна уу, эсхүл хоёр өөр хүн байна уу гэдэг нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

О.Б-аас гэрчийн мэдүүлэг авсан байх боловч түүнийг хохирогч С.Ц-ын биед халдсан гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авхуулахаар шилжүүлсэн байгаа нь эргэлзээтэй. Учир нь, хохирогч С.Ц-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл гэрчээр болон хохирогчоор өгсөн удаа дараагийн мэдүүлэгт нь Гансүх, түүний эхнэр (О.Б-), И.Э-, Баярсайхан нарыг тогтвортой зааж мэдүүлсээр байхад О.Б-ыг гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэлгүйгээр зөрчил рүү шилжүүлсэн нь хэргийн бодит байдлыг бүх талаас нь тогтоож чадаагүй хэмээн үзэх үндэслэл болно.

Зүйлчлэлийн хувьд шүүгдэгч И.Э-нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн шинжтэй эсэхийг нэг мөр мухарлан шалгавал зохино. Тодруулбал, энэ гэмт хэрэг нь зөвхөн олон нийтийн газар, гудамж талбай, худалдаа, үйлчилгээний газарт үйлдэгдсэн байхыг шаардахгүй бөгөөд үндсэн объект нь нийтийн хэм журам, харин нэмэгдэл объект нь хүний халдашгүй, чөлөөтэй байх болон өмчлөх эрх байна. Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчих гэдэг нь хоёр ба түүнээс дээш тооны хүмүүс урьдчилан үгсэн тохиролцож, эсхүл тохиролцоогүй боловч тухайн цаг мөчид үйлдлээрээ санаатай нэгдэж хүмүүсийн харилцааны цогц, нийгмийн амгалан тайван байдал, хувь хүний эрх, эрх чөлөө, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал, төрийн болон нийгмийн институтийн хэвийн үйл ажиллагаанд халдсан үйлдлийг хэлнэ. Хэдийгээр Б.Содбаяр, С.Ц- нар нь айлын хашаанд гэрээ бариад түр амьдарч байсан боловч тухайн гэр орон нь тэдний хувьд хуулиар хамгаалагдсан халдашгүй орон зай юм. Шүүгдэгч, хохирогч И.Э-нар архидан согтуурсан, айлын амгалан тайван байдал алдагдуулсан, хувь хүний эрх чөлөөнд халдсан шинжтэй үйлдэл нь танхайрах буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж буй эсэхийг мөрдөн шалгасны үндсэн дээр прокурор зүйлчлэлийн хувьд дахин дүгнэлт өгч, хэргийг шүүхэд ирүүлэх нь зүйтэй гэж хэргийг прокурорт буцааж, яллагдагч И.Э-, С.Ц- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

      Прокурор Г.Яндаг бичсэн прокурорын эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Яллагдагч С.Ц-, И.Э-нар маргалдан харилцан эрүүл мэндээ хохироосон нь хохирогч И.Э-, С.Ц-, гэрч О.Б-, П.Өлзий-Орших, нарын мэдүүлэг, шинжээчийн №5492, 5578 дугаартай дүгнэлтүүдээр нотлогдсон бөгөөд энэ хэрэгт О.Б- бүлэглэн оролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Өмгөөлөгч С.Отгонгэрэлээс гаргаж өгсөн дууны бичлэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар шинжлэн судалж нотлох баримтаар тооцох эсэхийг шийдвэрлэх бүрэн боломжтой.

Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн сэдэлт нь бусдыг үл тоомсорлон басамжлах, элдвээр доромжлох, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчих, ямар ч шалтгаангүйгээр хэрүүл маргаан үүсгэн, айлган сүрдүүлэх явдал байдаг бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Мон-Лаагийн 2-32 тоот хашаанд болсон үйл баримтын хувьд яллагдагч С.Ц-т гэрч Х.Гансүх нь хашаанд цэвэрхэн суух талаар шаардлага тавьсны төлөө С.Ц- нь И.Э-тэй хэрүүл маргаан үүсгэн улмаар урьдын таарамжгүй харьцаанаас үүдэлтэй өөр хоорондоо маргалдсан, зодолдсон, доромжилсон, бие махбодид нь гэмтэл учруулсан үйлдэл нь хувийн буюу тодорхой сэдэлттэй олон нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжгүй байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

            Яллагдагч И.Э-ийн өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн бичлэг нь дууны бичлэг байх тул хэрэгт ач холбогдолтой гэж үзэх үндэслэлгүй ... Хэргийн үйл баримтыг ямар нэгэн эргэлзээгүйгээр нотолсон. Яллагдагч С.Ц- нь И.Э-ийн хашаанд хөлсөөр суухдаа хогоо хаядаггүй, тогны мөнгөө төлдөггүй гэх хувийн шинжтэй маргааны улмаас дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн. Энэ нь нийгмийн хэв журмыг зөрчих, төрийн болон нийгмийн институтын хэвийн үйл ажиллагаанд халдсан шинжгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрчүүдийг оролцуулж  нотлох баримтуудыг харьцуулан магадлах аргаар шалгаж, үнэлэн яллагдагч нарын гэм бурууг эцэслэн тогтоох бүрэн боломжтой. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

            Яллагдагч И.Э-: “Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна” гэв.

            Яллагдагч С.Ц-: “Шүүгчийн захирамжийг дэмжиж байна” гэв.

            Яллагдагч С.Ц-ын өмгөөлөгч С.Отгонгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн бодит байдлыг тогтоох нь мөрдөгч, прокурорын үүрэг. Гэтэл мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй. Прокурор шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг хүн учраас хэргийн аль нэг талд үйлчлэлгүй, алагчлалгүй байх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй. Хавтас хэрэгт Жаргалсайхан гэх хүнийг байцаагаагүй. Б- гэх хүнээс мэдүүлэг авсан нь ойлгомжгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.Ц-, Ц.И.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ гомдол, эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл, шүүгчийн захирамжаас үзэхэд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгт авагдаагүй баримт болох өмгөөлөгч С.Отгонгэрэлээс гаргаж өгсөн гэх бичлэгийг шинжлэн судлаад хэрэгт ач холбогдолтойд тооцож, улмаар уг бичлэгийг шалгуулахаар хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг ноцтой зөрчжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт тусгаж хавсаргана” гэж, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ зүйлд заасны дагуу гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцуулах, шүүх хуралдаанд шинжлэн судлуулах эрхтэй” гэж, 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ” гэж тус тус заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар цуглуулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж, шалгаж, үнэлэх ба энэ ажиллагааг зөвхөн прокурор, мөрдөгчийн эрх хэмжээнд хамааруулан хуульчилсан боловч дээрх хуулийн зохицуулалтаар хэргийн оролцогч тухайн хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг хэрэгт хавсаргуулах эрх олгогдсон байна.

Хэргийн оролцогчоос гаргаж өгсөн нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан ёсоор мөрдөгч тэмдэглэл үйлдэн, хэрэгт хавсаргаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шинжлэн судлах замаар бэхжүүлэх, шалгах, үнэлэх ажиллагаа явагдахаар зохицуулснаас бус хэрэгт авагдаагүй нотлох баримтыг шинжлэн судалж хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцох эрх шүүхэд байхгүй. Нөгөө талаар, хэрэгт авагдаагүй баримтыг шинжлэн судалж, шүүхийн шийдвэрийг үндэслэл болгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Хэргээс үзэхэд хохирогч И.Э-, С.Ц- нарын мэдүүлэгт Х.Гансүх, Жаргалсайхан гэх хүмүүс хэргийн газарт байсан талаар мэдүүлсэн байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Гансүх, О.Б- нараас гэрчийн мэдүүлэг /хх 26-31/ авсны улмаас “О.Б-, Жаргалсайхан гэсэн нэрүүд нэг хүний нэр үү, эсхүл хоёр өөр хүн үү” гэсэн эргэлзээ шүүхэд төржээ. Гэвч хохирогч И.Э-ийн гэрт ирж, хэрэг болох үед байсан хүмүүс нь Х.Гансүх, түүний эхнэр О.Б- нар болох нь тэдний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдэд тодорхой тусгагдсан байна. Хэрэв гэрч О.Б- /Жаргалсайхан/-ын талаар эргэлзээтэй гэж шүүх үзсээр байвал холбогдох гэрчүүдийг шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр оролцуулж тодруулах боломж бий.

И.Э-ийн үйлдэлд нөхөр Х.Баярсайхан, О.Б- /Жаргалсайхан/ оролцсон талаар хохирогч С.Ц-ын мэдүүлгээс өөр баримт хэрэгт авагдаагүйн гадна “... Миний биед учирсан гэмтлүүдийг И.Э-надтай маргалдаж дээр гарч сууж байгаад цохиж зодон учруулсан ...” гэсэн хохирогчийн мэдүүлэг хэргийн 21 дүгээр талд авагдсан. Түүнчлэн нэг хашаанд амьдардаг айл хөрш хүмүүс бие биедээ шаардлага тавьж маргалдан харилцан зодолдсон байх ба тэдэнд учирсан гэмтлийн шинж байдлаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1511 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, С.Ц-, Ц.И.Э- нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагчийн шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэргийг хэлэлцтэл С.Ц-, Ц.И.Э- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН         

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН