Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 154/ШШ2022/00003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

       Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мөст сумын харъяат, 1971 оны 10 дугаар сарын 26-нд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Мөст сумын Хужирт багт оршин суух, /РД:*******/******* овогт*******ийн*******гийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Бямбасүрэн /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Бямбасүрэн шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би халамжинд байж байгаад тэтгэвэрт орох гэсэн юм. Би 6 хүүхэдтэй, 50 настай тэтгэвэрт гарах нас болсон тул шүүхэд хандсан. Би 1987 оны 06 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад 1994 он хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Тус нэгдлийн 2 дугаар бригадад үржлийн бог мал маллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр байгаа. Иймд миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1987 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Бямбасүрэн нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хүсэлт гаргагч Б.Бямбасүрэнгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Б.Бямбасүрэн нь 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:

 

- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,

 

- Хүсэлт гаргагч Д.Бямбасүрэнд Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт нэгдлийн даргын 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 27 дугаар тушаалаар 2 дугаар бригадад хоньчноор томилов гэж тэмдэглэгдсэн бөгөөд 1988 оны 01 дүгээр сараас 1990 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилтүүд тэмдэглэгдсэн,

 

З.Бямбажавын шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1982 оноос эхлэн Ховд аймгийн Мөст суманд хэсгийн шүүхийн нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгчээр ажиллаж байсан.

 

Б.Бямбасүрэн нь 1987 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Баянхайрхан бригадад бог мал маллаж байсан. Б.Бямбасүрэн нь 300 гаруй мал маллаж байсан. Б.Бямбасүрэн нь 1987 оноос 1990 оныг дуустал мал малласан. Нэгдлийн даргаар Алтангэрэл ажиллаж байсан. Б.Бямбасүрэн нь 2019 онд тархинд нь цус харваж хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж группт байдаг. Б.Бямбасүрэн нь сайн малчин байсан, шагнал урамшуулал авч байгаагүй, Туяа нэгдэл 1994 онд тарсан. Б.Бямбасүрэн нь тасралтгүй мал маллаж байсан... гэх мэдүүлэг,

 

У.Батсуурь шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1985 оноос эхлэн Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Баянхайрхан багт мал маллаж байсан. Б.Бямбасүрэн нь 1987 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Баянхайрхан бригадад эцэг эхийн хамт бог мал маллаж байсан. Б.Бямбасүрэн нь 300 гаруй мал маллаж байсан. Б.Бямбасүрэн нь 1987 оноос 1990 оныг дуустал мал малласан. Б.Бямбасүрэн нь мал маллахаас өөр ажил хийж байгаагүй, багийн даргаар Ж.Төмөрбат ажиллаж байсан, малчид 100 төгрөгний цалинтай байсан. Бид нэг бригадад хамт мал маллаж байсан... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар******* овогт*******ийн*******гийн 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ