| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 85/2024/0909/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/389 |
| Огноо | 2024-10-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/389
2024 10 10 2024/ШЦТ/389
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Д.Пүрэврагчаа,
шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-ын Бд холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 40-р байрны 4 давхарт иргэн Д.Ог “төрсөн эцэг Д.Ттай хэрүүл маргаан үүсгэлээ” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд тархи доргилт, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би гэртээ амарч байсан. Манай дүү харшилтай болохоор засвар эхлэхийн өмнө нүд нь хавдаад эхэлсэн. Тэгээд аав маань гараад энэ хүнтэй маргалдсан. Маргалдаж байхад энэ эгч манай аав руу савтай будаг аваад цацсан. Тэр хувцаснуудыг нь хаясан. Тэгээд манай аавыг доромжлоод нулимаад байхаар нь миний уур хүрээд ийм зүйл болсон” гэв.
Хохирогч Д.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 55 настай. Одоо тэтгэвэрт гарч амжаагүй байгаа. Би өөрийн мэргэжлээр Сууц өмчлөгчдийн холбоотой гэрээ хийж ажилладаг. Би тухайн үед Сууц өмчлөгчдийн холбоонд урсгал засвар хийж байсан. Тэр өдөр сүүлийн засварын ажил байсан. Засвар хийж эхлэхээс өмнө харшилтай гэдгийг хэлэх байсан. Замаск хийгдээд ажил эхлээд явж байсан. Гэтэл энэ хэд гэртээ том том дуугараад байсан. Би хурдан үүднээс нь зайлъя гэж бодоод цаашаа явтал аав нь гарч ирээд элдвээр хэлээд байсан. Би Сууц өмчлөгчдийн холбоонд очиж хэл гэсэн гэтэл ойлгохгүй орилоод байсан. Би ус аваад цацсан түүнээс будаг авч цацаагүй. Аав нь над руу алаад хаячихъя гээд орилж чарлаад эхэлсэн. Энэ залуу гарч ирээд намайг заамдаж аваад цохисон байгаа. Тэгээд орцонд засвар хийх албагүй гэж хэлсэн. Би өөрийн өдөр олсон мөнгөө оройдоо хэрэглэдэг хүн. Надад мөнгө байхгүй байсан учраас би үзүүлээгүй. 150,000 төгрөгөөр ганц MRI зураг авхуулсан байгаа. Би одоо эмчилгээ хийлгэмээр байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн ************* дугаартай хэргээс:
Улсын яллагч иргэн Д.Огийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл /хх-ийн 2-р хуудаас/, хохирогч Д.Огийн мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/, гэрч Л.Пийн мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Ганзоригийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 10559 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23-р хуудас/, хохирогч Д.Огийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон талаар баримтууд /хх-ийн 44-45-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогчийн өмгөөлөгч Э.Нямсүрэн дүрс ононшилгооны шинжилгээний хариу /хх-ийн 17-19-р хуудас/, хохирогч Д.Огийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон талаар баримтууд /хх-ийн 44-45-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
Шүүгдэгч Т.Б нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Т.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Т.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.
1.Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 40-р байрны 4 давхарт иргэн Д.Ог “төрсөн эцэг Д.Ттай хэрүүл маргаан үүсгэлээ” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд тархи доргилт, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Д.Огийн: “...2024 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 11 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 40 дүгээр байрны 6 дугаар орцонд урсгал засварын ажил нөхөр Пийн хамт хийж байтал 4 дүгээр давхрын 49 тоотын иргэн гарч ирээд та нар наадхаа боль ийм хогийн юмаар засвар хийгээд байхдаа яадаг юм. Манай хүүхэд 22 төрлийн харшилтай, та нараас болоод одоо энд харшил нь хөдлөөд үхэх шахаж байна гээд намайг засвар хийж байсан шатнаас түлхээд унагасан. Би чи яаж байна би ямар буруу юм хийсэн юм бэ? Чи наад асуудлаа Сууц өмчлөгчдийн холбоонд хэл гэсэн. Тэгсэн хүүхэд нь гарч ирээд энэ ямар даварчихсан авгай бэ гээд цохисон. Мөн тэр эхлээд гарч ирээд уурлаж орилоод байсан залуу бас хэд хэд цохиж өшиглөсөн. Гараараа зүүн нүд рүү 2 удаа цохисон, баруун хөл рүү 1 удаа, давсаг руу 1 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/,
- Гэрч Л.Пийн: “...2024 оны 08 дугаар сарын 09-ны өдөр би эхнэрийн хамтаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 40 дүгээр байрны 6 дугаар орцонд урсгал засварын ажил хийж байтал 49 тоотын нэг залуу гарч ирээд муухай олон жил болцон үнэртэй будгаар засвар хийлээ гэж уурласан. Тийм биш ээ 100 айл дээр л зардаг будаг шүү дээ гэсэн. Тэгсэн та нар худлаа СӨХ-тэй хуйвалдаад мөнгө идлээ гэхээр нь тийм зүйл мэдэхгүй наадхаа СӨХ-тэйгөө өөрөө ярь гэсэн. Тэгээд хэрэлдээ байсан би больцгоо гээд нөгөө хүнийг цааш нь түлхээд хаагаад зогссон. Тэгсэн цанаас нь нэг залуу гарч ирээд юу болоод байгаа юм гэсэн. Манай хүн ганц нэг юм хэлтэл хүүхэд нь манай эхнэрийг цохиод авсан. Тэгсэн аав нь хувинтай замаск, ширээнүүдийг шатны уруу авч шидээд байсан. Гараараа зүүн нүд рүү нь 2, 3 удаа цохисон, мен гуя цавь хавьцаа 1 удаа өшиглөсөн. Аав нь гар хүрсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 10559 дугаартай: “...Д.О-н биед тархи доргилт, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23-р хуудас/,
- Мөрдөгчийн хохирогч Д.Огийн сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 43-44-р хуудас/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүх хэлэлцүүлэгт хянан хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Т.Б нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 40-р байрны 4 давхарт иргэн Д.Ог “төрсөн эцэг Д.Ттай хэрүүл маргаан үүсгэлээ” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд тархи доргилт, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Д.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.О нь 150,000 төгрөгийг хохирол нэхэмжилсэн баримтыг гаргаж өгсөн ба шүүгдэгч Т.Б нь уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар талууд маргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Харин гэмт хэргийн улмаас хохирогч Д.Огийн сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,960,000 төгрөгөөр тооцож, шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Од олгохоор шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Т.Бгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирлыг нөхөн төлөх талаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй тул эрүүгийн хариуцлага оногдуулах хурлыг үргэлжлүүлэн явуулав.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасан.
Шүүх шүүгдэгч Т.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т-ын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Т.Бгийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, гэмт хэргийн улмаас хохирогч Д.Огийн сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,960,000 төгрөгөөр тооцож, шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ