Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 154/ШШ2022/00012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 1966 оны 10 дугаар сарын 23-нд төрсөн, 55 настай, эмэгтэй, ам бүл *, нөхөр хүүхдийн хамт Ховд аймгийн Булган сумын Бүрэнхарйхан багт оршин суух, /РД:*******/******* овогт*******ын*******ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Үржинбадам шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би 1966 оны 10 дугаар сард төрсөн, 1984 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын клубт уран сайханчаар ажиллаж байсан. Тус сумын клуб нь 1991 онд Соёлын төв болон өөрчлөгдөж би тэнд бүжгийн багшаар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Архиваас лавлагаа авахад ажилд орсон тушаал гарч ирэхгүй, цалингийн цэсэнд зарим жилийн бичилт гарч ирэхгүй байгаа тул миний 1984 оноос 1994 оныг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Үржинбадам нь 1984 онд Ховд аймгийн Булган сумын клубт уран сайханчаар ажиллаж байгаад 1991 оноос клуб өргөжиж Соёлын төв болсон. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл тус төвийн бүжгийн багшаар ажиллаж байна. Улсад нийт 37 дахь жилдээ ажиллаж байна. 1984 оноос 1994 оны хооронд клубт ажилласан зарим бичилт байхгүй, архиваас холбогдох баримт гарахгүй байх тул шүүхэд хандсан юм. Иймд Ц.Үржинбадамын 1984 оноос 1994 оныг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Үржинбадам нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ц.Үржинбадамын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Ц.Үржинбадам нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын клуб, Соёлын төвд уран сайханч, бүжгийн багшаар ажиллаж байсан болох нь:

- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1283 тоот: Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1987-1991 оны тушаал, сумын Засаг даргын 1992-1994 оны захирамжнаас******* овогтой*******д холбогдох баримт олдоогүй тул лавлагаа олгох боломжгүй болно гэх лавлагаа,

Хүсэлт гаргагч Ц.Үржинбадамд олгосон хөдөлмөрийн дэвтэрт клубын эрхлэгчийн 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалаар Булган сумын клубын дэргэдэх Минжит Булган хамтлагт бүжигчнээр авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,

- Соёлын төвийн захирлын 1994 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар Булган сумын Соёлын төвд бүжгийн багшаар авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн,

- Ц.Үржинбадамд 2009 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Монгол улсын боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас олгосон Жуух бичиг,

Ч.Оюунтүлхүүрийн шүүхэд гэрчээр өгсөн: Би 1982 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын клубт хөгжимийн багшаар ажиллаж байсан. Ц.Үржинбадам нь 1984 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын клубт уран сайханчаар ажиллаж байсан. Клубын даргаар Баттөмөр ажиллаж байсан. Клуб нь нийт 10 гаруй ажилтантай байсан. Тус клуб 1991 онд Соёлын төв болж өөрчлөгдсөн юм. Ц.Үржинбадам нь 1984 оноос хойш тасралтгүй одоо хүртэл ажиллаж байна. Ц.Үржинбадам нь ардын авъяастан, соёлын тэргүүний ажилтан юм. Уран сайханч нар 250-300 төгрөгний цалин авдаг байсан. Бид хоёр хамт ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар******* овогт*******ын*******ыг 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын клуб, Соёлын төвд уран сайханч, бүжгийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ