| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2024/0134/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/131 |
| Огноо | 2024-10-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/131
2024 10 09 2024/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2404001550141 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ
Улсын яллагч Б.Батцэцэг
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, Халх, 62 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэтгэвэрт, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, ам бүл ганцаараа амьдардаг, *******,*******,*******,******* байнга оршин суух хаягтай боловч мөн хорооны Тогос-Уул хэсгийн 13 дугаар гудамжны 16 тоот хашаанд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овгийн ******* Саранчимэг (РД:*******).
Шүүгдэгч ******* нь 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн орчимд Багануур дүүргийн************** хохирогч “...муу сайн хулгайч нар манайхаас мөнгө алга болсон, цагаан майк алга болсон...” гэсэн үгэнд нь дургүйцэн, баруун гараараа зүүн шанаа хэсэгт нэг удаа болон зүүн дух хэсэгт нэг удаа цохисоны улмаас эрүүл мэндэд нь дух, зүүн доод зовхи, хамарт цус хуралт бүхий гэмтэл санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би өөрийн дүүгээ намайг тэгж хэлнэ гэж бодоогүй, олгой хагаравч тогоон дотроо гэдэг. Өөрийн төрсөн дүүгээ намайг гудамжинд “хулгайч” гэх мэтээр дуудаад байхаар нь уур хүрч, гомдсондоо гар хүрсэн нь үнэн, миний буруу. Миний төрсөн дүү болохоор гар хүрсэн, өөр хүн тэгж хэлсэн бол тийм үйлдэл гаргахгүй байсан. Өдий насыг насалчихаад ийм зүйл болно гэж бодоогүй. Би Тогос-Уулд тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө насанд хүрээгүй, хоол ундгүй хүүхдүүдэд тусалдаг буяны ажил хийдэг хүн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед Саранцэцэг эгчийн хашааны гадна ирэхэд Наранчимэг нилээн согтуу том эгчийнд агсам тавьсан, эгчид загнуулаад хэрүүл хийчихсэн гарч ирээд намайг хараад шууд над руу дайрсан. Чи муу миний 100,000 төгрөгийг хулгайлсан, цагаан майк чи авсан, муу хулгайч гээд ханцуйгаа шуугаад дайраад байсан. Би Наранчимэгийг намайг цохих гэж байна гэж бодоод нэг удаа зүүн хацар луу нь дандаа хүнийг хулгайд сэрддэг гэж хэлээд алгадсан. Энэ бүх үйл явдлыг том эгч Сараннцэцэг эгч харсан. Би дүүгээсээ уучлалт гуйх гээд очсон боловч намайг оруулаагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23-р хуудас),
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн орчимд манай хамаатны дүү нар Жаргалантын 4-6 тоот манай гэрт ирцгээж хорхог, боодог хийж идэцгээсэн. Тэгээд баяр ёслол гээд дүү нартайгаа нийлээд 0,75 литрийн 2 ширхэг “Соёмбо” нэртэй архи хувааж ууцгаасан. Би тэгээд том эгч болох Ч.Саранцэцэгийн гэрт 12 цагийн орчимд хорхог, боодог аваачиж өгсөн савнуудаа авахаар 15 цаг 50 минутын орчимд очих гээд Жаргалантын 3-4 тоотод очиход манай дунд эгч ******* том эгчийнхээс дугуйгаа түрээд гарч явахтай таарсан. Тэр үед 16 цаг болж байсан байх. Тэгээд ******* над руу “чи намайг хулгайч” гэж дуудаж ярьсан байна гэхээр нь би “юу яриад байгаа юм бэ чи одоо” гэж хэлэх хооронд баруун гараараа миний зүүн шанаа хэсэгт 1 удаа, зүүн гараараа баруун хацарт 1 удаа шүргэсэн, дахиад баруун гараараа миний зүүн дух хэсэгт нэг удаа цохисон. Тэгж цохих үед бид хоёрын хажууд *******ийн охин байсан ч байгаагүй гээд байгаа. Миний зүүн шанаа хэсэгт хавдаж хөхөрсөн, зүүн дух хэсэгт хавдаж хөхөрсөн, цохиулснаас болоод миний нүднээс нулимс гоождог болсон. Би урьд өмнө ямар нэг гэмтэл авч байгаагүй. ******* гэх хүн миний төрсөн эгч, дунд эгч байгаа юм. Би ******* гэх хүний биед халдаж зодсон зүйл байхгүй. Миний нүүрийг ийм хөх няц болгосонд би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18-19-р хуудас),
Гэрч Ч.Саранцэцэгийн өгсөн “...2024 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн орчимд дүү Ч.Наранчимэг манайд орж ирэхдээ ханцуйгаа шамалчихсан орж ирэхийг нь би хараад *******ийн том охин д хандаад “янз бүрийн юм битгий яриарай, наадах чинь согтуу явж байна шүү” гэж хэлээд сууж байтал орж ирээд Ариукаг харчихаад “муу сайн хулгайч нар, манайхаас мөнгө алга болсон, цагаан майк алга болсон” гээд уурлаад байсан. ...Тэгээд Саранчимэгийг ирэхэд Наранчимэг “шууд хулгайч нар миний мөнгө, цагаан майк алга болсон” гээд эхэлсэн. Саранчимэг тэр үед дугуйгаа манай хашаанд оруулж тавьчихаад “энэ нэг юм дандаа ингэж солиорч байдаг юм, хүн дээрлэхээд байдаг юмуу чи” гээд нэг удаа алгадсан. Тэгээд би “боль,боль” гэсэн чинь Нараа ч юм хэлээгүй, Сараа ч юм хэлээгүй байж байхад Ариука “хүүе та нар юу болоод байгаа юм бэ” гэхэд Сараа охиныхоо машинд суугаад яваад өгсөн. Харин Нараа буцаж эргэх гэж байсан байх сөхрөөд унаад өгсөн, ...Саранчимэг Наранчимэгийг ерөөсөө тэгж хавдаж хөхрөхөөр зодож цохиогүй. Наранчимэг харин унахдаа манай гэрийн гарааш хийх гэж байсан блокон багана мөргөж унаад хөхөрсөн байх гэж бодож байна, тухайн үед би юм мөргөчихсөн байна ч гэж бодоогүй, ...
...манай Наранчимэг дүү ер нь сүүлийн үед их омогтой, архи их уудаг, их баярхуу, их хачин болчихоод байгаа юм. Саранчимэг бол жоохон хурц зантай гэхдээ их цагаахан, архи дарс ерөөсөө хэрэглэдэггүй, Есүсийн итгэгч хүн байгаа юм. Үнэн зөвөөр нь шийдэж өгөхийг хүсэж байна, хэрэв хариуцлага хүлээлгэх бол хоёуланд нь хүлээлгэх хэрэгтэй гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25-р хуудас),
Хүнд холбогдуулан шинжилгээ хийх, хүний биеэс шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 27-31 дахь тал),
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Налайх дүүрэг дэх Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Р.Ням-Осорын 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “ биед дух, зүүн доод зовхи, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо, хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүснэ, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаантай тохирсон гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн 09/Ш/Э/221 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 27-31 дахь тал),
Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 28/91 дугаартай “Иргэн Ч.Наранчимэг (РД:УГ66020605) нь 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн ойрын дуудлага 56,609 төгрөг, яаралтай тусламж 35,396 төгрөг, амбулаторын үзлэг 66,769 төгрөг, нийт 158,774 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэсэн албан бичиг (хх-ийн 37-р хуудас),
Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “...Үгүй...” гэжээ (хх-ийн 39-р хуудас)
*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 42-44-р хуудас) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******ийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...тухайн үйл явдал болсон үйл явдлаас хойш даралт маань ихсэж, сэтгэл санааны хувьд ч маш хүнд, эмчийн хяналтанд байгаа. Судасны нарийсалтай болохоор зарим юмаа мартаж, санадаг, хүний ярьж байгаа зарим зүйлийг ойлгодоггүй. Тэгэхдээ өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Ялаас минь хөнгөлж өгөөч гэж хүсэж байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн орчимд Багануур дүүргийн******* Жаргалант хэсгийн 3 дугаар гудамжны 04 тоотод хохирогч “...муу сайн хулгайч нар манайхаас мөнгө алга болсон, цагаан майк алга болсон...” гэсэн үгэнд нь дургүйцэн, баруун гараараа зүүн шанаа хэсэгт нэг удаа, зүүн дух хэсэгт нэг удаа цохисоны улмаас эрүүл мэндэд нь духны зүүн хэсэгт 4х4 см, зүүн доод зовхи, зүүн хацрыг хамарсан 8х7 см шар ногоон өнгийн цус хуралт гэмтэл бүхий хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогч Ч.Наранчимэгийг “муу сайн хулгайч нар” гэж хэлсэн үгэнд нь дургүйцэн хохирогчийн нүүр хэсэгт алгадаж цохисон үйлдэлүүдээр нь тогтоогдож байна.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “… биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 09шэ/э221 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч *******ийн үйлдэл нь хохирогч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч нь уур бухимдаа барьж чадахгүй, хохирогч согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, хохирогчийн зүй бус байдал зэрэг нь нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Хохирогч Ч.Наранчимэгээс “...би шүүх хуралд оролцохгүй, өмнө нь ч энэ талаараа хэлсэн, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, эгч дүү хүмүүс, эвлэрэх байхаа. Тухайн үед хэцүү л байсан, одоо гайгүй болсон, *******од хүүхэд харж байгаа...” гэжээ (хх-ийн 102-р хуудас, шүүхийн мэдэгдэх хуудас, тэмдэглэл)
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллагад 158,774 төгрөгийг шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд тушаасан болох нь мөнгөн шилжүүлэгийн баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******т Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс ”... хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв. Цаашид дахиж ийм үйлдэл гаргахгүй. Өдий насанд биеэ авч явж чадаагүйдээ өөрийгөө буруутгаж, маш их гэмшиж байна....” гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүгдэгч ******* нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг /такси үйлчилгээ/, ам бүл ганцаараа амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******т мэдэгдэх нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* Саранчимэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн ******* Саранчимэгт дөрвөн зуун тавин (450) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган (450,000) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******т мэдэгдсүгэй
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ч.Наранчимэг нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 158,774 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Төрийн сан 100900020080 дугаартай данс/-т төлсөн болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. *******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ